Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 12 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2025/00025

 

 

*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч Б.Мандалбаяр, Ц.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 101/ШШ2024/04717 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлтэй

Хариуцагч *******-д холбогдох,

Гэрээний үүрэгт төлсөн 29,000,000 төгрөг, алданги 14,500,000 төгрөг, нийт 43,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Алтанцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

******* нь 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдөр *******-ийн Баянзүрх дүүргийн ******* хороонд баригдаж байгаа ******* С блок-оос 43,80 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг захиалж, гэрээ байгуулсан өдөр 20,000,000 төгрөг, 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх 9 сарын хугацаанд сар бүр 1,000,000 төгрөг төлж, нийт 29,000,000 төгрөгийг төлсөн. *******-тай байгуулсан орон сууц захиалгын гэрээний 2.9-д Гүйцэтгэгч нь *******-ын орон сууцны барилгыг 2023 оны 01 дүгээр улиралд ашиглалтад оруулна гэж, 7.2-т Гэрээнд заасан хугацаанд үүргээ биелүүлээгүй тал гүйцэтгээгүй үүргийн дүнгийн 0.5 хувиар тооцож хоног тутамд алданги төлөх боловч, гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хүртэл хувиас хэтрэхгүй байна, 7.3-т Гэрээний аль нэг тал өөрийн үүргээ хугацаанд нь биелүүлээгүй тохиолдолд нөгөө тал үүргээ биелүүлэх тодорхой хугацаа заах бөгөөд тохиролцсон хугацаанд үүргээ хэрэгжүүлээгүй бол гэрээг цуцалж, гэрээ байгуулснаас учирсан хохирол, түүгээр тогтоосон анзыг төлүүлнэ гэж тус тус заасан. 2023 оны 01 дүгээр улиралд орон сууцыг ашиглалтад оруулаагүй ба уг барилгаа барьж ч эхлээгүй. 2023 оны 07 сарын 17-ны өдөр надтай байгуулсан гэрээг цуцалсан тухай акт үйлдэн өгч, надад төлөх мөнгийг орон сууцыг гуравдагч этгээдэд худалдан борлуулсны дараа төлнө гэсэн боловч өнөөдөр хүртэл төлөөгүй. Миний төлсөн 29,000,000 төгрөгт гэрээнд заасны дагуу байр ашиглалтад оруулах ёстой байсан үе болох 2023 оны 01 дүгээр улирал буюу 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн шүүхэд нэхэмжлэл гаргасан өдөр болох 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүртэл 1 жил буюу 365 хоногт хоногийн 0.5 хувиар алданги тооцоход 1 хоногт 145,000 төгрөг болж байгаа ба үүнийг 365 хоногт үржүүлэхэд 52,925,000 төгрөг болж байна. Үүнийг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн болох 29,000,000 төгрөгийн 50 хувиар тооцоход алданги 14,500,000 төгрөг болж байгаа. Иймд төлсөн үндсэн төлбөр 29,000,000 төгрөг, алданги 14,500,000 төгрөг нийт 43,500,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч талын тайлбарын агуулга:

Гэрээний төлбөрөөс захиалагч нь 29,000,000 төгрөгийг төлсөн. Гэрээнд зааснаар тухайн орон сууцыг 2023 оны 12 дугаар сарын 31-ний дотор ашиглалтад оруулж захиалагч нарт хүлээлгэн өгөх үүрэг хүлээсэн. Гэтэл барилгын талбайд өндөр хүчдэлийн шон тээгэлдэж барилгын ажил үргэлжлэн явагдах боломжгүй нөхцөл байдал үүсч Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ төрийн өмчит хувьцаат компанид уг шонг холдуулах тухай хүсэлт гаргасан боловч 2023 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн албан шаардлагаар барилгын ажлыг зогсоох арга хэмжээг авсан.

