| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцэрэнгийн Ренченхорол |
| Хэргийн индекс | 186/2019/0414/э |
| Дугаар | 484 |
| Огноо | 2019-06-13 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Г.Анармөнх |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 06 сарын 13 өдөр
Дугаар 484
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ренченхорол даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номинзул, улсын яллагч .Г.Анармөнх, шүүгдэгч Д.М, хохирогч “Дун Экс”ББСБ ХХК-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баярмагнай нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Д“ танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Багштан овогт Дэлгэрмаагийн Маралд холбогдох “1911008190376” дугаартай, 186/2019/0414/э индекстэй хэргийг 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, 2019 оны 06 дугаар сарын сарын 13-ны өдөр шүүн хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1990 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, ам бүл 5, нөхөр, 3 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо 21 дүгээр хороолол, Содон 102-97 тоотод оршин суух бүртгэлтэй, хэрэг хариуцах чадвартай,
Багштан овогт Дэлгэрмаагийн Марал /РД:УИ90112862/,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.М нь 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Дун экс” ББСБ-д хуурамч гэрчилгээг ашиглаж буюу 30-88 УБИ улсын дугаартай “Тоёота Ландкруйзер-200”, 28-49 УБВ улсын дугаартай “Тоёота Харриер” маркийн автомашинуудын тээврийн хэрэгслийн гэрчилгээг хуурамчаар үйлдэн, зохиомол байдлыг зориудаар бий болгож, уг гэрчилгээг ашиглан 40.000.000 төгрөгийн зээл гаргуулан авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлэг:
1.1.Шүүгдэгч Д.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:..Мөрдөн шалгах ажиллагааны үеэр өгсөн мэдүүлгүүд үнэн зөв. Би “Дун экс” ББСБ-аас 40.000.000 төгрөг авч хүмүүсийн өрөнд өгсөн гэдэг нь үнэн. Надад 1.500.000 төгрөг үлдсэнийг нь сарын дараа “Дун экс” ББСБ-ын хүүний мөнгө гэж төлсөн, нэхэмжилж байгаа бүх мөнгийг болох 41 600 000 төгрөг төлөхийг зөвшөөрч байна.Бүх үнэнээ хэлсэн гэв.
1.2.Хохирогч “Дун Экс” ББСБ ХХК-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баярмагнай шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:.. 2018 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр Д.Мтай 40.000.000 төгрөгийг 3.5 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлийн гэрээ байгуулсан. Манай байгууллага 2014 оноос эхлээд зээлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа. Санхүүгийн зохицуулах хороонд харьяалагддаг, зээл олгох тусгай зөвшөөрөлтэй компани.Манай байгууллага иргэдэд автомашин барьцаалж зээл олгодог. 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөс 2019 оны 01 дүгээр сар хүртэл 17.500.000 төгрөгийн хүү төлсөн. Эхний сарын хүүг 4 дүгээр сард төлсөн. Дараагийн саруудын хүүг төлөхдөө бөөгнүүлж байгаад хүүг нь төлж явсан. Манай байгууллага 2018 оны 11 дүгээр сараас зээлээ хаах шийдвэр гаргасан ч зээлээ хааж чадахгүй байна. Одоо үлдэгдэл мөнгө нь 40.000.000 төгрөг, мөн үндсэн зээл, 1 сарын хүү болох 1.600.000 төгрөг, нийт 41.600.000 төгрөгийг нэхэмжилж байна гэв.
