| Шүүх | Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чадраагийн Энхтөр |
| Хэргийн индекс | 133/2024/00106/И |
| Дугаар | 215/МА2024/00014 |
| Огноо | 2024-12-18 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 12 сарын 18 өдөр
Дугаар 215/МА2024/00014
2024 12 18 215/МА2024/00014
Ж.О-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Баттогтох даргалж, шүүгч Ц.Оюун-Эрдэнэ, Ч.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,
Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 133/ШШ2024/00400 дугаар шийдвэртэй,
Нэхэмжэгч: Говь-Алтай аймгийн ******** сумын төвд оршин суух, Х овгийн Ж.О-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Говь-Алтай аймгийн ******** сумын ******** холбогдох ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, шүүгч Ч.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Д, хариуцагчийн төлөөлөгч Б.Б, хариуцагчийн өмгөөлөгч О.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.М нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага: Говь-Алтай аймгийн ******** сумын ********** Ж.О-ийг ажлаас чөлөөлөх тухай тус сургуулийн захирлын 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Б/04 дугаар тушаалыг хүчингүй болгож, эмчийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай.
2. Нэхэмжлэлийн үндэслэл: Ажил олгогчийн зүгээс үндсэн орон тоо хасагдсан гэсэн үндэслэлээр 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Б/04 дугаар тушаалаар ажлаас чөлөөлсөн. Надад орон тоо цөөрсөн талаар урьдчилан мэдэгдэж байгаагүй. Үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн тул эмчийн ажилд эгүүлэн тогтоож, ажлаас чөлөөлсөн өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны цалин, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийлгүүлж өгнө үү гэжээ.
3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Ж.О нь ******** сумын сургуульд эмчээр ажиллаж байсан. 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн а/494 а/761 Эрүүл мэндийн сайд, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдтай хамтарсан тушаалын дагуу ******** болон цэцэрлэгт эмч зайлшгүй ажиллах шаардлагатай гэдэг үндэслэлээр 2022 онд томилогдон ажиллаж байгаад 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр ажлаас чөлөөлсөн байдаг.
Хариуцагч нь нэхэмжлэгчийг Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1 дэх хэсэгт заасан буюу орон тоо цөөрсөн гэдэг үндэслэлээр ажлаас чөлөөлсөн. Ингэхдээ хуульд заасан хугацаанд урьдчилан мэдэгдээгүй, хууль бусаар ажлаас чөлөөлсөн. Тиймээс ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговрыг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж оролцож байна гэжээ.
4. Хариуцагчийн өмгөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ******** сумын ******** захирлын 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Б/04 тушаалаар тус сургуулийн эмчээр ажиллаж байсан Ж.О-ийг үндсэн орон тоо хасагдсан тул ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн харилцааг цуцалж, ажлаас чөлөөлсөн бөгөөд Ж.О нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд, Сангийн сайдын 2018 оны хамтарсан тушаалаар баталсан Төрийн болон орон нутгийн өмчийн ******** багшаас бусад захиргааны удирдлага, боловсролын бусад ажилтны орон тооны жишиг нормативаар 481-ээс дээш суралцагчтай сургууль эмчтэй байхаар баталсан бөгөөд ******** сумын ******** нь 401 суралцагчтай учир эмчгүй ажиллах шаардлагатай болсон.
Тухайн шийдвэрийн хэрэгжилтийг хангах талаар Боловсролын ерөнхий газрын 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 1/1711 албан бичиг, Говь-Алтай аймгийн Боловсрол шинжлэх ухааны газрын даргын 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 305 тоот албан бичгүүд ирүүлж 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн жишиг нормативаас илүү ажиллаж байгаа ажилтнуудын цалинг санхүүжүүлэх боломжгүй талаар чиглэл өгч, тус шийдвэрийн хувийг Үндэсний аудитын газарт хүргүүлсэн байдаг.
******** сумын ******** 2023 оны батлагдсан төсөвт эмчийн орон тооны төсөв бүрэн суугдаж батлагдсан учир Ж.О эмчийг тухайн онд цалинжуулах боломжтой учраас ажил олгогчийн хувьд ажиллуулсан байдаг.
Харин 2024 онд тухайн орон тооны цалин хасагдсан учир 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Ж.О-д ажил олгогчоос мэдэгдэл хүргүүлж орон тоо хасагдсан учраас хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах мэдэгдлийг хүргүүлсэн.
Цалингийн сан орон тоонд хүрэлцэхгүй учраас ******** сумын ******** захирлын 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн А/02 тушаалаар 2024 онд ажиллах багш, ажилчдын орон тоо, бүтцийг жишиг нормативт нийцүүлэн баталсан бөгөөд сургуулийн эмчийн орон тоо хасагдсан байна.
2024 оны 01 дүгээр сард сургуулийн эмчийн орон тоо илүү ажиллуулсантай холбоотойгоор бусад ажилчдын нэмэгдэл цалинг олгох боломжгүй байдалд хүрсэн учир ******** захирлын 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Б/04 тушаалаар Ж.О-ийг ажил олгогчийн санаачилгаар ажлаас чөлөөлөх шийдвэрийг гаргасан байна.
Ж.О-ийг хөдөлмөрийн гэрээний биелэлт, хөдөлмөрийн дотоод журам, сахилгын шийтгэлийн үндэслэлээр ажлаас чөлөөлөөгүй бөгөөд тухайн орон тоо нь хасагдаж, санхүүжилтгүй болсон учир ажлаас чөлөөлсөн болохыг анхаарч үзэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:
Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Х овгийн Ж.О-ийг урьд эрхэлж байсан ажил буюу Говь-Алтай аймгийн ******** сумын ******** эмчийн ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д заасныг баримтлан хариуцагч Говь-Алтай аймгийн ******** сумын Ерөнхий боловсролын сургуулиас 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийг дуустал ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор нийт 14,588,620 /арван дөрвөн сая таван зуун наян найм мянга зургаан зуун хорь/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х овгийн Ж.О-д олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д заасныг баримтлан дээрх олговороос зохих шимтгэл, хураамжийг тооцон нэхэмжлэгч Ж.О нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийж, баталгаажуулалт хийхийг хариуцагч Говь-Алтай аймгийн ******** сумын ********даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагад 70.200 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах шаардлагын хангагдсан хэмжээ 14,588,620 төгрөгт ноогдох улсын тэмдэгтийн хураамж 230,893 төгрөг, нийт 301,093 төгрөгийг хариуцагч Говь-Алтай аймгийн ******** сумын Ерөнхий боловсролын сургуулиас гаргуулан улсын орлогод оруулж ... шийдвэрлэжээ.
6. Хариуцагчийн өмгөөлөгч О.А давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:
Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 133/ШШ2024/00400 дугаартай шүүхийн шийдвэрийг 10 дугаар сарын 17-ны өдөр гардаж аваад дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.
******** сумын ******** эмч Ж.О-ийг орон тоо цомхотгогдсон гэх үндэслэлээр ажил олгогч ажлаас чөлөөлсөн бөгөөд анхан шатны шүүхээс Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4-ийг зөрчиж ажилтныг ажлаас чөлөөлсөн бөгөөд ажил олгогч ажлаас чөлөөлөх мэдэгдэх хуудсыг нэхэмжлэгчид хэзээ, хэрхэн яаж гардуулж мэдэгдсэн болох нь нотлогдон тогтоогдохгүй, нэхэмжлэлийн шаардлагын татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, ажлаас чөлөөлсөн шийдвэрийнхээ үндэслэлийг бүрэн нотлоогүй тул нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэлээ гэжээ.
Анхан шатны шүүхэд ажил олгогч буюу ******** сумын ******** эмчийн орон тоог цомхотгож, санхүүжилт олгохгүй болсон талаар Боловсролын ерөнхий газар, аймгийн Боловсрол, соёл, шинжлэх ухааны газраас ирүүлсэн албан бичиг, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд, Сангийн сайдын 2018 оны хамтарсан тушаалаар Төрийн болон орон нутгийн өмчийн ******** багшаас бусад ажилтны орон тооны жишиг норматив, ажлаас чөлөөлсөн тушаал, ажил олгогчоос хүргүүлсэн мэдэгдэл зэргийг нотлох баримтаар анхан шатны шүүхэд хүргүүлсэн байдаг.
Тус нотлох баримтуудаар ******** 481-ээс доош суралцагчтай сургуульд эмч ажиллуулах боломжгүй, орон тоог санхүүжүүлэхгүй орон тоо цомхотгогдсон болох нь нотлогдож байхад хасагдсан орон тоон дээр тухайн ажилтныг эгүүлэн ажилд томилж байгаа нь шүүхийн шийдвэр хэрэгжих боломжгүй нөхцөл байдалд хүргэж байна.
Хэдийгээр ажил олгогч нь 30-аас доошгүй хоногийн өмнө бичгээр мэдэгдсэн гэх үйл баримт хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдоогүй боловч нэхэмжлэгч Ж.О-ийг урьд эрхэлж байсан сургуулийн эмчийн ажилд эгүүлэн тогтоох үндэслэл болохгүй. Учир нь хариуцагч Говь-Алтай аймгийн ******** сумын ******** захирал нь орон тоо цомхотгогдоогүй орон тооны ажилтныг ажилд авах, томилох эрхтэй. Орон тоо цомхотгогдсон, орон тооны санхүүжилт олгогдохгүй болох нь нотлох баримтаар тогтоогдсон, удирдах дээд байгууллагуудаас орон тоог цомхотгох талаар өгсөн үүрэг чиглэлийг хэрэгжүүлж ажлаас чөлөөлөх шийдвэр гаргасан орон тоонд шүүхээс нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоосон ч шүүхийн шийдвэр хэрэгжих эрх зүйн хувьд боломжгүй, зөрчигдсөн гэж үзэж буй эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргэх боломжгүй. Анхан шатны шүүхээс хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалж, ажилтныг ажлаас чөлөөлсөн ажил олгогчийн шийдвэр нь хуульд нийцсэн эсэх талаар эрх зүйн дүгнэлт хийж, уг хөдөлмөрийн эрхийн маргааныг агуулгаар нь хянан шийдвэрлэх эрх зүйн үндэслэлтэй, орон тоо цомхотгогдсон болох нь нотлох баримтаар хавтаст хэрэгт авагдсан, хариуцагч талаас энэ талаар маргаж байхад эрх зүйн дүгнэлт хийхгүйгээр тус нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж байгаа нь хуульд нийцэхгүй байна. Иймд Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 133/ШШ2024/00400 дугаартай шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
7. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.
8. Нэхэмжлэгч Ж.О нь Говь-Алтай аймгийн ******** сумын ******** холбогдуулан тус сургуулийн эмчийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхээр шаарджээ.
9. Хариуцагч Говь-Алтай аймгийн ******** сумын *********** төлөөлж тус сургуулийн захирлыг түр орлон гүйцэтгэгч Б.Б нь Боловсрол, Соёл, шинжлэх ухаан, спортын сайд, Сангийн сайдын хамтарсан “Орон тооны жишиг норматив батлах тухай” 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн А/024/11 дүгээр тушаалаар 481-ээс дээш суралцагчтай сургууль эмчтэй байж байхаар тогтоосон.
