| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцэрэнгийн Ренченхорол |
| Хэргийн индекс | 186/2019/0412/э |
| Дугаар | 459 |
| Огноо | 2019-06-03 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | С.Энхтуул |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 06 сарын 03 өдөр
Дугаар 459
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ренченхорол даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номинзул, улсын яллагч С.Энхтуул, шүүгдэгч Ш.О. хохирогч Ж.Золбоо, түүний өмгөөлөгч Б.Эрдэнэболор нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Монгол овогт Шаравхүүгийн Отгонбатад холбогдох эрүүгийн “1911010730441” дугаартай, 186/2019/0412/э индекстэй хэргийг 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1976 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Архангай аймгийн Хотонт суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 7, эхнэр хүүхдүүдийн хамт Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 38-604 тоотод оршин суух бүртгэлтэй, иргэний үнэмлэхний хаяг: Архангай аймгийн Хотонт сум, 2 дугаар Хөөвөр баг, урьд ял шийтгэлгүй,
Монгол овогт Шаравхүүгийн Отгонбат /РД:АМ76051518/,
Холбогдсон хэргийн талаар;
Шүүгдэгч Ш.Отгонбат нь 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Чингэлтэй дүүргийн 18 хороо, Яргайтын 35 дугаар гудмжны 584 тоотод орших нийтийн байрны 11 тоотод хохирогч Ж.Золбоотой маргалдан улмаар нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлэг:
1.1.Шүүгдэгч Ш.Отгонбат нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:..Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн.Одоо барилгын туслах ажил хийдэг.Өдрийн 40 000 төгрөг сард 1 000 000 төгрөг орчим орлоготой.Эхэлж намайг өөрөө цохьсон.Нүүр лүү нь 1 удаа цохьсон.Хохирогчоосоо уучлал гуйсан.Цаашид гарах эмчилгээний зардлыг төлөх болно.Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.
1.2.Хохирогч Ж.Золбоот шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:..2019 оны 4 дүгээр сарын 3-ны шөнө явж байгаад Батбаяр ахтай таарсан. Ганаагийн паабад орж Батбаяр ахад пиво авч өгсөн. Дараа нь гэрт нь орох үед Ш.Отгонбат ах шоронгийн тухай яриад орилоод хэвтээд байсан. Тэгээд намайг хэвтэж байхад Ш.Отгонбат миний нүүр рүү өшиглөсөн. Тэгээд би гараад ээждээ хэлээд цагдаа дуудсан. 344.300 төгрөгийн эмчилгээний зардал гарсан байгаа. Урд шүдээ янзлуулахын тулд урьдчилгаа гэж 100.000 төгрөг өгсөн. 3.000.000 төгрөгөөр шүд хийлгэнэ. 300.000 төгрөгийг шүүгдэгчээс авсан гэв.
Хоёр: Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
2.1.Мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч Ж.Золбоотын:..Миний хувьд 2019 оны 04 дүгээр сарын 02-ны орой 23 цаг өнгөрч байх үед Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо Яргайт 38 дугаар гудамжинд ойролцоо амьдардаг Батбаяр ахтай хамт шөнө 01 цагийн үед Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороонд байрлах "Анар" баар луу орж нэг нэг шил пиво уучихаад 01 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо Яргайт 38-604 тоотод байрлах Батбаяр ахын гэрт ортол эхнэр нь согтуу унтаж байсан ба зүс таних Зулаа гэгч үүдний хэсэгт газар хэвтэж байсан ба цаана нь нэг эрэгтэй хэвтэж байсан юм.Ингээд би Батбаяр ахтай юм яриад байж байтал цаана хэвтэж байсан залуу согтуу шоронгийн талаар яриад намайг мэдэх үү гээд ярьж байсанаа намайг сандал дээр сууж байтал шууд нүүр лүү өшиглөх үед шууд шүд унасан учир би гараад ээждээ мэдэгдээд уг хүнийг цагдаад бариулсан гэх мэдүүлэг. /хх-н 10-12/,
2.2.Мөрдөн шалгах ажиллагааны үед гэрч Ш.Батбаярын:..Золбоог цугтаа гарч манай гэр лүү буюу яргайт 38-604 тоотод очих үед манай эхнэр Оюунцэцэг унтчихсан, харин төрсөн дүү Ш.ОЗулаа гээд эмэгтэйн хамтаар согтуу байсан. Золбоо Зулаагийн талаар юм хэлээд Отгонбаттай маргалдах үедээ Отгонбатыг өшиглөөд авсан чинь Отгонбат уурлаад сууж байсан Золбоогийн нүүр лүү нь гараараа 1 удаа цохьсон чинь Золбоо шүд уначихлаа гэж гарч яваад ээжийгээ дагуулж орж ирээд дүү Ш.Отгонбатыг авч явсан гэх мэдүүлэг. /хх-н 18-19/,
2.3.Шүүхийн шижилгээний үндэсний хүрээлэнгийн №4202 тоот актын:
Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд:
3.1.Улсын яллагч хавтаст хэргээс:..10-12 дугаар хуудас Ж.Золбоогийн мэдүүлэг, 18-19 дүгээр хуудас гэрч Г.Батбаярын мэдүүлэг, 42-45 дугаар хуудас яллагдагч Ш.Отгонбатын мэдүүлэг, 35 дугаар хуудас Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 4202 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.
