Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 1270

 

МАГАДЛАЛ

 

2016 оны 07 дугаар сарын 01                 Дугаар 1270                                 Улаанбаатар хот

ХХ-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Байгалмаа, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 101/ШШ2016/02068 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч ХХ-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч ХХХ-д холбогдох,

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай иргэний хэргийг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

Шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХ,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХ,

Нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

            Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: 2009 оны 10 дугаар сард Өмнөговь аймгийн Засаг даргын дэргэдэх Тээвэр Авто замын газарт тус газрын харъяа мөн аймгийн Манлай сумын тээвэр зохицуулагчаар орж ажилласан. Ажиллах хугацаандаа 2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Манлай суманд тээвэр зохицуулагчийн ажил үйлчилгээ гүйцэтгэх гэрээгээр ажиллаж, орлогын хувь болон хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинжиж явж байгаад 2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс байгууллагын зүгээс Хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллуулах болж улмаар гэрээ болон Өмнөговь аймгийн Засаг даргын дэргэдэх Тээвэр Авто замын газрын даргын 2014 оны 01 дүгээр сарын  23-ны өдрйн Бүтэц орон тоо батлах тухай а/01 тоот тушаалын дагуу нэг сарын цалингийн хэмжээг төрийн үйлчилгээний албан тушаалын ТҮ 4-5-д зааснаар буюу 407 917 төгрөг болгон цалинжуулж ажиллуулах болсон юм. Ийнхүү ажиллаж байх явцад Өмнөговь аймгийн Тээвэр Авто замын газрыг Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ-т нэгтгэн зохион байгуулах болсонтой холбоотойгоор намайг Өмнөговь аймгийн Тээвэр авто замын газрын даргын 2015 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн Албан хаагчдыг шилжүүлэх тухай б/04 тоот тушаалаар мөн оны 4 дүгээр сарын 08-ны өдрөөс эхлэн Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ-ын Өмнөговь аймаг дахь салбарт шилжүүлэн ажиллуулахаар болсон билээ. Дээрх үндэслэлээр шилжин ажиллах болсны дараа Өмнөговь аймгийн Авто тээврийн төвөөс томилсон тушаал болон ямар нэг гэрээ байгуулсан талаар мэдэгдсэн зүйлгүй, мөн ирүүлсэн тушаал шийдвэр байхгүй боловч миний бие ажил үүргээ гүйцэтгэсээр байсан ба энэ хугацаанд 4-5 дугаар саруудын цалинг ТҮ 4-5-д зааснаар тооцон олгогдсоноор өмнөх ажил үүрэг хэвийн үргэлжилж байгаа юм байна гэж ойлгож ажиллаж байсан. Гэтэл 2015 оны 6 дугаар сарын 22-нд Өмнөговь аймгийн Авто тээврийн төвийн дарга байна гээд ХХ гэдэг хүн надтай утсаар холбогдож, 4-5 дугаар сарын цалинг тушаал шийдвэргүйгээр олгогдсон тул буцааж тушаах хэрэгтэй байгаа талаар хэлсэн боловч миний хувьд түүнийг буцааж тушаах үндэслэлгүй, мөн учрыг нь тодруулах шаардлагатай гэж үзсэнээр тухайн үед мөнгийг буцааж шилжүүлээгүй.

