Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 2019/ШЦТ/106

 

 

 

                                 

 

                                   

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

              Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж,

            Нарийн бичгийн дарга  Б.Нарантуяа

Улсын яллагч А.Анхбаяр

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг

Шүүгдэгч Ц.Пүрэв-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн шилжүүлэн ирүүлсэн шүүгдэгч У.Пүрэв-Эрдэнэд холбогдох эрүүгийн 1936001200106 дугаартай, 178/2019/0102/Э/ индекстэй хэргийг 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1998 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Ховд аймгийн Зэрэг суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Ховд их сургуулийн Байгаль шинжлэл, технологийн сургуулийн Уул уурхай ашиглалтын технологийн гуравдугаар курсэд суралцдаг, ам бүл 6, эцэг, эх, ах , дүү нарын хамт Ховд аймгийн Зэрэг сумын Бураа багт оршин суух, ПЕ98040219, регистрийн дугаартай, Цагаан тэмээт овогт Цогбадрахын Пүрэв-Эрдэнэ

      Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд  дурдсанаар/

Шүүгдэгч Ц.Пүрэв-Эрдэнэ нь Ховд аймгийн Жаргалант сумын Алаг толгой багийн нутагт байрлах хоёр давхар объектийн хоёр давхарт байрлах гар утас худалдааны төвийн цонхоор буюу үйл ажиллагаа явуулах зориулалттай байранд 2019 оны 05 дугаар сарын 01-02-нд шилжих шөнө хууль бусаар нэвтэрч иргэн Д.Цэвэлмаагийн эзэмшлийн лангуунаас Самсунг Эс-6 Эджэ, Самсунг Эс-7 эджэ, Хуавай Юу-7 преме, Самсунг Жи-7 маркийн гар утаснууд хулгайлж нийт 1200000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.  Үүнд:

Шүүгдэгч Ц.Пүрэв-Эрдэнийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна.Хохирогчид утаснуудыг буцаан өгсөн гэх мэдүүлэг,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэлд...Ховд аймгийн Жаргалант сумын Алаг толгой багийн нутаг дэвсгэрт байрлах 2 давхар улаан  гар утасны лангуунаас гар утас алга болсон хэрэгт үзлэг хийв.2 давхарт гараад хэрэг учрал болсон гэх 9 номерийн лангууны үүдний хаалга онгорхой байв.Гэрч Баасанцэцэгийг 09:40 цагт ирэхэд үүдний хаалга цоожтой,2 давхрын жижиг модон цонх онгорхой гар утас байрладаг шилэн лангуун дотроос 4 ширхэг гар утас алдагдсан гэх, Хэргийн газар луу нэвтрэхдээ үүдээр биш цонхоор нэвтэрсэн болох нь хэргийн газрын үзлэгээр тогтоогдов... гэх, гэрэл зургийн үзүүлэлт / хэргийн 2-5-р хуудас/

Хохирогч Дашзэвэгийн Цэвэлмаагийн / ПЭ66070605 регистрийн дугаартай, 53 настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, хувиараа ажилладаг/ мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...Жаргалант сумын Алаг толгой багийн нутаг дэвсгэрт байрлах 2 давхар гар утас худалдааны төвийн 9 тоот павилоны цонхоор 2019 оны 05 дугаар сарын 01-02-нд шилжих шөнө 4 ширхэг гар утас алдагдсан тул цагдаад мэдэгдсэн.Уг утаснуудыг би Улаанбаатар хотоос авчирч зарж байсан. 2019 оны 05 дугаар сарын 04-ний өдөр миний дугаар луу нэг хүн залгаад “ танайхаас цэнхэр өнгөтэй, Самсунг х-6 гар утас авмаар байна.Та утсаа аваад 80 айлын орон сууцны гадна хүрээд ирээч” гэхээр нь яваад очиход 20 орчим насны саарал өнгийн цамцтай, хар өнгийн өмдтэй үл таних залуу хүлээж байсан.Тэр залуу “ би танай павилоноос гар утаснууд хулгайлсан” гээд 4 ширхэг гар утасыг гаргаж өгөхөөр нь би баярлаад шууд аваад явчихсан... гэх мэдүүлэг / хэргийн 25-р хуудас/

