Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 12 сарын 23 өдөр

Дугаар 215/МА2025/00001

 


2024         12              23                               215/МА2025/00001

Б.Э-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай


Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, шүүгч Ч.Энхтөр, Ш.Баттогтох нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар, 
Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 133/ШШ2024/00399 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн ****** сумын *** дүгээр баг, ********** *** - *** тоотод оршин суух, М овгийн Б.Э-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Говь-Алтай аймгийн ********* сумын ****** цэцэрлэгт холбогдох
Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Ш.Баттогтохын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Э, түүний өмгөөлөгч Ж.Б (цахимаар), хариуцагч Б.Н, түүний өмгөөлөгч Ж.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.М нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага: Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай.

2. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: Б.Э миний бие нь 2014 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Б/13 дугаартай Говь-Алтай аймгийн ********* сумын ******* цэцэрлэгийн эрхлэгчийн тушаалаар ******** томилогдон ажиллаж байгаад 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрөөс багшийн туслахаар томилогдон ажилласан. ...Би хүүхэд зодсон юм байхгүй. Босохгүй байгаа хүүхдийг л өхөөрдөж дуудаад хөнжлөөс нь татаж босоорой гэсэн. Би үүрэгт ажлаа ёс зүйтэй хийдэг. Иймд Б.Э намайг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлүүлж өгнө үү.
Аливаа хөдөлмөрийн харилцаа, маргааны тухайд тухайн зөрчил дутагдлыг тогтоож шалгасан байх шаардлагатай байдаг. ...Цэцэрлэгийн ёс зүйн зөвлөл яасан бэ гэхээр мөн тухайн хоёр албан бичгийг авдаг. Зөрчил гарчихсан байна, түүнтэй холбоотойгоор арга хэмжээ ав гэж байна гэдэг байдлаар арга хэмжээ авсан болохоос энэ хүмүүстээ ямар зөрчлийг гаргаад байгаа юм. Жишээлбэл өнөөдөр шүүх хуралдаанаар хэлэлцэгдээд байгаа энэ 3 дугаар сарын 21-ний өдрийн бичлэгийг энэ хүмүүст тус тусад нь үзүүлээд өөрөө өөрсдийнх нь зөрчлийг үзүүлээд үүнтэй холбоотой тайлбарыг аваад ийм хурал болсон юм уу гэхээр болоогүй болох нь гэрч нарын мэдүүлгээр тогтоогдлоо. Ёс зүйн зөвлөлийн гишүүдийн ярьж тайлбарлаж байгаагаар тухайн хоёр албан бичигтэй холбоотой асуудлуудыг хэлэлцэж, танилцуулсан юм гэдэг байдлаар ханддаг. Албан ёсны хурал болсон уу гэхээр эргэлзээтэй байна. Өөрсдийнх нь үзээд байгаа энэ бичлэгүүдийг үзүүлээд өөрсдөөс нь энэ ямар учиртай юм бэ гээд энд суугаад тайлбарлуулах биш тэндээ хоорондоо энэ асуудлаа ярьсан байсан бол энэ тушаалын үндэслэл болж энэ чинь ийм учиртай юм гээд хандаад сууж байсан бол хууль ёсны байх байсан. Шүүхэд гаргаж өгсөн тушаалынхаа үндэслэлийг нотлохоор гаргаж өгч байгаа хэдэн бичлэг, баримтууд, авч ирж байгаа хурлын тэмдэглэл хийсэн нэртэй хийсэн тэмдэглэлээ гэрчлүүлэх гээд явж байгаа процессоос харахаар тухайн үед тушаал гарах үед үндэслэл тогтоогдоогүй байжээ гэж үзэж байна. Тийм учраас Б.Э-г ажилд нь эргүүлэн тогтоож, холбогдох шимтгэлүүдийг төлүүлэхийг даалгаж өгнө үү гэсэн асуудлыг хөндөж байна гэжээ.

