Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 334

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Б.Баярмаа,

Улсын яллагч: С.Эрдэнэбаяр,

Шүүгдэгч/хохирогч: Ч.А-, түүний өмгөөлөгч Ш.Амарбаяр,

           Шүүгдэгч/хохирогч: Б.Э-, түүний өмгөөлөгч Н.Цэрэнчимэд нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Ч.А-, Б.Э- нарт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1805061190272 дугаартай хэргийг 2018 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Ч.А-, 1985 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, эмэгтэй, 34 настай, дээд боловсролтой, Солонгос хэлний орчуулагч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, нөхрийн хамт ..... тоот регистртэй,

2. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б.Э-, 1986 оны 5 дугаар 12-ны өдөр Увс аймагт төрсөн, эмэгтэй, 33 настай, дээд боловсролтой, Санхүүч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт ....тоот регистртэй,

Шүүгдэгч Б.Э- нь 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 17 цагийн үед Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Гранд Плазагийн авто зогсоол дээр иргэн Ч.А-ын биед халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

Шүүгдэгч Ч.А- нь 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 17 цагийн үед Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Гранд Плазагийн авто зогсоол дээр иргэн Б.Э-биед халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ч.А-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

Шүүгдэгч Б.Э-шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...16 цагийн үед нөхөр бид 2 машинаа байрлуулах гээд ухарч байсан ба арын машин бид хоёрт зай тавьж өгөөд холдсон. Тэгсэн энэ хоёр кровн маркийн машинаа нөгөө зогсоолд оруулаад зогссон. Нөхөр бид хоёр сигнал өгөөд холдохыг нь хүлээгээд зогссон, тэгсэн холдохгүй байсан. Тэгэхээр нь би бууж очоод холдоод өгөөч гэж хүссэн. Би хэрүүл маргаан хийе гэж хар буруу санаж очоогүй зүгээр л наана чинь би машинаа тавих гэж байсан юмаа холдоод өгөөрэй гэж л хэлэх гэж очсон. Тэгтэл жолоо барьж явсан залуу цонхоо жоохон онгойлгоод “приус унасан халтар минь зайл, би энд зогссон байна” гэж хэлсэн. Миний уур хүрээд машиных нь дугуйн тус газар нь хөлөөрөө жийх маягтай өшиглөөд “юу яриад байгаа юм бэ, би наана чинь орох гэж байсан юм, энд чинь дарааллаараа зогсдог газар шүү дээ, ард чинь олон машин хүлээж байна” гэж хэлсэн. Чи холдох хэрэгтэй гэж шаардсан тэгсэн тэр залуу машинаасаа бууж ирээд тулаад зогссон. Бууж ирсэн залуугийн хажууд сууж явсан эмэгтэй бууж ирээд тэр залуугийн араас миний нүүрийг маажсан, бас үснээс зулгаагаад өшиглөөд байсан энэ үйл явдал маш хурдан болсон. Тэгээд тэр эмэгтэй машиндаа суугаад хаалгаа түгжсэн, би араас нь очоод хаалгыг нь татахад онгойлгохгүй байсан. Тэгээд би эргээд нөхөр лүүгээ хартал нөгөө залуу манай нөхрийг заамдаад хуруугаараа чичлээд зогсож байсан. Манай нөхөр намайг харснаа “хүүе ээ, чиний нүүр ямар аймар болчихсон юм бэ” гэхээр нь би машиндаа суугаад толинд хартал цус гарчихсан нүдний доод тал язарчихсан, энд тэндгүй олон жижиг, жижиг урагдчихсан хорсож өвдөөд байсан. Тэгээд би буугаад нөгөө машин дээр очоод нөгөө хүүхэнд “чи миний нүүрийг аймар болгоод хаячихсан байна” гэхэд “чам шиг халтар юманд ийм байхад л тохирно” гэж хэлээд дахиад намайг маажих гэхээр нь би зөрүүлээд өөрийг нь маажсан. Миний маажсан хэсэг жоохон шалбарсан байсан. Тэр үйл явдал болж байхад бид хэдийн араас 4-өөс 5 машин цуваад зогсчихсон байсан. Тэнд машинд байсан хүмүүс бүгд энэ 2 хүүхэн залуу хоёрыг “та 2 болиоч ээ, ичээчээ ийм байж болохгүй шүү дээ, дарааллаараа байгаач” гээд энэ хоёрыг бүүр бичиж аваад байсан. Тэгтэл энэ эмэгтэй тэр бичлэг хийж байсан хүн дээр очоод бүүр утсыг нь цохиод “битгий бичлэг хийгээд бай” гэсэн. Тэгээд би “цагдаа дуудна, хүний байр булаачихаад” гэхэд нөгөө залуу “та 2 цагдаа дуудаад яадаг юм бэ, юу ч олж долоохгүй би цагдаа байна, яахыг чинь харъя” гээд үнэмлэх үзүүлсэн. Тэгээд цагдаа ирээд бид хэдийг Баянголын дүүргийн цагдаагийн хэлтэс дээр авчирсан. Бид нар мэдүүлэг өгөх гээд сууж байхад цагдаагийн хажууд энэ хүүхэн миний араас өшиглөөд нүүр лүү өтгөн шүлсээр нулимж байсан. Би энэ хоёроос олон нийтийн газар биеэ зөв авч яваад хүнийг битгий эд хэрэглэл өнгө зүсээр нь дүгнэж байгаасай гэж хүсэж байна. Миний ярьсан зүйл үйл явдлаараа камерийн бичлэг дээр байгаа...” гэв.

