| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Содовын Цэрэндулам |
| Хэргийн индекс | 163/2019/0081/Э |
| Дугаар | 80 |
| Огноо | 2019-04-15 |
| Зүйл хэсэг | 11.6.1., 17.1.1., |
| Улсын яллагч | Ц.Гэрэлбаатар |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 04 сарын 15 өдөр
Дугаар 80
Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Цэрэндулам даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Энхзул,
Улсын яллагч Ц.Гэрэлбаатар,
Шүүгдэгч С.Ө , түүний өмгөөлөгч Э.Алтан-Уяа нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх Ц.Гэрэлбаатарын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Ө д холбогдох эрүүгийн 1815003910249 дугаартай, 163/2019/0081/э индэкстэй хэргийг 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1991 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Өвөрхангай аймгийн Сант суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, уул уурхайн тэсэлгээчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Өвөрхангай аймгийн ... оршин суух, Өвөрхангай аймгийн Арвайхээр дэх Сум дундын 1 дүгээр шүүхийн 2005 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 1/173 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар торгох ялаар, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 35 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлсэн Жол овогт С.Ө ,
Холбогдогсон хэргийн талаар: Шүүгдэгч С.Ө нь 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Улаанбаатар хотын ... оршин суух, Л.Б г хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан, зодож улмаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан мөн,
2018 оны 11 дүгээр сарын 04, 12-ны өдөр тус тус Булган аймгийн ... оршин суух, Н.С ын гэрээс 1600000 төгрөг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтээр/ ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Ө ын өгсөн мэдүүлэгтээ: Өгнө. 2018 оны 08 дугаар сарын 30-нд Б тэй хувийн таарамжгүй байдал үүсгэж маргалдсан. Л.Т намайг дуудаад мах аваад өг гэхээр нь мах авч гэрт нь очоод буузны мах татаж байсан. Л.Т намайг найз нартайгаа ууж байхад уурлааад алгадсан. Гэрээс гүйж гараад байрны эзэн Б тэй орж ирээд намайг хөөгөөд байхаар нь цохичихоод зугтсан. Б гийн биед хөнгөн хохирол учирсаныг хүлээн зөвшөөрч байна. Эрүүл мэндийн хохирол 360000 төгрөг өгч хоорондоо тохирсон. 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Бүрэгхангай суманд найз Д.П гэх айлд ирсэн. Тэнд С тай танилцсан. Тэгээд тэднийд байж байгаад явах гэсэн 2, 3 хоноод яв гэсэн. Явах гэхэд унааны мөнгө өгөхгүй байсан. Мөнгө өгөхгүй байхаар нь авдарнаас нь 900 000 төгрөг аваад явсан. Улаанбаатар хот ороод найз нартайгаа уугаад 280 000 төгрөгийг С т буцааж өгсөн. Намайг Ховд руу ажилд явах гэсэн явуулахгүй болохоор картыг нь аваад 400000 төгрөг авсан. Авсан мөнгөө буцааж хохирогчийн дансанд руу шилжүүлсэн гэв.
1815003910249 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн байцаалтын шатанд:
Хохирогч Н.С ын өгсөн: “2018 оны 11 дүгээр сарын 12-ны шөнө Бүрэгхангай сумын ... байдаг гэрээсээ авдарт 1600000 төгрөг байсны 1200000 төгрөг хулгайд алдсан. Тэр үед надтай сумын төвд айлд танилцсан өөрийгөө Ө гэж танилцуулсан залуу манайд хэд хонож байгаад явлаа ч гэж хэлэлгүй яваад өгсөн байсан. Тэгээд би оройн нөгөө залуу байхгүй болохоор гэнэт хар төрөөд хадгалсан мөнгөө дотор байсан хүүхдүүдийнхээ цүнхэнд үзтэл байхгүй байсан. ...ер нь бол манайд тухайн үед байсан Ө гэдэг залуу явсан нь тодорхой болсон. Анх мөнгө аваад явсаных нь дараа би араас нь утсаар яриад манайд хүрээд ир гэж хэлсэн чинь тухайн үед таг чимээгүй байж байгаад маргааш нь хүрээд ирсэн. Тэгэхдээ миний авдарт байсан хулгайн мөнгөнөөсөө 200 000 төгрөгтэй ирсэн. Үлдсэн 1 000 000 сая төгрөгийг нь яасныг мэдэхгүй үрсэн гэдэг. Би нөгөө мөнгийг нь аваад үлдсэн 400000 төгрөгний хамт ХААН банкны дансандаа нийт 600000 төгрөг болгоод хийсэн. Тэгээд гэртээ ирээд виза картаа гэрийнхээ унинд хавчуулж хийсэн. Тэрнээс хойш 3-4 хоногийн дараа нөгөө дансанд байсан мөнгөөрөө юм авах гээд виза картаа хайгаад олоогүй. Тэр үед мөн нөгөө залуу Ө манайд байж байгаад гэнэт явсан. Тэгэхдээ миний мөнгөтэй картыг аваад явсан байх”. ...” гэх мэдүүлэг /хх-11-12/
