Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 362

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Д.Эрдэнэжаргал,

Улсын яллагч: А.Намдаг,

Шүүгдэгч/хохирогч: Л.О-,

           Шүүгдэгч: Б.У-нар нь өөрөө өөрийгөө өмгөөлөн тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.У-, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Л.О-нарт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1805037540261 дугаартай хэргийг 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б.У-, 1983 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Сэлэнгэ аймгийн Орхон суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт .... тоот регистртэй,

     2. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Л.О-, 1987 оны 5 дугаар 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, маркетинг менежер мэргэжилтэй, Их Хүрд ХХК-д захирал ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт .... тоот регистртэй,

Шүүгдэгч Л.О- нь П.Э-тай бүлэглэн 2018 оны 7 дугаар сарын 08-ны өдөр 02 цагийн үед Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “English” пабын авто зогсоолын орчим иргэн Н.Л-тай маргалдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

Шүүгдэгч Б.У-нь 2018 оны 7 дугаар сарын 08-ны өдөр 02 цагийн үед Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “English” пабын авто зогсоолын орчим иргэн Л.О-тай маргалдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

Мөн иргэн Л.О-тай маргалдах үедээ түүний эзэмшлийн 09-16 УНҮ улсын дугаартай Тоёота Ланд-200 маркийн авто машины хойд салхины шилийг хагалж 1.624.800 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.У-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2018 оны 7 дугаар сарын 08-ны өдөр 21 цагийн үед найз Лахгаваатай гэрээс нь гараад 2 шил архи уусан. Тэгээд юу болсоныг санахгүй байна. Үйлдсэн хэргийн талаар бусад хүмүүсээс мэдсэн, хохирлыг барагдуулж, эвлэрсэн” гэв.

Шүүгдэгч Л.О-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2018 оны 7 дугаар сарын 08-ны өдөр ангийнхаа охинтой гэрээсээ гарч яваад үүдэнд 2 залуутай муудалцсан. Цуг явж байсан ангийн охиныг оролдсоноос болж муудалцсан. Нэг залуу нь манай найз Э-ыг боосон. Э- өөрийгөө хамгаалж гарыг нь хазсан. Би тэр 2 залуугаас тэр найз Э-ыг хамгаалж муудалцсан. Тэгээд би цагдаа дуудсан. Миний хувьд хүний биед хөнгөн гэмтэл учруулсандаа харамсаж байна...” гэв.

Хохирогчоор Л.О-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй...” гэв.

Хохирогчоор Л.О-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...09-16 УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь миний өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл байгаа юм. Тухайн үед миний эзэмшлийн тээврийн хэрэгслийг намхан залуу болох У- гинжээр цохиж хагалсан. ...У-, Лхагва нар над руу дайраад байсан. Тэгэхдээ намхан залуу болох У- нь миний биед гэмтэл учруулсан. ...миний хувьд өндөр залуу болох Лхагватай ноцолдсон байх тэгэхдээ Лхагвагийн биед гэмтэл учруулсан байж магадгүй...” гэсэн мэдүүлэг /хх-н 16-18/,

Хохирогч Н.Л-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...миний биед учруулсан баруун гарын эрхий хуруу хазсан, цээж хэсгийг маажсан гэмтлийг Э- гэх эмэгтэй учруулсан. Бусад гэмтлийг О- учруулсан. ...О- нь манай найз У-тэй зодоон цохионы асуудал үүсгэсэн. Харин миний хувьд тэр хоёрыг салгах гэж О-, У- хоёрын цээж рүү нэг, нэг удаа цохьсон. Тийм учраас О-ын биед учирсан гэмтлийг У- нь учруулсан. ...миний хувьд хэн хагалсныг хараагүй, харин О-, Э- нар хэлэхдээ манай найз У-ийг гинжээр хагалсан гэж хэлж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 20-21/,

Гэрч П.Э-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...тухайн хэрэг болдог өдөр 3 залуу байсан бөгөөд 2 залуу нь цуг явж байгаа нөгөө залуу нь тэр гадаа байсан тэр хоёртой цуг яваагүй байсан юм шиг байна лээ. Тэр үед тэр хоёр залуугийн нэг нь миний бөгснөөс базахаар нь би тэр залууг түлхчихсэн чинь хажууд зогсож байсан залуу нь намайг боосон. Надтай цуг явж байсан манай найз намайг өмөөрөөд нэг залуутай нь зодоон үүсгэсэн. Харин намайг цагдаа дуудах гэсэн чинь тэр өндөр залуу нь миний хоёр гарыг нурууны ард бариад явуулахгүй байхаар нь би зүүн гараа арай хийж тавиулсан чинь миний баруун гарыг хүчтэй мушигаад нэг гараараа миний мөрөн дээрээс дараад миний гарыг өвтгөөд байхаар нь би “чи миний гарыг хугаллаа шүү дээ, тавь” гэж орилсон чинь тавихгүй байхаар нь би гараа тавиулах гэж гарынх нь эрхий хурууг хазсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 26/,

Шинжээчийн 8561 тоот дүгнэлтэд: “...Л.О-ын биед баруун хацар, зүүн гарын сарвууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт, цээж, хүзүүний зулгаралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /хх-н 39/,

Шинжээчийн 8557 тоот дүгнэлтэд :”...Н.Л-гийн биед хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун чихний дэлбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, шарх, баруун гарын эрхий хуруунд шарх, баруун гарын шуу, тохой, зүүн тохойнд зулгаралт, баруун тохой, баруун ташаа, баруун гуя, зүүн шуу, баруун даланд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /хх-н 44/,

Яллагдагчаар Б.У-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...юу болсон талаар огт санахгүй байсан. Маргааш өглөө нь буюу 2018 оны 7 дугаар сарын 09-ний өдөр цагдаагийн эрүүлжүүлэх саатуулах байранд сэрсэн. Тэгэхдээ би өмнөх өдөр өөрийнхөө талаар найз Лхагва болон тухайн үед муудалцаж маргасан хүмүүсээс сонссон. Тэгээд өөрийгөө буруу зүйл хийсэн гэдгээ мэдээд өөрийнхөө учруулсан хохирлоо нөхөн барагдуулсан байгаа. ...Би өөрийнхөө гаргасан үйлдэл гэм буруугаа хүлээн зөвшөөрч, ойлгож ухамсарлаж байгаа..” гэсэн мэдүүлэг /хх-н 65-66/,

Яллагдагчаар Л.О-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолтой танилцлаа. Надад сонсгож байгаа зүйл ангийг би хүлээн зөвшөөрч байна. Надад ямар нэгэн санал хүсэлт байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-н 67-68/,

Хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 8/, Хохирогчийн өргөдөл /хх-н 9/, Эд зүйлийн үнэлгээ /хх-н 48-50/, шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 73-89/, Эрүүгийн хэргийн тусгаарлах тогтоол /хх-н 99/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгч нарын гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгч нарын гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:

Шүүгдэгч Л.О- нь П.Э-тай бүлэглэн 2018 оны 7 дугаар сарын 08-ны өдөр Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “English” пабын авто зогсоолын орчим иргэн Н.Л-атай маргалдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

Шүүгдэгч Б.У-нь 2018 оны 7 дугаар сарын 08-ны өдөр Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “English” пабын авто зогсоолын орчим иргэн Л.О-тай маргалдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

Мөн иргэн Л.О-тай маргалдах үедээ түүний эзэмшлийн 09-16 УНҮ улсын дугаартай Тоёота Ланд-200 маркийн авто машины хойд салхины шилийг хагалж 1.624.800 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэм буруутай болох нь:

Шүүгдэгч нарын мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээсэн мэдүүлэг, хохирогчоор Л.О-ын: “...Тухайн үед миний эзэмшлийн тээврийн хэрэгслийг намхан залуу болох У- гинжээр цохиж хагалсан. ...У-, Лхагва нар над руу дайраад байсан. Тэгэхдээ намхан залуу болох У- нь миний биед гэмтэл учруулсан. ...миний хувьд өндөр залуу болох Лхагватай ноцолдсон байх тэгэхдээ Лхагвагын биед гэмтэл учруулсан байж магадгүй...” гэсэн мэдүүлэг /хх-н 16-18/, хохирогч Н.Л-гийн: “...Бусад гэмтлийг О- учруулсан. ...О- нь манай найз У-тэй зодоон цохионы асуудал үүсгэсэн. Харин миний хувьд тэр хоёрыг салгах гэж О-, У- хоёрын цээж рүү нэг, нэг удаа цохисон. Тийм учраас О-ын биед учирсан гэмтлийг У- нь учруулсан. ...миний хувьд хэн хагалсныг хараагүй, харин О-, Э- нар хэлэхдээ манай найз У-ийг гинжээр хагалсан гэж хэлж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 20-21/, гэрчээр П.Э-ын: “...хоёр залуугийн нэг нь миний бөгснөөс базахаар нь би тэр залууг түлхчихсэн чинь хажууд зогсож байсан залуу нь намайг боосон. Надтай цуг явж байсан манай найз намайг өмөөрөөд нэг залуутай нь зодоон үүсгэсэн...” гэсэн мэдүүлэг /хх-н 26/, шинжээчийн 8561, 8557 тоот дүгнэлтүүд, эд зүйлийн үнэлгээ /хх-н 48-50/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Б.У-ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах”, мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан”, шүүгдэгч Л.О-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг бүлэглэж” үйлдсэн гэмт хэргүүдийн бүх шинжийг хангасан байх тул тэдгээрт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Б.У-нь согтуурсан үедээ хохирогч Л.О-тай маргалдаж түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, Тоёота Ланд 200 маркийн авто машины шилийг хагалж гэмтээсэн, шүүгдэгч Л.О- нь яллагдагч П.Э-тай бүлэглэн хохирогч Н.Л-тай маргалдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь өөрсдийн үйлдэлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Б.У-, Л.О- нар нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгч нарыг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нарын уг гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Н.Л-, Л.О- нарын биед хөнгөн хохирол тус тус учирсан болох нь шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоогдсон байна.

Хохирогч Л.О- нь шүүхийн хэлэлцүүлэгт гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хохирогч Н.Л- нь мөрдөн байцаалтын шатанд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж тус тус мэдүүлсэн тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

   Шүүх шүүгдэгч Б.У-, Л.О- нарын үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул тэдгээрийг гэм буруутайд тооцсон бөгөөд тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.

Шүүгдэгч нарт ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.У-ийг 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох, мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгж буюу 700.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, нэмж нэгтгэн нийт 1.300 нэгж буюу 1.300.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, шүүгдэгч Л.О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулах ялын санал гаргасан бөгөөд шүүх шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, тэдгээрийн хувийн байдал, хохирогч нар гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй зэргийг харгалзан улсын яллагчийн санал болгосон торгуулийн ялаас доогуур торгуулийн ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.У-ийн үйлдсэн хэд хэдэн гэмт хэрэг тус бүрт ял оногдуулж, уг ялуудыг нэмж нэгтгэн эдлэх ялын хэмжээг тогтоох нь зүйтэй байна.  

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, нэгтгэсэн хэрэггүй, яллагдагч П.Эрдэнсувдад холбогдох хэргийг тусгаарласан, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Б.У-ийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

              - “бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

              - Шүүгдэгч Л.О-ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг бүлэглэж” үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.О-ыг 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар,

              - Шүүгдэгч Б.У-ийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар,

              - Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.У-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт оногдуулсан 500 нэгж буюу 500.0000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн нийт 1.000 нэгж буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялаар тогтоосугай. 
  2. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, нэгтгэсэн хэрэггүй, яллагдагч П.Э-ад холбогдох хэргийг тусгаарласан, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
  3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  4. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.У-, Л.О- нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ тус тус авсугай.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ч.ОТГОНБАЯР