Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 12 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2025/00013

 

 

*******ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, шүүгч Т.Бадрах, Ц.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 183/ШШ2024/04014 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч *******-д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 4,895,068,493.12 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах, барьцаа хөрөнгө нь зээлийн өр төлбөрийг төлөхөд хүрэлцэхгүй болон боломжгүй бол хариуцагчийн бусад эд хөрөнгөөс гаргуулахыг даалгуулах тухай үндсэн,

2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр байгуулагдсан ******* дугаартай барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Алтанцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Эрдэнэжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

******* болон ******* нь харилцан тохиролцож 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр BG1910 тоот зээлийн гэрээг байгуулсан. Уг гэрээний дагуу нэхэмжлэгч нь тус компанид 2,500,000,000 төгрөгийн зээлийг олгосон.

Зээлдэгчийн хүсэлтийн дагуу зээлийн хугацааг удаа дараа сунгаж нэмэлт гэрээ байгуулсан бөгөөд хамгийн сүүлд 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн нэмэлт гэрээгээр зээлийн хугацааг 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг дуусах хүртэл хугацаагаар сунгасан. Мөн дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах баталгаа болгож тус компанийн өмчлөлийн*******-д эзэмшдэг 69,654 ширхэг хувьцааг барьцаалахаар тохиролцож ******* тоот барьцааны гэрээг байгуулсан.

Зээлийн гэрээний хугацаа дуусаад 2 сар гаруй хугацаа өнгөрч байгаа боловч зээлдэгч нь зээлийн гэрээний өр төлбөрийг огт төлөөгүй буюу үндсэн зээлийн үлдэгдэл 2,500,000,000 төгрөг, 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг дуусах хүртэл хугацаанд бодогдсон зээлийн хүү 2,395,068,493.12 төгрөг, нийт 4,895,068,493.12 төгрөгийг төлөөгүй байна.

Иймд хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт 4,895,068,493.12 төгрөгийг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг даалгах, барьцаа хөрөнгө нь хүрэлцэхгүй эсхүл боломжгүй бол бусад эд хөрөнгөөр нь хангуулахаар тус тус шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч талын татгалзал, хариу тайлбарын агуулга:

Нэхэмжлэлийн шаардлагаас хүү болон хүүгийн хувь хэмжээг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2 дахь хэсэгт “хүүгийн хэмжээ нь зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтой тогтоогдсон бол шүүх зээлийн хүүг багасгаж болно.” гэж заасан. Зээлийн гэрээг 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр байгуулахдаа жилийн 24 хувийн хүүтэйгээр байгуулсан. Уг хүүгийн хувь нь манай байгууллагын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой хохироож байна.

Нэхэмжлэгч ******* нь нэг удаагийн шинжтэй, ашиг олох зорилготой байсан эсэх нь тогтоогдоогүй. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагадаа*******-ийн хувьцааг дурдсан.******* нь бие даасан хуулийн этгээд юм. Бие даасан хуулийн этгээдийн хувьд хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдаж, Төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоолын дагуу үйл ажиллагаагаа явуулдаг.

Иймд хариуцагч талаас нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

3. Хариуцагч талын гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

******* болон ******* нар нь 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр*******-ийн 69,654 ширхэг 40 хувийн хувьцааг барьцаалан ******* дугаартай барьцааны гэрээг байгуулснаар талуудын хооронд Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1 дэх хэсэгт заасан барьцаалан зээлдэх журмаар зээл олгох гэрээний харилцаа үүссэн.

Талуудын хоорондын барьцааны зүйл болсон хувьцааны эрх нь Иргэний хуулийн 84 зүйлийн 84.4 дэх хэсэгт заасан эдийн бус хөрөнгө юм. Мөн зүйлийн 84.2 дах хэсэгт биет буюу эд хөрөнгийг хөдлөх, үл хөдлөх гэж ангилан, 84.5 дах хэсэгт эдийн бус хөрөнгийг тодорхойлсон. Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.1 дэх хэсэгт зааснаар барьцааны зүйл нь хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө, бусдын өмчлөлд шилжүүлж болох эд хөрөнгийн эрх байхаар заасан. Харин, Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1 дэх хэсэгт зааснаар барьцаалан зээлдэгч буюу зээлийн үйл ажиллагаа эрхэлдэг Б.Мөнхбилэг нь зээлийн гэрээний үүргийг хангуулахаар зээлдэгчээс хөдлөх эд хөрөнгийг барьцаанд бариулахыг шаардах эрхгүй байна. Иймд дээрх барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хууль зөрчсөн хэлцэл гэж үзэж байна.