******** сумын ******** нь 401 суралцагчтай, эмч ажиллуулах шаардлагагүй боловч эмч ажилуулж байсан учраас Боловсролын ерөнхий газрын 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 1/1711 албан бичиг, Говь-Алтай аймгийн Боловсрол шинжлэх ухааны газрын даргын 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 305 тоот албан бичгүүдээр 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн жишиг нормативаас илүү ажиллаж байгаа ажилтнуудын цалинг санхүүжүүлэх боломжгүй талаар чиглэл өгсөн.
******** сумын ******** 2023 оны батлагдсан төсөвт эмчийн орон тооны төсөв бүрэн суугдаж батлагдсан учир Ж.О эмчийг тухайн онд цалинжуулах боломжтой учраас ажил олгогчийн хувьд ажиллуулсан.
******** сумын ******** захирлын 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн А/02 тушаалаар 2024 онд ажиллах багш, ажилчдын орон тоо, бүтцийг Орон тооны жишиг нормативт нийцүүлэн сургуулийн эмчийн орон тоог хасч баталсан.
Тиймээс 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр эмч Ж.О-д ажил олгогчоос урьдчилан мэдэгдэл хүргүүлж, 2024 оны 01 дүгээр сард сургуулийн эмчийн орон тоог илүү ажиллуулсантай холбоотойгоор бусад ажилчдын нэмэгдэл цалинг олгох боломжгүй байдалд хүрсэн учир ******** захирлын 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Б/04 тушаалаар Ж.О-ийг ажил олгогчийн санаачилгаар ажлаас чөлөөлөх шийдвэрийг гаргасан.
Нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэж мэтгэлцжээ.
10. Боловсрол, Соёл, шинжлэх ухаан, спортын сайд, Сангийн сайдын хамтарсан “Орон тооны жишиг норматив батлах тухай” 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн А/024/11 дүгээр тушаалаар 481-ээс дээш суралцагчтай сургууль эмчтэй байж болохоор, 481-ээс доош хүүхэдтэй сургуульд эмч ажиллуулахгүй бөгөөд сум, дүүргийн эрүүл мэндийн төв, багийн эмнэлэг, өрхийн эмнэлгээс шаардлагатай урьдчилан сэргийлэх болон бусад тусламж үйлчилгээг авч хэрэгжилтийг хамтран зохион байгуулахаар заажээ.
11. Говь-Алтай аймгийн ******** сумын ******** нь 2023-2024 оны хичээлийн жилд 401 хүүхэдтэй байсан буюу Орон тооны жишиг нормативт зааснаар эмч ажиллуулахгүй сургуульд хамаарч байсан ч энэхүү нормативыг зөрчиж эмч ажиллуулж байжээ.
12. Засгийн газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 14 дэх заалтад боловсролын сайд нь боловсролын тогтолцоог хөгжүүлэх асуудлын хүрээнд бодлогын төлөвлөлт, боловсруулалт, удирдлага, зохицуулалт хийх ажлыг эрхлэхээр заасан бөгөөд Монгол улсын Засгийн газрын 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдийн 403 дугаар тогтоолоор Боловсрол, шинжлэх ухааны сайдын эрхлэх асуудлын хүрээнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Боловсролын ерөнхий газрыг байгуулсан байна.
13. Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар агентлаг нь хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын болон сайдын шийдвэрийг биелүүлэх ажлыг эрхэлсэн хүрээ, салбарын хэмжээнд зохион байгуулж, биелэлтийг хангах эрх хэмжээтэй байхаар заажээ.
14. Энэ эрх хэмжээнийхээ хүрээнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Боловсролын ерөнхий газар нь 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдөр төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулиудад Боловсрол соёл, шинжлэх ухаан спортын сайд, Сангийн сайдын 2018 оны А/024/11 дугаартай хамтарсан тушаалаар батлагдсан ******** багшаас бусад ажилтны орон тооны жишиг нормативаас илүү ажилтны цалинг санхүүжүүлэх боломжгүй болсныг мэдэгджээ.
15. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Боловсролын ерөнхий газрын дээр дурдсан албан бичгийн дагуу Говь-Алтай аймгийн Боловсрол шинжлэх ухааны газар нь 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Орон тооны жишиг нормативаас илүү ажилтан ажиллуулж байгаа сургуулиудад уг зөрчлийг арилгах талаар албан бичиг хүргүүлжээ.
16. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг болох Боловсролын ерөнхий газар, Говь-Алтай аймгийн Боловсрол шинжлэх ухааны газар нь Говь-Алтай аймгийн ******** сумын ******** хувьд эрх бүхий дээд шатны байгууллага болно.
17. Тиймээс Говь-Алтай аймгийн ******** сумын ******** захирал нь Орон тооны жишиг нормативаас илүү орон тоонд ажиллаж байсан тус сургуулийн эмчийн орон тоог хасч батлан, өмнө нь батлагдсан байсан цалингийн сан дахь эмчийн цалинд тохируулан ажиллуулсны дараа ажлаас нь чөлөөлж, ажлаас чөлөөлөх тушаалдаа Боловсролын ерөнхий газрын 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 1/1711 дугаар албан бичгийг үндэслэж Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосныг буруутгах үндэслэлгүй байна.
18. Тодруулбал Говь-Алтай аймгийн ******** сумын ******** нь эмч ажиллуулах шаардлага хангагдаагүй байхад нэхэмжлэгч Ж.О-ийг сургуулийн эмчээр томилон ажиллуулж байсан тул дээд шатны байгууллагууд нь энэ зөрчлөө засахыг үүрэг болгосны дагуу эмчийг ажлаас чөлөөлсөн байна.
19. Энэ тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.4 дэх хэсэгт заасан эрх бүхий байгууллага шаардсан гэх хэм хэмжээг хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлах тухайлбал Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1 дэх хэсэгт заасан үндэслэлтэй уялдуулан хэрэглэх нөхцөл байдал үүссэн байна.
20. Нэхэмжлэгч Ж.О нь хариуцагч орон тоо цөөрсөн үндэслэлээр түүнийг ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуульд заасан журмын дагуу урьдчилан мэдэгдээгүй тул ажлаас чөлөөлсөн нь хууль бус гэж мэтгэлцжээ.
21. Ажил олгогч Говь-Алтай аймгийн ******** сумын ******** нь эмч Ж.О-ийг ажлаас чөлөөлөх тушаалынхаа үндэслэлд эрх бүхий дээд шатны байгууллага болох Боловсролын ерөнхий газрын 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 1/1711 дугаар албан бичгийг үндэслэж уг тушаалыг гаргаж байгаагаа тусгасан боловч Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.4 дэх хэсгийг тухайлан дурдаагүй нь хэлбэрийн шинжтэй зөрчил байх тул энэ байдал нь дангаараа уг тушаалыг хууль бус гэж үзэх үндэслэл болохооргүй байна.
22. Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.4 дэх хэсэгт зааснаар дуусгавар болгоход Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1.1, 80.4 дэх хэсэгт заасан ажлын байр хасагдсан, орон тоо цөөрсөн үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай ажилтанд 30-аас доошгүй хоногийн өмнө бичгээр мэдэгдэх журам үйлчлэхгүй.
23. Мөн Говь-Алтай аймгийн ******** сумын ******** нь Боловсрол, Соёл, шинжлэх ухаан, спортын сайд, Сангийн сайдын хамтарсан “Орон тооны жишиг норматив батлах тухай” 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн А/024/11 дүгээр тушаалын 481-ээс дээш суралцагчтай сургууль эмчтэй байж болохоор заасныг зөрчиж эмч ажиллуулж байсан байна.
