Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 367

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: С.Буянхишиг,

Улсын яллагч: Б.Батсайхан,

           Шүүгдэгч: Э.Д-, түүний өмгөөлөгч А.Мөнхтулга нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Э.Д-д холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1805025670125 дугаартай хэргийг 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

     Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Э.Д-,  1982 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 37 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Төмөр замын туслах машинист мэргэжилтэй, ...., ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт ..... ....  тоот регистртэй,

Шүүгдэгч Э.Д- нь 2017 оны 9 дүгээр сараас 2018 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн хооронд Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гранд плаза” худалдааны төвийн орчим иргэн Ч.Б-аас 1.650.000 төгрөг, иргэн У.О-ээс 3.984.000 төгрөгийг “Солонгос Улсын виз гаргаж өгнө” гэж бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж дансаар болон бэлнээр залилан авсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

         Шүүгдэгч Э.Д-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Шүүх хуралдаанд мэдүүлэг нэмж өгөх зүйл байхгүй. Хохирогч нарт хохирлыг төлсөн. Тухайн үед хүүхэд маань хагалгаанд орох гээд мөнгө хэрэгтэй байсан тул хохирогч нараас мөнгийг нь авсан нь үнэн” гэв.

            Хохирогч Ч.Б-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Д- нь “надад хэлэхгүй яасан юм бэ, би хөөцөлдөөд өгөх байсан шүү дээ” гэхээр нь би “тэгье, чи хөөцөлдөөд өг” гэхэд гадаад паспортын хуулбар, иргэний үнэмлэхийн хуулбарын хамт авсан байгаа. Ингээд байж байтал би эгч О-т “Д- компанийхаа шугамаар Солонгос Улсын виз гаргаж өгнө гэнэ, та бичиг баримтын хуулбараа 500.000 төгрөгийн хамт өгчих” гээд О-ээс 500.000 төгрөг, бичиг баримтын хуулбарыг 2017 оны 12 дугаар сард аваад Д-д гэрийнхээ гадаа өгсөн байгаа. Удалгүй байж байгаад Д- над руу яриад 200.000 төгрөгийн хэрэг боллоо, визний материал өгөхөд яаралтай гаргуулахад мөнгө хэрэгтэй гэж байсан санагдаж байна. Тэгээд би 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Хаан банкны 5429027191 тоот данс руу 200.000 төгрөгийг шилжүүлсэн байгаа. Дахиад хэсэг хугацааны дараа 100.000 төгрөг хүн амьтан хоолонд оруулна гээд 100.000 төгрөг авч байсан санагдаж байна. Ер нь бол ихэнхдээ надад хэлэхдээ хүн хоолонд оруулна, ялгааны мөнгө буюу виз гарна, гарахгүй гэж ялгадаг хүнд мөнгө өгнө, нийгмийн даатгалын дэвтэр нээнэ, тэрийг бөглүүлнэ, яаралтай гаргуулахад мөнгө хэрэгтэй гэх мэтээр надад хэлж мөнгө авсаар байгаад 1.650.000 төгрөг болсон. Харин эгч О-ээс мөн энэ мэтээр худлаа ярьсаар байгаад 3.984.000 төгрөг авсан байгаа. ...13 удаа 1.650.000 төгрөгийг надаас авсан. Хамгийн эхлээд 500.000 төгрөг бэлнээр авсан. Тухайн үедээ баримт үйлдээгүй. Хотод манай гэрийн гадна ирээд явсан. Яаралтай гээд байхаар нь өгсөн. 2018 оны 01 дүгээр сарын 18-нд 120.000 төгрөг, 2018 оны 01 дүгээр сарын 19-нд бэлнээр 20.000 төгрөг, 2018 оны 02 дугаар сарын 04-нд бэлнээр 20.000 төгрөг өгсөн. Бэлнээр авах бүртээ баримт үйлдээгүй. Үүнээс бусдыг нь дансаар өгсөн. Хэргийн материалд дансны хуулга өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-н 47-49/,

            Хохирогч У.О-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 200.000 төгрөг бэлнээр авсан байгаа. Д- над руу хэд хоногийн дараа залгаад “би Д- байна, таниас авсан мөнгө банкны чинь өрийг харагдуулахгүйгээр янзалж хүнд өгч байгаа мөнгө шүү, та одоо дахиад 300.000 төгрөг нэмээд өгчих банкны чинь юмыг янзлуулах гэж байгаа юм” гэхээр нь Гранд плазагийн гадна ирээд хэлээрэй гэж хэлээд 300.000 төгрөг 2017 оны 10 дугаар сарын 24-ний үед өгсөн санагдаж байна. Энэ мөнгийг авсны дараа яаралтай виз гаргуулах билүү ялгааны хүнд өгнө гэж хэлж надаас 400.000 төгрөг бэлнээр би Б-д өгч явуулаад Б- нь цааш Д-д дамжуулж өгсөн байгаа. Надад уг асуудлаас болж 3.984.000 төгрөгийн хохирол учирсан байгаа. ...Д- нь надаас 12 удаагийн үйлдлээр 3.984.000 төгрөг авсан, бэлнээр нийт 5 удаа 2.900.000 төгрөг авсан, бэлнээр мөнгө өгөхдөө баримт үйлдээгүй 7 удаа дансаар 1.084.000 төгрөг авсан....” /хх-н 53-56/,