Түүнчлэн, *******-ийн дүрмийн 36 дугаар зүйлийн 36.1.10-т их хэмжээний хэлцэл батлах, 36.1.11-д сонирхлын зөрчилтэй хэлцэл батлах, 36.1.15, 36.1.18-д гүйцэтгэх захирлын бүрэн эрхийг тогтоох, 36.1.25-д компанийн эд хөрөнгө болон эд хөрөнгийн эрхийн зах зээлийн үнийг тогтоох, 36.1.27 дахь хэсэгт тус тус заасны дагуу*******-ийн 40 хувийн хувьцааг барьцаалах асуудал нь гүйцэтгэх захирлын эрх хэмжээний асуудал биш бөгөөд *******-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэр, мөн бие даасан хуулийн этгээд болох*******-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрийн зөвшөөрлийн үндсэн дээр барьцаанд тавих эрх зүйн үндэслэл бүрддэг. Гэтэл дээрх 2 компанийн хувьцаа эзэмшигчдийн буюу эрх бүхий этгээдийн шийдвэргүйгээр барьцааны гэрээ байгуулагдсан. Энэ нь Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4 дэх хэсэгт “Хуулийн этгээдийн өмчлөлд байгаа эд хөрөнгийг барьцаалуулах шийдвэрийг хууль буюу дүрэмд заасан эрх бүхий этгээд гаргана.” гэснийг зөрчсөн.

Мөн барьцааны гэрээг нотариатаар батлуулаагүй, эрх бүхий байгууллагад бүртгүүлээгүй буюу Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл гэж үзэж байна. Иймд талуудын хооронд байгуулсан барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож өгнө үү гэжээ.

 

4. Сөрөг нэхэмжлэлд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга:

Компанийн тухай хуулиар эрхгүй этгээд гэрээ хийсэн бол гэрээг байгуулсан этгээд нь компанийн өмнө хариуцлага хүлээхээс биш гуравдагч этгээдтэй байгуулсан гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах нь үндэслэлгүй. Барьцааны гэрээ нь хүчин төгөлдөр байгуулагдсан гэрээ бөгөөд энэ гэрээг нотариатч гэрчилсэн. Нотариатын үйлдэл хүчин төгөлдөр байхад шүүхээр хүчин төгөлдөр бусад тооцуулахаар нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй. Барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэж байгаа бол тухайн гэрээг баталсан нотариатын үйлдэл нь хүчин төгөлдөр бус болох ёстой. Нотариатч нь гэрээг батлахдаа хувьцаа эзэмшигчдийн шийдвэрийг шалгасан эсэх талаар тусдаа маргаан үүсгээд шалгуулж болно. Зээлийн зориулалт нь маргааныг шийдвэрлэхэд огт хамааралгүй гэжээ.

 

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******-аас 4,895,068,493.12 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******т олгож, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах, барьцаа хөрөнгө нь зээлийн өр төлбөрийг төлөхөд хүрэлцэхгүй болон боломжгүй бол хариуцагчийн бусад эд хөрөнгөөс гаргуулахыг даалгуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож, талуудын хооронд байгуулагдсан 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн ******* дугаартай барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 24,773,693 төгрөгийг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод тус тус хэвээр үлдээж, хариуцагч *******-аас улсын тэмдэгтийн хураамжид 24,633,292 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******т олгож, нэхэмжлэгч *******ээс улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулж, хариуцагч *******-д олгож шийдвэрлэсэн байна.

 

6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

6.1. Анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

Талууд барьцааны гэрээгээр*******-ийн *******-ийн эзэмшлийн 69,654 ширхэг хувьцааг барьцаалахаар тохиролцсон. Ийнхүү барьцаалахдаа хөрөнгийн эзэн болох *******-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрт үндэслэсэн бөгөөд тус гэрээний 1.1-д “*******-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 02 дугаар шийдвэрийг тус тус үндэслэн” гэж дурдсанаар нотлогдоно.

Хөрөнгийн эзэн буюу тухайн хувьцааг эзэмшиж байгаа этгээд болох *******-ийн хувьцаа эзэмшигчдийн зөвшөөрлийн үндсэн дээр гэрээ хийгдсэн байхад тухайн хөрөнгийн өмчлөлд ямар ч хамааралгүй буюу зэрэгцээ хувьцаа эзэмшиж байгаа*******-ийн бусад хувьцаа эзэмшигчдээс яагаад зөвшөөрөл авах ёстой талаар анхан шатны шүүх ямар ч хууль зүйн үндэслэлтэй тайлбар хийгээгүй.