Хохирогчоор Б.Э-шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй. Энэ хүн миний данс руу 500.000 төгрөг шилжүүлсэн. Би огт хэрэглээгүй. Хэрэв баримтаар гарсан хохирлоос илүү төлсөн хохирлоо буцаан авна гэвэл өгөхөд татгалзах зүйлгүй” гэв.

Хохирогчоор Ч.А-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй. Эрдэнэд өгсөн мөнгөнөөс буцаан нэхэмжлэх зүйл байхгүй” гэв.

Хохирогчоор Ч.А-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр би нөхөр О-ын хамт Баянгол дүүргийн Гранд плаза дэлгүүр орох гээд машинаа зогсоосон тэгэхэд урд байсан машинаас нэг эмэгтэй бууж ирээд машины хамар дээр гишгээд бид нар руу бичлэг хийсэн. Тэгээд цонхоор О-ын нүүр лүү уг эмэгтэй цохьсон. Тэгэхээр нь машинаас О- буусан, би машин дотор сууж байсан. Нөхөр нь гэх залуу цаанаас машинаасаа буугаад ирсэн. Тэгээд О- уг нөхөртэй нь барилцаад авсан. Тэгэхэд хажуунаас нь уг эмэгтэй О-ыг цохьсон. Тэгэхээр нь би машинаас буугаад болиоч гээд очиход уг эмэгтэй намайг алгадсан. Тэгэхээр нь би буцаагаад алгадаад машиндаа суусан. Манай машины цонхыг цохиод байхаар нь хаалга онгойлгоход намайг үсдсэн. Тэгэхээр нь би буцаагаад үсдээд хаалгаа хаасан. Тэгэхэд  дахиад онгойлгоод дайраад байсан би дахиад хаалга хаасан. Тэгэхэд дахиад хаалга онгойлгоод дахин үсдээд байсан. Тэгэхээр нь би хаалга цоожлоод сууж байсан. Манай нөхөр уг эмэгтэйгийн нөхөртэй зууралдаад байж байсан зодолдоогүй. Тэгээд цагдаа нар ирээд бид нар бөөнөөрөө цагдаагийн газар ирсэн. ...Манай нөхөр рүү дайраад байхаар нь би машинаас буугаад очиход намайг алгадсан. Тэгээд маргаад би бас уг эмэгтэйг алгадаж үсдсэн...” гэсэн мэдүүлэг /хх-н 9/,