Байгууллага нэгтгэгдсэнээр шилжин ирсэн албан хаагчдыг дахин ажилд томилсон тушаалыг төвийн даргын зүгээс гаргаагүй байсан нь түүний утсаар ярьсан байдлаас тодорхой байгаа юм. Үүнээс хойш Өмнөговь аймгийн Авто тээврийн төвийн даргын гарын үсэг бүхий 2015 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 130 тоот албан бичгээр 2015 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөр үнэт цаас, цалингийн орлогын тооцоог тасалбар болгон нягтлан бодогчтой тооцоо хийхийг болон цаашид гэрээ байгуулахгүй болсон талаар мэдэгдсэнийг 2015 оны 7 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авсан. Дээрх мэдэгдлийг ирүүлсэн боловч ажлаас чөлөөлсөн болон ажил хүлээлцүүлэх эсэх нь тодорхой биш энэ талаар тушаал шийдвэр ирээгүй тул тодруулж асуух гэхээр дарга ХХ утасаа авахгүй, би аймагт хоёр ч удаа очоод уулзах боломж олгоогүй тул ажлаа хийгээд явахаас аргагүй байсан. 8 дугаар сар гарсан хойно менежер Хүрэлхүүгээр сумын шуудангийн ажилтанд ажлаа өг гэж утсаар яриулсан. Энэ үеэр миний гар дээр байсан тасалбар дууссан, ингээд шууданчид ажлыг шилжүүлсэн. 8 дугаар сарын бүхий л тайлангаа гаргаж, /8 дугаар сарын 21-нээр тасалбар болгон/ аймагт хүргүүлсэн. Гэтэл үүнээс хойш намайг 2015 оны 7 дугаар сарын 31-ний өдрөөс тасалбар болгон үүрэгт ажлаас чөлөөлсөн Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ-ын захирлын 2015 оны 8 дугаар сарын 21-ны өдрийн Б/414 тоот тушаал гарсныг 2015 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр шуудангаас хүлээн авсан. Би дээр байдалтай холбогдуулан тухайн хугацаанд Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ-т өргөдөл гаргасан байсан ба түүний хариу нь Өмнөговь аймгийн Авто тээврийн төвөөр дамжин ирсэн байсныг мөн аймгийн Авто тээврийн төвөөс миний нэр дээр хаягласан 2015 оны 9 дүгээр сарын    07-ны өдрийн 199 тоот албан бичиг болон Манлай сумын иргэдээс гаргасан гэх өргөдлийн хамт нэг шуудангаар ирүүлснийг 2015 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авсан.

            Авто тээврийн үндэсний төв миний гаргасан хүсэлтийг судалж, Манлай суманд цаашид тээвэр зохицуулагч ажиллуулах хэрэгцээ шаардлагыг харгалзан үзэж шийдвэрлэх үүргийг Д.ХХ даргад өгсөн байсан. Гэтэл уг хариу бичигтэй хамт шуудангаас хүлээн авсан Өмнөговь аймгийн Авто тээврийн төвийн даргын гарын үсэгтэй 2015 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 199 тоот албан бичигт намайг байгууллагад өр төлбөртэй байсан талаар болон ёс суртахууны хувьд доголдолтой тул тээвэр зохицуулагчийн орон тоонд тэнцэхгүй гэж үзсэн талаар бичиж мөн Манлай сумын хэсэг иргэдээс гаргасан гэх өргөдлийг хавсарган ирүүлсэн байна. Гэтэл дээрх нэр бүхий иргэдээс гарсан гэх өргөдлийг үзвэл уг өргөдөл нь надтай буюу миний эрхэлж байсан ажил үүрэгтэй холбоогүй байх ба дарга ХХ нь Өмнөговь аймгийн Авто тээврийн дарга болсноосоо хойш надтай нэг ч удаа биечлэн уулзаагүй, ажлын талаар санал бодлоо ярилцаж, үнэлж дүгнэж үзээгүй байж ямар үндэслэлээр намайг зан харилцаа ёс суртахууны доголдолтой гэж уг ажилд тэнцэхгүй гэж үзсэнийг гайхаж байгаа юм.

            Иймд өмнө эрхэлж байсан тээвэр зохицуулагчаар эгүүлэн тогтоолгох, ажлаас халагдахаас өмнөх хугацааны олгогдоогүй цалин болох 6, 7 сар, 8 дугаар сарын 21-ний өдрийг хүртэлх хугацааны цалинг нөхөн олгуулах, мөн ажлаас халснаас хойш ажилгүй байсан хугацааны цалинг шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаагаар олгуулах болон ажлаас халагдсаны тэтгэмжийг Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт зааснаар гаргуулахаар нэхэмжилж байна. Нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтэр дээр 2015 онд хийгдсэн бичилтээр түүний цалинг 469 105 төгрөгөөр тооцож, 2015 оны 01 дүгээр сараас хойш ажиллаж байсан хугацааны болон ажилгүй байсан хугацааны цалин 4 691 050 төгрөг, ажлаас халагдсаны тэтгэмж, 2 814 630 төгрөг, нийт  7 505 680 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбарт: 2015 оны Засгийн газрын 55 дугаар тогтоолын дагуу Өмнөговь аймгийн тээвэр, авто замын газар татан буугдаж тус аймгийн тээвэр, авто замын газрын тушаалаар шилжин ирсэн Манлай сумын тээвэр зохицуулагч юм. Тухайн ажлын байр нь орон тооны ажлын байр биш ажил гүйцэтгэх гэрээгээр ажиллаж байсан болох нь тус аймгийн тээвэр, авто замын газрын даргын 2014 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн а/19 дугаар тушаал болон хавсралтаар бүрэн тогтоогдож байгаа. Уг тушаалыг өмнө ХХХХХ-ийг энэ асуудлаар шүүхэд хандах үед Өмнөговь аймгийн архиваас олж авсан. Тус газрынхан Авто тээврийн Үндэсний Төв ТӨҮГ-т нэгтгэгдсэнээс хойш ХХ-ийн үндсэн ажилтан эсвэл гэрээт ажилтны аль нь болох нь тодорхойгүй байснаас тухайн ажилтны цалин хөлсийг бодож олгох эрх зүйн байдлыг тодорхойлох боломжгүй болсон. Дан сургаар гэрээт ажилтан гэх боловч тэр талаарх баримт тус газарт ирээгүй болно. Авто тээврийн Үндэсний төв ТӨҮГ-ын захирал нь 2015 оны 5 дугаар сарын 15-ны 6/176 дугаар тушаалаар өмнөговь аймгийн авто тээврийн төвийн бүтэц орон тоог баталсан. Энд тухайн аймгийн сумдад тээвэр зохицуулагч ажиллахаар орон тоо батлаагүй. Авто тээврийн үндэсний төв нь аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрын хувьд тухайн ажилтны үйл ажиллагааанаас олсон орлоготой нь харьцуулж цалинг олгосон. ХХХХХ нь 2015 оны 4-8 сарын хугацаанд хот хооронд болон орон нутгийн зорчигч тээврийн тасалбар борлуусны орлого нийт 871 366 төгрөг авто тээврийн төвд оруулсны 768 000 төгрөгийг цалин болгон өөрт нь олгосон. Тээвэр зохицуулагчийн ажил үүргийг тухайн хүн тээвэр зохицуулагчийн ажил үүргийг гүйцэтгэгдэггүй бөгөөд хот хооронд болон орон нутгийн зорчигч тээврийн тасалбар борлуулах ажлыг хийж ирсэн байдаг. 2015 оны 4 дүгээр сарын 06-ны өдрөөс хойш цалин олгосон байдаг бөгөөд цалинг ямар ч шийдвэргүйгээр олгож байснаас болж ХХд 3 сарын арга хэмжээ авсан байдаг. Нэхэмжлэгч нь 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр нэхэмжлэл дахин гаргасан байдаг. Ингээд тооцоход 58 хоног өнгөрсөн байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлд заасан 30 хоногийн хугацааг хэтрүүлсэн байна. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

            Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэг, 49 дүгээр зүйлийн 49.1, 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан, ХХХХХ-ийг Өмнөговь аймгийн Тээвэр, автозамын газрын Манлай сумын тээвэр зохицуулагчийн ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин 2 901 902 төгрөг, ажиллаж байсан хугацааны цалин 1 265 492 төгрөг, нийт 4 167 394 төгрөгийг хариуцагч ХХХ-аас гаргуулж нэхэмжлэгч ХХХХХт олгож, ажиллаж байсан болон ажилгүй байсан хугацааны цалин, тэтгэмж, нийт 7 505 680 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх         3 338 286 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д тус тус зааснаар, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогоос гаргуулж, нэхэмжлэгч ХХХХХт буцаан олгож, улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч ХХХ-аас 81 623 төгрөгийг нөхөн гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: ХХХХХ нь Өмнөговь аймгийн тээвэр авто замын газарт тээвэр зохицуулагчаар ажиллаж байгаад тус аймгийн авто тээврийн төвд ажиллуулахаар шилжүүлсэн. Тухайн үед ажил гүйцэтгэх гэрээгээр ажиллаж байсан гэх боловч тухайн гэрээг манай байгууллагад ирүүлээгүй, гэрээг нэхэмжлэгчээс нэхэж байсан ч огт гаргаж өгөөгүй. Тухайн хүнийг цаашид ажиллуулах боломж хөдөлмөрийн хуулиар үгүй болсон тул хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д заасан заалтыг хэрэглэн ажлаас нь чөлөөлсөн. 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдөр анхан шатны шүүх хуралдаан болохыг нэхэмжлэгч мэдэж байсан боловч хүндэтгэн үзэх шалгаангүйгээр нэхэмжлэгч нэмжлэлээ дэмжиж ирээгүүгээс нэхэмжлэлийг шүүх буцаасан. Гэвч нэхэмжлэгч нь 2016 оны 01 дүгээр сарын 20-нд дахин гаргасан байдаг энэ нь Иргэний хуулийн 129 дүгээр зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн байдаг.

            Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах боломжтой байна.

Нэхэмжлэгч ХХХХХ нь хариуцагч ХХХ-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилласан хугацааны болон ажилгүй байсан хугацааны цалин гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл нэхэмжлэгч нь 2009 оны 10 дугаар сараас Өмнөговь аймгийн Тээвэр, авто замын газарт Манлай сумын тээвэр зохицуулагчаар ажиллаж байсан, 2015 оны 7 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгон ажлаас чөлөөлөх б/414 тоот тушаал 2015 оны 8 дугаар сарын 21-ний өдөр гарсан үйл баримтын талаар талууд маргаагүй.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэх үндэслэлээ “...ХХХХХ Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлд заасан хугацаанд гомдлоо гаргаагүй” гэж тайлбарласан ба анхан шатны шүүхээс хариуцагчийн тайлбар үндэслэлгүй талаар хийсэн дүгнэлт хуульд нийцжээ. Учир нь нэхэмжлэгч нь ажлаас чөлөөлсөн тухай тушаалыг 2015 оны 09 дүгээр сарын 03-аар хүлээн авсан байх бөгөөд 2015 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь хуулиар тогтоосон 30 хоногт багтсан байна.

Түүнчлэн шүүх нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрын хэмжээг хэрэгт авагдсан цалингийн жагсаалт, нийгмийн даатгалын дэвтэр зэрэг баримтад үндэслэн тогтоох боломжтой байх тул нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй. /хх 51-55/

Ийнхүү ХХ-ийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь зөв боловч шүүхээс нэхэмжлэлийг буцаасан 2015 оны 12 дугаар сарын 21 өдрөөс хойш дахин нэхэмжлэл гаргасан 2016 оны 01 дүгээр сарын 20 өдөр хүртэлх хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй. Учир нь нэхэмжлэгч нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд ирээгүйтэй холбоотойгоор хөлс авч чадаагүй явдалд хариуцагч буруугүй болно.

 Иймд хариуцагчаас гаргуулах олговрын хэмжээг дээрх хугацаагаар багасган тооцох үндэслэлтэй.

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ шаардах эрхийн үндэслэлд хамаарахгүй хуулийн зохицуулалтыг хэрэглэсэн, шийдвэрийн тогтоох хэсгийн 1,2 дах заалт ойлгомжгүй бичигдсэнийг зөвтгөн өөрчлөх шаардлагатай байна.

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 101/ШШ2016/02068 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч  ХХХХХ-ийг Өмнөговь аймгийн Тээвэр, авто замын газрын Манлай сумын тээвэр зохицуулагчийн ажилд эгүүлэн тогтоож, хариуцагч ХХХ-иас 3 698 289 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлээс 3 807 391 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж,

2 дахь заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас 81 623 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх тул ХХ-ийн төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогоос гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч нь давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахад төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдсугай.

3, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

                         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Ж.ОЮУНТУНГАЛАГ

                         ШҮҮГЧИД                                              Д.БАЙГАЛМАА

                                                                                         М.НАРАНЦЭЦЭГ