Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 208/МА2024/00072

 

******* банкны Сэлэнгэ салбарын

                                                                       нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Эрдэнэхишиг даргалж, ерөнхий шүүгч Я.Туул, Г.Давааренчин нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн А танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 148/ШШ2024/00464 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч ******* банкны Сэлэнгэ салбар,

Хариуцагч Э.*******, Ш.******* нарт холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 14,371,605.80 төгрөг, зээлийн хүү 4,016,198.15 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 302,246.71 төгрөг, нотариатын зардал 25,500 төгрөг, нийт 18,715,550.66 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай

Хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батнаран, хариуцагч Ш.******* нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагч Ш.*******г оролцуулан тэмдэглэлийг шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Учрал хөтлөв.

ТОДОРХОЙЛОХ ХЭСЭГ:

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ:

Нэхэмжлэлийн үндэслэл Зээлдэгч Э.******* хамтран үүрэг гүйцэтгэгч Ш.******* нар нь ХААН Банкны Сэлэнгэ салбарын Төв тооцооны төвтэй 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдөр ЗГ/201944684238 дугаартай зээлийн гэрээ байгуулж 56,000,000 (тавин зургаан сая) төгрөгийг жилийн 21.6 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай бизнесийн зээлийн зориулалтаар авсан.

...Зээлдэгч Э.******* хамтран үүрэг гүйцэтгэгч Ш.******* нар нь зээлийн гэрээний үүргийн дагуу хавсралтад дахь Зээл олголт, эргэн төлөлтийн хуваарь-ийг удаа дараа зөрчсөн тул банк зээлийн гэрээний үүргийн дагуу зээл, хүү төлөх талаар удаа дараа мэдэгдсэн. Гэвч, өнөөдрийг хүртэл (2024 оны 06 дугаар сарын 24-ны өдрийн байдлаар) огт төлбөрөө төлөөгүй 426 хоног хугацаа хэтрүүлж, гэрээний үүргээ зөрчсөн байна.

Иймд банк хариуцагч болон нэхэмжлэгч нарын хооронд байгуулагдсан 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдөр 31/201944684238 тоот Зээлийн гэрээний үүргийн дагуу зээлдэгч 2024 оны 06 дугаар сарын 24-ны өдрийн байдлаар дараах зээлийн өр төлбөр гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд:

2024 оны 06 дугаар сарын 24-ны өдрийн байдлаар зээлийн төлбөрт Үүнд:

1. Үндсэн зээлийн төлбөр 14,371,605,80

2. Зээлийн хүүгийн төлбөр 4,016,198.15

3. Нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 302,246.71

4. Нотариатын зардал 25,500 Нийт 18,715,550.66 төгрөгийг гаргуулж өгнө үү. Улсын тэмдэгтийн хураамж:

а. 251, 527.75, б.70,200 төгрөг төлсөн.

Зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг зээлийн барьцааны хөрөнгө болох иргэн Э.*******, хамтран үүрэг гүйцэтгэгч Ш.******* нарын өмчлөлийн Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 2-р баг, Дэвших халуун усны зүүн талд орших үйлчилгээний зориулалттай №******* гэрчилгээний дугаартай, ******* эрхийн улсын бүртгэлийн дугаартай 90 мкв талбайтай үл хөдлөх хөрөнгө, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум Ганзамчид 1-р гудамжны 109 тоот хаягт орших №******* гэрчилгээний дугаартай, №******* нэгж талбарын дугаартай, эрхийн улсын бүртгэлийн дугаартай 354 мкв худалдаа үйлчилгээний зориулалттай эзэмших эрхийн газрын хамт, иргэн Э.*******ы нэр дээр бүртгэлтэй ************** улсын дугаартай VOLVO-FH12 маркийн улаан өнгөтэй зүтгүүр хөдөлгүүрийн №YV2A4CFA45B397384, *******ТЧ улсын дугаартай SCHWARZMULLER KOS T3/Е цагаан өнгийн чиргүүл хөдөлгүүрийн №VAVSAF33841208516 тус тус зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах гэжээ.

 Хариуцагч Э.******* нь шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байна гэжээ.

Хариуцагч Ш.******* нь шүүхэд гаргасан тайлбартаа:

2023 оны 06 дугаар сарын 28-ны өдөр гэр бүл цуцлагдаж, шүүхийн шийдвэр гарсан. Тухайн үед Э.******* өвчтэй байсан. Эвлэрлийн гэрээгээр энэ хэргийг шийдвэрлэсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар гэрлэлтийг салгасан. Би 300,000 төгрөг нэхэмжилснээсээ татгалзсан. Энэ хүний бие тааруу байсан учраас хүүхдийнхээ эцгийг хүндлээд татгалзсан. Байхгүйд нь эвлэрлийн гэрээ хийж дуусгасан. Гэрлэлт цуцлах шүүхийн шийдвэрээр Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум, 2-р багт байрлах байрыг барьцаалсан зээлийн төлөлтийг Э.******* хариуцна. Тус зээлийн эргэн төлөх хуваарийн дагуу төлж, барьцааны үүргийн гүйцэтгэлийг газрын хамт чөлөөлж, Ш.*******гийн нэр дээр болгож, Э.******* нэрээ хасуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон. Энэ шийдвэрийг харахад барьцаа хөрөнгөөр нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах эрх зүйн үндэс байхгүй гэж үзэж байна. Яагаад гэвэл шүүхийн шийдвэр гарсан. Энэ мөнгийг ганцхан Э.******* төлнө. ...******* банк ХК-ийн нэхэмжлээд байгаа мөнгийг ойлгохгүй байна. Энийгээ ******* банк тайлбарлаж өгнө үү гэж хүсэж байна. Э.*******ы хувьд анх осолд орсон. Төлөх боломжгүй байсан гэх тайлбарыг удаа дараа өгөөд байсан. Өөрөө төлье гэж байна. Төлөх нь тодорхой байх гэж бодож байна. Үл хөдлөх хөрөнгө, барьцаа хөрөнгийг авах ёсгүй гэж үзэж байна гэжээ. 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 464 дугаартай шийдвэрээр:

Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 225 дугаар зүйлийн 225.1, 242 дугаар зүйлийн 242.2, 242.11, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан хариуцагч овогт ы ******* /РД./, овогт ийн ******* /РД:/ нараас зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт нийт 14,371,605 төгрөг, нотариатын зардал 25,550 төгрөг, нийт 14,397,105 төгрөгийг тэнцүү хэмжээгээр гаргуулж, нэхэмжлэгч ХААН банк ХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4,318,445 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д зааснаар хариуцагч нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох улсын бүртгэлийн ******* дугаартай үл хөдлөх эд хөрөнгө, улсын бүртгэлийн дугаартай газар, зүтгүүрийн YV2A4CFA45B397384 арлын дугаартай, чиргүүлийн VAVSAF3384H208516 арлын дугаартай VOLVO-FH12 маркийн автомашинаар үүргийн гүйцэтгэлийг хангахыг Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар төлсөн нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 321,727 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 193,410 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэжээ.

 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батнаран давж заалдах гомдолдоо:

...Анхан шатны шүүх нь талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээг дүгнэж Банкийг хүү, нэмэгдүүлсэн хүүг хариуцагчтай байгуулсан зээлийн гэрээний дагуу шаардах эрхтэй, мөн хариуцагч нар нь хүү болон хэтэрсэн хугацааны нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэг болохыг гэсэн атлаа шийдвэрийн Тогтоох хэсэгт хуур хэрэглэж, нотлох баримтыг бүрэн шинжлэн судлалгүй банкны шаардсан зээлийн хүү болон хэтэрсэн хугацааны нэмэгдүүлсэн хүүг үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Иймд анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 148/ШШ2024/00464 дугаартай шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ш.******* шүүхэд гаргасан давж заалдах гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие Ш.******* нөхөр Э.******* бид гэрлэлтээ цуцлуулж 2023 оны 6 дугаар сарын 28-ны өдөр 411 дүгээр шүүхийн шийдвэр гарсан.

Дээрх гэрлэлт цуцалсан шийдвэрт гэрлэгчдийн дундын эд хөрөнгө болох ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг гэр бүлийн дундын эд хөрөнгөөс Э.*******д ногдох эд хөрөнгө гэж үзэн түүнд үлдээхээр, харин Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум, 2 дугаар баг, Дэвших халуун усны зүүн талд орших ******* гэрчилгээтэй, улсын бүртгэлийн Ү-131700024 дугаарт бүртгэлтэй, 90 м.кв талбай бүхий амины орон сууц, ******* гэрчилгээ, нэгж талбарын *******, дугаарт бүртгэлтэй 354 м.кв газар зэргийг барьцаалсан. ******* банкны зээлийг Э.******* хариуцаж тус зээлийг графикийн дагуу төлж дуусган, барьцаа үл хөдлөх хөрөнгийг газрын хамт чөлөөлөх үүргийг Э.*******д даалгаж, уг үл хөдлөх эд хөрөнгийн хамтран эзэмшигчээс Э.******* нэрээ хасуулахаар шийдвэрлэсэн. Энэ шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон.

Ингэснээр дээр дурдсан хашаа байшин нь нэхэмжлэгч Ш.******* болон хүү Э.Цэлмэг бидэнд гэр бүлийн дундын эд хөрөнгөөс ногдсон хуваарьт хөрөнгө болно.

Гэтэл ******* банкнаас зээлдэгч нь зээлээ гэрээнд заасны дагуу төлөөгүй гэж тайлбарлан зээлийн гэрээний үүрэгт 18,715,550.56 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийг Э.*******, Ш.******* бидэнд холбогдуулан гаргасан. Шүүхээс 2024 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр 464 дугаартай шийдвэрээр нийт 14,397,105 төгрөгийг хариуцагч нараас гаргуулах, хэрэв шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр хангуулахаар болсон нь дээрх гэрлэлт цуцалсан 411 дугаар бүхий шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрт заасан Ш.******* миний болон хүү Э.Цэлмэг бидний хуваарьт хөрөнгөд халдсан шийдвэр гарлаа.

Э.******* шүүхийн шийдвэр гарсны дараа дээрх тээврийн хэрэгслийг өөрийн нэр дээр шилжүүлж аваад, зарж борлуулсан бөгөөд тухайн мөнгөнөөс зориулалтын дагуу банкны зээлийг төлөөгүйн улмаас миний хуваарьт эд хөрөнгөөр барьцааг хангуулах, мөн зээлийг тэнцүү хариуцах үр дагавар үүсэж, би болон миний хүү бидний эрх ашиг зөрчигдөж хохироод байгаа юм. Өөрөөр хэлбэл, нэгэнт шүүхийн шийдвэрээр нөхөр Э.*******д зээлийн үүргийг хариуцуулж өгсөн байхад гэр бүл цуцалсны дараа тухайн хүний үүргийг би хариуцахаар болж байгаа нь үндэслэлгүй юм. Э.******* хувийн үйл ажиллагаатай холбогдсон үүргээ өөрийн хуваарьт эд хөрөнгөөс хариуцах ёстой гэж үзэж байна.

Мөн сүүлд гарсан зээлийн үүргийг шийдвэрлэсэн 464 дугаартай шийдвэр нь өмнө гарсан гэрлэлт цуцалсан 411 дугаартай шийдвэртэй зөрчилдсөн, хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрийн заавал биелэгдэх шинжийг алдагдуулсан байх тул хүчингүй болгож өгнө үү гэв.

ХЯНАВАЛ:

1.Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батнаран, хариуцагч Ш.*******гийн гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй ******* банкны Сэлэнгэ салбарын нэхэмжлэлтэй Э.*******, Ш.******* нарт холбогдох хэргийг бүхэлд нь хянан хэлэлцээд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангаж, хариуцагч Ш.*******гийн гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

2.Нэхэмжлэгч ******* банк ХХК нь хариуцагч Э.*******, Ш.******* нарт холбогдуулан Зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 14,371,605.80 төгрөг, зээлийн хүү 4,016,198.15 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 302,246.71 төгрөг, нотариатын зардал 25,500 төгрөг, нийт 18,715,550.66 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч Э.******* нь хүлээн зөвшөөрсөн бол хариуцагч Ш.******* нь банкнаас авсан зээлийг нөхөр Э.******* нь дангаар төлөхөөр шүүхийн шийдвэр гарсан уг шүүхийн шийдвэр нь хүчин төгөлдөр тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан байна.

Анхан шатны шүүхээс хэргийг хянан хэлэлцээд хариуцагч нар нь зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэгчийн шаардлага үндэслэлтэй боловч хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэлийн шаардлагын тооцоолол үндэслэлгүй гэж нэхэмжлэлийн шаардлагаас 4,016,198.15 төгрөгийг хасаж шийдвэрлэснийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч Ш.******* нар тус тус эс зөвшөөрч давж заалдах гомдлыг гаргажээ.

3.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдлын үндэслэлээ шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хариуцагч Ш.******* хэрэгт авагдсан нотлох баримтыг шүүх үнэлээгүй гэж тус тус тайлбарласан байна.

4.Хэргийг судлан үзвэл:

Зохигчидын хооронд 2019 оны 8 дугаар сарын 26-ны өдөр ЗГ/201944684238 дугаартай зээлийн гэрээ, БГ/Х201944684238 дугаартай барьцааны гэрээ байгуулан гэрээгээр 56,000,000 төгрөгийг 2024 оны 8 дугаар сарын 25-ны өдөр хүртэл, жилийн 21,6 хувийн хүүтэй олгох, зээлдэгч нар нь гэрээний хугацаанд үүргийг гүйцэтгэх, үүргээ хугацаанд нь биелүүлээгүй тохиолдолд нэмэгдүүлсэн хүү төлөхөөр тус тус тохиролцжээ.

Зээлдүүлэгч болох ******* банк нь зээлийг гэрээний дагуу олгосон байх ба зээлдүүлэгч нь гэрээнд заасан зээл төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, гэрээнд заасан хугацаанд зээлээ төлөөгүй хугацаа хэтрүүлж, гэрээний заалтыг удаа дараа зөрчсөн тухай зээлдүүлэгчээс удаа дараа шаардлага хүргүүлсэн боловч үүргээ биелүүлээгүй үндэслэлээр талуудын хооронд байгуулсан гэрээг хугацаанаас нь өмнө цуцлаж, үүргийг биелүүлэх тухай шаардлагыг зээлдэгч нарт холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргасан үйл баримт тогтоогдож байна.

Анхан шатны шүүхээс хэргийн үйл баримт болон нэхэмжлэгчийн шаардлагын талаар эрх зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийсэн боловч нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тооцоолол нь үндэслэлгүй гэж дүгнэн нэхэмжлэгчээс зээлийн хэтэрсэн хугацааны хүү болон нэмэгдүүлсэн хүү тооцон ирүүлснийг нэхэмжлэлийн шаардлагаас хасаж тооцсон үндэслэлгүй болжээ.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т зааснаар хариуцагч Э.*******, Ш.******* нар зээл болон түүний хүүг төлөх үүргийг хүлээх мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д зээлээ хугацаанд нь төлөөгүй тохиолдолд хугацааны хүү гэрээнд заасан нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж тус тус заасан бөгөөд талууд мөн гэрээндээ хүү болон нэмэгдүүлсэн хүү тооцохоор тохиролцсон байна.

Нэхэмжлэгчээс ирүүлсэн баримтаар хариуцагч нар нь зээлийн гэрээний үүргээ хугацаанд нь төлөөгүйгээс 4,016,198.15 төгрөгийн зээлийн хүү хуримтлагдсан гэрээнд заасны дагуу 302,146.7 төгрөгийн нэмэгдүүлсэн хүү тооцсон нь хууль зөрчөөгүй бөгөөд хариуцагч нар нь гэрээний үүргээ зөрчиж зээлийн гэрээний хугацаа хэтрүүлсэн, хариуцагч нар нь зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх эсэх талаар маргаагүй байхад шүүх зөвхөн нэхэмжлэгчийн тооцоолол буруу гэж хариуцагч нарыг хуримтлагдсан хүү болон нэмэгдүүлсэн хүү төлөхөөс чөлөөлж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй тул энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг давж заалдах шатны шүүх хангаж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж дүгнэв.

5.Хариуцагч Ш.*******гийн давж заалдах гомдлын талаар:

Хариуцагч Ш.******* нь ******* банктай байгуулсан зээлийн гэрээнд хамтран үүрэг гүйцэтгэгч мөн эсэх талаар маргаагүй харин Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 411 дугаартай шийдвэрээр нөхөр Э.******* нь төлөхөөр шийдвэрлэсэн тус шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр тул зээлийг төлөхгүй гэж маргасан байна.

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 411 дугаартай шийдвэрээр хариуцагч Э.*******, Ш.******* нарын гэрлэлтийг цуцлаж улмаар гэр бүлийн хамтран өмчлөх хөрөнгө хуваах болон ******* банк дахь зээлийн төлбөрийг нөхөр Э.******* хуваарийн дагуу төлж, барьцааны үүргийн гүйцэтгэлийг газрын хамт чөлөөлж, хөрөнгийг Ш.*******гийн нэр дээр шилжүүлэхээр харилцан тохирч эвлэрсэн байх ба энэхүү эвлэрлийг нь шүүх баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Өөрөөр хэлбэл тус шийдвэрээр хариуцагч нар гэр бүлийн дундаа хамтран өмчлөх хөрөнгөө хэрхэн хуваарилах, хамтран амьдрах хугацаандаа ******* банкнаас авсан зээлийн төлбөрийг хэрхэн төлөхөөр тохиролцон эвлэрснийг шүүх баталгаажуулсан шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр байна.

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч шатанд хэргийн зохигчид эвлэрэн хэлэлцэж болох бөгөөд энэхүү эвлэрэл нь бусдын хууль ёсны эрх ашгийг хөндөөгүй байхыг шаарддаг.

Иргэний хуульд зааснаар гэрээний үүргээ бусдад шилжүүлж болохоор заасан бөгөөд ийнхүү шилжүүлэхдээ гэрээний нөгөө талын зөвшөөрөл зайлшгүй шаардлагатай талаар хуулчилсан.

Хариуцагч Э.*******, Ш.******* нар нь ******* банктай байгуулсан зээлийн гэрээний үүргээ нэг нь нөгөөдөө шилжүүлэхээр эвлэрэн хэлэлцэхдээ зээлийн гэрээний нэг тал болох ******* банканд мэдэгдэж улмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж, түүний зөвшөөрлийг авснаар ******* банктай байгуулсан зээлийн гэрээндээ үүрэг гүйцэтгэгчийг солих өөрчлөлт оруулахаар гурван тал харилцан зөвшилцсний үндсэн дээр хариуцагч Ш.*******гийн зээлийн гэрээний үүргийг Э.*******д шилжүүлэх боломжтой.

Гэтэл хариуцагч нар нь ******* банкнаас авсан зээлээ хоорондоо тохиролцон нэг нь нөгөөдөө үүргээ шилжүүлэхээр шийдвэрлүүлсэн нь нэхэмжлэгч ******* банканд хамааралгүй зөвхөн хариуцагч нарын хоорондын тохиролцоо гэж үзнэ.

Иймд Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 411 дугаартай шийдвэрийг үндэслэн хариуцагч Ш.*******г зээлийн гэрээний үүргээс шүүх чөлөөлөх хуулийн үндэслэлгүй тул хариуцагч Ш.*******гийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна.

Харин Э.******* Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 411 дугаартай шийдвэрийг биелүүлээгүй тохиолдолд шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай хүсэлтийг Ш.******* шүүхэд гаргаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх журмаар шийдвэрийг биелүүлэхээр шаардах эрх нь нээлттэй болохыг тайлбарлах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 148/ШШ2024/00464 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

 

1 дэх заалтыг:

1.Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 225 дугаар зүйлийн 225.1, 242 дугаар зүйлийн 242.2, 242.11, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан хариуцагч овогт ы ******* /РД./, овогт ийн ******* /РД:/ нараас зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр, нотариатын зардал нийт 18,715,550.66 төгрөгийг тэнцүү хэмжээгээр гаргуулж, нэхэмжлэгч ХААН банк ХК-нд олгосугай. гэж,

3 дахь заалтыг:

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 321,727 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 321.727 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай. гэж тус тус өөрчлөн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 84,045.12 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож, хариуцагч Ш.*******гээс давж заалдах гомдол гаргахдаа урьдчилан төлсөн 131,327 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

  

 

 

 

ДАРГАЛАГЧ Б.ЭРДЭНЭХИШИГ

 ШҮҮГЧИД Я.ТУУЛ

Г.ДАВААРЕНЧИН