Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 337

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Б.Баярмаа,

Улсын яллагч: Б.Батсайхан,

Хохирогч: Б.Э-,

Шүүгдэгч: Ц.Н-, түүний өмгөөлөгч Б.Эрдэнэболор,

Шүүгдэгч: Б.Э-, түүний өмгөөлөгч Б.Галхүү нарыг оролцуулан тус шүүхийн шүүх  хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Ц.Н-, Б.Э-нарт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1805028520915 дугаартай хэргийг 2019 оны 3 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Ц.Н-, 1978 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 1, ганцаараа .... тоот регистртэй,

2. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б.Э-, 1988 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эмч мэргэжилтэй, .... тоот регистртэй,

   Шүүгдэгч Ц.Н- нь Б.Э-тай бүлэглэн 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдөр 04-05 цагийн үед Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 3 дугаар байрны орцонд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хамтран амьдрагч иргэн Б.Э-г зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

   Шүүгдэгч Б.Э- нь Ц.Н-тэй бүлэглэн 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдөр 04-05 цагийн үед Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 3 дугаар байрны орцонд иргэн Б.Э-г зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.   

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэх судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ц.Н-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...өдөр намайг ажлаасаа тараад харьж байхад Э- над руу яриад “манай найзууд ирчихсэн байна, хурдан ирээрэй” гэхээр нь би “за” гээд дэлгүүрээс идэж уух юм аваад орсон. Тэгээд манайд жоохон байж байгаад бүгдээрээ хүүхдийн хажууд эвгүй юм байна гээд гарахаар болоод гарцгаасан. Манай гэрийн урд талын бааранд орж сууцгааж байгаад тэндээсээ гараад харих болоод би Э-д “хоёулаа эртхэн харъя, өглөө эрт ажилтай юм чинь, харьж амаръя” гэхэд “харихгүй цаашаа явна” гээд байсан. Цаана нь такситай хоёр залуу зогсож байсан. Тэгэхээр нь би харилаа гээд гэрлүүгээ яваад орцоороо ороод дээшээ шатаар өгсөж явтал Э- араас ирээд цохиод маажаад гарнаас хазаад байсан. Тэгэхээр нь би үнэхээр тэсээгүй барьж аваад “чи яах гэж дандаа ингэж байдаг юм бэ, ууж идэхээрээ дандаа ингэж байх юм” гээд маажиж цохьсон. Тэгсэн Э- найз нь хажууд байсан бид хоёрыг салгах гээд “боль” гэхэд шууд найз руугаа дайраад бид хоёрыг хардаад байсан...” гэв.