            Гэрч С.О-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Б- надад 200.000 төгрөг бэлнээр өгөөд нэг хүний дансанд мөнгө шилжүүлээд өг гэсэн. Тэгээд л Б-ын өгсөн дансанд 200.000 төгрөгийг шилжүүлсэн. Тэр нь ямар учиртай хэн гэдэг хүний данс болохыг мэдээгүй...” гэсэн мэдүүлэг /хх-н 45/,

            Сэжигтэн, яллагдагчаар Э.Д-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Би Б-, О- нараас Солонгос Улс руу явах визийг өөрийнхөө Амин-Ундрам ХХК-ний нэр дээр бичиг баримтыг янзалж өгнө гэж хэлээд эхний удаа 450.000 төгрөг Б-аас гэрийнх нь тэнд очиж авсан байгаа. Дараа нь 250.000 төгрөг бичиг, баримтыг чинь хөөцөлдөхөд мөнгө хэрэг боллоо гэж хэлээд Б-аас 250.000 төгрөгийг өөрийнхөө Хаан банкны 5727065988 тоот дансаар авсан. Энэ мэтээр цувуулж авсаар байгаад би Б-аас 1.650.000 төгрөг авсан байгаа. Би тухайн үедээ Б-аас уван цуван мөнгө авч байсан ба материал бүрдүүлэх гэсэн юм, хүн амьтан хоолонд оруулах гэсэн юм гэх мэтээр хэлж мөнгө авдаг байсан. Б- өөрөө явна гэж байгаад дахиад манай эгч О- явж болох уу гэхээр нь би болох байхаа гэж хэлээд О- эхлээд 1.500.000 төгрөг Гранд плаза дээр ажил дээр нь очиж бэлнээр авсан байгаа. Би дахиж мөнгө аваагүй, тэр мөнгөө бэлнээр аваад би охиныхоо түнхнийх нь хагалгаанд бас зарцуулсан байгаа. ...би цаг хугацаа хожиж Б-д мөнгө олж өгөхийн тулд худлаа хэлсэн юм...” гэсэн мэдүүлэг /хх-н 68-69, 76-77/,

            Хохирогч нарын өргөдөл /хх-н 7-10/, хохирогч У.О-ийн депозит дансны хуулга /хх-н 13-21/, хохирогч Ч.Б-ын депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-н 23-25/, шүүгдэгч Э.Д-ын депозит дансны хуулга /хх-н 78-83/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 86-106/ зэрэг болно.

          Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:

Шүүгдэгч Э.Д- нь 2017 оны 9 дүгээр сараас 2018 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн хооронд Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гранд плаза” худалдааны төвийн орчим иргэн Ч.Б-аас 1.650.000 төгрөг, иргэн У.О-ээс 3.984.000 төгрөгийг “Солонгос Улсын виз гаргаж өгнө” гэж бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж дансаар болон бэлнээр залилан авсан гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд,     хохирогч Ч.Б-ын: “...Д- нь “надад хэлэхгүй яасан юм бэ, би хөөцөлдөөд өгөх байсан шүү дээ” гэхээр нь би “тэгье, чи хөөцөлдөөд өг” гэхэд гадаад паспортын хуулбар, иргэний үнэмлэхийн хуулбарын хамт авсан байгаа. Ингээд байж байтал би эгч О-т “Д- компанийхаа шугамаар Солонгос Улсын виз гаргаж өгнө гэнэ, та бичиг баримтын хуулбараа 500.000 төгрөгийн хамт өгчих гээд О-ээс би 500.000 төгрөг, бичиг баримтын хуулбарыг 2017 оны 12 дугаар сард аваад Д-д гэрийнхээ гадаа өгсөн байгаа. Удалгүй байж байгаад Д- над руу яриад 200.000 төгрөгийн хэрэг боллоо, визний материал өгөхөд яаралтай гаргуулахад мөнгө хэрэгтэй гэж байсан санагдаж байна. Тэгээд би 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Хаан банкны 5429027191 тоот данс руу 200.000 төгрөгийг шилжүүлсэн байгаа. Дахиад хэсэг хугацааны дараа 100.000 төгрөг хүн амьтан хоолонд оруулна гээд 100.000 төгрөг авч байсан санагдаж байна. Ер нь бол ихэнхдээ надад хэлэхдээ хүн хоолонд оруулна, ялгааны мөнгө буюу виз гарна, гарахгүй гэж ялгадаг хүнд мөнгө өгнө нийгмийн даатгалын дэвтэр нээнэ, тэрийг бөглүүлнэ, яаралтай гаргуулахад мөнгө хэрэгтэй гэх мэтээр надад хэлж мөнгө авсаар байгаад 1.650.000 төгрөг болсон. Харин эгч О-ээс мөн энэ мэтээр худлаа ярьсаар байгаад 3.984.000 төгрөг авсан байгаа....” гэсэн мэдүүлэг /хх-н 47-49/, хохирогч У.О-ийн: “...2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 200.000 төгрөг бэлнээр авсан байгаа. Д- над руу хэд хоногийн дараа залгаад “би Д- байна таниас авсан мөнгө банкны чинь өрийг харагдуулахгүйгээр янзалж хүнд өгч байгаа мөнгө шүү, та одоо дахиад 300.000 төгрөг нэмээд өгчих банкны чинь юмыг янзлуулах гэж байгаа юм” гэхээр нь Гранд плазагийн гадна ирээд хэлээрэй гэж хэлээд 300.000 төгрөг 2017 оны 10 дугаар сарын 24-ний үед өгсөн санагдаж байна. Энэ мөнгийг авсны дараа яаралтай виз гаргуулах билүү ялгааны хүнд өгнө гэж хэлж надаас 400.000 төгрөг бэлнээр би Б-д өгч явуулаад Б- нь цааш Д-д дамжуулж өгсөн байгаа. Надад уг асуудлаас болж 3.984.000 төгрөгийн хохирол учирсан байгаа. ...Д- нь надаас 12 удаагийн үйлдлээр 3.984.000 төгрөг авсан, бэлнээр нийт 5 удаа 2.900.000 төгрөг авсан, бэлнээр мөнгө өгөхдөө баримт үйлдээгүй 7 удаа дансаар 1.084.000 төгрөг авсан....” /хх-н 53-56/, гэрч С.О-ын: “...2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Б- надад 200.000 төгрөг бэлнээр өгөөд нэг хүний дансанд мөнгө шилжүүлээд өг гэсэн. Тэгээд л Б-ын өгсөн дансанд 200.000 төгрөг шилжүүлсэн. Тэр нь ямар учиртай хэн гэдэг хүний данс болохыг мэдээгүй...” гэсэн мэдүүлэг /хх-н 45/, депозит дансны дэлгэрэнгүй хуулганууд болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Э.Д-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Э.Д- нь Солонгос Улсын виз гаргуулж өгнө гэж хэлэн бэлнээр болон дансаар хохирогч Ч.Б-аас 1.650.000 төгрөг, хохирогч У.О-ээс 3.984.000 төгрөг залилан авсан нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай идэвхтэй үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Түүнчлэн, Солонгос улсад зорчих визийг тухайн орны Элчин сайдын яамнаас олгодог байхад шүүгдэгч нь тухайн улсад зорчих виз гаргаж өгнө гэсэн нь анхнаасаа хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бусдыг төөрөгдөлд оруулан эд хөрөнгийг нь шилжүүлэн авсан болох нь тогтоогдсон.

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

Хохирогч нар нь шүүгдэгчээс хохирлын мөнгөө бүрэн авсан гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлт бичгээр шүүхэд гаргасан тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх шүүгдэгч Э.Д-ыг гэм буруутай гэж үзсэн бөгөөд энэ талаар шүүгдэгч, түүний өмгөөлөгч маргаагүй тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгчид ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Улсын яллагч шүүгдэгчид 01 жил 08 сарын хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, шүүгдэгчийн өмгөөлөгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ялын доод хэмжээгээр торгох ял оногдуулж өгнө үү гэсэн хүсэлт гаргасныг тус тус дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан...бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно...”, 3 дахь хэсэгт “...Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан энэ хуулийн 7.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан хэд хэдэн үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтоож болно” мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл ... хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж тус тус хуульчилжээ.

Шүүгдэгч Э.Д-ын холбогдсон гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд багтаж байна.

  Иймд шүүхээс шүүгдэгч Э.Д-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал буюу бага насны хүүхдүүдтэй, тэдгээрийн эрүүл мэндийн байдал, хохирогч нарын хохирлыг бүрэн төлж барагдуулсан, хохирогч нар гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасныг тус тус баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, зан үйлээ засах хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэхээр шийдвэрлэлээ.

Шүүх шүүгдэгч Э.Д-д хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэхээр шийдвэрлэсэн тул Шинэчлэн найруулсан 2017 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар оногдуулсан тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй.

Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, шүүгдэгч Э.Д- нь 03 хоног цагдан хоригдсон болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Э.Д-ыг “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Д-ыг хорих ял оногдуулахгүйгээр, 01 жилийн хугацаагаар тэнсэж, зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Д- нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн, уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Э.Д-д оногдуулсан тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь 03 хоног цагдан хоригдсон, нэгтгэсэн, тусгаарласан хэрэггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Д-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ч.ОТГОНБАЯР