| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэвээндоржийн Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 181/2023/02835/И |
| Дугаар | 210/МА2025/00043 |
| Огноо | 2025-01-03 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 01 сарын 03 өдөр
Дугаар 210/МА2025/00043
*******-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, шүүгч Т.Бадрах, Ц.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 181/ШШ2024/03730 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч *******-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч *******д холбогдох,
657,308,000 төгрөг тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Алтанцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:
Иргэн ******* нь 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр *******-тай №2018/01/25-113-156 дугаар Орон сууц захиалах, захиалга гүйцэтгэх тухай гэрээ, №2018/01/25-113-156-НГ-01 дугаар нэмэлт гэрээнүүдийг харилцан тохиролцож байгуулсан. №2018/01/25-113-156 дугаартай гэрээгээр Сүхбаатар дүүрэг, 3 дугаар хороо, ******* байрны *******од байрлах 85.68 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг захиалан төлбөрийг төлөх, гүйцэтгэгч талын зүгээс орон сууцыг барьж ашиглалтад оруулж захиалагч талд хүлээлгэн өгөх үүргийг хүлээсэн. Талуудын хооронд байгуулсан №2018/01/25-113-156 дугаар Орон сууц захиалах, захиалга гүйцэтгэх тухай гэрээ-ний 1.7-д ******* орон сууцны төлбөрийг 399,620,000 төгрөг байхаар тохиролцсон бөгөөд гүйцэтгэгч талын зүгээс 22,620,000 төгрөгийн хөнгөлөлт үзүүлж, нийт 377,000,000 төгрөгийг тус гэрээний 1.9-д заасан хуваарийн дагуу төлөх, №2018/01/25-113-156-НГ-01 дугаар нэмэлт гэрээний 2.8-д гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хоног тутам 0.5 хувийн алдангийг төлөхөөр харилцан тохиролцсон. Манай компанийн зүгээс гэрээгээр барьж ашиглалтад оруулах үүрэг хүлээсэн орон сууцыг барьж ашиглалтад оруулан, гүйцэтгэгчид хүлээлгэн өгөх үндсэн үүргээ зохих ёсоор бүрэн биелүүлсэн. Гэтэл захиалагч ******* нь манай компанитай гэрээ байгуулж, худалдан авсан ******* орон сууцандаа өнөөдрийг хүртэл ямар ч саадгүйгээр амьдарч байгаа хэдий ч орон сууцны төлбөрийг төлөх талаар санал санаачлага гаргахгүй, төлбөр төлөх үндсэн үүргээ ноцтойгоор зөрчиж өдийг хүрч байна. №2018/01/25-113-156 болон №2018/01/25-113-156-НГ-01 дугаартай нэмэлт гэрээний үүрэгт 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 2023 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар үндсэн төлбөр 377,000,000 төгрөг, алданги 188,500,000 төгрөг, орон сууцыг эзэмшиж ашигласан хугацаан дахь түрээсийн төлбөр сар бүр 2,000,000 төгрөгөөр, нийт 64 сарын хугацаанд тооцож нийт 128,000,000 төгрөг, иргэн *******гийн гэрээнд заасан гүйцэтгээгүй үүргийн дүнд харгалзах *******-ийн Худалдаа хөгжлийн банкны үндсэн зээлд төлөгдсөн хүүгийн төлбөр сар бүр 1.1 хувь нийт 64 сард нийт 265,408,000 төгрөгийн нэмэлт зардал, гэрээ цуцалсны төлбөр гэрээний үнийн дүнгийн 5 хувь 18,850,000 төгрөг, орон сууцыг дахин сэргээн засах зардал 56,550,000 төгрөг, нийт 1,034,308,000 төгрөг, үүнээс 377,000,000 төгрөгийг хасаж тооцоод 657,308,000 төгрөг нэхэмжилж байна.
Иймд №2018/01/25-113-156 болон №2018/01/25-113-156-НГ-01 дугаартай нэмэлт гэрээний үүрэгт 657,308,000 төгрөгийг *******гаас гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч талын татгалзал, хариу тайлбарын агуулга:
Миний бие нэхэмжлэгчтэй ямар нэгэн түрээсийн гэрээ байгуулаагүй, мөн талуудын байгуулсан гэрээнд миний бие дүүгийнхээ гуйлтаар гарын үсэг зурсан бөгөөд нэхэмжлэгч байгууллагын удирдлагуудыг танихгүй гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 2******* зүйлийн 227.1, 232 дугаар зүйлийн 232.4, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******гаас 335,350,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 321,958,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3,444,490 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 1,834,700 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
4.1. Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.
Анхан шатны шүүх хэргийн болон шүүх хуралдаанд оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн, нотлох баримттай танилцах хуульд заасан эрхийг эдлүүлээгүй, нотлох баримт бүрдүүлэх боломж олгоогүй, хуульд заасан мэтгэлцэх боломж эрх олгоогүй, иргэний эрх, үүрэг ч танилцуулж гарын үсэг зуруулаагүй, шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтийг шүүхэд хүргүүлсэн боловч хүсэлтийг хүлээн авч хэлэлцээгүй зэрэг хуульд заасан эрхийг болон хэрэг хянан шийдвэрлэх журмыг зөрчиж шүүх хуралдааныг явуулсан.
Шүүхээс надад иргэний эрх, үүрэг танилцуулж гарын үсэг зуруулаагүй, нотлох баримттай танилцаагүй, нэхэмжлэлийн шаардлага түүнийг үгүйсгэх, татгалзах, тайлбар гаргах түүнтэй холбоотой нотлох баримтыг цуглуулж гаргаж өгөх, шүүх хуралдаан дээр хэргийн оролцогчтой мэтгэлцэх, өмгөөлөгч авах хуулиар олгогдсон эрхийг эдлүүлэлгүй хэргийг шийдвэрлэсэн нь хуулийн ноцтой зөрчил гэж үзэж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэгт зааснаар Зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэнэ, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-т эсрэг талын шаардлага, тайлбар, татгалзал, түүнийг нотлох баримттай танилцах, тэдгээрт тайлбар өгөх эрхтэй гэж заасан байдаг бөгөөд зохигчийн эрхээ эдлэх боломжийг шүүх бүрдүүлэх үүрэгтэй гэж үзэж байна.
Миний бие хариуцагчаас итгэмжлэл авсан даруйд шүүхэд өгсөн бөгөөд хэргийн материалтай танилцахаар шүүхэд удаа дараа очиход шүүгчийн туслах нь солигдсон, хэргүүд хүлээлцээгүй байгаа, нэг бол хэрэг олдохгүй байна, нэг бол шүүгч дээр байгаа, эсхүл шүүгч хуралд орчихсон байна та дараа ир, эсхүл гадуур ажилтай явж байна, дараа ирээд танилцчих уу гэх мэтээр намайг удаа дараа очиход буцааж байсан. ******* нь төрсөн дүү *******гийн авчирч өгсөн хэд хэдэн гэрээ гэх зүйл дээр гарын үсэг зурсан байдаг боловч шүүхэд нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн гэрээнүүд нь зарим хуудсууд нь *******гаар гарын үсэг зуруулж байсан гэрээнүүдээс өөр байдаг бөгөөд энэ талаарх тайлбар, нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөх боломжийг шүүх хааж үндэслэлгүй дүгнэлт хийсэнд гомдолтой байна. Шүүх нэхэмжлэгчээс шүүхэд гаргаж өгсөн гэрээнд ******* нь гарын үсэг зурсан гэдгийг яаж нотолж байгаа нь ойлгомжгүй байна, гэрээнүүд хуурамч байхад үндэслэлгүй дүгнэлт хийсэнд гомдож байна.
4.2. Шүүх гэрээнээс татгалзаж шүүхийн шийдвэрээр шийдвэрлэгдсэн байхад тэрхүү гэрээний заалтуудыг тайлбарлан хэрэглэж, шийдвэрийнхээ үндэслэл болгож байгаа нь хуулийг илт буруу тайлбарлан хэрэглэж нэг талд ашигтай байдал бий болгож байна. Эцэст нь захиалгын орон сууцны барилга ашиглалтад орсон байхад оршин суугчдын орон сууцны гэрчилгээг ******* нь барьцаалсан байсан ба өнөөдрийг хүртэл суллаж өгөөгүй байдаг, барьцаа суллаагүй байгаа хэрнээ төлбөрөө төл гэсэн шаардлага тавьдаг. Гэтэл орон сууцаа авч чадаагүй байхад орон сууцны үнийн дайтай төлбөр гаргуулахаар шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр үндэслэлгүй байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийн дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:
Энэ хэрэг маргаан үүсээд 1 жилийн хугацаанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдсан. Хариуцагч ******* эхний хуралд өөрийн биеэр оролцсон, түүний төлөөлөгч ******* оролцож байсан. Шүүх хуралдаанд оролцсоны дараа гарын үсэг зурах бололцоотой байсан. Үүнд хэргийн материалтай танилцахаар шүүхэд очиход шүүгчийн туслах нь солигдсон, хэргүүд хүлээлцээгүй байгаа, нэг бол хэрэг олдохгүй байна, эсхүл шүүгчид байгаа, шүүгч хуралд орсон байна та дараа ир, эсхүл гадуур ажилтай явж байна дараа ирээд танилцчих уу гэх мэтээр намайг удаа дараа очиход буцааж байсан гэж гомдолд дурдсан боловч энэ талаар баримт байхгүй. Хариуцагч ******* нь орон сууцны захиалгын гэрээ байгуулсан, хуваарьт төлбөр гаргуулъя, орон сууцанд амьдарна гэж нэмэлт гэрээ байгуулсан. Үүнтэй холбоотой төлбөр тооцооны асуудлыг өмнө нь ярьж байсан. 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр өөрөө сайн дураар орон сууцыг хүлээлгэж өгсөн, тухайн үед эвлэрлийн гэрээ байгуулж гарын үсэг зурсан боловч эвлэрлийн гэрээнээс хариуцагч өөрөө татгалзсан. Үүний дараа шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* ямар нэгэн байдлаар шүүх хуралдааныг хойшлуулж байсан, нотлох баримт гаргаж өгөөгүй. Хариуцагч холбогдох гэрээний дагуу үүргээ биелүүлээгүй учраас гэрээний алдангийг тухайн үед нэхэмжилсэн. Орон сууцыг эзэмшиж, ашиглаж байх хугацааны алданги, торгууль, түрээсийн төлбөртэй дүйцүүлээд нэхэмжлэл гаргасан. Хариуцагч ******* орон сууцны төлбөрт нэг ч төгрөг төлөөгүй. Хэрэг маргаан үүсээд нэг жилийн хугацаа өнгөрсөн, шүүх хэргийг хуулийн дагуу шийдвэрлэсэн.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй тул хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
1. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан 657,308,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.
2. Хэрэгт авагдсан баримтуудаар дараах үйл баримтууд тогтоогдож байна.
2.1. ******* нь *******тай байгуулсан 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Орон сууц захиалах, захиалга гүйцэтгэх тухай гэрээ-гээр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, ******* байрны 14 давхрын *******, 85.68 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг 377,000,000 төгрөгөөр худалдаж авахаар талууд харилцан тохиролцжээ. /хх7-9/
2.2. Улмаар талууд 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Орон сууц захиалах, захиалга гүйцэтгэх тухай гэрээний нэмэлт гэрээ-г байгуулж, орон сууцны нийт дүн болох 377,000,000 төгрөгөөс тооцож, сарын 1,2 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдэл төлбөрийг төлөхөөр талууд тохиролцсон байна. /хх5-6/
3. Талуудын хооронд байгуулагдсан дээрх гэрээ нь хэлбэрийн хувьд төлбөл зохих хүүгийн талаар тохиролцсон байх ба Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв.
3.1. Нэхэмжлэгч нь *******гийн гэрээнд заасан гүйцэтгээгүй үүргийн дүнд харгалзах *******-ийн Худалдаа хөгжлийн банкны үндсэн зээлд төлөгдсөн хүүгийн төлбөр сар бүр 1.1 хувь, нийт 64 сард нийт 265,408,000 төгрөгийн нэмэлт зардал, гэрээ цуцалсны торгууль гэрээний үнийн дүнгийн 5 хувь 18,850,000 төгрөг, орон сууцыг дахин сэргээн засах зардал 56,550,000 төгрөг, нийт 1,034,308,000 төгрөг, үүнээс орон сууцны үнэ 377,000,000 төгрөгийг хасаж тооцоод 657,308,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулна гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлажээ.
3.2. Хариуцагч нь бусдын өмнөөс орон сууц захиалгын гэрээ байгуулсан, мөн түрээсийн гэрээ байгуулаагүй тул түрээсийн төлбөр төлөхгүй гэж маргажээ.
3.3. Хэрэгт шүүхийн шийдвэр нь авагдаагүй боловч хариуцагч нь гэрээний төлбөрийг төлөөгүй үндэслэлээр нэхэмжлэгч нь дээрх гэрээнээс татгалзаж, шүүхийн шийдвэрийн дагуу хариуцагч *******г дээрх орон сууцнаас албадан гаргасан асуудлын талаар талууд маргаагүй ба хариуцагч талаас шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болсон тухай Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 152/01 дугаартай гүйцэтгэх баримт бичигт заасан хөрөнгийг төлбөр авагчид шилжүүлсэн тэмдэглэл, *******-ийн 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 01/680 дугаартай *******гаас маргаан бүхий орон сууцыг хүлээн авсан тухай албан бичиг, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 13/11-730 дугаартай тогтоол зэргийг ирүүлсэн байна. /хх39-41/
3.4. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй ба нэхэмжлэгч нь гэрээний дагуу шилжүүлсэн орон сууцаа буцаан авсан болох нь тогтоогдож байна.
