Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 375

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: С.Буянхишиг,

Улсын яллагч: С.Эрдэнэбаяр,

Хохирогч: Б.О-,

           Шүүгдэгч: Л.М-, түүний өмгөөлөгч Д.Мөнх-Очир нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт Л.М-ад холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1905012250385 дугаартай хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

     Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Л.М-, 1985 оны 5 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Япон хэлний орчуулагч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, хоёр хүүхдийн хамт .... тоот регистртэй,

Шүүгдэгч Л.М- нь 2019 оны 3 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Нарны хорооллын 4-р байрны 24 тоотод гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох Б.О-гийн зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Л.М-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би эхнэртэйгээ муудалцаад хэд хоног гэрээсээ явсан байсан ба 2019 оны 3 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнө 2 найзтайгаа хамт архи уусан. Тэгээд шөнө 03 цагийн үед эхнэртэйгээ эвлэрэх зорилготой гэртээ очсон. Гэртээ очоод хаалга нүдэхэд хаалга тайлахгүй байсан. Эхнэрийнхээ гар утас руу нь залгахад мөн авахгүй байсан. Би 20 минут орчим гэрийнхээ хаалганы үүдэнд байхад манай эхнэр нилээн согтуу байдалтай лифтнээс бууж ирсэн. Тэгэхээр нь би эхнэрээ хардсан. Сүүлийн үед эхнэр бид хоёр муудалцаад би аавынхаа гэр рүү явдаг байсан. Би эхнэрээ намайг хөөж явуулчихаад өөрөө гадуур гарч явсан байна гээд хардаад энэ асуудал болсон. Хийсэн хэрэгтээ маш  их гэмшиж байна. Дахин ийм асуудал гаргахгүй” гэв.

Хохирогч Б.О-гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2019 оны 3 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнө ажлаа тараад таньдаг эгчтэйгээ уулзсан. Тэгэхдээ бага охиноо айлд хүргэж өгөөд том охиноо Д- гэдэг охиноор харуулаад А- гэж хүнтэй уулзахаар гарсан. Шөнө 2 цаг өнгөрөөгөөд гэртээ халамцуу хариад лифтнээс буухад М- байсан. Тэгээд М- бид хоёр маргалдсан. Надад гомдол санал байхгүй. Одоогоор гэртээ байгаа болохоор нөхөр М- намайг асран халамжилж байгаа. Дахин ийм асуудал гаргахгүй талаар ах, дүү, хамаатнуудын хажууд амалсан. Бид эвлэрсэн” гэв.

Хохирогч Б.О-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2019 оны 3 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнө найз эгч А-тай уулзаж 2 шил пиво уучихаад гэртээ 02 цагийн орчим очих гээд өөрийнхөө орцны цахилгаан шатанд суугаад 5 давхарт буусан чинь манай 24 тоот гэрийн үүдэнд хамтран амьдрагч М- зогсож байсан. Би М-ыг хараад “чи ирчихсэн юм уу” гэж хэлсэн чинь “чи хаа хүрээд ирж байгаа юм бэ” гэж хэлэнгүүтээ миний нүүрэн тус газар нэг удаа цохьсон. Миний ухаан балартаад газар унасан бөгөөд айсандаа гэрт хүүхэд харж байсан Д- гэх охины нэрийг хэлэн хашхирсан. Үүнээс хойш юу болсныг санахгүй байна. Нэг сэрэхэд би гэмтлийн эмнэлэгт хөдөлж чадахгүй хэвтэж байсан. Манай ээж Энхтүвшин сахиж байхаар нь юу болсон талаар асуух гэсэн боловч ярьж чадахгүй байсан бөгөөд М- намайг аймар зодож дээ гэж бодсон. ...Хэрэг гарахаас 4-5 хоногийн өмнө М- бид 2 гэр бүлийн таарамжгүй харьцаанаас болж тус тусдаа амьдарч байсан. Хэрэг гардаг өдөр М- удаа дараа над руу залгаад байхаар нь би эргүүлээд залгах гээд утсаа оролдож байсан чинь намайг зодсон. Миний бодлоор М- хардаад намайг зодсон байх. Учир нь би шөнийн 02 цагт гаднаас пиво уучихсан утсаа авахгүй болохоор хардсан байх. ...Би 2011 онд М-тай танилцаад үерхэж байгаад хүүхэдтэй болон хамтран амьдарч эхэлсэн дундаасаа 7 настай охин М-, 2 настай охин М- гэх охидуудтай. Гэрлэлтээ батлуулаагүй. Урьд нь хэд хэдэн удаа гар хүрч 2015 онд би цагдаагийн байгууллагад хандаж эвлэрээд салж байсан. ...гомдолтой байна, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-н 8/,

