Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 215/МА2024/00015

 

  

2024         12              19                                 215/МА2024/00015


С.О-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай


 Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Энхтөр даргалж, шүүгч Ц.Оюун-Эрдэнэ, Ш.Баттогтох нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,
Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 133/ШШ2024/00449 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн ********* сумын ******** баг *** - *** тоотод оршин суух, С.О-ийн нэхэмжлэлтэй,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч Ш.Баттогтохын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.М нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага: 1986 оны 10 дугаар сараас 1991 оны 07 дугаар сарын 19-ний өдрийг дуусталх хугацаанд Говь-Алтай аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний удирдах газарт ******* ажиллаж байсан болохыг тогтоолгох тухай.

2. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: С.О нь 1986 оны 6 дугаар сард арван жилээ төгсөөд 10 дугаар сард нь нийтийн аж ахуйн үйлчилгээний газарт ******* ажилласан байдаг. Ингээд ажиллаж байгаад 1992 онд хүүхэд асрах чөлөө авсан байхад нь нийтийн ахуйн үйлчилгээний газар татан буугдсан. Тэрнээс хойш тухайн газарт ажиллаагүй байдаг. Мөн өмнө нь зэрэг хамгаалж байсантай холбоотой тушаал байдаг боловч ажилд орсон, гарсан тушаал байдаггүй. Иймээс шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан байгаа. Холбогдох баримтууддаа хамт ажиллаж байсан хүмүүсийн нэрийг өгөөд Говь-Алтай аймагт ажиллаж амьдардаг 3 хүнийг гэрчээр оролцуулъя гэсэн боловч нэг нь Улаанбаатар хотод хувийн ажлаар яваа ирж амжихгүй байгаа учир хоёр гэрчийг оролцуулъя гэсэн саналтай байгаа. Мөн ажиллаж байсан үеийн зураг, нийтийн ахуйн үйлчилгээний газрын номын хэсгийг нотлох баримтаар өгсөн. Гэрч нар тэр талаар нотолж өгөх байх гэдэг үүднээс гэрч нарыг шүүх хуралдаанд оролцуулж байгаа гэжээ.

3. Нэхэмжлэгчээс цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт:
-Говь-Алтай аймгийн Нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээний удирдах газрын даргын 1990 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 150 дугаартай тушаал,
-Б.Г-ийн төрсний бүртгэлийн лавлагаа,
-Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 358 дугаартай тодорхойлолт,
-Говь-Алтай аймгийн Нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээний удирдах газрын даргын 1991 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 10 дугаартай Цалингүй, тэтгэмжтэй чөлөө олгох тухай тушаал,
-НААҮ-АҮ-ний байгууллага үүсч хөгжсөний 80 жилийн ойд зориулав гэх Түүх өгүүлсэн дурсамж номын 53, 54, 286 дугаар талын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, гэрэл зураг,
-С.О-ийн мэргэжлийн үнэмлэх.

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Ж овгийн С.О-г 1990 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 1991 оны 07 дугаар сарын 19-ний өдрийг дуусталх хугацаанд Говь-Алтай аймгийн Нийтийн аж ахуй, ахуй үйлчилгээний удирдах газарт ******* ажиллаж байсан байдлыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас 1986 оны 10 дугаар сараас 1990 оны 06 дугаар сарын 19-ний өдрийг дуусталх хугацаанд ажиллаж байсан болохыг тогтоолгох хүсэлтийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж ..... шийдвэрлэжээ.

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: 

Иргэний хэргийн анхан шатны шүүх нь С.О ажиллаж байсан байдлыг тогтоох тухай хүсэлтийг хянан хэлэлцээд гэрч нарын мэдүүлэг үнэлэх боломжгүй, өөр нотлох баримтаар тогтоогдохгүй гэж дүгнэж байгаа нь үндэслэлгүй байна. Говь-Алтай аймгийн Нийтийн аж ахуйн газрын баримт материал архивт дутмаг байдаг бөгөөд хамт ажиллаж байсан хүмүүсийн гэрэл зургийг нотлох баримтаар гаргаж өгч гэрч нар гэрэл зураг дээрх хүмүүсийг таньж мэдүүлэг өгсөн. Мөн өөрсдөө хэзээ ажилд орсон болохоо илэрхийлж миний дараа, өмнө орсон талаараа мэдүүлж байхад ажилд орсон нь тодорхойгүй талаар дүгнэж нэхэмжлэлийн зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож байгаа нь хуулийн үндэслэлгүй байна. Хэрэв анхан шатны шүүхэд өөр нотлох баримт шаардлагатай байсан бол нотлох баримт гаргуулахаар шүүх хуралдааныг хойшлуулах эрх хэмжээ ч байсан. Гэрч нарын тухайд нэг нь тэтгэвэрт гарсан, нөгөө нь тэтгэвэрт гарахаар материалаа бүрдүүлээд нийгмийн даатгалд өгчихсөн хүмүүс байгаа бөгөөд тухайн хүмүүсийн ажилд орж байсан цаг хугацааг нарийвчлан тогтоох шаардлагатай байсан бол шаардах эрх нь шүүхэд байсан болно. Өөрөөр хэлбэл ажиллаж байсан байдал тогтоох хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тусгай ажиллагааны журмаар явагддаг бөгөөд анхан шатны шүүх санаачлагаараа нотлох баримт цуглуулах боломжтой байсан. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ. 

ХЯНАВАЛ:

6. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаж үзлээ. 

7. Хүсэлт гаргагч С.О итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А-ийн гомдлын зарим хэсгийг хүлээн авч хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

8. Хэргийн 6 дахь талд авагдсан тус аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний удирдах газрын даргын 1990 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 150 дугаар мэргэжлийн шалгалт авсан тухай тушаалд “...оёдлын тасгийн ажилчдаас мэргэжлийн шалгалт  авч 143 ажилчны зэргийг 1 дүгээр хавсралтаар баталжээ. Уг хавсралтын 25 дугаарт 2 дугаар зэрэгтэй ажиллаж байсан С.О-аас шалгалт авч 3 а зэрэг олгожээ.” Энэ нь хэрэгт авагдсан 1990 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн С.О оёдолчны 3 дугаар зэргийн үнэмлэхээр тогтоогджээ. Эдгээр баримтаас үзвэл нэхэмжлэгч нь 1990 оны 06 дугаар сарын 20-ноос өмнө тус байгууллагад 2 дугаар зэрэгтэй ******* ажиллаж байсан байх боломжтой байна. 

9. Анхан шатны шүүх 1986 оны 10 сараас 1990 оны 06 дугаар сарын  19-нийг хүртэлх хугацаанд ******* ажилласан байдлыг тогтоох хүсэлтийг гэрчийн мэдүүлэг дангаар уг байдлыг бүрэн гүйцэд нотлохгүй байна гэж үзэж хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. 

10. Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А-ийн шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д зааснаар гэрчийн мэдүүлгийг дангаар үнэлэх боломжгүй тохиолдолд хэрэгт хүсэлт гаргагчаас гаргаж өгсөн гэрэл зураг, нийтийн аж ахуйн ойн ном дахь гэрэл зургууд түүний холбоо хамаарлыг тодруулахаар шүүх хурлыг нэг удаа хойшлуулж нөхцөл байдлыг тодруулалгүй шийдвэрлэсэн гэх гомдол үндэслэлтэй гэж үзлээ. 

11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д “Шүүх хуралдааны явцад шинээр нотлох баримт шаардагдвал шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулах, хэрэгт хамааралгүй, нотолгооны ач холбогдолгүй, хуулиар зөвшөөрөгдөөгүй баримтыг хэргийн нотлох баримтаас хасах буюу шаардан авахаас татгалзах эрхийг шүүх эдлэх бөгөөд эдгээр тохиолдолд шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана.” гэж заасан ба онцгой ажиллагааны журмаар шийдвэрлэж буй хэргийн тухайд эргэлзээтэй байдлыг тодруулах нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 133/ШШ2024/00449 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, мөн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-д зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 


ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Ч.ЭНХТӨР

                               ШҮҮГЧИД                            Ц.ОЮУН-ЭРДЭНЭ

                                                                       Ш.БАТТОГТОХ