Хохирогчоор Б.Э-шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 16 цагийн үед нөхөртэйгөө хамт ажил руугаа Гранд плаза руу орох гээд машины аваарын гэрлээ асаагаад ухарч байхад араас кровн маркийн машин уг зогсоол дээр зогссон. Тэгээд нөхөр бид хоёр машиндаа сигналдаад холдчих байх гээд хүлээсэн. Ард бас машин байсан холдохгүй болохоор нь би машинаасаа буугаад машинаа холдуулаач машин дохио өгөөд ухарч байна шүү дээ гэхэд жолооч нь “приус 30 унасан халтар минь зайл би энд зогссон” гэхээр нь би очоод машиныг нь өшиглөөд чи холд гэхэд уг залуу машинаасаа бууж ирээд над руу уурлаад буугаад ирсэн. Тэгээд араас нь эхнэр нь над руу ирээд миний нүүр маажиж үс зулгааж зодсон. Тэгээд уг эмэгтэй машиндаа суугаад хаалгаа түгжсэн. Тэгэхээр нь би уурлаад “зодолдох” гээд хаалгыг нь татахад түгжээтэй байсан. Тэгээд би цагдаа дуудъя гэхэд нөхөр нь “би өөрөө цагдаа та нар цагдаагаар яваад юу ч олж долоохгүй” гэсэн манай нөхөр уг залуутай зууралдсан уг залуу манай нөхрийг боосон манай нөхөр зодолдоогүй. Манай нөхөрт цагдаагийн үнэмлэх харуулсан гэсэн. Тэгээд цагдаа нар ирээд бид нар цагдаагийн газар ирсэн. Тэгээд хаалгаар орж байхад миний араас уг эмэгтэй хоёр гурван удаа өшиглөсөн миний спираль хөдөлсөн байна лээ. ...Уг кровн машин зогсоол дээр зогссон. Тэгээд маргах болсон эхэлж тэр эмэгтэй надад гар хүрч гэмтэл учруулсан. Тэгээд би уг эмэгтэйг маажиж, харилцан зодолдсон гэж бодож байна...” гэсэн мэдүүлэг /хх-н 13/,

Гэрч Б.О-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Гранд плазагийн урд зогсоол дээр оочирлож явж байгаад зүүн талын машины зогсоол гарахаар нь ороод зогсчихсон. Тэгэхэд цаанаас нэг машин ухарч цонхоороо уг машины жолооч залуу “наад зогсоолоосоо гар” гэсэн тэгэхээр нь би “чи худалдаад авчихсан юм уу” гэхэд уг залуугийн эхнэр нь цаанаас гар утсаараа бичлэг хийж ирээд машины урд хамар хэсэг дээр хөлөө тавиад “халтайсан гөлөг минь наад зогсоолд чинь би орно” гээд машины хаалга руу өшиглөөд машины цонх онгорхой байхад уг эмэгтэй миний хацар хэсэг рүү гар утсаараа цохьсон. Тэгэхээр нь би машинаасаа буугаад “чи яаж байгаа юм бэ” гэхэд цаанаас нөхөр нь машинаасаа бууж ирэхээр нь “наад эхнэрээ аваач эрүүл юм уу, согтуу юм уу” гэхэд уг залуу намайг заамдахаар нь би урдаас нь энгэр цээж хэсгээс нь цамцнаас нь барьсан. Тэгэхэд эхнэр нь хажуунаас намайг цохьсон тэгээд хүмүүсийг “та нар бичлэг хийгээрэй кровн уначихлаараа ингэдэг юм  уу, зогсоол дээрэмдчихлээ” гэхээр нь би “энэ чиний зогсоол юм уу, байгууллагын зогсоол дээр зогсож байна” гэхэд уг эмэгтэй манай эхнэрийг машин дотор үснээс нь зулгаагаад чирч байсан. Тэгээд нөхөр нь би чамайг мөргөөд унагаана гээд тавихгүй зуураад байхаар нь би машины урд тавьсан байсан цагдаа үнэмлэхээ аваад би “цагдаа байна, заавал зодож нүдэж асуудал үүсгэх шаардлага байгаа юм уу” гэхэд уг залуу “чиний цагдаа байх ямар хамаатай юм бэ гээд чи дахин үнэмлэхээ үзүүл” гээд дайраад байсан. Уг дэлгүүрийн хамгаалагч нар ирсэн байсан. Тэгэхэд бас уг эмэгтэй манай эхнэр рүү дайраад машины хаалганаас татаад байсан. Би нөхрөөс нь салаад машиндаа суугаад зогсоолыг нь тавьж өгөөд өөр зогсоолд машинаасаа буухад уг эмэгтэй над руу салаавч гаргаад “гөлөг минь би чамаас яаж ийж байгаад мөнгө салгана хараарай” гээд орилоод байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 40/,