3. Хариуцагчийн татгалзал, тайлбар: Туслах багш Б.Э нь ажиллаж байх хугацаандаа хамт олны дотор харилцаа хандлага муу, хамт олонтойгоо ялангуяа шинээр орсон хүмүүстэй дээрэнгүй харьцдаг, үндэслэлгүй хов жив ярьж, хамт олны уур амьсгал эвддэг, Сургуулийн өмнөх боловсролын сургалтын байгууллагын багш, ажилтны мэргэжлийн ёс зүйн хэм хэмжээний хүрээнд мөрдөх ёс зүйн шаардлага, суралцагч ажил мэргэжлийнхээ өмнө хүлээх ёс зүйн хэм хэмжээг мөрдөөгүй, хүүхдийг хэл амаар доромжлох, цохих зэргээр бие махбод болон сэтгэл санааны дарамт хүчирхийлэл үйлдсэн ноцтой зөрчил гаргасан. Б.Э ажиллаж байх хугацаандаа гэр бүлийнхээ хүнээр архи авчруулан ажлын байран дээр архидалт зохион байгуулсан үндэслэлээр 2023 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн Б/27 тоот тушаалаар үндсэн цалинг 3 сарын хугацаагаар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл авсан. 
2024 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Б.Э нь бэлтгэл бүлгийн 5 настай хүүхдүүдийг балай, мэдрэл муутай, солиотой, мэдрэлгүй, галзуу, галзуучууд гэх мэтчилэн харааж загнаж сэтгэлзүйн дарамт, хүчирхийлэл үйлдсэнээс гадна хүүхдүүдийг цохисон, түлхсэн, унтаж буй хүүхдийг хөнжлийг нь хуулан авч сэгсэрч цохисон зэрэг зөрчил нь БШУГ-ын улсын байцаагч Т-ын хяналт шалгалт хийх явцад камерын бичлэгээр илэрсэн. Багш Б.М-ийн гаргасан зөрчлийг Боловсрол шинжлэх ухааны газрын боловсрол хариуцсан улсын байцаагч Ц.Т шалган зөрчлийн шинжтэй үйлдэл байна гэж үзэн Говь-Алтай аймгийн Цагдаагийн газарт нэр бүхий 3 багшийн гаргасан зөрчлийг шалгуулахаар явуулсан байсан. Боловсрол шинжлэх ухааны газрын байцаагч Ц.Т 3 дугаар сарын 21-ний өдрийн бэлтгэл бүлгийн камерын бичлэгийг албан ёсны зөвшөөрөл өгч шалгасан. Тус зөрчлийг цагдаагийн газар шалгаад 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдөр дотооддоо сахилга, хариуцлагын арга хэмжээ тооцох нь зүйтэй гэсэн хариу мэдэгдэх хуудсыг аймгийн Боловсрол шинжлэх ухааны газарт хүргүүлж, Боловсрол шинжлэх Ухааны газар 2024 оны 05 дугаар сарын 17-нд манай цэцэрлэгт Б.Э нь ёс зүйн харилцаа хандлагын зөрчил гаргасан байх тул байгууллагын ёс зүйн зөвлөлөөр шийдвэрлэж хариу мэдэгд гэсэн байдаг. Багшийн туслах Б.Э гаргасан зөрчил нь Боловсрол шинжлэх ухааны сайдын 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/545 дугаар тушаалаар батлагдсан “Сургуулийн өмнөх ерөнхий боловсролын сургалтын байгууллагын багш, ажилтны мэргэжлийн ёс зүйн дүрэм”-ийн 4.2.1-т Боловсролын үйлчилгээ үзүүлэхдээ суралцагч бүрийн эрх, нэр төр, үндэс угсаа арьсны өнгө нас хүйс, эрүүл мэнд, танин мэдэхүйн онцлог ялгаатай байдал, нийгмийн байдал, суралцах чадвараар ялгаварлан гадуурхахгүй соёлын олон талт байдалд хүндэтгэлтэй тэгш хандах, 4.2.2-т Суралцагчид бие махбодийн шийтгэл, сэтгэл санааны дарамт үзүүлэх, хүчээр албадахаас татгалзах гэсэн заалтуудыг зөрчсөн үйлдэл болно. Иймд Б.Э нь байгууллагатай байгуулсан хөдөлмөрийн гэрээ, байгууллагын хөдөлмөрийн дотоод журам, Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1.4 дэх хэсэгт заасан давтан болон ноцтой зөрчил гаргасан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
       Ажил олгогчийн зүгээс Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх хэсэгт заасан сахилгын ноцтой буюу давтан зөрчил гаргасан гэж дүгнэлт гаргасан. 1 дүгээрт хавтаст хэргийн материалд авагдсан баримт буюу ажилтан Б.Э нь 2023 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Б/27 тоот тушаалаар сахилгын зөрчил гаргаж үндсэн цалинг 3 сарын хугацаагаар бууруулсан байдаг. Энэ 3 сарын хугацаагаар бууруулсан сахилгын зөрчлийг хүлээн зөвшөөрөөд ажил олгогчийн зүгээс гаргаж өгсөн нотлох баримт буюу Б.