3.5. Талуудын хооронд байгуулсан гэрээний 5.4-т Захиалагч тал гэрээний 4.9-д заасан нөхцөлийн дагуу өөрийн хүсэлтээр гэрээ цуцлах болон гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй дараах тохиолдолд гүйцэтгэгч нэг талын санаачлагаар гэрээг дангаар цуцалж, захиалгын алданги, гэрээ цуцалсны торгуулийг үл маргах журмаар урьдчилан төлсөн төлбөрөөс суутгана. Гэрээ цуцалсны торгуулийн хэмжээ нь гэрээний нийт дүнгийн 5 хувьтай тэнцүү болно гэжээ.
Иймд нэхэмжлэгчийн шаардсан хариуцагч гэрээний үүргээ зөрчсөний торгуульд 18,850,000 төгрөг шаардсаныг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.5 дахь хэсэг болон гэрээнд нийцсэн байх тул энэ талаар гаргасан хариуцагчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй.
4. Иргэний хуулийн 2******* зүйлийн 227.1 дэх хэсэгт Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй гэж заасан тул нэхэмжлэгч нь гэрээнээс учирсан хохирлоо шаардах эрхтэй.
4.1. Хариуцагч нь 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр ...орон сууцыг ******* би амьдарч ашиглаж байсан. Би, гэрээний төлбөр төлөөгүй нь үнэн, нийт амьдарсан хугацааны түрээс, хүү, алданги зэрэгт 250,000,000 төгрөгийг төлөхөд бэлэн байгаагаа илэрхийлж бичгээр уг хүсэлтийг бичиж, гарын үсгээ зурсан байна. /хх29/
4.2. Мөн 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Эвлэрлийн гэрээ-гээр ******* нь 250,000,000 төгрөгийг *******-д төлөхөөр гэрээ байгуулж гарын үсэг/таталбар/ зурсан гэрээ авагдсан байх боловч уг гарын үсгийг би зураагүй, миний дүү ******* зурсан гэж тайлбарлаж байна. /хх30-32/
4.3. Түүнчлэн, талуудын хооронд 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр байгуулсан нэмэлт гэрээний 1.4-т Захиалагч тал нь төлбөрөө бүрэн төлөөгүй ч байрандаа орж амьдрах, хэрхэн орлого олох, амьдрах хугацаандаа тус орлогоороо орон сууцны төлбөрөө хуваарийн дагуу төлөх утга бүхий нэмэлт нөхцөл олгож өгөх тухай өргөдөл гарган гүйцэтгэгч талаас асуудлыг шийдэж өгөхийг хүссэн болно гэж заасан бөгөөд мөн гэрээний бусад заалтуудаар гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд гэрээг цуцлах, түүнтэй холбоотой зардал хохирол, анзын асуудлыг шийдвэрлэх талаар тус тус тохиролцсон, хариуцагч нь тухайн орон сууцанд 2018 оноос хойш 64 сарын хугацаанд гэрээний үүргийг биелүүлэлгүйгээр оршин сууж, амьдарсан талаар маргаагүй байна.
Иймд, дээрх үндэслэлүүд болон хариуцагч нь 85,68 м.кв орон сууцанд 64 сар амьдарсан хугацааг орон сууцны түрээсийн төлбөрөөр дүйцүүлэн 1 сарын 2,000,000 төгрөгөөр тооцож, 128,000,000 төгрөгийг нэхэмжилсэн шаардлагыг анхан шатны шүүх хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 2******* зүйлийн 227.1 дэх хэсэгт нийцсэн байна.
Өөрөөр хэлбэл, хариуцагч нь тухайн орон сууцанд 64 сарын хугацаанд оршин сууж, амьдарсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн бөгөөд түрээсийн төлбөрийг дүйцүүлэн тооцсон 2,000,000 төгрөгийн хэмжээг эс зөвшөөрсөн татгалзсан үндэслэлээ нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй байна. Иймд түрээсийн гэрээ байгуулаагүй гэх хариуцагчийн төлөөлөгчийн гомдол үндэслэлгүй.
