| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэвээндоржийн Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 183/2023/04623/И |
| Дугаар | 210/МА2025/00026 |
| Огноо | 2024-12-27 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 12 сарын 27 өдөр
Дугаар 210/МА2025/00026
*******,*******-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч С.Энхбаяр, Ц.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 183/ШШ2024/04399 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч *******,*******-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч *******-д холбогдох,
Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 92,053,040 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг зохигчдын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Алтанцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, түүний орчуулагч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:
Манай компани нь *******-тай 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдөр нүүрс худалдах, худалдан авах гэрээ байгуулж, худалдагч болох *******-ийн зүгээс нийт 300,000 тн нүүрсийг 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийг хүртэлх хугацаанд нийлүүлэх, худалдан авагч болох манай компанийн зүгээс 1 тн нүүрсийг 235 юаниар тооцон нийлүүлсэн нүүрсний хэмжээнээс хамааран төлж байхаар харилцан тохиролцсон. Гэтэл *******-ийн зүгээс гэрээнд заасан тоо хэмжээнээс дутуу нүүрс нийлүүлсэн бөгөөд 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр харилцан тооцоо нийлэхэд манай компани нь 193,832.60 юанийг илүү төлсөн болох нь тогтоогдсон. 2019 оноос хойш үлдэгдэл төлбөрийг төлөхийг *******-аас шаардаж байсан боловч одоог хүртэл төлөөгүй тул *******-аас 193,832.60 юань гаргуулж өгнө үү. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэл гаргах буюу 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн Монгол банкнаас зарласан валютын ханш болох 1 юань 474,91 төгрөгөөр тооцон нийт 92,053,040 төгрөгөөр нэхэмжлэлийн үнийг тодорхойлж улсын тэмдэгтийн хураамж төлсөн болно гэжээ.
2. Хариуцагч талын тайлбарын агуулга:
Манай компани нь *******,*******-тай 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн SHK20 дугаар нүүрс худалдах, худалдан авах гэрээг нэг жилийн хугацаатай байгуулсан. Уг гэрээгээр талууд Дорноговь аймгийн сумын нүүрсний уурхайгаас олборлосон 5.300 ккал илчлэгээс доошгүй нүүрсийг, нэг тонн тутмыг 235 юаниар тооцож, 300.000 тн-оос багагүй нүүрс нийлүүлэхээр харилцан тохиролцсон. Ийнхүү гэрээний дагуу манай компани 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэлх хугацаанд нийт 103 удаагийн гаалийн мэдүүлгээр 4,139,541.1 юанийн үнэ бүхий 18,480.84 тн нүүрсийг нийлүүлсэн. *******, импортын худалдаа ХХК-аас 2017 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд нийт 4.130.000 юанийг шилжүүлсэн бөгөөд уг төлбөрөөс 1.750.000 юанийг өмнөх гэрээний төлбөрт, үлдэх 2.380.000 юанийг уг маргаан бүхий гэрээний төлбөрт тооцож шилжүүлсэн байдаг. Гэтэл *******,******* нь манай компанийг маргаан бүхий гэрээнд заасан тоо хэмжээнээс дутуу нүүрс нийлүүлсэн, 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр харилцан тооцоо нийлэхэд манай компани нь 193,832.60 юанийг илүү төлсөн гэж тооцоо нийлсэн актыг үндэслэж манай компаниас уг мөнгийг шаардаж байгаа нь үндэслэлгүй байна. Түүнчлэн, манай компани нь -тай 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн ELCH-2018/03 дугаар нүүрс худалдах, худалдан авах гэрээг байгуулж, 2019 онд нийт 393,930.5 юанийн үнэ бүхий 1,676.3 тн нүүрсийг нийлүүлж, гэрээний төлбөрт 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр 250,000 юанийг шилжүүлэн авсан байдаг. Гэтэл *******,*******-аас маргаан бүхий гэрээний төлбөрт -ийн данснаас 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр 250,000 юанийг *******-д шилжүүлсэн гэдэг нь огт үндэслэлгүй гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 218 дугаар зүйлийн 218.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч *******-аас худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 193,832.60 юань буюу 74,580,969.5 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 17,472,070.5 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч *******-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 618.215 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******-аас 530,855 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******-д олгож шийдвэрлэсэн байна.
4. Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр тооцоо нийлж нөгөө талд буюу худалдагч талд илүү төлсөн нүүрсний төлбөрийг худалдан авагчид буцаан төлөх үүрэг үүссэн хэдий ч худалдагч тухайн үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэгч талаас шаардах эрхээ хэрэгжүүлсэн байна.
Иймд нэхэмжлэгч нь 2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн нэхэмжлэл гаргах үеийн Монгол банкны зарласан ханш /1 юань 474,91 төгрөгөөр/ тооцохоор нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон учир шүүхэд нэхэмжлэл гаргасан хугацаанаас тооцож, Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэл гаргах үеийн вальютын ханшаар тооцох нь зүйтэй гэж үзэж байх тул шийдвэрийн энэ хэсэгт өөрчлөлт оруулж, 193,832.60 юань буюу ханшаар 1 юанийг 474,91 төгрөгөөр тооцон нийт 92,053,040 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.
5. Давж заалдах гомдолд хариуцагч талын гаргасан тайлбарын агуулга:
Анхан шатны шүүх тооцоо нийлсэн актыг үндэслэж нэхэмжлэлийн шаардлагыг багасгаж шийдвэрлэсэн нь хууль хэрэглээний хувьд зөв. Иргэний хуулийн 218 дугаар зүйлд тодорхой заасан. Үүрэг гүйцэтгэх үеийн ханшаар буюу 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн ханшаар тооцсон нь үндэслэлтэй гэжээ.
6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
6.1. Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч, энэхүү давж заалдах гомдлыг гаргаж байна.
Нүүрс худалдах, худалдан авах гэрээгээр манай компани нь нийт 7,176,467.35 юанийн үнэ бүхий 32,521.59 тн коксжих чанаргүй боловсруулаагүй нүүрсийг нийлүүлж, гэрээний төлбөрт *******,*******, түүний хамаарал бүхий -аас нийт 7,172,679 юанийг шилжүүлэн авсан нь хавтас хэрэгт авагдсан гаалийн мэдүүлэг, төлбөрийн баримт, wechat-т үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг баримтаар тогтоогдох бөгөөд маргааны зүйл буюу тооцоо нийлсэн актад заасан гэрээний үүрэгт 193,832 юанийг илүү төлсөн гэх үйл баримтыг нэхэмжлэгчийн зүгээс нотолж чадаагүй байдаг.
Гэтэл, анхан шатны шүүхээс 193,832 юанийг илүү төлсөн гэх 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн тооцоо нийлсэн актыг манай компанийг хүлээн зөвшөөрч баталгаажуулсан байна гэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан нотлох баримыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэлгүйгээр уг тооцоо нийлүүлсэн актыг үндэслэн 193,832 юань буюу 74,580,959.5 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь хуульд нийцэхгүй байна.
Анхан шатны шүүхээс нэхэмжлэгч хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй байна гэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.3 дахь хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацааг түр зогсоох нөхцөл байдал арилсан үеэс эхлэн хугацааг үргэлжлүүлэн тоолох хуулийг зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.
Маргааны зүйл буюу гэрээний үүрэгт илүү төлсөн гэх 193,832 юанийг буцаан гаргуулахаар шаардах хөөн хэлэлцэх хугацаа, түүнийг тоолохдоо Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 76 дугаар зүйлийн 76.1 дэх хэсэгт заасны дагуу шаардах эрх үүссэн буюу тооцоо нийлсэн акт үйлдсэн 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн 3 жилийн хугацааг тоолох бөгөөд шаардлага гаргах хөөн хэлэлцэх 3 жилийн хугацаа нь 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр дуусгавар болох учиртай.
