Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 351

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: С.Буянхишиг,

Улсын яллагч: Г.Ганхөлөг,

Шүүгдэгч/хохирогч: Л.Б-,

           Шүүгдэгч/хохирогч: А.Э-нар нь өөрөө өөрийгөө өмгөөлөн тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Л.Б-, А.Э-нарт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1905010820304 дугаартай хэргийг 2018 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Л.Б-, 1986 оны 5 дугаар сарын 28-ны өдөр Булган аймагт төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, гоо засалч мэргэжилтэй, Гоша салонд үсчин ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн .... тоот регистртэй,

     2. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, А.Э-, 1989 оны 3 дугаар 29-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, бизнес удирдлагын мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт ..... тоот регистртэй,

Шүүгдэгч Л.Б-, А.Э-нар нь 2019 оны 02 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр 25 дугаар эмийн сангийн ойролцоо хувийн таарамжгүй харьцаанаас маргалдаж улмаар хоорондоо зодолдож бие биедээ хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Л.Б-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлэг өгсөн. Бид хоорондоо эвлэрсэн тул нэмж хэлэх зүйл байхгүй” гэв.

Шүүгдэгч А.Э-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Надад мөн нэмж мэдүүлэг өгөх зүйл байхгүй. Бид нар эвлэрсэн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

Хохирогчоор А.Э-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Тухайн үед Б- миний урдаас намайг заамдаад цохиод байсан. Би ...зодуулахгүй гээд Б-ын урдаас цохиж байгаад зугтсан. Би зугтааж байгаад зам дээр ухаан алдан унасан. Тэгээд нэг сэрэхэд гуравдугаар эмнэлэгт сэрсэн...” гэсэн мэдүүлэг /хх-н 13-14/,

Хохирогчоор Л.Б-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...миний биед учирсан гэмтлийн Э- гэх залуу Айлофт бааранд байхад цохиж, дараа нь 25-р эмийн сангийн автобусны буудал дээр ирсэн байхад дахин цохиж учруулсан. ...Э- гэх залуу дандаа гараараа цохиж гэмтэл учруулсан байгаа. Тэр өдөр миний биед Э- гэх залуугаас өөр халдсан хүн байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-н 17-18/,

Гэрч Ч.Г-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...хажуу талын ширээн дээр сууж байсан 20 гаран насны 3 залуу руу Э- хэрүүл өдөж маш муухай дээрэнгүй харьцаад ширээн дээрх эд зүйлийг нь хагалаад байсан бөгөөд тэр үед нөгөө гурван залуу Э-т уурлаад өөдөөс нь маргасан. Тэр үед бид нар Э-ыг салгаад би Э-, Б- хоёрын эсрэг хараад зогсож байхад Б- миний ард Э-ыг чи хөгшөөн зүгээр бай гээд байх шиг байсан бөгөөд тухайн үед хүн цохих шиг чимээ гарахаар нь би эргээд хартал Б- “чи яахаараа намайг цохидог юм” гээд Э- руу дайраад байсан. ...Тэгээд бид гурав хоорондоо сайхан эвлэрээд үйл ажиллагаа өндөрлөөд баарнаас гарахаар болсон. ...Б-тай утсаар ярьтал Б- “надад чиний гар утас байна хөгшөөн, 25 дугаар эмийн сангийн ойрхон байна, ирээд авчих” гэхээр нь би гэрийнхээ гаднаас такси бариад 25 дугаар эмийн сангийн 10 дугаар хороолол явдаг автобусны буудал дээр очтол Б- байхгүй байсан. Тэгээд би таксинаас буугаад тэр хавиар Б-ыг хайж нэрээр нь дуудаад явж байтал автобусны буудлын зүүн хойд талын байрнуудын дунд хоёр хүн зодолдоод байх шиг болохоор нь би яваад очтол Б-, Э- хоёр хоорондоо зодолдож байсан. Тэр үед би тэр хоёрыг салгах гэж нилээн зууралдсан. Нэгийг нь тэврээд салгах үед нөгөөх нь гүйж ирээд нэгийгээ цохиод байсан. Тухайн үед би бол хоёр хүн салгана гэж байхгүй юм байна гэж мэдсэн. Тэгээд тэр хоёрыг арай гэж салгатал Э- өөрөө гэнэт 25 дугаар эмийн сангийн автобусны буудлын арын 3 давхар шар байрны ар талын 71а, 71б, гээд 12 давхар ногоон байрны зүг чиглэн гүйгээд явсан. Тэр үед Б-ын нүд, хамар аймар болчихсон, нилээн цус болчихсон байсан. Мөн хөл дээрээ тогтож чадахгүй байгаад байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 19-20/,

Шинжээчийн 2787 тоот дүгнэлтэд: “...А.Э-ын биед хамрын таславчийн мурийлт, дээд уруулд шарх, зүүн зовхины гадна булан, дух, баруун тохой, баруун сарвууны хуруунууд, баруун алга, зүүн алга, зүүн шуу, баруун өвдөгөнд зулгаралт, зүүн нүдний дээд, доод зовхи, дотор булан, хамрын уг, хүзүү, зүүн мөрөнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /хх-н 26/,

Шинжээчийн 2797 тоот дүгнэлтэд: “...Л.Б-ын биед зүүн нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, хамар яс, таславчийн хугарал, мурийлт, тархи доргилт, дух, зүүн нүдний зовхи, хүзүү, зүүн бугалганд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгэнлт /хх-н 30/,

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд: “...Л.Б- нь А.Э-ын цээжин тус газар баруун гараараа тулан ширээ рүү түлхэх үүед А.Э-нь ширээ рүү налан суугаад босож ирэн баруун гараараа Л.Б-ын нүүр орчимд цохих үйлдэл гаргах үед Л.Б- хойшоо савах ба энэ үед Л.Б- нь А.Э-ыг баруун гараараа зөрүүлэн цохих ба А.Э-, Л.Б- нар хоорондоо зодолдох үйлдэл гаргах үед Ч.Г- дундуур нь орон салгах ба энэ үед Ч.Г-ийг үл таних эмэгтэй гарч ирэн татах үед баарны хамгаалагч нар ирэн Л.Б-, А.Э-, Ч.Г- нарыг салгаад Л.Б-ыг нэг хамгаалагч аван дэлгэцийн баруун тал руу дагуулан яваад алга болох ба өөр хоёр хамгаалагч Ч.Г-, А.Э-нарыг буйдан руу суулгаад хоорондоо ярилцаж байгаад бичлэг 04 минут 59 секунтэд дуусав...” гэжээ /хх-н 36-38/,

Яллагдагчаар Л.Б-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Надад сонсгож байгаа ялыг хүлээн зөвшөөрч байна. ...хохирогч А.Э-ыг намайг цохилоо гэх шалтгаанаар харилцан зодолдож эрүүл мэндэд нь хохирол учруулсан асуудалдаа маш их харамсаж байна. Ийм асуудал дахин гаргахгүй...” гэсэн мэдүүлэг /хх-н 50/,

Яллагдагчаар А.Э-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Надад сонсгож байгаа ялыг хүлээн зөвшөөрч байна. ...Би согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ бусдын биед гэмтэл учруулсан асуудалд маш их харамсаж байна...” гэсэн мэдүүлэг /хх-н 56/,

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 2/, Хохирогч нарын өргөдөл /хх-н 3-4/, шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 57-87, 95/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгч нарын гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгч нарын гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:

Шүүгдэгч Л.Б-, А.Э-нар нь согтуурсан үедээ 2019 оны 02 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр 25 дугаар эмийн сангийн ойролцоо хувийн таарамжгүй харьцаанаас маргалдаж улмаар хоорондоо зодолдож бие биедээ хөнгөн хохирол учруулсан тус тус гэм буруутай болох нь:

Шүүгдэгч нарын мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээсэн мэдүүлэг, хохирогчоор А.Э-ын: “...Тухайн үед Б- миний урдаас намайг заамдаад цохиод байсан. Би...зодуулахгүй гээд Б-ын урдаас цохиж байгаад зугтсан. Би зугтааж байгаад зам дээр ухаан алдан унасан. Тэгээд нэг сэрэхэд гуравдугаар эмнэлэгт сэрсэн...” гэсэн мэдүүлэг /хх-н 13-14/, хохирогчоор Л.Б-ын: “...миний биед учирсан гэмтлийн Э- гэх залуу Айлофт бааранд байхад цохиж, дараа нь 25-р эмийн сангийн автобусны буудал дээр ирсэн байхад дахин цохиж учруулсан. ...Э- гэх залуу дандаа гараараа цохиж гэмтэл учруулсан байгаа. Тэр өдөр миний биед Э- гэх залуугаас өөр халдсан хүн байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-н 17-18/, гэрч Ч.Г-ийн: “...бид нар Э-ыг салгаад би Э-, Б- хоёрын эсрэг хараад зогсож байхад Б- миний ард Э-ыг “чи хөгшөөн зүгээр бай” гээд байх шиг байсан бөгөөд тухайн үед хүн цохих шиг чимээ гарахаар нь би эргээд хартал Б- “чи яахаараа намайг цохидог юм” гээд Э- руу дайраад байсан. ...Б-тай утсаар ярьтал Б- “надад чиний гар утас байна хөгшөөн, 25 дугаар эмийн сангийн ойрхон байна, ирээд авчих” гэхээр нь би гэрийнхээ гаднаас такси бариад 25 дугаар эмийн сангийн 10 дугаар хороолол явдаг автобусны буудал дээр очтол Б- байхгүй байсан. Тэгээд би таксинаас буугаад тэр хавиар Б-ыг хайж нэрээр нь дуудаад явж байтал автобусны буудлын зүүн хойд талын байрнуудын дунд хоёр хүн зодолдоод байх шиг болохоор нь би яваад очтол Б-, Э- хоёр хоорондоо зодолдож байсан. Тэр үед би тэр хоёрыг салгах гэж нилээн зууралдсан. Нэгийг тэврээд салгах үед нөгөөх нь гүйж ирээд нэгийгээ цохиод байсан. Тухайн үед би бол хоёр хүн салгана гэж байхгүй юм байна гэж мэдсэн. Тэгээд тэр хоёрыг арай гэж салгатал Э- өөрөө гэнэт 25 дугаар эмийн сангийн автобусны буудлын арын 3 давхар шар байрны ар талын 71а, 71б, гээд 12 давхар ногоон байрны зүг чиглэн гүйгээд явсан. Тэр үед Б-ын нүд хамар аймар болчихсон, нилээн цус болчихсон байсан. Мөн хөл дээрээ тогтож чадахгүй байгаад байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 19-20/, шинжээчийн 2787, 2797 тоот дүгнэлтүүд, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Л.Б-, А.Э-нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул тэдгээрт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Л.Б-, А.Э-нар нь согтуурсан үедээ хоорондоо маргалдан зодолдож бие биенийхээ эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь өөрсдийн үйлдэлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Л.Б-, А.Э-нар нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгч нарыг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нарын уг гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Л.Б-, А.Э-нарын биед хөнгөн хохирол тус тус учирсан болох нь шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоогдсон байна.

Хохирогч нар нь шүүхийн хэлэлцүүлэгт гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

   Шүүх шүүгдэгч Л.Б-, А.Э-нарын үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул тэдгээрийг гэм буруутайд тооцсон бөгөөд тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгч нарт ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Б-, А.Э-нарыг 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялын санал гаргасан бөгөөд шүүх шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, тэдгээрийн хувийн байдал, хохирогч нар гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй зэргийг харгалзан улсын яллагчийн саналыг хүлээн авх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидийг хэрэгт хадгалахаар шийдвэрлэв.

Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Л.Б-, А.Э-нарыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б-, А.Э-нарыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
  3.   Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
  4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидийг хэрэгт хавсаргасугай.
  5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Б-, А.Э-нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ тус тус авсугай.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ч.ОТГОНБАЯР