Шүүгдэгч Б.Э-гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...5 дугаар сарын 09-ний өдөр хичээл амраад сүүлийн хичээл ороод тарж байсан. Тэгээд би харих гэж байтал Э- “хоёулаа хамт хоолонд оръё” гэхээр нь хамтдаа хороолол ороод хоол идчихээд явах гэтэл Э- “хоёулаа манайд очъё” гэхээр нь би “үгүй найз нь ажилтай байна явлаа” гэтэл “хамт очъё” гээд байхаар нь “за” гээд гэрт нь очсон. Угаасаа найз Ц-той уулзана гээд тохирчихсон байсан болохоор би Ц-г ирэхээр явна шүү гээд гэрт нь орсон. Хоолонд орж байхдаа л нөхөртэйгээ тааруу харьцаатай байх шиг байсан. Найз нь 00 ороод ирье гээд утсаар ярьчихаад ирээд байсан. Тэгээд гэрт нь очиход Э- хоол хийгээд би том өрөөнд нь зурагт үзээд сууж байсан. Орой 20 цаг өнгөрч байхад Н- халамцуудуу тортой юм бариад ороод ирсэн. Н-ийг ирэхээс өмнө Ц- ирчихсэн байсан. Ц-г ирчихлээ би явлаа гэхэд Э- нэг ангийнхан байж гадаа ирчээд явах гэлээ ороод ир гээд Ц- бас эднийд ороод ирчихсэн байсан. Ерөнхийдөө тэднийд идэж уугаад сууцгаасан. Архи, вино, пиво байсан. Би эмчилгээтэй байсан болохоор уугаагүй. Ц- ч гэсэн уудаггүй болохоор бид 2 виноноос нэг нэг хундагийг л уусан. Тэгээд бид 2 явах гэтэл Э- айлд ирчихээд явах гэлээ хоноод яв гэхээр нь би айлд хонож үзээгүй болохоор эвгүй оргиод татгалздаг юм билүү гэтэл Э- чи манайд үлдчихээ гээд байхаар нь би за за тэгүүл хэдүүлээ гаръя нэг газар жоохон сууя тэгээд би явна шүү хүүхдийн хажууд эвгүй юм байна гээд гарцгаасан. Тэгээд тэр бааранд ороод байж байхад энэ 2 хоорондоо нэг л таарамжгүй байсан. Тэнд Н- пиво авчирч ширээн дээр тавьсан тэрнээс нь би уугаагүй, тэгээд би “за за найз нь явлаа” гээд Баянгол Их дэлгүүрийн тэнд 4-н замын уулзвараас явах гээд такси бариад суутал Э- ирээд тэр таксины хаалганд хуруугаа хавчуулангаа алдтал жолооч ах “хүүе чи чинь яаж байгаа юм бэ, мэдрэл муу юм уу, хаашаа юм бэ” гэсэн. Тэгэхээр нь би “уучлаарай ахаа манай найз байгаа юмаа жоохон уугаад ийм болчихлоо” гэсэн. Тэгтэл Э- сая намайг Н- нуруу руу өшиглөчихөөд намайг газар унагачихлаа гэсэн. Тэгсэн таксинд байсан 2 залуу “энэ танай найз юм уу, сая нээрээ найз залуу нь юм уу, юу нь бүү мэд нэг залуу газар унагаад байсан шүү дээ” гэхээр нь би “би чамайг дөхүүлээд өгье” гээд цуг гэр лүү нь явсан. Тэгээд гэр лүү нь явж