Хэрэгт авагдсан баримтаар, шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 2022 оны 11 дүгээр сарын 22-ны дуусч, улмаар уг хугацаа Иргэний хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.3-т заасан хөөн хэлэлцэх хугацаа түр зогсох нөхцөл байдал үүссэн, 47 хоногийн дараа буюу 2023 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс хөөн хэлэлцэх хугацааг үргэлжлүүлэн тоолж эхлэх бөгөөд уг хугацааг Иргэний хуулийн 78 дугаар зүйлийн 78.3 дахь хэсэгт ..хэрэв үлдсэн хугацаа гурван сараас бага бол гурван сар хүртэл ...үлдсэн хөөн хэлэлцэх хугацаагаар сунгана гэж заасны дагуу 3 хүртэл сараар сунгах буюу 2023 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр хүртэл сунгахаар байна.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчээс гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа нь 2023 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр дуусгавар болсон бөгөөд хэрэг авагдсан баримтаар 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт заасан үр дагаврыг үүсгэсэн байна.
Иймд, анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.
7. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:
Шүүх хөөн хэлэлцэх хугацаатай холбоотойгоор үндэслэл бүхий дүгнэлт хийсэн. Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1 дэх хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно. 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн 3 жилийн хугацааг тоолсон. Хөөн хэлэлцэх хугацаа тоологдож эхлээд 3 сар болоогүй байхад буюу 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн давагдашгүй хүчин зүйлийн нөлөө бий болсон гэжээ.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд хэргийг буцаав.
1. Нэхэмжлэгч *******,******* нь хариуцагч *******-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 92,053,040 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.
1.1. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн тооцоо нийлсэн актын дагуу нүүрсний үнэд илүү төлөгдсөн 193,832.60 юань буюу 92,053,040 төгрөгийг гаргуулна гэж тайлбарлажээ.
1.2. Хариуцагч нь татгалзлын үндэслэлээ манай компани нь -тай 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн ELCH-2018/03 дугаар нүүрс худалдах, худалдан авах гэрээг байгуулж, 2019 онд нийт 393,930.5 юанийн үнэ бүхий 1,676.3 тн нүүрсийг нийлүүлж, гэрээний төлбөрт 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр 250,000 юанийг шилжүүлэн авсан. *******,******* -аас маргаан бүхий гэрээний төлбөрт -ийн данснаас 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр 250,000 юанийг *******-д шилжүүлээгүй гэж маргажээ.
2. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл болон хариуцагч *******-ийн хооронд 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Нүүрс худалдах, худалдан авах гэрээг байгуулж, уг гэрээний дагуу 1676,3 тонн буюу 393,930.50 юаны нүүрсийг хариуцагч талаас -д нийлүүлсэн талаар зохигчид маргахгүй байна. /2хх110-112/
2.1. -аас нүүрсний төлбөрт 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр хариуцагч *******-д шилжүүлсэн 250,000 юань болон дээр дурдсан гэрээний дагуу нийлүүлсэн 1676,3 тонн буюу 393,930.50 юаны тооцоо нь, нэхэмжлэгч *******,******* болон хариуцагч *******-тай 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр нийлсэн тооцоонд орсон гэжээ./1хх36, 111-113, 2хх 51/
2.2. Түүнчлэн, нэхэмжлэгч *******,*******-ийн захирал нь -ийн захирал бөгөөд тус компанийн 100 хувийн хувьцааг, мөн нэхэмжлэгч компанийн 20 хувийн хувьцааг тус тус эзэмшдэг гэх бөгөөд дээрх 2 компанийнхаа нүүрс худалдах, худалдан авах гэрээний дагуу тооцоог нэгтгэн нийлсэн гэж нэхэмжлэгч талаас тайлбарлаж байна./1хх114-117/
3. Иймд, уг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эрх ашиг нь хөндөгдөж болзошгүй этгээд -ийг оролцуулах эсэх, өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч *******,******* болон хариуцагч *******-ийн 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн тооцоо нийлсэн баримт нь тухайн хуулийн этгээдийн эрх ашгийг хөндөх эсэх, мөн 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр хариуцагч талд шилжүүлсэн 250,000 юаньтай холбоотой шаардах эрхийг нэхэмжлэгч шилжүүлж авсан эсэхийг анхан шатны шүүхээс тодруулах ажиллагааг хийгээгүй байна.
4. Дээрх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаан шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 183/ШШ2024/04399 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 245,450 төгрөг, хариуцагчаас төлсөн 530,855 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАДРАХ
ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР
Ц.АЛТАНЦЭЦЭГ