Гэрч Б.Баасанцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...2019 оны 05 дугаар сарын 02-ны өглөө 09:40 цагт ажилдаа ирэхэд манай лангууны гадна хаалга цоожтой байхаар нь онгойлгоод ортол шилэн лангуу бүтээсэн бүтээлгийг хуйлаад лангуун дээр тавьчихсан, цонхны тавцан дээр 5 ширхэг модон аяганд байсан будаа газраар асгарсан байхаар нь гайхаад шилэн лангуу руу хартал 4 ширхэг гар утасны зай гарсан, манай жижиг цонх онгорхой байсан. Тэгээд би Д.Цэвэлмаа эгч рүү залгаж хэлсэн.Манай бүх утаснууд “Төрөө” гэсэн лацтай, бүгд шинэ утаснууд байсан... гэх мэдүүлэг / хэргийн 10-11-р хуудас/

Гар утас үнэлсэн тухай шинжээчийн дүгнэлтэнд... Samsung S6 edge маркийн гар утас-250.000 төгрөг, Samsung galaxy S7 edge маркийн гар утас-300.000 төгрөг, Huawei Y7маркийн гар утас-350.000 төгрөг, Samsung galaxy J7 маркийн гар утас-300.000 төгрөг, нийт 1200.000 төгрөг... гэх, / хэргийн 19-р хуудас/

Шүүгдэгч Ц.Пүрэв-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...2019 оны 05 дугаар сарын 01-02-нд шилжих шөнө Бугаан гол захын 2 давхрын цонхоор хажуугийн 1 давхар байшингаар дамжин цонхоор нь орж 09 тоот павилоноос 4 ширхэг гар утас хулгайлж аваад буцаж цонхоор нь гарч явсан.Тэгээд маргааш нь айгаад гар утас худалдагч эгчийн дугаар луу нь гар утас авна гэж яриад ирэхээр нь үнэнээ хэлээд утаснуудыг нь буцааж өгсөн. Тухайн өдөр тоглоом тоглоод жоохон өрөнд ороод гэртээ очоод ганцаараа 2.5 литрийн пиво уугаад жаахан халамцуу байсан... гэх мэдүүлэг / хэргийн 33-34-р хуудас/ зэрэг баримт болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэв.

Шүүгдэгч Ц.Пүрэв-Эрдэнэ нь 2019 оны 05 дугаар сарын 02-ны шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ховд аймгийн Жаргалант сумын Алаг толгой багийн нутаг дэвсгэрт байрлах Бугаан гол захын 2 давхар худалдааны төвийн 2 давхрын цонхоор хууль бусаар нэвтэрч гар утасны 9 тоот павилоноос 4 ширхэг гар утас  хулгайлсан болох нь хохирогч Д.Цэвэлмаагийн мэдүүлэг, гэрч Б.Баасанцэрэнгийн мэдүүлэг, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйл үнэлсэн тайлан  зэргээр тогтоогдож байна.

Шүүгдэгч Ц.Пүрэв-Эрдэнэ нь бусдад өрөндөө өгөх мөнгөний шаардлага гарсны улмаас пиво ууж зориг орон, шөнийн цагаар гар утасны дэлгүүрт нэвтрэн 4 ширхэг гар утас хулгайлсан үйлдэл нь  шууд санаатай, шунахайн сэдэлтээр үйлдсэн гэмт хэрэг  болно.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, Ц.Пүрэв-Эрдэний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т заасан гэмт хэргийн шинжийг  хангасан, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзлээ.

