| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэвээндоржийн Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 103/2024/00656/И |
| Дугаар | 210/МА2025/00041 |
| Огноо | 2025-01-03 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 01 сарын 03 өдөр
Дугаар 210/МА2025/00041
*******ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч С.Энхбаяр, Ц.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 1******* сарын 06-ны өдрийн 103/ШШ2024/00644 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлтэй
Хариуцагч *******т холбогдох,
4,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Алтанцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:
Миний бие 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Багануур дүүргийн ******* хороо, Сургалтын задгайн 3 дугаар гудамжны ******* хаягт байрлах 750 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн ******* давхрын 110 м.кв талбайг түрээслэхээр, 0526 бүртгэлийн дугаартай түрээсийн гэрээг *******тай 1 жилийн хугацаатай байгуулсан. Түрээсийн төлбөр 1 сарын 3,000,000 төгрөг, барьцаа 3,000,000 нийт 6,000,000 төгрөгийг төлөхөөр тохиролцож 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр барьцаа болох 3,000,000 төгрөгийг 575060547******* дансанд шилжүүлсэн, учир нь эднийх засвар хийх өөрсдөө мөнгө байхгүй гээд урьдчилгааг түрүүлж нэхэж авсан болно. Мөн 05 дугаар сарын 01-ний өдөр 1 сарын түрээсийн мөнгөө нэхэж бид түрээсийн байранд орж үйл ажиллагаа явуулж эхлээгүй байсан учир тал төлбөр болох 1,500,000 төгрөгийг шилжүүлсэн. Нийт 4,500,000 төгрөгийг өгсөн болно. Бидэнд 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр засвараа хийж дуусгаад хүлээлгэн өгнө гэсэн боловч засвар дуусаагүй гээд хүлээлгэж өгөөгүй 05 дугаар сарын 05-ны өдөр обойгоо нааж байсан. Гэрээний 4.1-т түрээслүүлэгч нь ашиглалтын шаардлага хангасан биет байдлын доголдолгүй эд хөрөнгийг түрээслэгчийн эзэмшил ашиглалтад шилжүүлэх үүрэгтэй гэж заасан боловч засвараа дуусгаж бүрэн гүйцэд хүлээлгэж өгөөгүй, мөн энэ байршилд интернэт татагдаагүй, татагдах боломжгүй татвал маш их мөнгө орно гэж Мобинет хэлсэн учир бидний үйл ажиллагаа явуулах чиглэлд өндөр хурдны хүчин чадалтай интернэт хэрэгтэй байгаа учир үйл ажиллагаа явуулах ямар ч боломжгүй болсон.
Иймд бид цаашид үйл ажиллагаа явуулж чадахааргүй болсон, манайхаас шалтгаалсан асуудал байгаагүй. Бид удаа дараа мөнгөө нэхэж залгасан боловч мөнгө байхгүй, дараагийн түрээслэгч орохоор өгнө аль эсвэл 50 хувийг нь нь өгнө гэсэн. 1 сарын барьцаа 3,000,000 төгрөг, 1 сарын түрээсийн тал болох 1,500,000 төгрөг, нийт 4,500,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч талын тайлбарын агуулга:
Түрээсийн гэрээ байгуулсан тал болох ******* нь үл хөдлөх хөрөнгийг ПС тоглоомын газар ажиллуулна хэмээн хөрөнгийг өрөө тусгаарласан ханануудыг нураалгаж, хананы өнгийг 2 дахин эмульсдүүлсэн. Өөр ч засан сайжруулалт засвар хийсэн. Хөрөнгийг гэрээнд 04 дүгээр сарын 25-ны өдөр хүлээлгэн өгнө гэсэн боловч засвараа дуусгаж амжилгүй байсаар 05 дугаар сарын 02-ны өдөр болсон. Гэрээ байгуулах үедээ интернэтийн асуудал яриагүй. Түрээслэгч талын өөрсдийн эрхлэх үйл ажиллагаа учир интернэтийн асуудлаа өөрсдөө судлах ёстой байсан. Интернэтийн асуудлаас болж гэрээнээс татгалзаж байгаа нь үндэслэлгүй. Мөн ПС тоглоомын газарт зориулж засвар хийлгэсэн тул хөрөнгөө бусдад түрээслэх боломжгүй болж бид хохирч байна. Засварт 7,000,000 төгрөгийн зардал гарсан. Мөн хөрөнгөө бусдад түрээсэлсэн бол 15,000,000 төгрөгийн ашиг орлого олох байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй, 4,500,000 төгрөгийг төлөхгүй гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3, 318.4, 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.5 дахь хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч ******* овогт *******ын аас 4,500,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* овогт *******гийн т олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 86,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж хариуцагчаас 86.950 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжид гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.
4. Хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
4.1. Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.
Анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Талууд хэн аль нь дээрх түрээсийн гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй, нэхэмжлэгч тайлбартаа ... үл хөдлөх эд хөрөнгийг бүхэлд нь түрээслээгүй зарим хэсгийг түрээсэлсэн ... гэж тайлбар гаргасан байхад анхан шатны шүүх ... Хүчин төгөлдөр бус хэлцэл нь анхнаасаа хууль зүйн үр дагавар үүсгэхгүй бөгөөд энэ хэлцлийг байгуулсан талууд хэлцлийн улмаас шилжүүлсэн зүйлээ буцаан өгөх үүрэгтэй болохоос гэрээнээс татгалзах гэсэн ойлголт үүсэхгүй ... гэсэн хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийсэн.
Мөн шүүх ... талуудад нотариатч энэ талаар зөвлөх үүрэггүй, нөгөөтэйгүүр хариуцагч түрээсийн гэрээг үл хөдлөх бүртгэлийн газарт бүртгүүлэх ёстойг мэдэж байсан хэдий ч өөрөө бүртгүүлээгүй байна ... гэж шүүх дүгнэсэн нь ойлгомжгүй байна.
Анхан шатны шүүх Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт зааснаар маргааныг шийдвэрлэх ёстой байсан.
4.2. Талуудын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтыг буруу үнэлсэн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн.
Нэхэмжлэгч нь энэ байршилд интернэт татагдаагүй, татагдах боломжгүй гэсэн тайлбар гаргаж байгаа боловч ийм баримт хэрэгт авагдаагүй, тайлбараа нотлоогүй байхад шүүх хэргийг шийдвэрлэсэн. Интернэтийн асуудал нь гэрээнээс татгалзах шалтгаан болоогүй бөгөөд харин ч өөрсдөө өөр газар түрээслэхээр болсон.
Ийм учраас нэхэмжлэгч түрээсийн гэрээ хийж, хууль гэрээнд заагдаагүй асуудлаар, хууль зүйн үндэслэлгүйгээр гэрээнээс татгалзсан тул Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчид хохирол төлөх үүрэгтэй.
Засварт 7,000,000 гаруй төгрөгийн зардал гарсан. Мөн хөрөнгөө бусдад түрээсэлсэн бол 15,000,000 төгрөгийн ашиг орлого олох байсан.
Хариуцагч татгалзлын үндэслэлээ дээрх агуулгаар тайлбарлаж, нэхэмжлэгч хууль, гэрээнд заасан үндэслэлгүйгээр нөгөө талаа хохироож гэрээ байгуулах шатанд гэрээнээс татгалзаж байгаа учраас барьцаа 3,000,000 төгрөг, түрээс 1,500,000 төгрөгийг буцаан төлөх үүрэггүй болохыг нотолж байхад заавал сөрөг нэхэмжлэл гаргасан тохиолдолд нотлох баримтаар үнэлэх боломжтой гэсэн хууль зүйн хувьд ч ойлгомжгүй дүгнэсэн.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:
Анх хариуцагчтай очиж уулзахад караоке байгаа өрөөг дундуур нь 3 хуваагаад засвар хийж байсан, тэгээд 3 ханыг нураагаад оффис болгоод түрээслэх гэж байгаа гэж хэлсэн. Ингээд талбайгаа хэмжиж үзээд... объектыг түрээслэх боломжтой юм байна гэж хэлээд өмнө нь хийгдэж байсан засвараа түргэвчлээрэй гэсэн гэжээ.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.
1. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан 4,500,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.
