Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2025/00039

 

 

 

*******-ны

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч С.Энхбаяр, Ц.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 183/ШШ2024/04743 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******-ны нэхэмжлэлтэй

Хариуцагч *******т холбогдох,

Сууц өмчлөгчдийн холбооны төлбөрт 2,944,930 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ц.Алтанцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн хэргийг бүхэлд нь хянан үзээд, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан сууц өмчлөгчдийн холбооны төлбөрт 2,944,930 төгрөг гаргуулахаар нэхэмжилжээ.

 

2.1. Хариуцагч нь нэхэмжлэл болон нэхэмжлэл түүнд хавсаргасан нотлох баримтуудыг гардан авсан боловч нэхэмжлэлийг зөвшөөрсөн эсхүл татгалзсан тайлбараа шүүхэд ирүүлээгүй байх ба шүүх хуралдааны товыг мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй байна.

 

2.2. Хариуцагч нь давж заалдах шатны шүүх хуралдаанд Би СӨХ-ны төлбөрийг өгье, харин автомашины зогсоолыг засаад өг гэсэн. Харин одоо бол анхан шатны шүүхийн шийдвэрийг дэмжиж байна гэсэн тайлбар гаргасан.

 

3. Хариуцагч нь нэхэмжлэлийн хувийг гардаж авснаас хойш анхан шатны шүүхэд тайлбар болон нотлох баримтаа ирүүлэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 755 дугаар зүйлийн 755.4 дэх хэсэгт заасан үүргээ биелүүлээгүй байна.

 

4. Хариуцагч нь Иргэний хуулийн 148 дугаар зүйлийн 148.2.3-т заасан дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд тогтоосон хэмжээгээр оролцох үүрэгтэй.

 

4.1. Гэтэл хариуцагч шүүхэд тайлбар болон нотлох баримтаа ирүүлж мэтгэлцээгүй байхад, анхан шатны шүүх Иргэний хууль дахь хөөн хэлэлцэх хугацааг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг багасгаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан мэтгэлцэх зарчмыг зөрчсөн гэж үзнэ. Өөрөөр хэлбэл, хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн эсэх асуудлаар талууд мэтгэлцээгүй, хариуцагч маргаагүй, энэ талаар холбогдох баримт хэрэгт авагдаагүй байна.

 

4.2. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 2,944,930 төгрөгийг хариуцагчаас гаргуулж ******* сууц өмчлөгчдийн холбоонд олгож нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг хангаж шийдвэрлэнэ.

 

5. Анхан шатны шүүх, тусгайлсан журмаар хэргийг хянан шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 .1, 759.2 дахь тусгай журмын заалтыг удирдлага болгон шийдвэрийн тогтоох хэсгээ бичих шаардлагатайг тэмдэглэж байна. Энэхүү техникийн шинжтэй үйлдэл нь анхан шатны шүүхийн шийдвэрийн шийдэлд нөлөөлөхгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 183/ШШ2024/04743 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч *******аас 2,944,930 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* сууц өмчлөгчдийн холбоонд олгосугай. гэж,

шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтын 56.2 гэснийг 56.1 39,718 гэснийг 62,069 гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 37,300 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.2 дахь хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөнөөс бусад тохиолдолд давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх тул талууд гомдол гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАДРАХ

 

ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР

 

Ц.АЛТАНЦЭЦЭГ