5. Талуудын хооронд байгуулсан гэрээний 4.10, нэмэлт гэрээний 2.8 дахь хэсэгт алдангийн талаар тохиролцсон байх боловч хариуцагчийн үүргийн зөрчилтэй холбоотойгоор тухайн гэрээнээс нэхэмжлэгч тал татгалзсан байх тул нэхэмжлэгч нь гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тохиролцсон анзыг шаардах эрхгүй тул энэ талаар гаргасан хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангаж, 188,500,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулна.
5.1. Харин, нэхэмжлэгч нь гэрээнээс учирсан хохирол шаардах эрхтэй боловч нэхэмжлэгчийн шаардсан орон сууцыг сэргээн засварлахад гарах зардалд 56,550,000 төгрөг, банкны хүүгийн зардалд 265,408,000 төгрөг нэхэмжилсэн шаардлагыг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд нэхэмжлэгч талаас гомдол гаргаагүй тул талуудын зарчмыг үндэслэн энэ талаар дэлгэрэнгүй дүгнэлт хийхгүй.
6. Дээрх үндэслэлээр хариуцагч *******гаас 146,850,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 510,458,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 2******* зүйлийн 227.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт нийцнэ.
6.1. Тодруулбал, талуудын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээнээс хариуцагчийн гэрээний төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй үүргийн зөрчилтэй холбоотойгоор нэхэмжлэгч гэрээнээс татгалзаж, гэрээний дагуу шилжүүлсэн орон сууцыг нэхэмжлэгчид буцаасан, гэрээнээс татгалзсантай холбоотойгоор нэхэмжлэгч өөрт учирсан хохирол буюу Иргэний хуулийн 2******* зүйлийн 227.3 дахь хэсэгт заасан зардал, алдагдал, орох байсан орлогыг хохиролд нэхэмжилсэн нь дээрх хуулиудын зохицуулалтад нийцсэн байна.
6.2. Иймд Иргэний хуулийн 2******* зүйлд заасан зохицуулалт нь гэрээний үүрэгтэй холбоотой зохицуулалт, гэтэл шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэж хууль бус шийдвэр гаргалаа. ******* ямар гэрээний үүргийг зөрчсөн болоод үүрэг зөрчсөнөөс үүссэн хариуцлагыг төлүүлж байгааг ойлгохгүй байна гэх хариуцагчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй.
7. Түүнчлэн, анхан шатны шүүхээс хариуцагч *******д 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр нэхэмжлэлийг гардуулж, эрх, үүргийг тайлбарлан өгч, хэргийн материалтай танилцуулсан байна. /хх24-27/
7.1. Мөн хариуцагч нь 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдөр өмгөөлөгч авах хүсэлт гаргасныг 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн шүүгчийн 181/ШЗ2024/04219 дугаар захирамжаар хангаж шийдвэрлэжээ. /хх51-52/
7.2. Хариуцагч ******* нь 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдөр *******т 3 жилийн хугацаатайгаар итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулахаар итгэмжлэл олгосон ба 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдөр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь хэргийн материалтай танилцах, хурал давхацсан гэх хүсэлтүүд гаргасныг шүүх хангаж шийдвэрлэсэн байна. /хх56, 67-68/
7.3. Талууд хэргийн материалтай танилцах нь зохигчийн эрхэд хамаарах бөгөөд шүүхийн зүгээс хариуцагчийн төлөөлөгчийг хэрэг хянан шийдвэрлэх хугацааны турш хэргийн материалтай танилцах болон зохигчийн бусад эрхийг нь зөрчсөн байдал хэргийн материалаар тогтоогдохгүй байна.
7.4. Түүнчлэн, хариуцагч нь зохигчийн эрх, үүрэгтэйгээ танилцсан, ******* нь хариуцагчийн төлөөлөгчөөр оролцсон, өөрөөр хэлбэл хариуцагчийн эрх, үүрэг *******т итгэмжлэлээр шилжсэн байх тул түүнд дахин эрх, үүрэг танилцуулах шаардлагагүй гэж үзнэ. /хх25, 56/ Иймд, эдгээр үндэслэлээр гаргасан хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй.
8. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт дээрх өөрчлөлтийг оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 181/ШШ2024/03730 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 2******* зүйлийн 227.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******гаас 146,850,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 510,458,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж,
тогтоох хэсгийн 2 дахь заалтын 1,834,700 гэснийг 892,200 гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,834,700 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР
ШҮҮГЧИД Т.БАДРАХ
Ц.АЛТАНЦЭЦЭГ