Гэрч Б.О-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би хувцсаа өмсөөд гарсан чинь дүү О-гийн хүүхдийг хардаг Д- зогсож байсан бөгөөд эгчээ хурдлаарай О- эгчийг М- ах нүүрэн дээр нь гуталтай хөлөөрөө дэвсээд зодоод байна би салгах гэсэн чинь намайг үсдэж унаган өшиглөсөн мөн цагдаа дуудах юм бол ална гээд байгаа талаар хэлсэн. Би нөхөр Б-ын хамт Д-ийг дагуулан О-гийн түрээслэн амьдардаг Нарны хорооллын 4 дүгээр байр 24 тоотод байрлах гэрт нь очсон. Замдаа цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. О-гийн гэрийн хаалгыг нүдсэн боловч 10 минутын дараа хүргэн М- хаалга тайлсан. Гэр рүү нь орсон чинь 00-н өрөөнд О- доош харан 00 дэрэлчихсэн байхаар нь нүүрийг нь харсан чинь аймар хавдсан танигдахгүй байсан. 00-ын өрөө нил цус болсон байсан. Би М- руу дайрсан чинь миний өөдөөс ямар нэг шалтгаангүй хэрэлдээд байсан бөгөөд 10 минутын дараа 2 цагдаа ирж М-ыг аваад явсан. Би 103 дуудан дүү О-г гэмтлийн эмнэлэг рүү аваад явсан....Сайн санахгүй байна 2011 он билүү 2012 онд О- М-тай танилцан үерхэн хамт амьдарч байсан. ...М- О- нар хамтран амьдрах хугацаандаа таарамжгүй олон удаа маргалдаж байсан. 2011 онд Андуудын орчим байр түрээсэлдэг байхдаа зодож байсан. 2015, 2016 онд  түрээслэн амьдарч байсан байрандаа зодсон бөгөөд энэ талаараа цагдаагийн байгууллагад хандсан боловч О- амьдарлаа бодоод гомдолгүй гээд шийдүүлдэг байсан....Сая зодуулахад нь дуудагдаад очиход нь орц, цахилгаан шатанд цус мөн гэрийнх нь гадаа цахилгаан шатны орчим О-гийн бугуйн цаг нь хэвтэж байсан..” гэсэн мэдүүлэг /хх-н 15/,

Гэрч М.Д-ий мөрдөн байцаалтад өгсөн: “...Удаагүй орцноос чанга дуугаар миний нэрийг О- эгч дуудах чимээ гарахаар нь би хаалгаа нээсэн чинь М- ах О- эгчийг газар дээш харан хэвтүүлчихсэн хажууд нь зогсож байхаар нь би О- эгчийг татаж босгон гэр рүү нь дагуулан орсон. Хойноос М- ах дагаж орж ирэн О- эгчийг хаагуур явж ирсэн бэ гээд хашгираад байсан. О- эгчийн нүүр хэсэг рүү М- ах цохиод байхаар нь би болиулах санаатай дундуур нь орсон чинь намайг түлхсэн. Үргэлжлүүлэн О- эгчийн нүүр хэсэг рүү цохин газар унагаж байгаад дээрээс нь дэвсээд байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 61/,