Мөн тухайн хэлцэл нь аль компанийнх нь хувьд их хэмжээний хэлцэлд тооцогдох вэ гэдгээ ч шүүх ялгаж салгалгүйгээр хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн байна. Мөн их хэмжээний хэлцэл гэдгийг хэрхэн ямар баримтаар нотолж байгаа нь ойлгомжгүй. Барьцааны гэрээг хөрөнгийн эзэнтэй байгуулдаг. Тиймээс гэрээ байгуулах талын хувьд их хэмжээний хэлцэл үү, үгүй юу гэдгийг шалгахаас бус гэрээний харилцаанд оролцохгүй этгээд болох*******-ийн хувьд их хэмжээний хэлцэл үү, үгүй юу гэдгийг шалгах шаардлагагүй юм.

Мөн хувьцаат компанийн хувьцааг эзэмшиж байгаа этгээд нь хувьцаагаа барьцаалах тохиолдолд бусад хувьцаа эзэмшигчдээсээ зөвшөөрөл авах буюу хувьцаа эзэмшигчдийн хурлаар шийдвэрлүүлэх тухай зохицуулалт Компанийн тухай хуульд байхгүй.

Компанийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол хувьцаат компанийн хувьцаа эзэмшигч нь бусад хувьцаа эзэмшигчийн саналыг харгалзахгүйгээр өөрийн эзэмшиж байгаа хувьцаагаа чөлөөтэй захиран зарцуулах эрх эдэлнэ.” гэж заасан тул ******* нь өөрийн өмчлөлийн хөрөнгөө буюу хувьцаат компанид эзэмшиж байгаа хувьцаагаа барьцаалахад*******-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлаар шийдвэрлүүлэх буюу бусад хувьцаа эзэмшигчдээс зөвшөөрөл авах ямар ч шаардлага байхгүй юм.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсэг нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэгчийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

7. Давж заалдах гомдолд хариуцагч талаас тайлбар гаргаагүй болно.  

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

1. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 4,895,068,493.12 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах, барьцаа хөрөнгө нь зээлийн өр төлбөрийг төлөхөд хүрэлцэхгүй болон боломжгүй бол хариуцагчийн бусад эд хөрөнгөөс гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг, хариуцагч эс зөвшөөрч 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр байгуулагдсан ******* дугаартай барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гарган маргажээ.

 

2. Анхан шатны шүүхийн шийдвэрт эрх зүйн дүгнэлт, хууль хэрэглээний болон найруулгын өөрчлөлт оруулна.

 

3. ******* нь *******-тай байгуулсан 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн №BG1910 дугаартай “Зээлийн гэрээ”-гээр ******* нь 2,500,000,000 төгрөгийг 45 хоногийн хугацаатай, сарын 2 хувийн хүүтэйгээр *******-д шилжүүлэхээр талууд харилцан тохиролцжээ. /хх5-6/

 

3.1. Мөн талууд байгуулсан 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн №******* дугаартай “Барьцааны гэрээ”-гээр ******* нь*******-ийн 40 хувийн буюу 69,654 ширхэг хувьцааг барьцаалахаар харилцан тохиролцсон байна. /хх10-14/

 

3.2. Талууд дээрх зээлийн болон барьцааны гэрээнд 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдөр нэмэлт өөрчлөлт оруулах гэрээг байгуулж, зээлийн гэрээний хугацааг 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл, мөн 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр нэмэлт өөрчлөлт оруулах гэрээг байгуулж, зээлийн гэрээний хугацааг 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүртэл сунгахаар тус тус харилцан тохиролцжээ. /хх8-9/

 

            4. Талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв.

 

            4.1. Зохигчид зээлийн гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй бөгөөд хариуцагч талаас анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол гаргаагүй тул  талуудын зарчмыг үндэслэн шийдвэрийн зээлийн гэрээний хэсэгт давж заалдах шатны шүүхээс дүгнэлт өгөх шаардлагагүй гэж үзэв.

 

            5. Харин, нэхэмжлэгч талаас зээлийн барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцсон хэсэгт давж заалдах гомдол гаргасан бөгөөд анхан шатны шүүхийн барьцааны гэрээний талаарх дүгнэлтэд хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн байх тул өөрчлөлт оруулна.

 

            5.1. Талууд 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн №******* дугаартай “Барьцааны гэрээ”-гээр*******-ийн 40 хувийн буюу 69,654 ширхэг хувьцааг барьцаалсан байна.

 

5.2. Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.29-д “нөлөө бүхий хувьцаа эзэмшигч гэж тухайн компанийн гаргасан саналын эрхтэй нийт хувьцааны тав болон түүнээс дээш хувийг дангаараа, эсхүл холбогдох этгээдийн хамт эзэмшиж байгаа болон тэдгээрийн саналын эрхийг хууль болон гэрээнд заасны дагуу хэрэгжүүлж байгаа иргэн, хуулийн этгээдийг хэлнэ”, мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Энэ хуулийн зохицуулалтад хамрагдах үнэт цаасанд дараах санхүүгийн хэрэгсэл хамаарна”, 5.1.1-д “хувьцаат компанийн хувьцаа” /цаашид “хувьцаа” гэх/ гэж заасны дагуу барьцаалуулагч ******* нь нөлөө бүхий хувьцаа эзэмшигч байна.