Хоёр: Шүүгдэгч мэдүүлэг өгсний дараа талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
2.1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчБ.Баярмагнайгийн:..2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Марал гэх эмэгтэй манай байгуулллгад зээл авах хүсэлт тавьсан. Зээлийнхээ барьцаанд өөрийн нэр дээрх Тоёота Ланд круйзер 200, Харриер гэх 2 автомашин барьцаалан 40.000.000 төгрөгийн зээл авах хүсэлт гаргасан. Зээлийн хүсэлтэдээ эгчийнхээ бизнест хөрөнгө оруулалт хийх гэж байгаа гэж дурдсан байсан. Бид 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр зээлийн хүсэлтийг хүлээн авч 40.000.000 төгрөгийн зээлийг олгосон. Тухайн зээл авах үед нь бичиг баримт болох Тоёота Ланд круйзер 200 болон Харриер автомашины тээврийн хэрэгслийн гэрчилгээ нь зээлдэгч Маралын нэр дээр байсан. Тэр өдөр Марал өөрөө Тоёота Харриер маркийн 28-49 УБВ улсын дугаартай цагаан өнгийн автомашиныг унаж ирсэн ба бид автомашиныг үзээд зургийг нь авч баримтжуулсан бөгөөд тээврийн хэрэгслийн гэрчилгээтэйгээ улсын дугаар нэр гэх бүх зүйл нь тохирч байсан. Бид “Тоёота Ланд Круйзер-200 маркийн автомашиныг үзье” гэхэд Марал 120 мянгатад байгаа гэж хэлсэн. Бид хамт 120 мянгатад байх Ки Эйч апартментийн гражид очиход 30-88 УБИ улсын дугаартай хар өнгийн автомашин байсан ба онгойлгож өгөхийг хүсэхэд Марал түлхүүрийг нь эгч аваад явчихаж гэж хэлээд онгойлгоогүй. Бид гаднаас нь хараад зургийг нь аваад тээврийн хэрэгслийн гэрчилгээ автомашины улсын дугаар тохирч байхаар нь зээл авах хүсэлтийг нь зөвшөөрч Авто тээврийн үндэсний төвд хандан уг 2 автомашиныг “Дун Экс” ББСБ-ын нэр дээр шилжүүлэх албан тоотыг хийж Марал гэх эмэгтэйд өгсөн. Бид зээлийн хугацааг сунгаагүй бөгөөд 1 сарын хугацаанд зээлийг төлж барагдуул гэсэн шаардлага тавьсан боловч төлж барагдуулаагүй ба Маралтай холбогдоход би автомашиныг зараад танай зээлийг барагдуулна, машин эгч унаж явсан байгаа гэж хэлээд гэх мэтчилэн шалтаг хэлээд төлөлт хийгээгүй. Ийм зүйл болсон учир бид барьцаанд авагдсан Ланд Круйзер-200 маркийн автомашиныг битүүмжилэхээр 30-88 УБИ улсын дугаартай автомашиныг хайж эхэлсэн. Гэтэл уг автомашины эзэмшигч нь 40-50 орчим настай эрэгтэй хүн байсан. Би уг автомашиныг манай байгууллагын барьцаанд байгаа гэж хэлэхэд тухайн эрэгтэй би энэ автомашиныг Хаан банкны лизингээр авсан одоо хүртэл Хаан банкны нэр дээр байга гэж хэлээд надад тээврийн хэрэгслийн гэрчилгээгээ үзүүлсэн. Бид Маралтай холбогдоод энэ талаар хэлэхэд Марал надад яаралтай мөнгөний хэрэгцээ гараад ийм зүйл хийсэн. Тухайн тээврийн хэрэгслийн гэрчилгээ нь хуурамч гэдгийг хүлээн зөвшөөрч байна гэж хэлсэн. Би Маралаас үндсэн зээл болох 40.000.000 төгрөг, сүүлийн сарын хүү 1.600.000 төгрөгийг нэхэмжилж байна гэх мэдүүлэг. / хх-н 18-19/,
2.2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч А.Амараагийн:..Би 28-49 УБВ улсын дугаартай сувдан цагаан өнгийн Тоёота Харриер маркийн тээврийн хэрэгсэл эзэмшдэг. Би машинаа 2018 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Янзаган хээр ХХК-ны банк бус санхүүгийн байгууллагад барьцаалж мөнгө зээлж авч, тэдний компаний нэр дээр шилжүүлсэн байгаа 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Дун Экс нэртэй банк бусад барьцаалж байгаагүй гэх мэдүүлэг. /хх-н 24/,
2.3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Б.Батпүрэвийн:..Би 30-88 УБИ улсын дугаартай тээврийн хэрэгсэл эзэмшдэг. Энэ машиныг 2017 оны 04 дүгээр сард Таван богд компаниас Хаан банкны лизингийн зээлд хамрагдаж авч байсан. Би тус тээврийн хэрэгслийг ямар нэгэн газар барьцаалан зээл авч байгаагүй. Марал миний тээврийн хэрэгслийг барьцаалан зээл авч байгаагүй гэх мэдүүлэн. /хх-н 26/,
2.3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Д.Оюун-Эрдэнийн:..Марал нь 2017 оны 04 дүгээр сард танд зээлэх мөнгө байна уу гэхээр нь би яах гэж байгаа юм бэ гэж асуулгүй хэдэн төгрөг вэ гэсэн чинь 24.000.000 төгрөгний хэрэг байна гэж байсан. Би Маралд 24.000.000 төгрөгийг ямар нэгэн хүүгүй зээлж байсан. Түүнээс хойш төлөлт хийлгүй байж байгаад 2018 онд 2 хувааж төлөөд дууёгасан гэх мэдүүлэг. / хх-н 27/,
Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд:
3.1.Улсын яллагч хавтаст хэргээс:..18-19 дүгээр хуудас хохирогч Б.Баярмагнайгийн мэдүүлэг, 24 дүгээр хуудас гэрч А.Амараагийн мэдүүлэг, 26 дугаар хуудас гэрч Б.Батпүрэвийн мэдүүлэг, 27 дугаар хуудас гэрч П.Оюун-Эрдэнийн мэдүүлэг, 45 дугаар хуудас тээврийн хэрэгслийн гэрчилгээ, 48 дугаар хуудас тээврийн хэрэгслийн гэрчилгээ, 54-55 дугаар хуудас тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, 30-31 дүгээр хуудас яллагдагч Д.Мын мэдүүлэг зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.