Э цалингаас сахилгын зөрчилд тооцсон 20%-ийг хассан баримт гарсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.8 дахь хэсэгт зааснаар хөдөлмөрийн сахилгын шийтгэл ноогдуулснаас хойш нэг жил өнгөрвөл ажилтанг хөдөлмөрийн сахилгын шийтгэлгүйд тооцохоор хуульчилсан байдаг. Тэгэхээр 2023 оны 5 дугаар сарын 24-нд Б/21 дүгээр тушаалыг үйлдсэн. 2024 оны 5 дугаар сарын 24 буюу сахилгын шийтгэлтэй хугацаа буюу нэг жилийн хугацаа дуусаагүй байхад дахин зөрчил гаргасан асуудал яригдаж байгаа. Энэ дахин зөрчил нь хөдөлмөрийн дотоод журам болон хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил байхаар заасан байдаг. Хөдөлмөрийн дотоод журмын 13.1.9 хүүхдийг хэл амаар доромжлох зэргээр бие махбод болон сэтгэл санааны дарамт, хүчирхийлэл үйлдсэн бол, 13.1.18 сахилгын шийтгэлтэй байх хугацаандаа дахин сахилгын зөрчил гаргасан бол гэж байгаа. Хөдөлмөрийн гэрээний 3.1.1 дэх хэсэгт бусдыг хэл амаар доромжилсон бол сахилгын ноцтой зөрчилд тооцохоор тухайлан тухайн байгууллагын дотоод журам болон хөдөлмөрийн гэрээнд заагаад өгсөн байдаг. Тухайн зөрчлийг Цагдаагийн газар шалган тогтоосон. Ёс зүйн зөрчил гаргасан байна гэдэг. Боловсрол, соёл шинжлэх ухааны газар мөн тухайн бичгийг аваад танайх Ёс зүйн зөвлөл хуралдаад сахилгын арга хэмжээг тооцох, хурлаа хий гэдэг байдлаар албан тоотыг явуулдаг. Ингээд Ёс зүйн зөвлөл нь хуралддаг. Ёс зүйн зөвлөлийн хурал хуульд заасан журмаар явагдаагүй гэдэг. Ямар хуулийн ямар заалтын, ямар журамд заасны дагуу хурлаа явуулаагүй гэж өмгөөлөгч хэлээд байгааг ойлгохгүй байна. Өмгөөлөгчийн хэлээд байгаа зүйл зөрчлөө тогтоогоогүй байна гэдэг. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт, гэрч нарын мэдүүлэг, 5 дугаар сарын 22-ны өдөр болсон ёс зүйн зөвлөлийн хуралдаанаар, нэхэмжлэгчийн өөрийнх нь 5 дугаар сарын 22-нд би бүтэн ажилтай байсан. Тэр хуралд бүтэн оролцсон гэдэг тайлбар. Энэ зөрчлийн камерын бичлэгийг хэзээ зөрчил гаргаснаа нэхэмжлэгч мэдэхийн дээдээр мэдэж байгаа. Цагдаа дээр хэрэг хянан шалгах ажиллагаанд мэдүүлэг өгч байхдаа энэ камерын бичлэгтэй танилцсан байгаа. Тэгэхээр энэ камерын бичлэгтэй танилцаагүй гэдэг. Энэ камерын бичлэгийг цагдаагийн байгууллага М.М, Б.Х, Б.Э гэдэг гурван зөрчлийн холбогдогч нарт бүгдэд нь танилцуулаад мэдүүлгийг нь аваад авах ёстой хүмүүс дээр арга хэмжээг нь аваад цаашид сахилгын шийтгэл оногдуулахтай холбоотой дотоод журамтай холбоотой асуудлыг байгууллага руу нь явуулсан ийм нөхцөл байдал харагддаг. Гэтэл зөрчлийг нь тогтоогоогүй байна гэдэг асуудал яриад байгаа нь ойлгомжгүй байна. Хариуцагчийн зүгээс тэргүүн ээлжид нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх эрхэд халдаж байгаа тохиолдолд тэр зөрчлийг шалган тогтоосон байж ажлаас чөлөөлөх ёстой. Ажлаас чөлөөлсөн тушаалыг харахад холбогдох хууль тогтоомж, журам, гэрээ, Боловсрол, шинжлэх ухааны сайдын тушаалууд, Боловсролын ерөнхий хууль, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалт, мөн Цагдаагийн газрын албан тоот, Боловсрол, шинжлэх ухааны газрын албан тоот, ёс зүйн зөвлөлийн хурлын тэмдэглэл, санал, шийдвэрийг үндэслээд энэ хүнийг ажлаас чөлөөлсөн хууль зүйн үндэслэлтэй байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх хэсэгт зааснаар сахилгын шийтгэлтэй хугацаанд буюу нэг жилийн хугацаа дуусаагүй байхад дахин сахилгын зөрчил гаргасан үйл баримт тогтоогдсон. 2 дугаарт зөрчил нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх хэсэгт заасан мөн хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан хүүхдийг хэл амаар доромжлох, бусдыг хэл амаар доромжлох буюу сахилгын ноцтой зөрчилд тооцохоор ийм зөрчил гаргасан болох үйл баримт нь хавтаст хэрэгт цугларсан хууль хяналтын байгууллагын шалгалт болон гэрч нарын мэдүүлэг, бичгийн нотлох баримтуудаар хангалттай бол тогтоогдож байна гэжээ.

