Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 326

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Т.Сарантуяа,

улсын яллагч: Ж.Энх-Амгалан,

шүүгдэгч: Б.Э-өөрөө өөрийгөө өмгөөлөн тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Нийслэлийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Э-ад холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1902000000051 дугаартай хэргийг 2018 оны 3 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б.Э-, 1996 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Сэлэнгэ аймгийн Цагаан нуур суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эх, 2 дүүгийн хамт Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Туулын 194 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, МХ-96112311 тоот регистртэй,

Шүүгдэгч Б.Э-нь 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Гандангийн автобусны буудлын орчимд биедээ НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын 2-р жагсаалтанд багтсан метамфетамины агууламж бүхий ууттай нийт 0.1874 грамм “Мөс” гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.  Үүнд:

Шүүгдэгч Б.Э-ын шүүхийн хэлэлцүүлэгт: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугаа ойлгож, хүлээн зөвшөөрч байна” гэв.

Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэлд: “...Б.Э-“миний биед мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис байгаа” гэж хэлээд куртикны халааснаас 1,5*2,5 см хэмжээтэй гялгар уут дотор цагаан өнгийн нунтаг, талстлаг мөс мэт зүйл байсныг №72 гэж дугаарлав, ямар нэгэн бичиг тэмдэггүй дээд хэсэг нь хагарсан тарианы усны шил мэт зүйлийг гаргаж өгснийг №73 гэж дугаарлав. Уг №72 дугаартай цагаан өнгийн талстлаг зүйлийг TruNarv багажаар шалгаж үзэхэд Methamphetamine гэж зааж байна. Цахилгаан жингээр шалгахад 0.1874 грамм гэж заасан болохыг тэмдэглэл болгон бичив...” гэжээ /хх-н 6/,

Шинжээчийн 1405 тоот дүгнэлтэд: “...Шинжилгээнд ирүүлсэн №72 гэж хаягласан 1,5*2,5 см хэмжээтэй гялгар уут дотор цагаан өнгийн нунтаг, талстлаг мөс мэт зүйл, №73 гэж хаягласан ямар нэг бичиг тэмдэггүй, дээд хэсэг нь хагарсан тарианы усны шил мэт зүйл тус бүр нь шинжилгээнд тэнцэж байна. Шинжилгээнд ирүүлсэн №72 гэж хаягласан 1,5-2,5 см хэмжээтэй гялгар уут дотор цагаан өнгийн нунтаг, талстлаг мөс мэт зүйл, №73 гэж хаягласан ямар нэг бичиг тэмдэггүй, дээд хэсэг нь хагарсан тарианы усны шил мэт зүйл тус бүрээс метамфетамин /methamphetamine/ илэрч байна. Шинжилгээнд илэрсэн метамфетамин /methamphetamine/ нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцид багтдаг болно...” гэсэн дүгнэлт /хх-н 25-29/,

Шинжээчийн 1403 тоот дүгнэлтэд: “...Шинжилгээнд зориулалтын хуванцар савтай ирүүлсэн 2 ширхэг шээсний дээж хүрэлцэхүйц хэмжээтэй тул шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн Эрдэнэбат гэж хаягласан шээсний дээжинд тетрагидроканнабинол /ТНС/, метамфетамин /МАМР/ илрэв....Метамфетамин /МАМР/, тетрагидроканнабинол /ТНС/ нь тус тус НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн жагсаалтанд багтдаг...” гэсэн дүгнэлт /хх-н 28-29/,

Сэжигтэн, яллагдагчаар Б.Э-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...бид 4 ...тамхи татаад зогсож байхад Э- “надад өвс байна, сорох уу” гэж асуусан. Бид 4 хамт тэр өвсийг нь сорохоор писи  тоглоомын газрын хажуу талын байрны орц руу ороод дээшээ гарсан. Э- халааснаасаа нөгөө өвсөө гаргаж ирээд цаасанд ороож бид нар бүгд тойруулж татсан юм. Тэгсэн Э-ы таньдаг найз нь “надад мөс байна, энийг хэрэглэх юм бол унтахгүй, өлсөхгүй, сэргэх мэдрэмж авна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би тэр залуугаас “жоохон өгчих” гэж гуйхад тэр залуу “угаасаа жоохон үлдсэн байна, чи энийг ав ав” гэж хэлээд одоо байгаа жижигхэн ууттай жоохон хэмжээтэй мөс гэх зүйлээ өгсөн. Тэр залуу надад хэрэглэх аргыг нь зааж өгөөд “энийг хүнгүй газар хэрэглээрэй” гэж хэлж байсан. Тэгээд би тэрийг нь аваад жинсэн өмдний жижиг халаас руугаа хийсэн. ...Тэрнээс хойш халаасандаа нөгөө мөс гэх зүйлийг хийснээ мартсан байсан. ...2019 оны 02 дугаар сарын 21-ний өдөр гэртээ ганцаараа байхдаа тэр залуугийн зааж өгснөөр тарианы усны шилний дээд хэсгийг хагалаад доторх усыг нь асгаад, дотор талыг нь хуурай болгоод, дотор нь мөсөө хийгээд гадна талаас нь асаагуураар асаагаад утааг нь сор гэсний дагуу сорж үзсэн. Тэгсэн тэр залуугийн хэлсэн шиг мэдрэмж авахгүй, харин ч нойр хүрээд унтсан. ...Цагдаа нарт баригдах үед миний өмдний халаасанд нөгөө үлдэгдэл мөс гэх зүйл байсан юм...” гэсэн мэдүүлэг /хх-н34-35/,