Шинжээчийн 3086 тоот дүгнэлтэд: “...Б.О-гийн биед баруун хацар ясны нумны хоёрлосон хугарал, баруун гайморын хөндийн урд хана, дотор хана, дээд хананы бяцарсан цөмөрсөн хугарал, баруун нүдний ухархайн гадна хананы хугарал, хамар ясны зүүн хананы далд хугарал, зүүн 1-р хавирганы зөрүүтэй хугарал, тархи доргилт, зулайн хуйх, нүүрэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дух, хоёр нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, уруулд няцарсан шарх, зөөлөн эдийн няцрал, хүзүү, зүүн бугалга, баруун тохой, зүүн сарвууны 2-р хуруу, хоёр гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна...” гэсэн дүгнэлт /хх-н 19-20/,

Сэжигтнээр Л.М-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...2019 оны 3 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнө би найзууд болох Ууганбаяр, Нямболд нарын хамт 2 шил архи хувааж уучихаад шөнийн 02 цагийн орчим эхнэр О-тай эвлэрэх зорилгоор гэртээ очсон. Учир нь О- бид 2, 4-5 хоногийн өмнө маргалдсаны улмаас тус тусдаа амьдарч байсан. Тухайн өдөр би эхнэр О-тай ярилцах гээд гэртээ ирэхэд хаалга тайлахгүй байсан бөгөөд гар утас руу нь залгахад утсаа авахгүй байсан. Би орцондоо хаалганыхаа үүд хэсэгт зогсож байсан чинь 20 минутын дараа эхнэр О- цахилгаан шатнаас бууж ирж харагдсан бөгөөд энэ үед миний гар утасны дуудлагыг авсан. Би О-гаас хаанаас ирж байгаа талаар асуухад жаахан архи үнэртүүлчихсэн А- эгчтэй уулзаад гэж хэлэхээр нь уурандаа гарын бугалга хэсгээс нь базаж чирэн гэртээ орсон. Гэрт бага охин байхгүй хадам ээж рүү явсан. Харин 7 настай том охиныг Д- харж байсан. Би намайг эзгүйд хүүхэд хүнээр харуулчихаад өөрөө банзалдаж явлаа, янхан пиздаа гэх мэтээр хараан зүхэж О-гийн толгойн тус газар руу нь гараараа хэд хэдэн удаа цохиж газар унагасан. Газар унасан хойно нь дээрээс нь гуталтай хөлөөрөө хэд хэдэн удаа өшиглөсөн. Би тухайн өдөр их уурласан байсан болохоор юу болсоныг сайн санахгүй байна. Нэг сэргэсэн чинь О-гийн нүүр нь хавдсан доошоо харан 00-н өрөөнд сууж байсан. 00-н өрөөний шал нил цус болсон байсан. Тэгтэл хаалга нүдсэн. Хаалга тайлсан чинь хадам эгч Одсүрэн нөхрийн хамт орж ирсэн. Одсүрэн, О-г хараад над руу дайраад хашхираад байсан. Удалгүй цагдаагийн хоёр албан хаагч орж ирэн намайг авч явсан....” гэсэн мэдүүлэг /хх-н 27/,

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 2/, Хохирогчийн өргөдөл /хх-н 3/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 31-47/, Аюулын зэргийн үнэлгээний маягт /хх-н 66-68/, гэр бүлийн хүчирхийллийн эрсдэлийн нөхцөл байдлыг тодорхойлох үнэлгээний маягт /хх-н 69-77/ зэрэг болно.

          Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

          Гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:

          Шүүгдэгч Л.М- нь 2019 оны 3 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Нарны хорооллын 4-р байрны 24 тоотод гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох хамтран амьдрагч Б.О-г хардалтын улмаас зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Б.О-гийн: “...Би М-ыг хараад “чи ирчихсэн юм уу” гэж хэлсэн чинь “чи хаа хүрээд ирж байгаа юм бэ” гэж хэлэнгүүтээ миний нүүрэн тус газар нэг удаа цохьсон. Миний ухаан балартаад газар унасан бөгөөд айсандаа гэрт хүүхэд харж байсан Д- гэх охины нэрийг хэлэн хашхирсан. Үүнээс хойш юу болсныг санахгүй байна. Нэг сэрэхэд би гэмтлийн эмнэлэгт хөдөлж чадахгүй хэвтэж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 8/, гэрч Б.О-гийн: “...Гэр рүү нь орсон чинь 00-н өрөөнд О- доош харан 00 дэрэлчихсэн байхаар нь нүүрийг нь харсан чинь аймар хавдсан танигдахгүй байсан. 00-ын өрөө нил цус болсон байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 15/, гэрч М.Д-ий: “...Удаагүй орцноос чанга дуугаар миний нэрийг О- эгч дуудах чимээ гарахаар нь би хаалгаа нээсэн чинь М- ах О- эгчийг газар дээш харан хэвтүүлчихсэн хажууд нь зогсож байхаар нь би О- эгчийг татаж босгон гэр рүү нь дагуулан орсон. Хойноос М- ах дагаж орж ирэн О- эгчийг хаагуур явж ирсэн бэ гээд хашгираад байсан. О- эгчийн нүүр хэсэг рүү М- ах цохиод байхаар нь би болиулах санаатай дундуур нь орсон чинь намайг түлхсэн. Үргэлжлүүлэн О- эгчийн нүүр хэсэг рүү цохин газар унагаж байгаад дээрээс нь дэвсээд байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 61/, шинжээчийн 3086 тоот дүгнэлт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн үйлчлэлд хамаарах этгээдэд “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд”-ийг хамааруулахаар заажээ.  

Шүүгдэгч Л.М-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “хүний  эрүүл мэндэд  хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Л.М- нь согтуурсан үедээ хамтран амьдрагч Б.О-г хардалтын улмаас зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан нь өөрсдийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

Уг гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.О-гийн биед хүндэвтэр хохирол учирсан болох нь шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.

Хохирогч нь шүүхийн хэлэлцүүлэгт гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх шүүгдэгч Л.М-ын үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцсон бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгчид ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид 02 жил хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, шүүгдэгчийн өмгөөлөгч, хохирогч нар хорих ял оногдуулахгүй тэнсэж өгнө үү гэсэн санал тус тус гаргасныг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан...бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан энэ хуулийн 7.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан хэд хэдэн үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтоож болно” мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл ... хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж тус тус хуульчилжээ.

Шүүгдэгч Л.М-ын холбогдсон гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд багтаж байна.

Хохирогч нь шүүгдэгчтэй эвлэрсэн, гомдолгүй бидний амьдралыг харгалзан үзэж шүүгдэгчид хорих ял оногдуулахгүй шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлт гаргасан, шүүгдэгч нь үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 3 дахь хэсгийн 3.3-т заасныг тус тус баримтлан мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар ял оногдуулахгүйгээр тэнсэж, зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэж, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоохоор шийдвэрлэлээ.

Шүүх шүүгдэгч Л.М-ад ял оногдуулахгүйгээр тэнсэж, зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэж, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоохоор шийдвэрлэсэн тул Шинэчлэн найруулсан 2017 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар оногдуулсан тэнсэж, үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтоосонд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй.

Шүүгдэгч Л.М- нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй болно.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Л.М-ыг “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 3 дахь хэсгийн 3.3-т заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Л.М-ыг хорих ял оногдуулахгүйгээр, 02 жилийн хугацаагаар тэнсэж, зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэж, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоосугай. 
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.М- нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн, уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
  4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Л.Мөнбхатад оногдуулсан тэнсэж, үүрэг хүлээлгэх, хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
  5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.М-ад хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ч.ОТГОНБАЯР