Бидний гаргасан хүсэлтийг 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдөр шийдвэрлэж уг шонг холдуулан бид барилгын ажлаа хэвийн үргэлжлүүлж байна. Энэхүү нөхцөл байдал нь бидний байгуулсан гэрээнд заасан хүндэтгэн үзэх шалтгаанд хамаарах бөгөөд төрийн болон эрх бүхий байгууллагын шийдвэрээр барилгын ажил зогссон бол тэр хугацаагаар гэрээний хугацаа сунгагдана гэдгийг талууд харилцан тохиролцсон байсан боловч нэхэмжлэгч нь уг нөхцөл байдлыг ойлголгүй өөрийн хүсэлтээр 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдөр гэрээг цуцалсан. Бид гэрээнд заасны дагуу гэрээг цуцалж түүнээс ямар нэгэн шимтгэлгүйгээр төлсөн мөнгийг нь 100 хувь буцааж өгөхөөр тохиролцож 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдөр гэрээ цуцалсан акт үйлдэн урьдчилгаа төлбөрийг орон сууцаа гуравдагч этгээдэд зарж борлуулсны дараа шилжүүлэхээр харилцсан тохиролцсон. Барилгын ажил удааширсантай холбоотой түүний захиалсан орон сууц өнөөдрийг хүртэл зарагдаагүй хэдий ч бид түүний төлсөн 29,000,000 төгрөгийг удахгүй төлж барагдуулна. Харин нэхэмжлэгч ******* өөрийн хүсэлтээр гэрээг хугацаанаас нь өмнө цуцалсан, гэрээ цуцлагдсанаас хойших хугацааны алданги нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй бөгөөд шаардах эрхгүй гэж үзэж байгаа тул алданги 14,500,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******-аас 40,310,000 /дөчин сая гурван зуун арван мянган/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3,190,000 /гурван сая нэг зуун ерэн мянган/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1,1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 375,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******-аас улсын тэмдэгтийн хураамжид 359,500 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож шийдвэрлэсэн байна.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.1. Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

Бид гэрээнд заасны дагуу гэрээг цуцалж түүнээс ямар нэгэн шимтгэлгүйгээр төлсөн мөнгийг нь 100 хувь буцааж өгөхөөр тохиролцож 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдөр гэрээ цуцалсан акт үйлдэн урьдчилгаа төлбөрийг орон сууцаа гуравдагч этгээдэд зарж борлуулсны дараа шилжүүлэхээр харилцсан тохиролцсон. Тухайн байр нь одоо болтол борлуулагдаагүй байгаа.

Нэхэмжлэгч ******* гэрээний нийт үнийн дүн болох 109,500,000 төгрөгөөс 29,000,00 төгрөгийг төлсөн байтал талуудын хооронд үүссэн ажил гүйцэтгэх гэрээний харилцааг Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн ба гэрээний эрх зүйн харилцаа буюу үүрэг 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдрөөр дуусгавар болсон, Иргэний хуулийн 225 дугаар зүйлд зааснаар аль нэг тал үүрэг зөрчсөнөөс гэрээнээс татгалзаагүй, сайн дурын үндсэн дээр гэрээнээс татгалзсан байтал анхан шатны шүүх хариуцагч гэрээний үүргээ ноцтой зөрчсөн тул Иргэний хуулийн 225, 226 дугаар зүйлүүдэд заасан үндэслэл, журмын дагуу нөгөө тал гэрээг цуцалж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй гэж хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн.

Мөн гэрээнээс татгалзсаны үр дагаврыг зохицуулсан Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь харилцан буцааж өгөх үүрэг хүлээх бөгөөд нэхэмжлэгч нь гэрээнээс татгалзсаны үр дагаврыг хариуцагчаас шаардах эрхтэй гэж дүгнэсэн атлаа гэрээ дуусгавар болсноос хойшхи хугацааны алданги буюу дуусгавар болсон гэрээний үүргийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэсэн нь хуульд нийцэхгүй байна.

Гэрээнээс татгалзсанаар талуудын хэн аль нь үүрэг хүлээхгүй учир үндсэн үүргийн гүйцэтгэлийг хангуулахад чиглэгдсэн алдангийг нэхэмжлэгч шаардах эрхгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, алданги гэх 11,310,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:

Нэхэмжлэгч алданги шаардах эрхтэй гэж үзэж байна. Мөн анхан шатны шүүх алданги хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Иргэний хуулийн 219 дүгээр зүйл болон 2******* зүйлд заасны дагуу хариуцагч тал зохих ёсоор үүргээ гүйцэтгээгүй. Талуудын хооронд байгуулсан гэрээний 7.2-т хэрвээ хугацаандаа гэрээний үүргээ гүйцэтгэхгүй бол алданги төлнө. гэж заасан. Уг нөхцөл нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлд заасанд нийцэж байгаа. ******* нь 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээг цуцалсан. Анхан шатны шүүх гэрээг цуцлах хүртэл 78 хоногт алданги тооцсон нь хууль зүйн үндэслэлтэй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний нэмэлт өөрчлөлт оруулав.

