Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 352

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Д.Эрдэнэжаргал,

Улсын яллагч: Ц.Хашбаатар,

Хохирогчийн төлөөлөгч: Р.Б-, түүний өмгөөлөгч Ж.Жавзандулам,

           Шүүгдэгч: Б.М-, түүний өмгөөлөгч Д.Мядагбадам нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Тээврийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Б.М-ад холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1803010510122 дугаартай хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

     Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б.М-, 1970 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 49 настай, эрэгтэй, дээд боловсролтой, холбооны инженер мэргэжилтэй, “Жет” ХХК-д инженер ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт ..... тоот регистртэй,

Шүүгдэгч Б.М- нь 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 07 цаг 40 минутын орчим Баянгол дүүргийн 12 дугаар хороо, Бүрэн плаза төвийн урд замд Тоёота Приус маркийн ...улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасч, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэснийг зөрчин явган хүний гарцаар зам хөндлөн гарч явсан явган зорчигч Д.Р-г мөргөж амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.М-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хохирогчийн ар гэрээс уучлалт гуйж байна” гэв.

Хохирогчийн төлөөлөгч Р.Б- шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Хохирогч бол миний аав. Хан-Уул дүүрэгт амьдардаг. Маш их гомдолтой байна. Явган хүний гарцаар гарч байсан хүнийг тэгтэл нь гэмтэл учруулж, амь насыг нь авч явахаар байдалд хүргэж байдаг. Миний аав 18 хоног эмнэлэгт хэвтэж байгаад нас барсан. Миний хувьд маш их гомдолтой байна. Бодит  гарсан хохирлыг төлсөн. Одоо өмгөөлөгчийн хөлс 1.200.000 төгрөгийг нэхэмжилнэ” гэв.

Амь хохирогч Д.Р-гийн гэрчээр мөрдөн байцаалтад өгсөн: “...Би гэрээсээ гараад А- гэх ачийгаа 40 дүгээр сургуульд хүргэж өгөөд “Бүрэн плаза” төвийн урд талд ертөнцийн зүгээр урдаас хойш чигт явган хүний гарцаар гарч явтал миний зүүн гар талаас нэг юм хүчтэй цохих шиг болсон тэрнээс хойш болсон үйл явдлыг санахгүй байна. Одоо миний бие цээжнээс доод хэсэгт ямар ч мэдээ байхгүй, хүний асаргаанд орсон маш хэцүү байна...” гэсэн мэдүүлэг /хх-н 87/,

Шинжээчийн 515 тоот дүгнэлтэд: “...Д.Р-гийн биед дух ясны хугарал, зүүн духны дэлбэнгийн урд хэсгийн тархины эдийн цэгчилсэн цус хуралт, зүүн ухархайн дээд хананы хугарал, хүзүүний 6-р нугалмын хажуугийн цул, сээрний 1, 2-р нугалмын арын сэртэнгийн хугарал, баруун шуу, богтос ясны доод хэсгийн далд хугарал, хамар ясны хугарал, нүүрний зулгаралт, цус хуралт, баруун өвдөгт зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар амь биед аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /хх-н 93-94/,

Шинжээчийн 249 тоот дүгнэлтэд: “...Талийгаачийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр гавлын дух яснаас суурь ясны зүүн урд хонхор хүрч үргэлжилсэн далд хугарал, тархины хоёр тал бөмбөлгийн дагзны хэсгийн аалзан хальсны доорх голомтлог цус харвалт, хүзүүний 6-р нугаламын их бие, баруун талын хөндлөн сэртэн, сээрний 1, 2-р нугаламын арын сэртэнгийн хугарал, нугасны эдийн няцрал, үхжил, баруун шуу, богтос яс, зүүн нүдний ухархайн хана, хамар ясны далд хугарал, дух, баруун, шуу, богтос яс, зүүн нүдний ухархайн хана, хамар ясны далд хугарал, дух, баруун, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн шанаа, чих орчим, хамрын нуруу, эрүүнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Талийгаачид цөсний хүүдийн чулуужилт, ерөнхий судас хатуурал, нойр булчирхайн архаг үрэвсэл зэрэг архаг хууч өвчин эмгэг тогтоогдсон бөгөөд эдгээр нь үхэлд нөлөөлөхгүй болно. Талийгаач нь дээрх хавсарсан хүнд гэмтлийн улмаас амьсгал, зүрх судасны цочмог дутагдалд орж нас баржээ. Талийгаач нь 2019.01.06-ны оройн 18 цаг 30 минутад нас барсан байна /өвчний түүхэнд тэмдэглэснээр/. Талийгаач нь В /III/-р бүлгийн цустай байна. Талийгаачийн цусанд спиртийн зүйл илрээгүй байна” гэсэн дүгнэлт /хх-н 118/,

Техникийн шинжээчийн 58 тоот дүгнэлтэд: “...Toyota Prius маркийн 14-89 УНО улсын дугаартай автомашины жолооч Б.М-нь Замын хөдөлгөөний дүрмийн 16.1.-д заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Явган зорчигч Д.Р-нь Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна” гэсэн дүгнэлт /хх-н 112/,

Гэрчээр Б.М-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...2018 оны 12 дугаар сарын 19-ний өглөө гэрээсээ гараад ...явган хүний гарцан дээр зогсож хэдэн хүүхэд гаргаад хөдөлтөл түс гээд чимээ гарсан. Би машинаа зогсоогоод машинаас буугаад машины урд талаар тойрч хартал нэг хүн газарт хэвтэж байсан. Өндийлгөж суулгаад “зүгээр үү, та яасан” гээд асуугаад шууд 102, 103-т дуудлага өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-н 88-89/,

Яллагдагчаар Б.М-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Одоогийн байдлаар хохирогчийн ар гэрээс хэлсний дагуу би 22.377.751 төгрөгийг бүрэн төлсөн байгаа. ...Тухайн үед хурд хэтрүүлээгүй, согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй явж байгаад ийм осол болсонд маш их харамсаж байна. Хохирогчийн эмчилгээний зардлыг төлж барагдуулсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 132-133/,

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 4/, Тээврийн хэрэгсэл түр саатуулсан тухай мөрдөгчийн тэмдэглэл /хх-н 6/, Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 8-14/, Цогцосонд гадна үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 15-17/, Хохирлын баримтууд /хх-н 29-85/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 146-165/, Хохирлын мөнгө хүлээлцсэн баримт, шилжүүлсэн баримт /хх-н 169, 171/ зэрэг болно.

          Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

          Гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:

Шүүгдэгч Б.М- нь 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 07 цаг 40 минутын орчим Баянгол дүүргийн 12 дугаар хороо, Бүрэн плаза төвийн урд замд Тоёота Приус маркийн ...улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасч, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэснийг зөрчин явган хүний гарцаар зам хөндлөн гарч явсан явган зорчигч Д.Р-г мөргөж амь насыг нь хохироосон гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, амь хохирогч Д.Р-гийн: “...Бүрэн плаза төвийн урд талд ертөнцийн зүгээр урдаас хойш чигт явган хүний гарцаар гарч явтал миний зүүн гар талаас нэг юм хүчтэй цохих шиг болсон тэрнээс хойш болсон үйл явдлыг санахгүй байна. Одоо миний бие цээжнээс доод хэсэгт ямар ч мэдээ байхгүй, хүний асаргаанд орсон маш хэцүү байна...” гэсэн мэдүүлэг /хх-н 87/, шинжээчийн 515, 249 тоот, техникийн шинжээчийн 58 тоот дүгнэлтүүд болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Б.М-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Б.М- нь амь хохирогч Д.Р-г явган хүний гарцаар гарч байхад нь мөргөж амь насыг нь хохироосон үйлдэл нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул гэм буруутайд тооцох нь зүйтэй.

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

Хохирогчийн төлөөлөгчийн өмгөөлөгчийн зардал 1.200.000 төгрөг нэхэмжилснийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Хохирогчийн төлөөлөгч нь өөрийн хүсэл зоригоо илэрхийлж, хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд өмгөөлөгчөө сонгон, хууль зүйн туслалцаа авахдаа талуудын чөлөөт байдал, тэгш эрхийн зарчмын үндсэн дээр төлбөртэй хийгдсэн хэлцлийн төлбөрийг энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол гэж үзэх үндэслэлгүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд заасан хохирол, хор уршигт өмгөөлөгчийн хөлсийг тооцох боломжгүй гэж үзсэн болно.

Шүүгдэгч нь хохирогчийн төлөөлөгчид 22.377.751 төгрөг төлсөн нь мөнгө хүлээлцсэн баримт /хх-н 165/, Хас банкны орлогын баримт /хх-н 171/, хохирогчийн төлөөлөгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэргээр нотлогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх шүүгдэгч Б.М-ыг гэм буруутай гэж үзсэн бөгөөд энэ талаар шүүгдэгч болон түүний өмгөөлөгч маргаагүй тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгчид ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, 01 жил 06 сарын хугацаагаар хорих  ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, хохирогчийн өмгөөлөгч улсын яллагчтай санал нэг байна, шүүгдэгчийн өмгөөлөгч шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хохирлоо бүрэн төлсөн, хувийн байдал зэргийг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү” гэсэн санал тус тус гаргасныг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан...бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан энэ хуулийн 7.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан хэд хэдэн үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтоож болно” мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл ... хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж тус тус хуульчилжээ.

Шүүгдэгч Б.М-ын холбогдсон гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд багтаж байна.

Иймд шүүхээс шүүгдэгч Б.М-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал, хохирогчийн төлөөлөгчид учирсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасч, ял оногдуулахгүйгээр тэнсэж, зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэхээр шийдвэрлэлээ.

Шүүх шүүгдэгч Б.М-ад ял оногдуулахгүйгээр тэнсэж, зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэхээр шийдвэрлэсэн тул Шинэчлэн найруулсан 2017 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Б.М-ад оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан нэмэгдэл ял болон тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч Б.М-ад оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хассан нэмэгдэл ялыг тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолж эдлүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй.

Шүүгдэгч Б.М-ын 107278 дугаартай В ангиллын жолооны үнэмлэхийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж, ...улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг шүүгдэгч Б.М-ад буцаан олгохоор шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.М- нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй болно.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Б.М-ыг “автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  
  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-ын тээврийн хэрэгсэлийг жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 02 жилийн хугацаагаар тэнсэж, зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М- нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн, уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
  4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
  5. Шүүгдэгч Б.М-ын 107278 дугаартай В ангиллын жолоочийн үнэмлэхийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж, ...дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг шүүгдэгч Б.М-ад буцаан олгосугай.
  6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч Б.М-ад оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс тоолж эдлүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
  7. Хохирогчийн төлөөлөгчийн өмгөөлөгчийн хөлс 1.200.000 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
  8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.М-ад хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ч.ОТГОНБАЯР