Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 102/ШШ2016/04606

 

2016 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 102/ШШ2016/04606

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч Р.Алтантуяа, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, 39 дүгээр байр, 43 тоотод оршин суух, Алаг адуу овогт Нацагдоржийн Болорчулуун /РД-УО78072217/-ны нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянгол дүүрэг, 16 дугаар хороо, Орхоны 11 дүгээр гудамжны 6 тоотод оршин суух, Монголчууд овогт Адилбишийн Цэцэг /РД-ЧЖ55012904/,

Хариуцагч: Баянгол дүүрэг, 16 дугаар хороо, Орхоны 11 дүгээр гудамжны 6 тоотод оршин суух, Монголчууд овогт Бат-Эрдэнийн Батпүрэв /РД-ЧЖ85030718/ нарт холбогдох

Хөршийн эрх зөрчсөн нөхөн төлбөрт 27,329,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагч А.Цэцэг, Б.Батпүрэв, тэдгээрийн өмгөөлөгч Ө.Энхтайван /шүүхэд төлөөлөх эрх-0498/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Мөнхжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н.Болорчулуун шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Орхоны 11-5, 11-5а тоот газрыг хуулийн дагуу өмчлөх эрхтэй. 2014 оны 8 дугаар сард хажуу айл болох Орхоны 11-06 тоотод оршин суух Б.Батпүрэв, А.Цэцэг нар нь өөрсдийн байшингаа барихдаа миний өмчийн газарт 4,4715 м.кв дур мэдэж орсон.

Үүнийг Б.Батпүрэв, А.Цэцэг нар хүлээн зөвшөөрч, 8 дугаар сарын 18-ны өдөр түр тохиролцоо хийсэн боловч одоог хүртэл шийдэж өгөөгүй болно.

Иймд тэдний байшингийн газарт орсон миний өмчийн 4,4715 м.кв буюу 4,4715 м.кв-ыг 4 давхар болох 17,886 м.кв-ын хохирол 26,829,000 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт 27,239,000 төгрөгийг нэхэмжилж байна.

Миний бие өөрийн газар 3 давхар байшин барих гэсэн боловч хариуцагч нарын байшинд орсон 17,886 м.кв газрын хохирол амсаад байна гэжээ.

Нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөхдөө: Хариуцагч нар нь миний өмчлөлийн газар руу хууль бусаар зөвшөөрөлгүйгээр нэвтрэн орж, миний өмчлөлийн газарт өөрийн барилгыг барьж иргэн миний өмчлөх эрхэд ноцтойгоор халдсан бөгөөд хууль бус үйлдлээ зогсоох шаардлага тавихад анх миний шаардлагыг хүлээж аваагүй.

Тиймээс би газраа хамгаалах арга хэмжээ авсны үр дүнд Б.Батпүрэв, А.Цэцэг нарын барилгын суурь манай газар руу нэвтрэн орсныг баримтжуулж, намайг хохиролгүй болгох агуулга бүхий хэлцэл байгуулсан.

Гэвч хариуцагч нар энэ тохиролцоогоо санаатайгаар зөрчиж, намайг хууран мэхэлсэн.

Би өөрийн өмчлөлийн газар дээр 4 давхар нийтийн орон сууцны барилга барихаар төлөвлөн, барилгын зураг төслийг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэн дараагийн шатны ажлыг гүйцэтгэхээр ажиллаж байсан боловч иргэн Б.Батпүрэв, А.Цэцэг нарын санаатай, хууль бус үйлдлээс би барилгын ажлаа гүйцэтгэх боломжгүй болж, гэм хорын хохирол учраад байна.

Иймд хариуцагч Б.Батпүрэв, А.Цэцэг нараас 27,329,000 төгрөг гаргуулж, миний өмчлөх эрхэд учруулсан гэм хорыг арилгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч А.Цэцэг, Б.Батпүрэв нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Бид Гандан дэнжийн гэр хорооллыг сайжруулах төслийн дагуу байшин барих болсон. 2014 оны 7 дугаар сарын 22-нд Н.Болорчулуун нь газраа хамтарч ухаад байшингаа хамт баръя гэж санал тавьсан. Бид Н.Болорчулуунтай байшингийнхаа суурийг хамтарч ухсан. 2014 оны 8 дугаар сарын 7-ны үед Н.Болорчулуунд байшингийнхаа суурийн шугамыг татна хүрээд ир гэсэн чинь өөрөө ирээгүй ажилтанаа явуулсан байсан. Бид суурийн шугамаа түүний ажилтантай хамт хашааны урд талаар хэмжээд 12,36 м.кв байсан. 2 талын айлдаа 40, 40 см үлдээгээд 11.5 м өргөн 14 м урттай байшингийн суурь тавьсан.