“ ...Би авдар дотроосоо бэлнээр 1 270 000 төгрөгийг алдсан. Тэгээд С.Ө эргэж ирээд 270 000 төгрөгийг буцааж өгсөн. Дараа нь миний виза картнаас 600 000 төгрөгийг С.Ө аваад явсан. Тэгээд надаас нийтдээ 1600000 төгрөгийг авсан. ...” “2018 оны 11 сарын сүүлчээр надад 200 000 төгрөг өгсөн. Одоо 1400000 төгрөгийн үлдэгдэлтэй байх ба Би цагдаагийн байгууллагад шалгагдаж Булган аймгийн төв орохоор 2 удаа хүний тээврийн хэрэгсэлд шатахуун хийж ирсэн. Уг шатахуун хийсэн зардал болон жолоочийн хөлстэйгээ нийлээд 100000 төгрөгийг нэхэмжилж байна. Ингэснээр нийт 1500000 төгрөгийг авах хүсэлтэй.” гэх мэдүүлэг /хх-15-16 тал/
Хохирогч Л.Б гийн өгсөн: 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдөр би гэртэээ буюу ... байх нийтийн байрандаа байж байтал үдээс хойш 18 цагийн үед манай нийтийн байранд өрөө хөлсөлж суудаг Т гэх хүүхэн орж ирээд нөгөө хүн чинь буюу Ө ирчихээд агсам тавиад байна, намайг ороод явуулаад өгөөч гэж гуйсан. ... Ө ын ар нуруунаас нь гараараа түлхэж үүдрүү гаргасан, тэгтэл эргэж хараад миний үснээс зулгаагаад миний нүүрний хэсэг болох хацар, дух, хамарлуу 2-3 удаа гараараа цохисон. ... эргэж хараад миний хэвлий хэсэгт хөлөөрөө өшиглөчихөөд цаашаа явахаар нь би үүдэнд байсан төмөр хатаагчыг барьж байгаад Ө ын хойноос нь түлхтэл дахин эргэж хараад миний нүүрлүү дахиж гараараа хэд хэдэн удаа цохиж, өшиглөчихөөд гараад зугтчихсан. ...” гэх мэдүүлэг /хх-97-98тал/,
Гэрч Ж.Р ын өгсөн: ... “Нэг залуу ирж хэд хоносон. Өөр юм мэдэхгүй. Огт харж байгаагүй залуу байсан. ...” гэх мэдүүлэг /хх-18 тал/,
Гэрч Г.Н ын өгсөн : ... “ Тэр үед тэднийд Ө гэдэг залуу байгаад байдаг байсан. Мөнгө алга болох үед уг залуу гурван хүүхдийнх нь хамт байсан. Өөр хүн байгаагүй. Тэгээд өглөө нь байж байгаад үдээш хойш нь алга болсон байсан. ...” гэх мэдүүлэг /хх-20-21 тал/,
Гэрч Ж.Б ын өгсөн : Би 2018 оны 11 дүгээр сарын дундуур сумын төв дээр гэртээ байж байхад Ө гэдэг залуу орж ирээд Совруу гучин мянган төгрөгөнд хүргээд өгөөч гэсэн. Надад бас Совруу орох ажил байсан учир хамт явсан. ... Тэгсэн орой Н.С надруу яриад Ө миний мөнгийг аваад явсан байна. Та нар Совруу хүргэж өгөх хэрэггүй байсан юм гэж хэлсэн. ...” гэх мэдүүлэг /хх-22-23 тал/,
Шүүгдэгч С.Ө яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “... Н.С ын гэрт ганцаараа үлдсэн тэгээд гэрийнх нь хойморт байдаг авдран дотор байсан цүнхтэй мөнгөнөөс тасдаж авсан. Миний бодлоор ойролцоогоор 900000 төгрөг авсан байх, тэгээд цаана үлдсэн мөнгө нь 400000 төгрөг үлдэх шиг болсон. ... би гэрийн унинд хавчуулсан байсан ХААН банкны картыг аваад явсан. Би зөвшөөрөлгүй авснаа хүлээн зөвшөөрч байна. ... би Н.С аас ойролцоогоор 1600000 төгрөгийг авч буцааж ойролцоогоор 500000 төгрөгийг өгсөн. ...” гэх мэдүүлэг /хх-33-34 тал/,
Шүүгдэгч С.Ө яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “... Тэр байрны эзэн эмэгтэй намайг хоёр удаа алгадсан ба түүнээс болж миний биед учирсан гэмтэл байхгүй. Харин би тэр эмэгтэйгийн нүүр лүү нь гурван удаа л алгадсан санагдаж байна. Мөн би тэр үед нилээн согтуу байсан. ...” /хх-100 тал/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 10739 дугаартай
1. Л.Б гийн биед дух, зүүн нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн бугалганы цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.