байхад энэ 2 хэрэлдээд янз бүр болоод байсан. Тэгээд удаагүй энэ 2 намайг одоо харь, харь гэхээр нь би явах гээд зам дээр очоод такси бариад суугаад хөдлөх гэтэл машины гэрэлд Н-, Э-г газар унгачихсан дэвсэлж байсан. Би суугаад явах гэж байсан таксигаа зогсоогоод тэр манай найз байна гээд очоод Э-г аваад буцаж таксиндаа Э-г авч суугаад гэрт нь хүргэж өгөхөөр явсан. Тэгээд гэрийнх нь гадаа очиход Н- түрүүлээд орц руугаа орж байсан би Э-г сугадаад орц руу нь орсон. Тэгсэн Э- шууд Н-ийн араас очоод нүүрнээс нь маажаад цохиод байсан тэгээд энэ 2 чинь хоорондоо цохилцоод байсан. Тэр үед орцны жижүүр эгч байсан. Би “та 2 одоо боль” гэхэд бүүр зодолдоод эхэлсэн 5 давхрын цахилгаан шатны урд очоод биеэрээ хаагаад “одоо боль” миний найз гэтэл миний нүүр лүү маажаад үснээс зулгаагаад байсан. Тэгээд би зугтаад 1 давхрын шатан дээр очоод толинд хартал нүүр урагдчихсан цус шүүрчихсэн байхаар нь Э-д “чи яаж байгаа юм бэ” гэхэд Э- “уучлаарай Э- найз нь чамайг ерөөсөө ингэе гэж бодоогүй шүү” гээд байсан. Намайг тэгээд зогсож байхад орцны жижүүр эгч хажууд зогсож байсан. Тэгээд би явчихдаг юм билүү гэж бодсоноо чадалгүй буцаад ортол хогийн пүнкирны хажууд Э-г газар унгачихсан өшиглөөд зодож байсан. Тэгээд би “хүүе чи болиоч ээ” гэтэл болихгүй байсан би “тэгүүл цагдаа дуудлаа шүү” гэсэн чинь доошоо гүйгээд явчихсан. Тэгээд би гараад иртэл араас Э- гараад ирсэн. Тэгэхэд би Э-гийн нүүрийг харсан үнэхээр аймар болчихсон байсан хамар амнаас нь цус гарчихсан, нүүр нүд нь хавдчихсан үс нь сэгсийсэн байдалтай байсан. Тэгээд “яагаад чамайг ингэж байгаа юм бэ” гэхэд би “гэр орондоо найз нөхдөө авчираад дайлж цайллаа” гээд ийм болдог юм байна та хоёрыг хоёуланг чинь цагдаад өгнө  гэхээр нь би “чи намайг яасан гэж өгөх гэж байгаа юм бэ” гэтэл “яасан ч байсан өгнө” гээд байсан. Тэгэхээр нь би “одоо тэгүүл учраа олъё” гээд 103 руу залгасан. Гэрийнх нь хаягыг хэлэх гэсэн чинь мэдэхгүй байсан чинь “тэгүүл гэрийнх нь хаягийг мэдчихээд дахиад залгаарай” гээд утсаа тасалсан. Тэгэхэд орцны жижүүр эгч хажууд байж л байсан хүмүүс гомдол хэлээд байна та нар боль гээд байж байсан. Би уул нь Э-г найз гэж бодоод тийм байдалтай байхаар нь тусалъя гэж бодсон гэтэл өнөөдөр намайг буруутгаж байгаад би гомдолтой байна...” гэв.