Шинжээчийн 14236 тоот дүгнэлтэд: “...Б.Э-биед баруун нүдний доод зовхины гадна хэсэгт шарх, цус хуралт, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, үс шингэрэлт, баруун сарвууны ар хэсгийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, духны зүүн доод хэсэг, зүүн нүдний дээд зовхи, дээд уруулын гадна салстын зүүн хэсэгт зулгаралт, зүүн шилбэний гадна дээд хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдангид нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /хх-н 26/,

Шинжээчийн 14239 тоот дүгнэлтэд: “...Ч.А-ын биед зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, үс шингэрэлт, тархи доргилт, духны баруун хэсэг, зүүн сарвууны ар дээд хэсэгт зулгаралт, баруун шилбэний урд доод хэсэгт зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг  түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдангид нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /хх-н 27/,

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 4/, Хохирогч нарын өргөдөл /хх-н 5-6/, хохирлын баримтууд /хх-н 19-20/, шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 62-66, 69, 72-78, 81/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгч нарын гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:

Шүүгдэгч Б.Э- нь 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 17 цагийн үед Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Гранд Плазагийн авто зогсоол дээр иргэн Ч.А-той авто зогсоол дээр машинаа байрлуулах асуудлаас маргалдан биед нь халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

Шүүгдэгч Ч.А- нь 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 17 цагийн үед Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Гранд Плазагийн авто зогсоол дээр иргэн Б.Э-тэй авто зогсоол дээр машинаа байрлуулах асуудлаас маргалдан биед нь халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан тус тус гэм буруутай болох нь:

Шүүгдэгч Б.Э-, Ч.А- нарын мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээсэн мэдүүлэг, хохирогчоор Ч.А-ын: “...би машинаас буугаад “болиоч” гээд очиход уг эмэгтэй намайг алгадсан. Тэгэхээр нь би буцаагаад алгадаад машиндаа суусан. Манай машины цонхыг цохиод байхаар нь хаалга онгойлгоход намайг үсдсэн. Тэгэхээр нь би буцаагаад үсдээд хаалгаа хаасан. Тэгэхэд дахиад онгойлгоод дайраад байсан би дахиад хаалга хаасан. Тэгэхэд дахиад хаалга онгойлгоод дахин үсдээд байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 9/, хохирогчоор Б.Эрдэний: “...би машинаасаа буугаад “машинаа холдуулаач машин дохио өгөөд ухарч байна шүү дээ” гэхэд жолооч нь “приус 30 унасан халтар минь зайл би энд зогссон” гэхээр нь би очоод машиныг нь өшиглөөд “чи холд” гэхэд уг залуу машинаасаа бууж ирээд над руу уурлаад буугаад ирсэн. Тэгээд араас нь эхнэр нь над руу ирээд миний нүүр маажиж үс зулгааж зодсон. ...Тэгээд хаалгаар орж байхад миний араас уг эмэгтэй хоёр гурван удаа өшиглөсөн миний спираль хөдөлсөн байна лээ. ...Уг кровн машин зогсоол дээр зогссон. Тэгээд маргах болсон эхэлж тэр эмэгтэй надад гар хүрч гэмтэл учруулсан. Тэгээд би уг эмэгтэйг маажиж, харилцан зодолдсон гэж бодож байна...” гэсэн мэдүүлэг /хх-н 13/, гэрч Ч.Ариунболдын: “...Тэгэхэд эхнэр гараад уулзъя гээд машинаас буусан. Тэгээд “холдооч ээ” гэхэд уг залуу “би энд зогсчихсон байна, энэ ямар чиний зогсоол юм уу” гэсэн. ...Тэгээд эхнэр нь манай эхнэртэй маргаад байсан, үсдэлцээд байх шиг байсан манай эхнэрийн зовхи хамар хэсгээр цус гарч байхаар нь би эхнэрт цус гарч байна гэж хэлэхэд машинд орж харчихаад уурлаад уг залуугийн эхнэртэй нь үсдэлцээд байсан бид 4 хоорондоо маргалдаад зууралдаад манай эхнэрийн үс нь унасан. ...би эхнэрээ харахад манай эхнэрийн хамарны үзүүр доод хэсэг зовхи шанаа хэсэгт маажсан байсан, гар нь хөхөрсөн гэмтэл учирсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 26/, гэрч Б.О-ын: “...уг эмэгтэй миний хацар хэсэг рүү гар утсаараа цохьсон. Тэгэхээр нь би машинаасаа буугаад “чи яаж байгаа юм бэ” гэхэд цаанаас нөхөр нь машинаасаа бууж ирэхээр нь “наад эхнэрээ аваач эрүүл юм уу, согтуу юм уу” гэхэд уг залуу намайг заамдахаар нь би урдаас нь энгэр цээж хэсгээс нь цамцнаас нь барьсан. ...уг эмэгтэй манай эхнэрийг машин дотор үснээс нь зулгаагаад чирч байсан. ...уг эмэгтэй манай эхнэр рүү дайраад машины хаалганаас татаад байсан. Би нөхрөөс нь салаад машиндаа суугаад зогсоолыг нь тавьж өгөөд өөр зогсоолд тавиад машинаасаа буухад уг эмэгтэй над руу салаавч гаргаад “гөлөг минь би чамаас яаж ийж байгаад мөнгө салгана хараарай” гээд орилоод байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 40/, шинжээчийн 14236, 14239 тоот дүгнэлтүүд болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Ч.А-, Б.Э- нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул тэдгээрт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Ч.А-, Б.Э- нар нь авто зогсоол дээр машинаа байрлуулах асуудлаас хоорондоо маргалдан зодолдож бие биенийхээ эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь өөрсдийн үйлдэлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгч нар гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгч нарыг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нарын уг гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ч.А-, Б.Э- нарын биед хөнгөн хохирол тус тус учирсан болох нь шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоогдсон байна.

Хохирогч нар нь шүүхийн хэлэлцүүлэгт гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

   Шүүх шүүгдэгч Ч.А-, Б.Э- нарын үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул тэдгээрийг гэм буруутайд тооцсон бөгөөд тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгч нарт ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.А-, Б.Э- нарыг 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох, шүүгдэгч нарын өмгөөлөгч нар ялын доод хэмжээгээр торгох ял оногдуулж өгнө үү гэсэн ялын санал тус тус гаргасан бөгөөд шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, тэдгээрийн хувийн байдал, хэн алиных нь буруутай үг, үйлдлээс гэмт хэрэг гарсан, хэн алиных нь биед хөнгөн хохирол учирсан зэргийг харгалзан улсын яллагч, өмгөөлөгч нарын гаргасан саналыг хүлээн авах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидийг хэрэгт хавсаргахаар шийдвэрлэв.

Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Ч.А-, Б.Э- нарыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.А-, Б.Э- нарыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
  3.   Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
  4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидийг хэрэгт хавсаргасугай.
  5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.А-, Б.Э- нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ тус тус авсугай.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ч.ОТГОНБАЯР