Хохирогчийн өмгөөлөгч хавтаст хэргээс:..32 дугаар хуудас эмчилгээний баримт, 35 дугаар хуудас Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 4202 дугаартай дүгнэлт, 42-45 дугаар хуудас яллагдагч Ш.Отгонбатын мэдүүлэг, 57 дугаар хуудас ажлын газрын тодорхойлолт, шинээр гарган өгсөн 7 хуудас эмчилгээний баримт зэргийг шинжлэн судлав.
Шүүгдэгч: Хавтаст хэргээс тусгайлан шинжлэн судлуулах зүйлгүй гэв.
Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд шүүх хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудын
шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараах үйл баримтыг тогтоов.
Шүүгдэгч Ш.Отгонбат нь 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Чингэлтэй дүүргийн 18 хороо, Яргайтын 35 дугаар гудмжны 584 тоотод орших нийтийн байрны 11 тоотод хохирогч Ж.Золбоотой маргалдан улмаар нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан хохирогч Ж.Золбоо 344.300 төгрөгийн эмчилгээний зардал гарсан байгаа. Урд шүдээ янзлуулахын тулд урьдчилгаа гэж 100.000 төгрөг өгсөн. 3.000.000 төгрөгөөр шүд хийлгэнэ. 300.000 төгрөгийг шүүгдэгчээс авсан гэх мэдүүлэг, гэрч Ш.Батбаяр мэдүүлэг, шүүх эмнэглгийн шинжилгээний 4202 дугаар дүгнэлт шүүгдэгчийн мэдүүлэг, шүүх хуралдаанд шүүгдэгчээс гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэг болон хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Мөрдөгч хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон прокуророос хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Ш.Отгонбат нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмуудыг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүхээс шүүгдэгч Ш.Отгонбатыг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1-д заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.
Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа боловч шүүх хуралдааны явцад шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, түүний хувийн байдал зэргийг тус тус харгалзан ял оногдуулах нь эрүүгийн хариуцлагын нийгэмшүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгод нийцсэн, гэм буруутай этгээдэд ял шийтгэл нь тохирсон байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох нь зүйтэй байна гэж дүгнэлээ.
Шүүгчдэгчийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, шүүх шүүгдэгчийн хөрөнгө,
цалин хөлс, бусад орлого олох боломж, мөн зэргийг харгалзан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, хохирогч Ж.Золбоот цаашид шүдээ хийлгэхэд эмчилгээний зардал 3.000.000 төгрөгөөр хийлгэх тул баримтаа бүрдүүлэн гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх, шүүгдэгч Ш.Отгонбат нь 300.000 төгрөг өгсөн гэх мэдүүлэг, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээрзүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Монгол овогт Шаравхүүгийн Отгонбатыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ш.Отгонбатыг 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 / таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Ш.Отгонбатад оногдуулсан торгох ялыг 3 /гурван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Ш.Отгонбат нь тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.
5. Шүүгдэгч Ш.Отгонбат нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хохирогч Ж.Золбоот нь эмчилгээ хийлгэсэн нотлох баримтаа бүрдүүлж жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.Отгонбатад урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.РЕНЧЕНХОРОЛ