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2 дахь хэсэгт заасныг баримтлан М овгийн Б Э-ийн Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын ****** цэцэрлэгт холбогдуулан гаргасан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулах нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж ..... шийдвэрлэжээ.

5. Нэхэмжлэгч Б.Э өмгөөлөгч Ж.Б давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: 

Нэхэмжлэгч Б.Э-д холбогдох асуудлыг цагдаагийн байгууллага зөрчлийн гэмт хэргийн шинжгүй, харин энэхүү асуудлыг байгууллага дотооддоо шийдвэрлэх талаар хариу ирүүлсэн бөгөөд Б.Э-г сахилгын зөрчил үйлдсэн талаар дүгнэлт гаргаагүй. Ажил олгогч нь Б.Э-г цагдаагийн байгууллага ёс зүйн зөрчил гаргасан нь нотлогдсон хэмээн үзэж ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан. Анхан шатны шүүхээс үндэслэхдээ “Энэхүү сахилгын зөрчлийн асуудлыг байгууллагын түвшинд ёс зүйн хороогоор хэлэлцсэн байх ба процедурын байдал нь хууль зүйн үр дагавар үүсэх хэмжээний учир дутагдалтай гэж үзэхээргүй байна гэж шүүх үзлээ” гэж дүгнэсэн. Цэцэрлэгийн ёс зүйн зөвлөл хуралдсан гэдэг нь эргэлзээтэй, мөн ёс зүйн зөвлөлийн хуралдаж шийдвэр гаргасан процедур нь Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/545 дугаар тушаалаар батлагдсан “Сургуулийн өмнөх ерөнхий боловсролын сургалтын байгууллагын ёс зүйн зөвлөлийн ажиллах үлгэрчилсэн журам”-ын дагуу явагдсан эсэх талаар дүгнэлтийг анхан шатны шүүхээс хийж хэргийг шийдвэрлэх ёстой байсан. Гэтэл ийнхүү дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

6. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.
7. Анхан шатны шүүхээс нэхэмжлэгч Б.Э гаргасан нэхэмжлэлийн талаар “тухайн сахилгын зөрчлийн асуудлыг байгууллагын түвшинд ёс зүйн хороогоор хэлэлцсэн байх ба процедурын байдал нь хууль зүйн үр дагавар үүсэх хэмжээний учир дутагдалтай гэж үзэхээргүй байна гэж” дүгнэсэн нь үндэслэл бүхий болоогүй байна. 
8. Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/545 дугаар тушаалаар батлагдсан “Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургалтын байгууллагын багш, ажилтны мэргэжлийн ёс зүйн дүрэм”-ийн тавдугаар зүйлийн 5.2-т Байгууллагын ёс зүйн зөвлөл нь багш, ажилтны ёс зүйн зөрчил гаргасан эсэх асуудлаар шалгаж, дүгнэлт, зөвлөмж гарган ажил олгогчид танилцуулна. 
5.5-д Багш, ажилтны ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн тухай ёс зүйн зөвлөлийн дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзвэл томилох эрх бүхий этгээд холбогдох хууль, журамд заасны дагуу ёс зүйн хариуцлагыг ногдуулах шийдвэрийг бичгээр гаргана.
5.6. Багш, ажилтны гаргасан зөрчил нь сахилгын болон захиргааны зөрчил, гэмт хэргийн шинжтэй бол холбогдох хуулийн дагуу хариуцлага ногдуулна.” гэжээ. 
9. Хэргийн 51-53 дугаарт авагдсан Есөнбулаг сумын ****** цэцэрлэгийн ёс зүйн хурлын тэмдэглэлд нэхэмжлэгч Б.Э гаргасан зөрчлийн талаар хэлэлцэж тодорхой дүгнэлт гаргасан зүйлгүй харин “...Багшийн туслах Б.Э, хөгжмийн багш Б.М нарт хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох ноцтой зөрчил гаргасан тул зохих дүрэм журмын дагуу хариуцлага тооцох саналыг цэцэрлэгийн эрхлэгч Б.Н-т хүргүүлэв.” гэсэн нь учир дутагдалтай болжээ.
10. Нэхэмжлэгч Б.Э-д сахилгын шийтгэл ногдуулсан Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын ****** цэцэрлэгийн эрхлэгчийн 2024 оны 05 дугаар сарын 24-ний Б/21 дүгээр тушаалд /хэргийн 48 дахь тал/ ...аймгийн Цагдаагийн газрын 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 35/07-2222 дугаартай албан бичиг, аймгийн Боловсрол Шинжлэх ухааны газрын даргын 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 227 дугаар албан бичиг, байгууллагын ёс зүйн зөвлөлийн 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн хурлаас гарсан санал, шийдвэрийг тус тус үндэслэн 1. “ ...хяналт шалгалт хийн дүгнэлт гаргах эрх бүхий газруудын хяналт шалгалтаар тогтоогдсон тул хөдөлмөрийн ноцтой зөрчилд тооцон, тус цэцэрлэгийн туслах багш Б Э-ийн хөдөлмөрийн гэрээг 2024 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дуусгавар болгож, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалжээ. 
11. Ажил олгогчийн шийдвэрт давж заалдах шатны шүүхээс өгсөн хууль зүйн дүгнэлт: Зөрчлийг шалгах, дүгнэлт гаргах эрх бүхий субьект нь аймгийн Цагдаагийн газар, аймгийн Боловсрол Шинжлэх ухааны газрын дарга бус тус байгууллагын ёс зүйн зөвлөл байх бөгөөд тухайн байгууллага, албан тушаалтнууд ёс зүйн зөрчил үйлдэгдсэн талаар мэдээлсэн байхад Боловсрол, шинжлэх ухааны сайдын дээр дурдсан тушаалаар дүгнэлт гаргах эрх хэмжээ олгогдсон байгууллагын ёс зүйн зөвлөл нь зөрчилд холбогдогч Б.Э нь ямар зөрчлийг хэзээ, хэрхэн яаж гаргасан талаар тодорхойлж дүгнэсэн эсэх асуудлыг тодруулаагүй байна. 
Энэ тохиолдолд ажил олгогч нь ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг хугацаанаас өмнө дуусгавар болгож, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах гэж шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаалаа.
Ажил олгогч нь ажилтныг ёс зүйн зөрчил гаргасан эсхүл сахилгын ноцтой зөрчил гаргасан, эсхүл сахилгын зөрчлийг удаа дараа гаргасан гэсэн үндэслэлүүдийн алинаар ажлаас чөлөөлсөн нь тодорхойгүй байхад анхан шатны шүүх энэ талаар нотлох баримтад тулгуурлан үндэслэлтэй дүгнэлт хийгээгүй байна. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болж байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 133/ШШ2024/00399 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Б.Э нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Ц.ОЮУН-ЭРДЭНЭ

     ШҮҮГЧИД                            Ч.ЭНХТӨР

                                                         Ш.БАТТОГТОХ