Иймд шүүгдэгч Ц.Пүрэв-Эрдэнийг 2019 оны 05 дугаар сарын 02-ны шөнө  гар утас худалдааны төвийн павилонд нууцаар, хууль бусаар нэвтэрч 4 ширхэг гар утас хулгайлсан үйлдэл нь нотлогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн  2.1-д заасан үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Ц.Пүрэв-Эрдэнэ нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас” /хх-38/-аар, хохирогчид төлөх төлбөргүй болох нь хохирогч Д.Цэвэлмаагийн “ алдсан 4 ширхэг гар утсаа буцааж авсан”  гэх мэдүүлгээр тус тус тогтоогдож байна.

            Шүүгдэгч Ц.Пүрэв-Эрдэний  хувийн байдлын талаар гэрч Д.Соёмбо-Эрдэний өгсөн...2018 оноос хойш анги удирдсан багшаар нь ажиллаж байгаа.Манай оюутан бол хичээл номондоо сайн, даруухан хүүхэд байгаа юм. Аав, ээж нь Зэрэг суманд амьдардаг, өөрөө аймгийн төвд байр түрээсэлж амьдардаг.Ар гэрийн хувьд хараа хяналт сул байж магадгүй, архи дарс ууж, ямар нэгэн асуудалд орж байсныг нь мэдэхгүй, мөрөөрөө даруухан хүүхэд байгаа юм... гэх мэдүүлэг / хх-14-15-р хуудас/

Гэрч Б.Сүрэнхорлоогийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...Ц.Пүрэв-Эрдэнэ нь манай 2 дахь хүүхэд, ах дүү 4-үүлээ. 2016 онд 12 дугаар ангиа төгсөөд Ховд их сургуульд ороод одоо гуравдугаар курсэд суралцаж байгаа.Зан байдлын хувьд даруухан, үнэнч, шударга хүүхэд байгаа юм.Шатар тоглодог, дуулдаг хүүхэд.Зэрэг суманд 12 жилийн сургуульд сурч байхдаа эмээгийндээ байж байгаад эмээ нь нас бараад хүргэн ахындаа байж төгссөн. Одоо аймагт байр түрээсэлж амьдардаг... гэх мэдүүлэг /хх-62-р хуудас/ зэрэг баримт хавтаст хэрэгт авагджээ.

Шүүгдэгч Ц.Пүрэв-Эрдэнэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан анх удаа гэмт хэрэг үйлдсэн, 1.2-т заасан гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.

Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагыг хэлэлцэх шүүх хуралдаанаар улсын яллагчаас: Шүүгдэгч Ц.Пүрэв-Эрдэнэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 02 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх ...гэх санал, шүүгдэгчийн өмгөөлөгчийн “шүүгдэгч Ц.Пүрэв-Эрдэнэ нь үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч, гэмшиж байгаа, бусдад төлөх хохирол төлбөргүй болон Ховд их сургуулийн 3 дугаар курсэд сурдаг, оюутан зэрэг хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-д заасныг хэрэглэж өгнө үү” гэх саналыг тус тус гаргасан.

Шүүхээс шүүгдэгч Ц.Пүрэв-Эрдэнэ  нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирлоо төлж барагдуулсан болон хувийн байдлуудыг харгалзан түүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар хорих ял оногдуулж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

            Шүүгдэгч Ц.Пүрэв-Эрдэнэ нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хохирол төлбөргүй,  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт ирсэн эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1, 36.2, 36.6-36.8 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Цагаан тэмээт овогт Цогбадрахын Пүрэв-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нууцаар, хууль бусаар нэвтэрч хулгайлах  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар шүүгдэгч Цагаан тэмээт овогт Цогбадрахын Пүрэв-Эрдэнийг  01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Ц.Пүрэв-Эрдэнэд оногдуулсан 01 /нэг/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй .

4.Шүүгдэгч Ц.Пүрэв-Эрдэнэ нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ц.Пүрэв-Эрдэнэд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор  шүүгдэгч ,  хохирогч  гомдол,  улсын яллагч дээд шатны прокурор  эсэргүүцлээ Ховд аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гаргах эрхтэй  ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                           Б.ГАНТӨГС

Top of Form