 

Өөрөөр хэлбэл, талуудын барьцааны гэрээний зүйл болох*******-ийн хувьцаа нь Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн зохицуулалтад хамаарагдах үнэт цаас байх тул Компанийн тухай хуулиас гадна энэхүү хуулийн зохицуулалт хэрэглэгдэнэ.

 

            5.3. Компанийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол хувьцаат компанийн хувьцаа эзэмшигч нь бусад хувьцаа эзэмшигчийн саналыг харгалзахгүйгээр өөрийн эзэмшиж байгаа хувьцаагаа чөлөөтэй захиран зарцуулах эрх эдэлнэ.” гэж заасан боловч Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.5 дахь хэсэгт “Энэ хуулийн 24.1.1-24.1.11, 24.1.13-т заасан үйл ажиллагааг эрхлэх зохицуулалттай этгээдийн хувьцаа эзэмшигч нь Хорооны зөвшөөрөлгүйгээр хувьцаагаа худалдах, арилжих, барьцаалах болон бусад хэлбэрээр шилжүүлэхийг хориглох ба энэ заалт нь хувьцаат компанийн хэлбэртэй зохицуулалттай этгээдийн нөлөө бүхий хувьцаа эзэмшигчид хамаарна.” гэж заасан байна.

 

Тодруулбал,*******-ийн 40 хувийн нөлөө бүхий хувьцаа эзэмшигч ******* нь уг хувьцааг барьцаалахдаа Санхүүгийн зохицуулах хорооны зөвшөөрлийг авах хуульд заасан шаардлагыг хангах байжээ. Гэтэл ******* нь тухайн зөвшөөрлийг эрх бүхий газраас авсныг нотлох баримтгүй байх тул талуудын хооронд хийгдсэн 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн №******* дугаартай “Барьцааны гэрээ” нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д “хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл” гэж, 56.1.8-д “хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл” гэсний дагуу хүчин төгөлдөр бус хэлцэл байна. Иймд, сөрөг нэхэмжлэлийг хуулийн энэ үндэслэлээр хангаж шийдвэрлэх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна.

 

Хэдийгээр Компанийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол хувьцаат компанийн хувьцаа эзэмшигч нь бусад хувьцаа эзэмшигчийн саналыг харгалзахгүйгээр өөрийн эзэмшиж байгаа хувьцаагаа чөлөөтэй захиран зарцуулах эрх эдэлнэ.” гэж заасан боловч энэ нь зохицуулалтад хамаарагдах үнэт цаасанд дээрх байдлаар хязгаарлалт тогтоосныг харгалзах ёстой байжээ.   

 

            6. Анхан шатны шүүх барьцааны гэрээг их хэмжээний хэлцэл гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл, их хэмжээний хэлцлийг зохих журмын дагуу байгуулах нь тухайн компанийн дотоод зохион байгуулалтын асуудал бөгөөд *******-ийн хувьцаа эзэмшигч нарын шийдвэрээр*******-ийн хувьцаагаа барьцаалуулахыг зөвшөөрсөн байхад энэхүү компанийн зөвшөөрлийг авах шаардлагагүй гэсэн нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэй.

           

Гэвч энэхүү дүгнэлт нь барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангах нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэл болохгүй. 

 

7. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтаас сөрөг нэхэмжлэлийг шийдвэрлэсэн хэсгийг салгаж, мөн барьцааны хэсэгт хамаарах хуулийн заалтыг нэмж, тогтоох хэсгийн 2 дахь заалтаар сөрөг нэхэмжлэлийг шийдвэрлэсэн өөрчлөлтийг оруулахаар найруулгын өөрчлөлт оруулна.

 

            8. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн    167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 183/ШШ2024/04014 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******-аас 4,895,068,493.12 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******т олгож, нэхэмжлэлээс үлдэх барьцаа хөрөнгө болох*******-ийн 40 хувийн хувьцаагаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах, барьцаа хөрөнгө нь зээлийн өр төлбөрийг төлөхөд хүрэлцэхгүй болон боломжгүй бол хариуцагчийн бусад эд хөрөнгөөс гаргуулахыг даалгуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.” гэж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтаар “Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-д заасныг баримтлан *******, ******* нарын хооронд байгуулагдсан 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн ******* дугаартай барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоосугай.” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Б.МАНДАЛБАЯР

 

       ШҮҮГЧИД                                    Т.БАДРАХ

 

Ц.АЛТАНЦЭЦЭГ