Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 111/ШШ2017/0015

 

 

Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Сувдмаа би С.Э-ийн нэхэмжлэлтэй Баянхонгор аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэст холбогдох “Баянхонгор аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн өндөр насны тэтгэврийн байцаагчийн үйл ажиллагаа хууль бус болохыг тогтоож, С.Э миний өндөр насны тэтгэврийг үргэлжлүүлэн олгохыг даалгаж, өнгөрсөн хугацааны буюу 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс шүүхийн шийдвэр гарах өдрийг хүртэлх тэтгэврийг нөхөн олгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянаад

 ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.Э шүүхэд гаргасан хүсэлтдээ:

“С.Э миний бие тус шүүхэд нэхэмжлэл гаргасан байсан билээ. Гэвч 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдөр болсон шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсээс 02 дугаартай акт гарсны улмаас харьяалал өөрчлөгдөх болжээ. Өнгөрсөн хугацаанд урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийлгэж Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд хандах болсон тул нэхэмжлэлээсээ татгалзаж байна” гэжээ.

 ҮНДЭСЛЭХ нь:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзах, 66 дугаар зүйлийн 66.1-д “нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзаж болно”, 66.2-т “Нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх ...”-ээр тус тус заасны дагуу нэхэмжлэгч С.Э нь “Баянхонгор аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн өндөр насны тэтгэврийн байцаагчийн үйл ажиллагаа хууль бус болохыг тогтоож, С.Э миний өндөр насны тэтгэврийг үргэлжлүүлэн олгохыг даалгаж, өнгөрсөн хугацааны буюу 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс шүүхийн шийдвэр гарах өдрийг хүртэлх тэтгэврийг нөхөн олгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлээсээ татгалзсан тухайгаа шүүхэд бичгээр илэрхийлсэн байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсгийг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэгч С.Э-ээс Баянхонгор аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэст холбогдуулан гаргасан “Баянхонгор аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн өндөр насны тэтгэврийн байцаагчийн үйл ажиллагаа хууль бус болохыг тогтоож, С.Э миний өндөр насны тэтгэврийг үргэлжлүүлэн олгохыг даалгаж, өнгөрсөн хугацааны буюу 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс шүүхийн шийдвэр гарах өдрийг хүртэлх тэтгэврийг нөхөн олгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5-д, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-т зааснаар нэхэмжлэгч уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах, мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогчид нь уг захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүйг тус тус дурдсугай.

ШҮҮГЧ Ц.СУВДМАА