Хохирогч Б.Э-гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2018 оны 5 дугаар сарын 10-ны өдөр хичээл тараад явсан. Тэр өдөр ерөнхийдөө жоохон толгой өвдөөд байсан. Тэгсэн Э- ангийнхан ийшлэнэ гэж байна гэхээр нь би “найз нь явж чадахгүй нь толгой өвдөөд байна, бас эртхэн харьж хийх юм байна” гэсэн чинь Э- тэгүүл “хоол цай идээд явалдаа” гэхээр нь би хоол цай идэж уучихаад харина гэсэн зорилготой Э-тай явсан. Э- ч хүнтэй уулзана гэж байсан. Бид хоёр “ЦЭ” пабад орж хоол идсэн, согтууруулах төрлийн зүйл юу ч уугаагүй. Өдөр Н-тэй ярихад нэг баяр тэмдэглээд уучихсан байна гэхээр нь би “өнөөдөр ямар баяр юм бэ, энүүгээр баяр ярьсан хүн алга” гэж хэлсэн. Ямарч байсан тэр өдөр Н- уучихсан байсан тэгэхээр нь уучхаараа ямар ааш зантай болдогийг нь мэдэх учраас юм ч хэлээгүй согтууруулах ундааны зүйл хэрэглэхийг ч хүсээгүй. Тэгээд Э- бид 2 хоол идчихээд гартал Э- найзынх нь гэдэс эвгүйрхээд байна 00 ормоор байна гэхээр нь Өргөө дээр гэрийнхээ хажууд байсан болохоор бие засах гээд байгаа хүнийг тоохгүй байлтай биш “за чи манайд ороод бие засчих” гэж хэлсэн. Тэгээд бид 2 манай гэрт орсон. Гэртээ хүн оруулж ирсэн гэрийн эзэгтэй бас ч гэж зүгээр нэг хүн биш ангийн найз учраас хоол цай хийхээр болоод хийсэн. Тэгээд байж байхад манай ангийн бас нэг охин “гадаа чинь ирчихлээ” гээд утсаар ярихаар нь ороод ир гээд хэлсэн. Нэгэнт л ирчихсэн юм чинь бас хоол хийж байхад хоол идээд яваг гэж бодоод “ороод ир” гэсэн. Тэгтэл Н- утасдаад “найзууд чинь байгаа юу, юм аваад орох уу” гэхээр нь би “байгаа нэг их юмаар яах вэ, алим жимсний л зүйл аваад ирэхгүй юу даа” гэж хэлсэн. Тэгсэн Н- орж ирэхдээ архи, вино, пиво аваад ирсэн. Тэгээд хоол идэж уугаад нөгөө найз охин болохоор би ганцхан вино л ууя гээд ганцаараа вино уусан. Н- бол нилээн согтолттой гаднаас орж ирсэн байсан. Тэгээд архи нэг их уугаагүй бүгд л пиво уугаад байж байтал Э- “бүгдээрээ гаръя, хүүхдийн хажууд хэцүү юм байна” гэж санал тавьсан, би ч хичээл тарж байгаа нэг хэсэг уулзахгүй юм чинь за яахав гэж бодоод Э-гийн саналыг хүлээж авсан. Нөгөө найз охин маань ч яваад өгсөн. Тэгээд бид 3 бааранд ороод нэг, нэг пиво аваад суусан. Би хүүхдээ орхичихсон учраас бас Н-ийг ямар зан гаргадгийг нь мэддэг болохоор би уугаагүй. Тэгээд тэр бааранд энэ 2 бүжиглээд байсан. Хэсэг байж байснаа Э- над дээр хүрч ирээд “танай найз залуу чинь яасан сонин юм бэ, өөр хүүхнүүдтэй бүжиглээд байх юм, хамт явж байж яагаад чамайг авч бүжиглэхгүй байгаа юм” гэсэн. Н- ч цаана бүжиглээд байсан. Тэгтэл Э- “хоёулаа бас ямар хүмүүс билээ эндээс гаръя, өөр бааранд оръё” гэхээр нь би “үгүй найзаа найз нь харин хүүхдээ орхичихоод зөндөө байлаа одоо харъя” гэтэл Н- найзыгаа явуулах гэлээ гээд зууралдаад байсан. Э- ер нь хамт олонтойгоо явахад хамгийн түрүүнд тасраад уначихдаг. Тэгээд харих гээд замын нөгөө талд гартал Н- “чиний зулбасгыг чинь ална” гэхээр нь би “чи юу гээд байгаа юм” гэхэд намайг шууд цохиод газар унагаад дэвсэлсэн. Тэгтэл Э- 2 залуутай таксинд суучихсан байсан. Тэгээд намайг дуудаад “нааш ир” гэхээр нь би очоод суутал “явъя” гэхээр нь би “үгүй Э- одоо гэрт очоод Төгөлдөрийг зодоод унана” гэтэл “за тэгүүл гэрт чинь очъё” гээд орцны үүдэнд ирсэн. Тэгээд гэртээ орох гэтэл Н- гарахдаа хаалгаа түгжээд түлхүүрээ авсан болохоор надад түлхүүр байхгүй байсан, нэг их удалгүй Н- ум хум ууртай хүн ороод ирсэн. Тэгэхээр нь би “түлхүүр өгөөдөх би гэртээ орж хүүхдээ аваад явмаар байна, чиний яах чинь надад хамаагүй” гэтэл шууд л намайг зодоод эхэлсэн. Тэгээд нэг мэдсэн чинь Н-, Э- хоёр нийлээд намайг цохиж дээрээс дэвсээд “чамайг хүн харахын эцэсгүй болгоод өгнө” гээд Н- хоолоо боогоод Э- нүүр маажаад байсан. Н- миний хоолой боогоод байсан болохоор гарыг нь хазсан. Би энэ хүний гарыг дийлэхгүй байсан учраас хазсан миний хоолой боогдоод амьсгаа давчидаад байсан учраас би хазсан. Миний гутал ийш, тийшээ үсрээд уначихсан байсан. Тэгээд Э- гараад явтал Н- би чамайг ийм гэж бодоогүй гээл хойноос нь гараад явсан. Тэгээд би гэртэй ороод ах руугаа утсаар яриад дуудсан. Маргааш нь гэмтэл орж үзүүлсэн хэд хоног эмнэлэгт хэвтсэн. Энэ хоёрыг яриад ядаж уучлалт гуйх байх гэж хүлээсэн боловч гуйгаагүй. Н- харин утасны цэнэглэгч аваад явчихсан байхын авчирч өг гэсэн мессеж бичсэн. Би энэ хоёрт гомдолтой байна....” гэв.

Хохирогч Б.Э-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2018 оны 5 дугаар сарын 09-ний өдөр 19 цагийн үед ангийн найз Э-тай Баянгол дүүргийн 13 дугаар хороо, 3 дугаар байрны 97 тоот гэртээ хамт ирсэн. Ирээд би хоол хийсэн тэгээд хамтран амьдрагч Ц.Н- над руу утасдахаар нь би “ангийн найз Э- ирсэн байна” гэж хэлсэн. Тэгсэн Н- би гадуур баяр тэмдэглээд явж байна удахгүй гэртээ очлоо гэж хэлсэн. Мөн манай ангийн охин Ц- манайд ирсэн байсан. Тэгсэн 21 цагийн үед Н- гаднаас вино, архи, идэж уух юм барьж орж ирсэн. Бид нар ууж идэж байгаад 23 цагийн орчим Ц- гэр лүүгээ харьсан. Н-, Э- бид гэрт үлдээд Э- “гурвуулаа гарч бүжиглэх үү, нэг газар орж сууя” гээд явцгаасан. Гэрт 10 настай манай хүү Төгөлдөр үлдсэн. Бид гурав гараад Өргөө кино театрын урд талын бааранд орсон. Тэнд ороод бид гурав нэг, нэг шил пиво авч ууцгаасан. 03 цагийн орчим гэртээ харихаар болоод баарнаас гарцгаасан. Тэгсэн баарны гадна Н- “гэртээ харъя” гэж хэлснээс болоод намайг толгойноос үсдэж газар унагаж цохьсон. Тэгээд буруу хараад “зулбасгыг ална” гээд явсан. Тэгэхээр нь би араас нь гүйсэн. Тэгээд замын хойно гараад Н- намайг газар унагаж зодсон. Тэгсэн Э- ирээд салгаад таксинд суулгаад байрны гадна түрүүлж очоод орцонд ороод Н-ийг хүлээж байсан. Учир нь надад гэрийн түлхүүр байхгүй байсан юм. Н- орцоор орж ирээд шууд уурлаад үсдэж “эр хүн тоохооргүй болтол алаад өгье” гээд хоолой боосон, нэг мэдсэн Э- бас намайг цохиж, зодож үсдээд нуруу руу өшиглөж миний зүүн зовхи хэсэгт сэтэлсэн. Тэр хоёр нийлээд нүүр нүдгүй намайг зодсон. Газар унасан байх үед Н- босгож ирээд хоолой боож хананд шахаж ухаан балартсан байгаа. Тэгсэн Э- доош буугаад гараад явсан араас нь Н- гадаа гарсан. ...Н- хоолой боосон, миний хацар, толгой, нуруу, сарвуу гараараа цохиж, газарт унасан, үсдсэн, өшиглөсөн. Тухайн үед би хэн нь хаана хэдэн удаа цохиж байгааг тоолоогүй...” гэсэн мэдүүлэг /хх-н 17-19/,