Хохирогч: Хавтаст хэргээс тусгайлан шинжлэн судлуулах зүйлгүй гэв.
Шүүгдэгч: Хавтаст хэргээс тусгайлан шинжлэн судлуулах зүйлгүй гэв.
Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд шүүх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараах үйл баримтуудыг тогтоов.
Мөрдөгч хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон прокуророос хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Хэрэгт цугларсан яллагдагч, шүүгдэгч, хохирогч, банкны хуулга, үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрч нарын мэдүүлэг зэргээс дүгнэхэд эрүүгийн хуулийн тусгай ангид заасан залилах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, гэм буруутай үйлдлийн улмаас хохирол, хор уршиг учирсан үйл баримт болсон байна.
Шүүгдэгч Д.М нь 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Дун экс” ББСБ-д хуурамч гэрчилгээг ашиглаж буюу 30-88 УБИ улсын дугаартай “Тоёота Ландкруйзер-200”, 28-49 УБВ улсын дугаартай “Тоёота Харриер” маркийн автомашинуудын тээврийн хэрэгслийн гэрчилгээг хуурамчаар үйлдэн, зохиомол байдлыг зориудаар бий болгож, уг гэрчилгээг ашиглан 40.000.000 төгрөгийн зээл гаргуулан авч залилсан авсан гэмт хэрэг үйлдсэн нь хохирогчийн болон шүүгдэгчийн мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул гэм буруутайд тооцох үндэстэй гэж үзлээ.
Чингэлтэй дүүргийн Прокуророос Д.М нь гэм буруугийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн шүүхэд ирүүлсэн нь зөв, тохирсон байна.
Иймд Прокуророос шүүгдэгчийн гэм буруугийн үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсгийг тохирсон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна.
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч гэм буруугийн болон эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтэндээ-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хуурч, баримт бичиг, зохиомол байдлыг зориудаар бий болгож бусдын эд хөрөнгийн залилсан гэм буруутайд тооцуулж, мөн хуулийн тусгай ангид зааснаар 1 жил 6 сарын хугацаанаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх санал гаргасан болно.
Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Д.М нь шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцох талаар хүсэлтээ бичгээр гаргасан ба гэм буруугийн болон хэргийн зүйлчлэлийн хувьд маргаагүй тул шүүх няцаан үгүйсгэх талаар дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзсэн болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт:...хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно гэж хуульчилжээ.
Шүүхээс шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн, шүүгдэгчийн хувийн байдал зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуулийн шаардлагыг хангаж байна гэж үзлээ.
Иймд шүүхээс шүүгдэгч Д.Мд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжтой энэ нь эрүүгийн хариуцлагын ...гэмт хэрэг үйлдсэн хүн гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохиролыг нөхөн төлүүлэх, нийгэмшүүлэх зорилгод нийцнэ гэж дүгнэлээ.
Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн дээр нэмж хэрэглэх боломжтой тул зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах, оршин суух газраа, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэж байх үүргийг шүүгдэгч Д.Мд хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Д.Маас нийт нэхэмжилсэн 41 600 000 төгрөгний хохиролоос 40.000.000 /дөчин сая/ төгрөгийг гаргуулж хохирогч “Дун экс” ББСБ-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1 сарын үндсэн зээлийн хүү болох 1 600 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй гэж шүүх шийдвэрлэлээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Багштан овогт Дэлгэрмаагийн Маралыг тээврийн хэрэглийн гэрчилгээг хуурамчаар үйлдэн, зохиомол байдлыг зориудаар бий болгож, хуурч залилж, бусдад 40 000 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Д.Мд хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил 6 /зургаан/ сарын хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах, 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар оршин суух газраа, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэж байх үүргийг шүүгдэгч Д.Мд хүлээлгэсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дэх хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч Д.Мд мэдэгдсүгэй.
5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Маас 40 000 000 төгрөг гаргуулж хохирогч “Дун экс” ББСБ-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1 600 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
6.Шүүгдэгч Д.М нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгө болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
7.Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Мд урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.РЕНЧЕНХОРОЛ