24. Түүнчлэн Орон тооны жишиг норматив батлах тухай тушаал хүчин төгөлдөр үйлчилж байгаа бөгөөд уг тушаалыг хэрэгжүүлж ажиллах талаарх эрх бүхий байгууллагуудын шийдвэр өөрчлөгдөөгүй, Говь-Алтай аймгийн ******** сумын ******** захирлын 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн А/02 дугаар тушаалаар 2024 онд ажиллах багш, ажилчдын орон тоо, албан тушаалын жагсаалт батлах тухай тушаалаар тухайн сургуульд эмч ажиллуулахгүйгээр тусгасан бөгөөд эдгээртэй нэхэмжлэгч маргаагүй байна.
25. Анхан шатны шүүх эдгээр байдлуудыг анхаарч үнэлэлт дүгнэлт хийгээгүй нь хуулийг зөв тайлбарлан хэрэглэж хэргийг үндэслэлтэй шийдвэрлэхэд сөргөөр нөлөөлсөн байх бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болж байна.
26. Эрүүл мэндийн сайд, боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн “Үлгэрчилсэн загвар, жагсаалт батлах тухай” А/494, А/761 дугаар хамтарсан тушаалын 2 дугаар зүйлд Сургууль, хүүхдийн цэцэрлэгт эмч, сэтгэл зүйчийг орон тоогоор ажиллуулахыг өмчийн бүх хэлбэрийн ********, цэцэрлэгийн захирал, эрхлэгч нарт үүрэг болгосон байгаа нь эмч ажиллуулах шаардлага хангасан хүүхдийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулиудад хамаарахаас гадна эмчийн ажлын байрны тодорхойлолтын үлгэрчилсэн загварыг, сургуульд байх шаардлагатай эм, багаж, хэрэгслийн жагсаалт батлах үндсэн зорилготой ерөнхий зохицуулалт бүхий тушаал байна.
27. Харин Боловсрол, Соёл, шинжлэх ухаан, спортын сайд, Сангийн сайдын хамтарсан “Орон тооны жишиг норматив батлах тухай” 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн А/024/11 дугаар тушаал ******** орон тооны асуудлыг зохицуулах үндсэн зорилготой, илүү нарийвчилсан зохицуулалт бүхий журам байна.
28. Гэрч Б-ын мэдүүлэг нь ерөнхий мэдээлэл агуулсан бөгөөд нэхэмжлэгч Ж.О нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг нотлоогүй байна.
29. Мөн Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэгт ******** захирал, сургалтын менежер, нийгмийн ажилтан, багш, сэтгэл зүйч, эмч, номын санч болон холбогдох хууль тогтоомжид заасан ажилтан ажиллахаар заасан нь ерөнхий агуулга бүхий зохицуулалт байх бөгөөд хуульд заасан журмаар тухайн байгууллагын цалингийн сан, орон тоо батлагдсан тохиолдолд хэрэгжих боломжтой байна.
30. Дээр дурдсан нөхцөл байдлуудаас үндэслэн дүгнэвэл Говь-Алтай аймгийн ******** сумын ******** нь Монгол улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг болох Боловсролын ерөнхий газрын 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн Орон тооны жишиг нормативаас илүү байгаа ажилтнуудын цалинг 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн санхүүжүүлэх боломжгүй болж байгааг мэдэгдсэн албан бичиг, Говь-Алтай аймгийн Боловсрол шинжлэх ухааны газрын 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн Орон тооны жишиг нормативаас илүү ажилтан ажиллуулж байгаа зөрчлийг арилгахыг даалгасан албан бичиг зэргийг үндэслэн хариуцагч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1 дэх хэсэгт зааснаар тухайн сургуульд орон тооны жишиг нормативаас илүү ажиллаж байсан эмчийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон нь хууль зөрчөөгүй байна.
31. Тиймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Ж.О-ийн Говь-Алтай аймгийн ******** сумын ******** эмчийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин, хөдөлмөрийн хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг гаргуулж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 133/ШШ2024/00400 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.БАТТОГТОХ
ШҮҮГЧИД Ц.ОЮУН-ЭРДЭНЭ
Ч.ЭНХТӨР