Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 360

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Б.Баярмаа,

Улсын яллагч: Б.Солонго,

           Шүүгдэгч: Э.Н-өөрөө өөрийгөө өмгөөлөн тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Э.Н-д холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1905011350360 дугаартай хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

     Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Э.Н-, 1997 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, ээж, эгчийн хамт Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, 2 байр 4-0 тоотод оршин суух бүртгэлтэй боловч одоо ..... тоот регистртэй,

Шүүгдэгч Э.Н-2019 оны 02 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Нийслэл” пабад сууж байхдаа /гар утсаа өгч байгаач ганц ярьчихаад өгье гэж/ хуурч иргэн С.А-гийн Самсунг А6 маркийн гар утсыг залилан авч 459.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Э.Н-шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул, нэмж мэдүүлэх зүйлгүй. Хохирогчийн гар утсыг буцаан өгсөн” гэв.

Хохирогч С.А-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2019 оны 02 дугаар сарын 27-ны өдөр 11 цагийн үед ажил дээрээ байж байгаад өөрийн А-гэдэг нэртэй фэйсбүүк хаягнаас Сахиусан тэнгэр мики /sahuisan tenger miki/ нэртэй хаяг руу найзын хүсэлт илгээхэд удалгүй миний найзын хүсэлтийг хүлээж авахгүйгээр миний мессенжер рүү чат бичсэн. Бид хоёр чаталж байгаад орой уулзахаар тохиролцсон....Бид 2 уг пабаас зүүн тийш яваад Нийслэл гэх нэртэй пабад хамт сууж нэг, нэг шил пиво аваад хамт уусан. Тэгсэн тэр охин “гар утсаа өгч байгаач, ганц ярьчихаад өгье” гээд аваад гараад явсан. Тэгээд би удалгүй араас нь гарахад нөгөө охин гадаа байхгүй байсан. ...Миний утсанд Юнител холбооны сим карт байсан сим картаа үнэгүй сэргээлгэж авсан. ...сим карт сэргээлгэсний мөнгө нэхэмжлэхгүй. ...Хүлээн авсан Самсунг А6 маркийн гар утас бүрэн ажилгаатай байна. Энэ миний утас мөн байна, надад ямар нэг санал, гомдол, хүсэлт байхгүй. Н-эс нэхэмжлэх зүйл байхгүй. ...Шүүх хуралдаанд оролцохгүй...” гэсэн мэдүүлэг /хх-н 13-14, 15-16/,

Гэрч Б.Ж-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2019 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 18 цагийн үед 100 айлын авто плазагийн хажууд явж байсан чинь замд Н-тэй таараад “бичиг баримт чинь байна уу, надад мөнгөний хэрэг гараад гар утсаа тавих гэсэн чинь чаддаггүй, тус болооч” гэхээр нь би бичиг баримтаа гаргаад баруун 4-н замд байрлах ломбарданд өөрийн бичиг баримтаараа тавьж өгсөн. Би Н-эс “хэний утас юм бэ” гэсэн чинь “минийх” гэж хэлсэн. ...Самсунг А6 маркийн гар утас байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 20/,

Яллагдагчаар Э.Н-мөрдөн байцаалтад өгсөн: “...2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн орой 03 цагийн үед надтай уулзъя гэж чат бичсэн. Би энэ үед бааранд сууж байсан болохоор зөвшөөрсөн утгатай хариу бичсэн. Бид хоёр Нийслэл нэртэй пабад ороод нэг, нэг шил пиво авч ууж эхэлсэн. ...А-гийн гар утсаар нь ярьж хүн дуудахаар утсыг нь авсан. Ингээд гадаа гараад утсаар ярих гэж байхад А- араас гарч ирэхгүй болохоор нь утсыг нь аваад явсан. ...гэртээ ирээд унтсан. ...Маргааш өглөө нь А- чатаар холбогдохгүй болохоор нь мөнгөний хэрэг гараад 300.000 төгрөгийн барьцаанд тавьсан. Барьцаанд тавихдаа Б.Ж-гэх найзынхаа иргэний үнэмлэхээр тавьсан. Барьцаанд тавьсан мөнгөө би өөрөө авсан, Жамъяансүрэн надаас мөнгө аваагүй...” гэсэн мэдүүлэг /хх-н 41-42/,

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 3-4/, Эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх-н 5, 8/, Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-н 7/, Эд зүйлийн үнэлгээ /хх-н 27-30/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 48-62/ зэрэг болно.    

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:

Шүүгдэгч Э.Н-2019 оны 02 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Нийслэл” пабад сууж байхдаа /гар утсаа өгч байгаач ганц ярьчихаад өгье гэж/ хуурч иргэн С.А-гийн Самсунг А6 маркийн гар утсыг залилан авч 459.000 төгрөгийн хохирол учруулсан гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч С.А-гийн: “...Бид 2 уг пабаас зүүн тийш яваад Нийслэл гэх нэртэй пабад хамт сууж нэг, нэг шил пиво аваад хамт уусан. Тэгсэн тэр охин гар утсаа өгч байгаач ганц ярьчихаад өгье гээд аваад гараад явсан. Тэгээд би удалгүй араас нь гарахад нөгөө охин гадаа байхгүй байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 13-14, 15-16/, гэрч Б.Ж-гийн: “...Н-тэй таараад “бичиг баримт чинь байна уу, надад мөнгөний хэрэг гараад гар утсаа тавих гэсэн чинь чаддаггүй, тус болооч” гэхээр нь би бичиг баримтаа гаргаад баруун 4-н замд байрлах ломбарданд өөрийн бичиг баримтаараа тавьж өгсөн. Би Н-эс “хэний утас юм бэ” гэсэн чинь “минийх” гэж хэлсэн. ...Самсунг А6 маркийн гар утас байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 20/, эд зүйлийн үнэлгээ /хх-н 27-30/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Э.Н-үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Э.Н-нь хохирогч С.А-гийн гар утсыг ганц яричахаад өгье гэж хуурч аван, таксинд суун зугтаж 459.000 төгрөгийн хохирол учруулсан нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

Хохирогч нь мөрдөн байцаалтын шатанд гар утсаа буцаан авсан гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

   Шүүх шүүгдэгч Э.Н-үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцсон бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Э.Н-нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгчид ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах ялын санал гаргасан ба шүүх шүүгдэгч Э.Н-гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал зэргийг харгалзан улсын яллагчийн санал болгосон ялаас доогуур нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

Шүүгдэгч Э.Н-нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй болно.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Боржигон овогт Эрдэнэбилэгийн Нандин-Эрдэнийг “Хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Нандин-Эрдэнийг 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Н-нь шүүхээс оногдуулсан 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй 
  4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
  5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Н-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ч.ОТГОНБАЯР