Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 1267

 

МАГАДЛАЛ

 

2016 оны 7 дугаар сарын 01                        Дугаар 1267                                       Улаанбаатар хот

 

“ХХ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Байгалмаа, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны

2016 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 101/ШШ2016/03998 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “ХХ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч ХХХ-т холбогдох,

Даатгалын нөхөн төлбөр, бусад зардал 96 414 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

Шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

            Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ХХХ нь 2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Мобиком корпорацитай 20101383 тоот дараа төлбөрт үйлчилгээний гэрээ байгуулж, ХХХХХХХХ дугаар авч ашигласан. 2013 оны 3 дугаар сарын 01-ний өдөр өмнөх сарын төлбөрийг төлөөгүйн улмаас үйлчилгээг хязгаарласан. ХХХ нь 2013 оны 6, 7 дугаар сарын төлбөр 116 276 төгрөгийн үлдэгдэлтэй байсан бөгөөд барьцаа 60 000 төгрөгийг суутгаж, үлдэгдэл нь 56 276 төгрөг болсон. Гэрээний дагуу төлбөр төлөх тухай удаа дараа мэдэгдсэн бөгөөд өнөөдрийн байдлаар төлөөгүй байна. Шүүхэд нэхэмжлэл гаргасан өдрийн байдлаар нийт өр төлбөр нь    56 276 төгрөг, алданги 28 138 төгрөг болсон. “ХХ” ХХК нь ХХ ХХК-тай төлбөр тасалдлын даатгалын гэрээ байгуулсан. Уг гэрээгээр Мобиком корпорацийн хэрэглэгч гэрээнд заасан хугацаандаа төлбөрөө төлөөгүй нөхцөлд даатгалын тохиолдол үүсч даатгалын нөхөн төлбөр олгоно. “ХХХХ” ХХК нь “ХХ” ХХК-иас нөхөн төлбөрт 56 276 төгрөг хүлээн авсан. Харин алданги нэхэмжлэх шаардах эрхийг олгосон байгаа болно. Иймд Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7 дахь хэсэгт Даатгуулагч учирсан гэм хорыг нөхөн төлөх шаардлагыг гуравдагч этгээдэд гаргаж болох тохиолдолд даатгагч уг гэм хорыг даатгуулагчид нөхөн төлснөөр шаардах эрх даатгагчид шилжинэ, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7-д зааснаар буруутай этгээдээс төлбөр нэхэмжлэх даатгуулагчийн эрх нь даатгалаар олгогдсон нөхөн төлбөр, түүнтэй холбогдон гарсан зардлын хэмжээгээр даатгагчид шилжих тул даатгалын нөхөн төлбөрт төлсөн 56 276 төгрөг, алданги 28 138 төгрөг, нотариатын зардал 12 000 төгрөг, нийт 96 414 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ХХ” ХХК-ийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь ХХХХХХХХ дугаарыг би 2012 оны 10 дугаар сараас хойш ашиглаагүй байхад надад удаа дараа нэхэмжлэл явуулсан гэдэг нь худлаа болно. Иймд би нэхэмжилсэн үнийн дүнг болон нэмэгдүүлсэнийг хүлээн зөвшөөрөхгүй, төлж чадахгүй болно гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7-д тус тус заасныг баримтлан хариуцагч ХХХаас даатгалын нөхөн төлбөрт төлсөн 56 276 төгрөг, нотариатын зардал 12 000 төгрөг, нийт 68 276 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “ХХ” ХХК-д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс алданги 28 138 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4 550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ХХХаас улсын тэмдэгтийн хураамжид 4 550 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Мандал женерал даатгал”    ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Шүүх талуудын хооронд бий болсон харилцааг ялгаагүй, иргэний эрх зүйн суурь зарчмуудыг зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн. Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-т "Иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн, хуулийн этгээдийн үйлдэл /эс үйлдэхүй/-г хэлцэл гэнэ", 39.2-т "Нэг этгээд хүсэл зоригоо илэрхийлэн хэлцэл хийж болно", 40 дүгээр зүйлийн 40.1-т "Хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно", 196 дугаар зүйлийн 196.1.2-" гэрээг бичгээр байгуулахаар хуульд заасан буюу талууд тохиролцсон бол талууд нэг баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурах буюу гэрээний саналыг зөвшөөрснөө илэрхийлсэн тал гарын үсгээ зурсан захидал, албан бичиг, телефакс эдгээртэй адилтгах баримт бичгийг нөгөө тал хүлээн авснаар" гэрээ байгуулсанд тооцно гэж хуульчилсан байна. Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-т "Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй", 101.6-т "Өмчлөгч энэ зүйлд заасан эрхээ бусдад шилжүүлж болох бөгөөд эрх шилжүүлэн авсан этгээд эд юмсыг өмчлөгчийн зөвшөөрсөн зориулалт, өөрийн үйл ажиллагааны зорилго, дүрмийн дагуу эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхтэй", 123 дугаар зүйлийн 123.2-т "Хууль, гэрээ буюу үүргийн мөн чанарт харшлахгүй бол шаардах эрх эзэмшигч нь гуравдагч этгээдтэй байгуулсан гэрээний үндсэн дээр үүрэг гүйцэтгэгчийн зөвшөөрөлгүйгээр шаардах эрхээ шилжүүлж болно" гэжээ. “ХХХХ” ХХК нь “ХХ” ХХК-д өөрийн төлбөр төлөөгүй хэрэглэгчээс хэрэглэгчтэй байгуулсан гэрээний дагуу алдангийг нэхэмжлэх шаардах эрхийг "Шаардах эрх шилжүүлэх тухай" албан бичгээр шилжүүлсэн бөгөөд “ХХ” ХХК нь уг албан бичгийн дагуу шаардах эрхээ хэрэгжүүлэх төлбөрийг үлдэгдэлтэй байгаа хэрэглэгчийг шүүхэд өгсөн байгаа. Иргэний хуулийн дээрх зохицуулалтын дагуу “ХХХХ” ХХК-иас шаардах эрх шилжүүлж буй албан бичиг нь алданги шаардах эрхийн өмчлөгчийн хууль ёсны ашиг сонирхол, хүсэл зоригийг илэрхийлсэн байна. Уг хүсэл зоригийн илэрхийлэл нь гэрээний эрх чөлөөний зарчимд үндэслэгдсэн бөгөөд гуравдагч этгээдийн хууль ёсны эрх ашгийг хөндөөгүй болно. “ХХХХ” ХХК-иас ирүүлсэн шаардах эрхийн албан бичгийг хүлээн авч шүүхэд нэхэмжлэл гаргаж хэрэглэгчээс төлбөрийг нэхэмжилж байгаа нь “ХХ” ХХК уг хүсэл зоригийн илэрхийллийг хүлээн авсан гэж тооцох бөгөөд талуудын хооронд хүчин төгөлдөр гэрээ байгууллагдсан гэж үзнэ.