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 3/, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 6-9/, Нэгжлэг хийсэн тухй тэмдэглэл /хх-н 14-16/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 47, 51-58/ зэрэг болно. 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:

Шүүгдэгч Б.Э-нь 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Гандангийн автобусны буудлын орчимд НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын 2-р жагсаалтанд багтсан метамфетамины агууламж бүхий ууттай нийт 0.1874 грамм “Мөс” гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар биедээ  хадгалсан гэм буруутай болох нь:

Шүүгдэгч Б.Э-ын мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, Хүний биед үзлэг хийсэн: “...Б.Э-“миний биед мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис байгаа” гэж хэлээд куртикны халааснаас 1,5*2,5 см хэмжээтэй гялгар уут дотор цагаан өнгийн нунтаг, талстлаг мөс мэт зүйл байсныг №72 гэж дугаарлав, ямар нэгэн бичиг тэмдэггүй дээд хэсэг нь хагарсан тарианы усны шил мэт зүйлийг гаргаж өгснийг №73 гэж дугаарлав. Уг №72 дугаартай цагаан өнгийн талстлаг зүйлийг TruNarv багажаар шалгаж үзэхэд Methamphetamine гэж зааж байна. Цахилгаан жингээр шалгахад 0.1874 грамм гэж заасан болохыг тэмдэглэл болгон бичив...” гэсэн тэмдэглэл /хх-н 6/, Шинжээчийн 1405, 1403 тоот дүгнэлтүүд, эд мөрийн баримтаар хураагдсан №72 гэж хаягласан, 1,5*2,5 см хэмжээтэй гялгар уут дотор цагаан өнгийн нунтаг, талстлаг мөс мэт сэтгэцэд нөлөөт бодис болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Б.Э-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Э-ын үйлдэл нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Э-нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгч Б.Э-ыг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас бусдад төлөх бодит хохиролгүй тул шүүгдэгч Б.Э-нь бусдад төлөх төлбөргүй болно.

Шүүгдэгч Б.Э-ын үйлдсэн гэмт хэрэг нь олон нийтийн аюулгүй байдал, түүнчлэн, Үндэсний аюулгүй байдлын эсрэг түүнд хохирол, хор уршиг учруулах нөхөн төлөх боломжгүй хор уршигтай болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хариуцлагын талаар:

   Шүүх шүүгдэгч Б.Э-ын үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцсон бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Э-нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгч Б.Э-ад ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид 01 жилийн хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх ялын санал гаргасныг дурдах нь зүйтэй гэж дүгнэлээ..

Шүүхээс Б.Э-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал буюу хориглосон мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисыг хадгалсан, уг бодисоо хэрэглэсэн, гэмт хэргийн улмаас Үндэсний аюулгүй байдал болон олон нийтийн эрх ашигт учрах хор уршиг зэргийг харгалзан улсын яллагчийн саналыг хүлээн авах нь зүйтэй гэж үзлээ.

   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-ад шүүхээс оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгчийн урьд баривчлагдсан 1 хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.

          Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн /Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж/ байгаа №72 гэж хаягласан 1,5*2,5 см хэмжээтэй гялгар уут дотор цагаан өнгийн нунтаг, талстлаг мөс мэт зүйл, №73 гэж хаягласан ямар нэг бичиг тэмдэггүй, дээд хэсэг нь хагарсан тарианы усны шил мэт зүйл зэргийг устгахаар шийдвэрлэв.

          Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б.Э-ыг “хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг” үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-ыг 01 жил хорих ялаар шийтгэсүгэй.

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-ад оногдуулсан 01 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

          4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2-т зааснаар Б.Э-ын урьд баривчлагдсан 01 хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

          5. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

          6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж /Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж/ байгаа №72 гэж хаягласан 1,5*2,5 см хэмжээтэй гялгар уут дотор цагаан өнгийн нунтаг, талстлаг мөс мэт зүйл, №73 гэж хаягласан ямар нэг бичиг тэмдэггүй, дээд хэсэг нь хагарсан тарианы усны шил мэт зүйл зэргийг устгахыг Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газарт даалгасугай.

          7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

          8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Э-ад цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Ч.ОТГОНБАЯР