2014 оны 8 дугаар сарын 14-ний өдөр 1 давхрын хучилтыг тавих үед Н.Болорчулуун ирээд танайх манай газар луу ар талаараа орсон байна, байшинг чинь бариулахгүй гээд кран хучилтын хавтан ачсан 4 машины замыг өөрийн машинаар хааж зогссон.

Ингээд аргагүйн эрхэнд Н.Болорчулуунтай түр гэрээ хийж, гарын үсэг зурж чөлөөлүүлсэн болно. Бид урд талаараа хэмжээд ард талаараа хэмжээгүй тул Н.Болорчулууны өмчийн газарт 35 см орсон байсан. Харин урдуураа нэхэмжлэгчид 30 см үлдсэн.

Бид шинжээчийн дүгнэлтээр гарсан нэхэмжлэгчийн газарт 3,8 м.кв газар нэвтрэн орсноо мөн газрын үнэлгээг 900,000 төгрөгөөр тогтоосныг хүлээн зөвшөөрч, тэр хэмжээгээр төлж болно.

Агаарын орон зайг үнэлснийг хүлээн зөвшөөрөхгүй. Агаарын хилийг Иргэний хуульд ямар тохиолдолд тооцдог вэ гэхээр газрын суурь хэсгээрээ нэвтрээгүй ч тухайлбал тухайн барилга 3 дахь давхраа хажуу талын газар эзэмшигчийн газрын зааг руу нэвтрүүлэн оруулсан байдлаар барьсан тохиолдолд газар эзэмшигчийн хил рүү нэвтэрсэн гэж үздэг. Тэрнээс анхнаасаа суурь хэсэг буюу барилга баригдахаасаа эхлээд хажуу газар эзэмшигчийн газар руу нэвтэрсэн байвал тэр хэсгийг л тооцдог.

Мөн нэхэмжлэгч одоо тэр газартаа байшин бариагүй бөгөөд бид түүнд гэм хорын хохирол учруулаагүй.

Учир нь нэхэмжлэгчийн зөвшөөрлийн дагуу түүний газар руу нэвтэрсэн хэсэг дээр байшингийнхаа зохих хэсгийг байрлуулсан бөгөөд нэхэмжлэгч бидэнтэй тухайн үед тохиролцохгүйгээр газар руугаа хэтэрсэн хэсэгт байшинг байрлуулахгүй байх бүрэн боломжтой байсан.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлд зааснаар гэм хорыг арилгах үүрэг нь гэрээний үндсэн дээр бус хуульд зааснаар үүсдэг үүрэг юм.

Тэгэхээр зохигчид харилцан тохиролцож буюу нэхэмжлэгч өөрийн газар руу нэвтэрсэн хэсэгт хариуцагчийн байшингийн хэсгийг байрлуулахыг зөвшөөрч, харин хариуцагч байшингийн ханаа дундын хана болгохыг зөвшөөрөх, эсхүл дундын хана болгох боломжгүй бол тухайн нэхэмжлэгчийн газар руу хэтэрч нэвтэрсэн хэсэг газрын үнийг зах зээлийн ханшаар тооцон төлөх үүргийг хариуцагч хүлээсэн байхад хариуцагч нарыг хууль зөрчиж, санаатайгаар гэм хор учруулсан гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлгүй болно.

Нэхэмжлэгч өөрөө нэхэмжлэлдээ ... намайг хохиролгүй болгох агуулга бүхий хэлцэл байгуулсан гэж дурдан иргэний эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1 дэх хэсэгт заасан гэрээ, хэлцэл байгуулсан үндэслэлээр үүсгэснээ илэрхийлсэн байна.

Түүнчлэн хариуцагчдыг тохиролцоогоо санаатай зөрчиж, хууран мэхэлсэн гэж дурдсан нь үндэслэлгүй юм.

Хариуцагчийн зүгээс дундын хана болох асуудлыг эхлээд шийдье, үүний дараа нэхэмжлэгчийн газарт хэдий хэмжээгээр нэвтэрсэн юм, тэр газрынх нь үнийг зах зээлийн бодит ханшаар тооцон төлье гэдэг байр суурийг өнөөдрийг хүртэл илэрхийлсээр ирсэн.

Нэхэмжлэгч бодитоор газар руу нэвтэрсэн хэсэг газрын хэмжээ болох 4,4715 м.кв газраа 4 дахин ихэсгэж 17,886 м.кв болгож, зах зээлд байхгүй хэт өндөр үнээр тооцон нэхэмжлэл гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

Шүүх хэргийн оролцогчдын тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Н.Болорчулуун нь хариуцагч Б.Батпүрэв, А.Цэцэг нараас өөрийн өмчлөх эрхэд гэм хор учруулсан хохиролд 26,829,000 төгрөг, кадастрын цэг тавиулсан 175,300 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид 294,700 төгрөг, нийт 27,329,000 төгрөг гаргуулахаар шүүхэд хандаж байгаа боловч улсын тэмдэгтийн хураамжийг шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу зохигчдод хуваарилан хариуцуулан шийдвэрлэдэг учир нэхэмжлэгчийг 27,004,300 төгрөгийн үнийн дүн бүхий нэхэмжлэл гаргасан гэж үзлээ.

Хариуцагч тал Н.Болорчулууны газар руу нэвтрэн орсон гэх үйлдлийн хувьд маргаагүйн гадна нэвтэрсэн хэмжээгээр төлбөр төлөхийг хүлээн зөвшөөрч, харин агаарын орон зайг үнэлж байгааг, мөн гэм хорын хохирол учруулаагүй гэж маргадаг.

Шүүх бүрэлдэхүүн хэлэлцээд нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ өөрийн өмчлөх эрхэд халдсаны улмаас учирсан гэм хорын хохирол гэж тодорхойлж байх боловч шүүх талуудын хооронд үүссэн харилцааг хөршийн эрх зөрчсөн үйлдэл гэж дүгнэлээ.

Учир нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д заасны дагуу бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр, төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан гэж үзэх 4 нөхцөл буюу гэм хор учирсан байх, хууль бус үйлдэл байх, гэм буруутай байх, шалтгаант холбоо гэсэн нөхцлүүд зайлшгүй байх ёстой.

Гэтэл хэрэгт авагдсан баримтаар дээрх үйл баримт тогтоогдохгүй байхын зэрэгцээ нэхэмжлэгч Н.Болорчулуун нь өөрийн эд хөрөнгөд гэм хор учирсан өөрөөр хэлбэл 27,004,200 төгрөгийн хохирол учирсан гэдгээ баримтаар нотлоогүй байна.

Харин нэхэмжлэгч Н.Болорчулуун, хариуцагч А.Цэцэг, Б.Батпүрэв нарын өмчлөлийн газар нь Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Орхоны 11 дүгээр гудамжны 5, 5/А, 6 тоотод тус тус зэрэгцэн оршдог Иргэний хуулийн 134 дүгээр зүйлийн 134.1-д заасан хөрш залгаа эд хөрөнгө байх бөгөөд хариуцагч нар нэхэмжлэгчийн өмчлөлийн газрыг нэвтрэн хөршийн хил зөрчсөн болох нь хэрэгт авагдсан баримт болон талуудын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нотлогддог. /хх-4-5, 9-10, 21-23/

Түүнчлэн нэхэмжлэгч нь хариуцагч нарын хил зөрчсөн үйлдлийг тухайн цагт нь мэдэж, улмаар талууд 2014 оны 8 дугаар сарын 18-ны өдөр Түр тохиролцоо гэх баримт үйлдэн харилцан гарын үсэг зурсан байх ба уг баримтад Баянгол дүүрэг, 16 дугаар хороо, Орхоны 11-5, 11-6 тоот хашааны хооронд харилцан тохиролцсоны дагуу 0,4 м=40 см орчим 11-5-ын газар руу орсны улмаас үүссэн маргааныг барилгын инженерийн тусламжтайгаар шийдвэрлэхээр, мөн одоо баригдсан ханыг дундын хана болгон ашиглах боломжтой гэвэл 11-6 тал зөвшөөрч байна. 1 давхар хүртэл ажлаа үргэлжлүүлэхийг 2 тал харилцан тохиролцов. Хэрэв боломжгүй бол газрын хэмжээнээс гарсан зөрүүг зах зээлийн ханшаар тохирч, маргааныг харилцан шийдвэрлэхээр тохиролцоонд хүрлээ гэжээ. /хх-206 дугаар тал/