“ХХ” ХХК нь шаардах эрхийн шинэ өмчлөгчийн хувьд эрхээ хэрэгжүүлж шүүхэд хандан нэхэмжлэл гаргасан бөгөөд анхан шатны шүүх “ХХ” ХХК-ийг алданги шаардах эрхийн өмчлөгч биш гэж үзсэн нь Иргэний хуульд заасан дээрх заалтуудыг зөрчсөн, хууль ёсны өмчлөгчийн эрхэнд халдсан, талууд гэрээний эрх чөлөөний зарчимд тулгуурлаж байгуулсан гэрээг хүчин төгөлдөр бусд тооцох хууль зөрчсөн, хуульд харшилсан, гуравдагч этгээдийн эрх, ашгийг хөндөөгүй байхад хувийн хэрэгт хөндлөнгөөс оролцож өмчлөгийн эрхийг хязгаарлаж, өмчлөгчийн эрх зүйн байдлыг дордуулж байна. “ХХ” ХХК нь хариуцагчаас нэхэмжилсэн алдангийн шаардах эрхийг “ХХХХ” ХХК-д алданги төлсөн үндэслэлээр олж аваагүй, харин “ХХХХ” ХХК нь алданги нэхэмжлэх өөрийн мэдлийн шаардах эрхийг “ХХ” ХХК-д сайн дурын үндсэн дээр шилжүүлж байхад шүүх даатгалын компанийг даатгуулагчид алданги төлөөгүй учраас алданги нэхэмжлэх эрхгүй гэж дүгнэсэн нь иргэний эрх зүйн суурь зарчмуудыг зөрчсөн байна. Түвшинтунгалагаас алданги болох 28 138 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбарыг хуульд нийцүүлэн үнэлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч “ХХ” ХХК нь хариуцагч ХХХ-т холбогдуулан даатгалын нөхөн төлбөр, бусад зардал 96 414 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч “...99803603 дугаарыг 2012 оны 10 дугаар сараас хойш ашиглаагүй тул нэхэмжлэл үндэслэлгүй...” гэж маргажээ.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасан тохиролцоог мөн зүйлийн 232.3 дахь хэсэгт заасны дагуу бичгээр хийснээ нотлоогүй буюу Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар хууль болон гэрээгээр алдангийг төлөхөөр тохиролцоогүй байх тул шаардах эрхгүй байна.

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хариуцагч ХХХ өөрийн татгалзлаа хуульд зааснаар нотлоогүй, нэхэмжлэгчид алданги шаардах эрх шилжээгүй гэж дүгнэсэн нь зөв байна.

Учир нь зохигчдын хооронд анзын гэрээ байгуулагдаагүй байхад хариуцагчийн ярианы төлбөрийн үлдэгдлийн хэмжээгээр нэхэмжлэгч нь 56 276,77 төгрөгийн даатгалын нөхөн төлбөр “ХХХХ” ХХК-д төлсөн талаар 2016 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 1/1365 тоот албан бичгийг Иргэний хуулийн 123 дугаар зүйлд заасан алданги шаардах эрх шилжүүлэх гэрээ байгуулсан гэж үзэх үндэслэлгүй юм.

Нэхэмжлэгчийн хувьд гэрээгээр шаардах эрхийг шилжүүлж аваагүй Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7 дахь хэсэгт зааснаар даатгалын нөхөн төлбөр төлөхөөр гэм хорыг буруутай этгээдээр арилгуулахаар шаардах эрхтэй юм.

Иймд нэхэмжлэлийн зарим хэсгийг хангасан шүүхийн шийдвэр нотлох баримтад үндэслэгдсэн байх тул уг шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас алданги 28 136 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгохдоо холбогдох хуулийн зохицуулалтыг хэрэглээгүй боловч энэ нь шийдвэрт нөлөөлөхгүй гэж үзсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

  1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 101/ШШ2016/03998 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-д зааснаар нэхэмжлэгч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 4 550 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

      

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                 ШҮҮГЧИД                                            Д.БАЙГАЛМАА

 

                                                         М.НАРАНЦЭЦЭГ