 

1. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-д холбогдуулан гэрээний үүрэгт төлсөн 29,000,000 төгрөг, алданги 14,500,000 төгрөг, нийт 43,500,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч алдангийг эс зөвшөөрч маргажээ.

 

2. ******* нь *******-тай байгуулсан 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн №Т-А-21-403 дугаартай Зээлээр худалдах, худалдан авах гэрээ-гээр Баянзүрх дүүргийн ******* хороо, ******* С блок-ийн 4 давхарын *******, 43.80 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 109,500,000 төгрөгөөр худалдаж авахаар талууд тохиролцож, гэрээний урьдчилгаанд нийт 29,000,000 төгрөгийг төлсөн байна. /хх37-38, 4-32/

 

2.1. Талууд 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Гэрээ цуцалсан акт үйлдэж, захиалагч *******д 29,000,000 төгрөгийг буцаан олгох, тус мөнгөн дүнг орон сууцыг гуравдагч этгээдэд худалдан борлуулсны дараа *******ын Хаан банкны ******* тоот дансанд шилжүүлэхээр харилцан тохиролцсон байна. /хх33/

 

3. Зохигчдын хооронд худалдах, худалдах авах гэрээний харилцаа үүссэн гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт нийцсэн байна.

 

3.1. Хариуцагч талаас орон сууцыг хугацаанд нь ашиглалтад оруулаагүй шалтгааныг гуравдагч этгээдийн үйлдэлтэй холбож, нэхэмжлэгчийн шаардсан алдангийг төлөхгүй гэж маргажээ. Тодруулбал, цахилгааны шонгийн мод барилгын ажлын талбайд байсныг холдуулахын тулд хариуцсан албан байгууллагаас зөвшөөрөл авах шаардлага үүссэн гэжээ.

Гэвч хариуцагчийн барилгын талбайд цахилгааны шон байсантай холбоотойгоор худалдсан орон сууцны барилгын ажлын гүйцэтгэл хойшилж гэрээ цуцлах болсон үндэслэл нь нэхэмжлэгчээс хамааралгүй байх бөгөөд нэхэмжлэгч энэ үндэслэлээр гэрээг цуцалсан нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт нийцсэн.

 

3.2. Талуудын гэрээний 2.9-д Гүйцэтгэгч нь *******-ийн орон сууцны барилгыг 2023 оны 1 дүгээр улиралд ашиглалтад оруулах бөгөөд тус хугацаа 180 хоног сунгагдаж болно. /Улсын комисст хүлээлгэн өгөх, орон сууцны компанид хүлээлгэн өгөх, хэвийн ажиллагааг турших хугацаа болно./ гэж, мөн гэрээний 7.2-т Гэрээнд заасан хугацаанд үүргээ биелүүлээгүй тал гүйцэтгээгүй үүргийн дүнгийн 0.5 хувиар тооцож хоног тутамд алданги төлөх боловч гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хүртэл хувиас хэтрэхгүй байна. гэж тус тус заасан байна.

Нэхэмжлэгч нь гэрээний 7.2-т зааснаар алданги шаардсан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6 дахь хэсэгт нийцсэн байна. Энэ талаар хийсэн шүүхийн дүгнэлт зөв.

 

3.3. Иймд анхан шатны шүүхээс 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдрөөс гэрээг цуцалсан өдөр буюу 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдөр хүртэл 78 хоногийн алданги тооцож, 11,310,000 төгрөгийг алданги гаргуулж шийдвэрлэсэн нь дээрх хуульд нийцжээ.

 

4. Анхан шатны шүүх, шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг тайлбарласан боловч тогтоох хэсэгт баримтлаагүй байгааг нэмж оруулсан өөрчлөлт оруулна.

 

5. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 101/ШШ2024/04717 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 243.1, гэсний дараа 205 дугаар зүйлийн 205.1 гэж нэмж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 195,910 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ЭНХБАЯР

 

ШҮҮГЧИД Б.МАНДАЛБАЯР

 

Ц.АЛТАНЦЭЦЭГ