2. Анхан шатны шүүх, талуудын хооронд хийгдсэн гэрээний хүчин төгөлдөр эсэх байдлын талаар хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул давж заалдах шатны шүүхээс уг алдааг залруулна.
3. Хариуцагч ******* нь нэхэмжлэгч *******тай байгуулсан 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 0526 дугаартай Түрээсийн гэрээ-гээр *******ын өмчлөлийн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, Багануур дүүргийн ******* хороо, Сургалтын задгай 3 дугаар гудамжны *******, 750 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай, үл хөдлөх эд хөрөнгийн ******* давхарын 110 м.кв талбайг компютр тоглоомын газар ажиллуулахаар 1 жилийн хугацаатай, 3,000,000 төгрөгийн барьцаатай, 1 сарын 3,000,000 төгрөгийн төлбөртэй түрээслэхээр талууд харилцан тохиролцжээ. /хх4-5/
4. Талуудын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт зааснаар түрээсийн гэрээний харилцаа үүссэн байх ба, уг хэлцлийг хүчин төгөлдөр бус гэсэн, анхан шатны шүүхийн дүгнэлт мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т нийцээгүй байна.
4.1. Учир нь, хариуцагчийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн нийт хэмжээ 750 м.кв байх бөгөөд талууд түрээсийн гэрээгээр уг объектын тодорхой хэсгийг буюу 110 м.кв талбайтай хэсгийг түрээслэхээр тохиролцсон байх тул Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь хэсэгт зааснаар уг гэрээг үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлэх тухай шаардлагагүй гэж үзнэ. Иймд уг гэрээг хүчин төгөлдөр бус гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлгүй байх тул энэ талаар гаргасан хариуцагчийн гомдол үндэслэлтэй.
5. Нэхэмжлэгч нь түрээсийн гэрээний барьцаанд 3,000,000 төгрөг, түрээсийн төлбөрийн урьдчилгаанд 1,500,000 төгрөг, нийт 4,500,000 төгрөгийг хариуцагчид төлсөн эсэх талаар талуудын хооронд маргаангүй байна.
5.1. Талуудын тайлбар болон хэрэгт авагдсан баримтаар гэрээг байгуулах үед түрээсийн байрны засварын ажил дуусаагүй байсан, нэхэмжлэгч нь тухайн түрээсийн газарт үйл ажиллагаа явуулж эхлээгүй байх үедээ гэрээнээс татгалзсан болох нь тогтоогдож байна.
5.2. Иргэний хуулийн 288 дугаар зүйлийн 288.1.1-т зааснаар хөлслөх хугацааны турш гэрээнд заасны дагуу ашиглах боломжтой, ашиглалтын шаардлага хангасан, биет байдлын доголдолгүй эд хөрөнгө хөлслөгчид шилжүүлэх нь хөлслүүлэгчийн үүрэгт хамаарна гэжээ.
Дээрх хуулиас үзвэл, хариуцагчийн түрээсийн байрандаа хийсэн засварын ажилд 7,000,000 төгрөгийн зардал гаргасан гэх үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан 4,500,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай шаардлагыг зөвшөөрөхгүй гэх тайлбар хууль зүйн үндэслэлгүй. Тодруулбал, Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.5 дахь хэсэгт энэ бүлэгт өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээнд эд хөрөнгө хөлслөх гэрээний журам нэгэн адил үйлчилнэ гэж заасныг дурьдах нь зүйтэй.
5.3. Түүнчлэн, хариуцагчийн өөрийн өмчлөлийн эд хөрөнгийг бусдад түрээслэхээр хийсэн засан сайжруулалт буюу засварын үр дүн өөрт нь үлдэж байгаа тул засвар хийсэн учраас нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэх тайлбар үндэслэлгүй бөгөөд энэ талаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй.
6. Иймд хариуцагчид төлсөн 4,500,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт нийцнэ.
7. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 1******* сарын 06-ны өдрийн 103/ШШ2024/00644 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 318.3, 318.4, 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.5 дахь хэсгүүдэд гэснийг 318.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 86,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАДРАХ
ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР
Ц.АЛТАНЦЭЦЭГ