Дээрх тохиролцооны агуулгаас харахад газар эзэмшигч А.Цэцэг, Б.Батпүрэв нар нь Н.Болорчулууны зөвшөөрөлгүйгээр хөршийн хил зөрчсөн боловч нэхэмжлэгч тал хариуцагч нартай тохиролцсон байх тул түүнд Иргэний хуулийн 137 дугаар зүйлийн 137.1-д заасан үүрэг, харин хариуцагч нарт мөн зүйлийн 137.2-т заасан үүрэг тус тус үүссэн байна.

Хариуцагч нарын хувьд хил зөрчсөн гэх үйлдлээ хүлээн зөвшөөрч, шүүхээс томилсон шинжилгээний байгууллага болох Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын дүгнэлтээр тогтоогдсон 3,8 м.кв талбайн хэмжээгээр нөхөн төлбөр төлөхөд татгалзахгүй гэж тайлбарлаж байхаас гадна нэхэмжлэгч тал уг дүгнэлтийн хувьд маргаагүй. /хх-156-164 дүгээр тал/

Н.Болорчулуун нь хил зөрчсөн газрын үнэлгээг 1 м.кв талбайг нь 1,500,000 төгрөгөөр тооцон шүүхэд нэхэмжлэл гаргасан хэдий ч тухайн газрын зах зээлийн үнэ ийм байгаа гэдгээ баримтаар нотлохгүй байна.

Харин зохигчдын хүсэлтээр шүүхээс томилогдсон шинжээч Хөрөнгийн үнэлгээний төв" ХХК-ийн 2015 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 13 тоот дүгнэлтээр Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Гандан орчмын газрын нэгж талбайн зах зээлийн үнийг 900,000 төгрөг байгаа болохыг тодорхойлсон тул шүүх уг дүгнэлтийг шийдвэрийн үндэслэл болгох нь зүйтэй гэж үзлээ. /хх-58-61 дүгээр тал/

Иймээс Иргэний хуулийн 137 дугаар зүйлийн 137.2-т заасныг баримтлан хариуцагч А.Цэцэг, Б.Батпүрэв нараас газрын нөхөн төлбөрт 3,420,000 /3,8 м.кв х 900,000/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.Болорчулуунд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 23,909,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 294,595 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагч Б.Батпүрэв, А.Цэцэг нараас 69,670 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгох нь зүйтэй байна.

Шинжээчийн зардлын хувьд: нэхэмжлэгч Н.Болорчулуун нь Барилгын хөгжлийн төвийн шинжээчийн зардалд 868,175 төгрөг төлсөн байх тул хариуцагч нараас Хөрөнгийн үнэлгээ төв ХХК-ийн шинжээчийн зардал болох 365,220 төгрөгийг гаргуулан тус компанид олгох нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь заалтад нийцнэ гэж үзлээ. /хх-57,155,157, 207 дугаар тал/

Шүүх хэргийн 70-78, 148, 169-189 дүгээр хуудсанд авагдсан баримтуудыг нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй гэж үзэн, шийдвэрийн үндэслэлээ болгоогүй болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 137 дугаар зүйлийн 137.2-т заасныг баримтлан хариуцагч Б.Батпүрэв, А.Цэцэг нараас 3,420,000 /гурван сая дөрвөн зуун хорин мянган/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.Болорчулуунд олгож, нэхэмжлэлээс үлдэх 23,909,000 /хорин гурван сая есөн зуун есөн мянган/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 294,595 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Батпүрэв, А.Цэцэг нараас 69,670 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгож, мөн шинжээчийн зардал болох 365,220 төгрөгийг гаргуулан Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД

ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА

М.БАЯСГАЛАН