Шинжээчийн 6120 тоот дүгнэлтэд: “...Б.Э-гийн биед баруун хөмсөгт шарх, дух, зүүн нүдний дээд зовхи, баруун, зүүн хацар, хамрын үзүүр, эрүү, хүзүү, цээж, баруун шуунд зулгаралт, баруун нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт, баруун зүүн хацар, эрүүний зөөлөн эдийн няцрал, дээд, доод уруулд цус хуралт, шарх, доод баруун 2 шүдний эмзэглэл, цээж, баруун бугалга, баруун тохой, зүүн ташаан толгой, баруун гуянд цус хуралт, хүзүүний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх шинэ гэмтлүүд байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /хх-н 21/,

Сэжигтэн, яллагдагчаар Ц.Н-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Чамайг өөрийг чинь ингээд маажаад байвал ямар санагдах вэ гээд зөрүүлээд баруун талын шанаа хэсгээс маажсан. Тэгсэн орилж хашгираад дайраад мөн Э- руугаа маажиж дайрсан. Тэгсэн Э- нь зөрүүлж маажиж, цохиж газар унасан байхад нь дээрээс нь өшиглөөд байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 39-41, 61-63/,

Сэжигтэн, яллагдагчаар Б.Э-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Э- над руу дайраад би чамайг ийм гэж бодсонгүй гэж нөхөртэйгээ хардаад миний үснээс зулгааж нүүр рүү маажсан. Нөхөр Төгсөө нь энэ гэмтлийг түүнд учруулсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 42-44, 76-80/,   

Хохирогчийн өргөдөл /хх-н 7/, мөрдөгчийн илтгэх хуудас /хх-н 8/, Аюулын зэргийн үнэлгээний маягт /хх-н 9-10/, хохирлын баримтууд /хх-н 24-27/, эд зүйлийн үнэлгээ /хх-н 33-35/,  хохирогчийн гэмтэлтэй холбоотой баримтууд /хх-н 29-32, 37-38/, шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 45-54, 85/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:

Шүүгдэгч Б.Э- нь хохирогчийг цохиогүй, зодооныг салгасан гэж мэдүүлсэн, шүүгдэгч Б.Э-гийн өмгөөлөгч хохирогчийн мэдүүлгүүд нь зөрүүтэй байна, шүүгдэгч Б.Э- нь хохирогчид гэмтэл учруулаагүй, гэм буруугүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн саналыг хүлээн авах үндэслэлгүй гэж үзлээ.

Мөрдөн байцаалтын шат болон шүүхийн хэлэлцүүлэгт хууль сануулж авсан хохирогчийн мэдүүлэг, сэжигтэн, яллагдагчаар Ц.Н-ийн өгсөн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Э- нь шүүгдэгч Ц.Н-тэй бүлэглэн хохирогч Б.Э-гийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь нотлогдож байна гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “ гэмт хэрэгт үйлдэх талаар ...урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцсонд тооцно...” гэж заажээ.

Шүүгдэгч Ц.Н-, Б.Э- нар нь урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ нэгдэж хохирогчид хөнгөн хохирол учруулсан тул тэдгээрийн бүлэглэн гэмт хэрэгт үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Э-г уг гэмт хэрэгт гэм буруугүй болохыг нотолсон нотлох баримт хэрэгт авагдаагүй тул шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн саналыг хүлээн авах боломжгүй гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Э- нь өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй болно.

Шүүгдэгч Б.Н-, түүний өмгөөлөгч нь хохирогч Б.Э- нь шүүгдэгч Н-ийг хазаж, маажин биед нь гэмтэл учруулсан гэж байх боловч Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 1491 тоот шинжээчийн дүгнэлтээр Ц.Н-ийн биед ямар нэгэн гэмтэл тогтоогдоогүй гэсэн дүгнэлт гарсан байна.

Шүүгдэгч Ц.Н- нь Б.Э-тай бүлэглэн 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдөр 04-05 цагийн үед Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 3 дугаар байрны орцонд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хамтран амьдрагч иргэн Б.Э-г зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

   Шүүгдэгч Б.Э- нь Ц.Н-тэй бүлэглэн 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдөр 04-05 цагийн үед Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 3 дугаар байрны орцонд иргэн Б.Э-г зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн тус тус гэм буруутай болох нь:

Шүүгдэгч Ц.Н-ийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээсэн мэдүүлэг, хохирогч Б.Э-гийн: “...Тэгсэн баарны гадна Н- “гэртээ харъя” гэж хэлснээс болоод намайг толгойноос үсдэж газар унагаж цохисон. Тэгээд буруу хараад “зулбасгыг ална” гээд явсан. Тэгэхээр нь би араас нь гүйсэн. Тэгээд замын хойно гараад Н- намайг газар унагаж зодсон. Тэгсэн Э- ирээд салгаад таксинд суулгаад байрны гадна түрүүлж очоод орцонд ороод Н-ийг хүлээж байсан. Учир нь надад гэрийн түлхүүр байхгүй байсан юм. Н- орцоор орж ирээд шууд уурлаад үсдэж “эр хүн тоохооргүй болтол алаад өгье” гээд хоолой боосон, нэг мэдсэн Э- бас намайг цохиж, зодож үсдээд нуруу руу өшиглөж миний зүүн зовхи хэсэгт сэтэлсэн. Тэр хоёр нийлээд нүүр нүдгүй намайг зодсон. Газар унасан байх үед Н- босгож ирээд хоолой боож хананд шахаж ухаан балартсан байгаа. Тэгсэн Э- доош буугаад гараад явсан араас нь Н- гадаа гарсан. ...Н- хоолой боосон, миний хацар, толгой, нуруу, сарвуу гараараа цохиж, газарт унасан, үсдсэн, өшиглөсөн. Тухайн үед би хэн нь хаана хэдэн удаа цохиж байгааг тоолоогүй...” гэсэн мэдүүлэг /хх-н 17-19/ шинжээчийн 6120 тоот дүгнэлт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн үйлчлэлд хамаарах этгээдэд “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд”-ийг хамааруулахаар заажээ.  

Шүүгдэгч Ц.Н-ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, бүлэглэж үйлдсэн” шүүгдэгч Б.Э-гийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг бүлэглэж” үйлдсэн гэмт хэргийн бүх шинжийг тус тус хангасан байх тул тэдгээрт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Ц.Н-, Б.Э- нар нь согтуурсан үедээ хохирогч Б.Энзаяатай маргалдаж түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан нь өөрсдийн үйлдэлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Ц.Н-, түүний өмгөөлөгч нь гэм буруугийн талаар маргаагүй, улсын яллагчийн шүүгдэгч нарыг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нарын уг гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Э-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт, хохирогчийн шүүхэд шинээр гаргаж өгсөн нотлох баримтуудаар тогтоогдсон хохирогч Б.Э-д учирсан хохирол нийт 1.307.560 төгрөгийг шүүгдэгч Ц.Н-, Б.Э- нараас тус бүр 653.780 төгрөг гаргуулж хохирогч Б.Э-д олгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

   Шүүх шүүгдэгч Ц.Н-, Б.Э- нарын үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул тэдгээрийг гэм буруутайд тооцсон бөгөөд тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгч нарт ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Нарантөсгийг 700 нэгж буюу 700.000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Б.Э-г 600 нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулах, шүүгдэгч нарын өмгөөлөгч нар шүүгдэгч нарт торгуулийн ял оногдуулж өгнө үү гэсэн санал тус тус гаргасан болохыг дурдах нь зүйтэй.

Шүүх шүүгдэгч Ц.Н-, Б.Э- нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, тэдгээрийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон оролцоо зэргийг харгалзан шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар торгох ялыг ялгамжтай оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ц.Н-ийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, бүлэглэж” үйлдсэн гэм буруутайд,

- Б.Э-г “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг бүлэглэж” үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Н-ийг 700 нэгж буюу 700.000 төгрөгөөр торгох ялаар,

- шүүгдэгч Б.Э-г 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Н-, Б.Э- нараас нийт 1.307.560 төгрөг, тус бүр 653.780 төгрөг гаргуулж хохирогч Б.Э-д олгосугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Н-, Б.Э- нарт хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ тус тус авсугай.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ч.ОТГОНБАЯР