3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх 102-103тал/,
Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол /хх-25 тал/, Гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-02 тал/,шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-103/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-4 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-114 тал/, Өвөрхангай аймгийн Сант сумын 2 дугаар багт оршин суух, Өвөрхангай аймгийн Арвайхээр дэх Сум дундын 1 дүгээр шүүхийн 2005 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 1/173 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар торгох ялаар, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 35 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлсэн шийтгэх тогтоолын хуулбар /хх-46, 49-53 тал/, С. Ө ын ялын хугацаа дуусч 2018 оны 6 дугаар сарын 12-ны өдрөөс суллагдсан талаар хоригдогсдын бүртгэл хяналтын системийн хуулбар болон бусад хувийн байдлын талаархи нотлох баримтууд зэргийг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Дээрхи нотлох баримтуудаар 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн ... оршин суух, Л.Б г хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан, зодож улмаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, 2018 оны 11 дүгээр сарын 04, 12-ны өдөр Булган аймгийн ... оршин суух, Н.С ын гэрээс хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар 1600000 төгрөгийг хулгайлсан гэмт хэргийг тус тус үйлдсэн шүүгдэгч С.Ө ын гэм буруутай үйлдэл нотлогдож тогтоогдсон байна.
Шүүгдэгч С.Ө ын гэм буруугаа хүлээсэн мэдүүлгийн эх сурвалж нь гэмт хэрэг гарсан цаг хугацаа, орон зай, учирсан хор уршгийн талаар өгсөн хохирогч Н.С , Л.Б нарын өгсөн мэдүүлэг, гэрч Ж.Р , Г.Н , Ж.Б нарын өгсөн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 10739 дугаартай дүгнэлт зэргээр нотлогдож байх бөгөөд нотолгооны ач холбогдол бүхий дээрх нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу авч цуглуулж бэхжүүлсэн, хэрэгт хамаарал бүхий байна.
“Хулгайлах” гэмт хэрэгт бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр өмчлөгч, эзэмшигчид нь мэдэгдэхгүй нууц, далд аргаар, хууль бусаар олж авч өмчлөх эрхэд халддаг.
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт хүний халдашгүй чөлөөтэй байх, эрүүл, аюулгүй орчинд амьдрах Үндсэн хуульд заасан эрхийг зөрчиж бие, эрх чөлөөнд нь халдсан үйлдэл байдаг.
Иймд шүүгдэгч С.Ө ын үйлдсэн гэмт хэрэг нь хүний халдашгүй чөлөөтэй байх, эрүүл, аюулгүй орчинд амьдрах, эрх чөлөөнд нь халдаж хөнгөн хохирол учруулсан, бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийн шинжийг тус тус агуулсан байх тул түүнийг гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч С.Ө нь Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 35 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн ба ялаа биелүүлээгүйгээс 2018 оны 4 дүгээр сарын 11-ны өдрийн 03 дугаар шүүгчийн захирамжаар 2 сар 2 хоног хорих ялаар сольсон ялыг эдэлж дууссан нь “Хоригдогсдын бүртгэл хяналтын системын хуулга” зэргээр тогтоогдож байна.
Шүүгдэгч С.Ө ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч С.С д 1600000 төгрөгийн хохирол , хохирогч Л.Б гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан ба хохиролыг нөхөн төлсөн хохирогч нар гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч С.Ө од ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд зааснаар хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй ба гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлсэн хүний хувийн байдлыг харгалзан ялыг биечлэн эдлүүлэх шаардлагатай байна.
Шүүгдэгч С.Ө ын цагдан хоригдсон 61 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Жол овогт С.Ө ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авсан гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч С.Ө ыг эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгийн торгох ялаар, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1, 2-т зааснаар шүүгдэгч С.Ө ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгийн торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээнийг 15000 төгрөгийг нэг хоногоор тооцож 30 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 7 сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч С.Ө од оногдуулсан 7 / долоон / сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч С.Ө ын цагдан хоригдсан 61 хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.
6. Шүүгдэгч С.Ө ын хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, бичиг баримтгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Ө од авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЦЭРЭНДУЛАМ