Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 102/ШШ2016/04596

 

2016 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 102/ШШ2016/04596

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Баянгол дүүрэг, 15 дугаар хороо, 3 дугаар хороолол, 23в байрны 30 тоотод оршин суух, Чонос овогт Самбанямын Батцэнгэл /РД-КЮ67091815/-ийн,

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах хүсэлтийг 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, мөн сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч С.Батцэнгэл, түүний өмгөөлөгч А.Ганбат /шүүхэд төлөөлөх эрх-0656/, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С.Мөнхжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч С.Батцэнгэл шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Би 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдөр гэрээ байгуулж, 2 сарын хугацаатай 10 хувийн хүүтэй 11 сая төгрөгийг Ч.Бат-Эрдэнэд зээлдүүлсэн.

Гэрээ байгуулснаас хойш уулзахгүй, утасны дугаар, хаягаа солиод олдохгүй байна. Шүүхэд нэхэмжлэл гаргахдаа утасны дугаарыг өгсөн бөгөөд шүүхээс дуудаад ирээгүй.

Ч.Бат-Эрдэнийн хаяг тодорхойгүй байгаа тул түүнийг эрэн сурвалжлуулах хүсэлт гаргаж байна.

Ч.Бат-Эрдэнэ нь 6214 УНҮ улсын дугаартай хар өнгийн Приус-20 маркийн автомашин эзэмшдэг байсан гэв.

 

Шүүх зохигчийн тайлбар, хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч С.Батцэнгэл нь Ч.Бат-Эрдэнийг эрэн сурвалжлуулж, оршин суугаа газрын хаягийг тогтоолгох хүсэлт гаргасан байна.

Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаас үзэхэд Ч.Бат-Эрдэнэ нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох, мөн түүний оршин суугаа газрын хаяг тодорхойгүй байгаа нь хүсэлт гаргагчийн тайлбар болон Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 102/ШЗ2016/17829 дүгээр захирамжаар нотлогдож байна. /хх-5 дугаар тал/

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай /цаашид хуулийн гэх/ хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан С.Батцэнгэлийн хүсэлтийг хангаж, Боржигон овогт Чимидийн Бат-Эрдэнэ /РД-НЬ80040571/-ийг эрэн сурвалжилан, мөн зүйлийн 155.4-т зааснаар Тахарын Ерөнхий газрын Мөрдөн шалгах, эрэн сурвалжлах газарт иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдүүдийн оршин суугаа газрын хаягийг тогтоох ажиллагаа явуулахыг даалгаж, хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасны дагуу хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

Ч.Бат-Эрдэнэ нь 6214 УНҮ улсын дугаартай хар өнгийн Приус-20 маркийн автомашин эзэмшдэг болохыг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Боржигон овогт Чимидийн Бат-Эрдэнэ /РД-НЬ80040571/-ийг эрэн сурвалжилсугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Тахарын Ерөнхий газрын Мөрдөн шалгах, эрэн сурвалжлах газарт иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийн оршин суугаа газрын хаягийг тогтоох ажиллагаа явуулахыг даалгасугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасны дагуу хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4.Ч.Бат-Эрдэнэ нь 6214 УНҮ улсын дугаартай хар өнгийн Приус-20 маркийн автомашин эзэмшдэг болохыг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД