Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 351

 

 

 

 

 

 

 

  2019          05          13                                    2019/ШЦТ/351

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ж.Буянжаргал хөтөлж,

улсын яллагч Тээврийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Ундраххэрлэн,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Амаржаргал, түүний өмгөөлөгч Д.Цэндсүрэн /ҮД:084/

иргэний хариуцагч “Бичил глобус” ХХК-ийн төлөөлөгч Г.Юмсүрэн,

шүүгдэгч Х.Батцэцэг, түүний өмгөөлөгч З.Бат-Эрдэнэ /ҮД:2128/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Тээврийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Хоролдоржийн Батцэцэгт холбогдох эрүүгийн 1903000660114 дугаартай хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол улсын иргэн, 1984 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Өвөрхангай аймгийн Хархорин суманд төрсөн, 35 настай, эмэгтэй, дээд боловсролтой, экологич мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, хоёр хүүхдийн хамт Сүхбаатар дүүрэг 10-р хороо 16а-34 тоотод бүртгэлтэй боловч одоо Баянзүрх дүүрэг 27 дугаар хороо Дарь-Эхийн хуучин эцэст Дэнжийн 1645 тоотод түрээсээр түр оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Боржигон овогт Хоролдоржийн Батцэцэг /РД:ЙР84042100/

 

Холбогдсон хэргийн талаар

/яллах дүгнэлтэнд бичигдснээр/

Шүүгдэгч Х.Батцэцэг нь 2019 оны 01 дүгээр сарын 11-ний орой 19 цаг 30 минутын үед Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр, 118 дугаар сургуулийн зүүн урд Яармагийн зам гэрлэн дохиотой явган хүний гарцтай замд “Toyota Aqua” маркийн 25-84 УБС улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.1, 8.9, 8.18, 12.3-т заасан заалтуудыг зөрчсөнөөс явган зорчигч Б.Алтанцэцэгийг мөргөн, амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

            Шүүгдэгч Х.Батцэцэг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж  ярих зүйлгүй, гэм буруугийн талаар маргахгүй гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Амаржаргал шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Манай охин 19 цаг 20 минутын үед аавтайгаа ярихдаа “автобуснаас бууж байна” гэсэн байдаг. Тэгж ярьснаас хойш 30 минут өнгөрсөн боловч ирээгүй. Гадаа харанхуй байсан тул би нөхрийгөө “охиныхоо урдаас гараач” гэхэд тэрээр гэрээсээ гараад буцаж ирснээ “нөгөө талын автобусны буудал руу очсон боловч автобусны буудал дээр байхгүй байна” гэхээр нь “цагдаад мэдэгдье” гээд Яармагийн Цагдаагийн хэлтэст мэдэгдсэн. Цагдаагийн байгууллагаас “нийслэл даяар эрэн сурвалжиж байгаа боловч олдохгүй байна” гэсэн. Тухайн үед би том охинтойгоо Төв аймгийн Жаргалант суманд гэртээ байсан юм. Би талийгаач охиныхоо ангийнх нь найз Хулантай ярихад “19 цаг 20 минутын үед автобуснаас ганцаараа буусан. Гэртээ очоод фэйсбүүкээр над руу юм явуулна гэж хэлчихээд явуулахгүй болохоор нь гайхаад байна” гэж хэлсэн. Гэтэл шөнө 00 цаг 45 минутад Нийслэлийн Замын цагдаагаас залгаад “танай охин осолд орсон байна, яаралтай тархины хагалгаанд орох шаардлагатай байна” гэхээр нь би нөхөр рүүгээ залгаад “охин хүнд гэмтэл авсан гэж байна, хурдан эмнэлэг рүү очоорой” гэж хэлсэн. Намайг өглөө 08 цагт эмнэлэг дээр очиход охин ухаангүй байсан ба эмнэлэгт эмчлэгдэж байгаад 2019 оны 01 дүгээр сарын 15-ны орой 23 цаг 45 минутад нас барсан. Миний охин 1997 онд төрсөн ба Ерөнхий боловсролын дунд сургуулиа Архангай аймгийн Жаргалант суманд төгсөөд ОХУ-ын Эрхүү хотын Анагаах Ухааны Их сургуульд хүүхдийн эмчээр суралцаж байгаад 2018 оны 09 дүгээр сард “Ач” анагаах ухааны их сургуулийн Эмчилгээний ангид орж суралцаж байсан. Тухайн орой хичээлээ тараад харьж байхад нь Батцэцэг миний охиныг машинаараа мөргөж амь насыг нь хохироосон. Би маш их харамсаж, гомдолтой байна. Манай охиноос ар гэрийнхнийх нь утасны дугаарыг аваад бид нартай холбоо барьсан бол миний охины амь нас аврагдсан байх байсан болов уу гэж бодож байна гэв. 

Иргэний хариуцагчийн төлөөлөгч Г.Юмсүрэн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Тус хэрэгт манай байгууллагыг иргэний хариуцагчаар татсан шүүгчийн захирамжийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Х.Батцэцэг нь манай компанитай 2018 оны 08 дугаар сарын 18-ны өдөр 1020802809 тоот дугаартай барьцаат зээлийн гэрээ байгуулж 6.990.000 төгрөгийг 1 сарын 2,5%-н хүүтэй 36 сарын хугацаатай зээлсэн байна. Энэ зээлийн гэрээний хамтаар барьцааны гэрээ буюу Фидуцийн гэрээ байгуулж уг гэрээний дагуу Иргэний хуулийн 235 дугаар зүйлийг үндэслэн түүний эзэмшилийн 25-84 улсын дугаартай “Тоyota aqua” маркийн автомашиныг шилжүүлэн авсан байдаг. Өөрөөр хэлэх юм бол “Эко Кар Центр” ХХК-аас авсан машиныг манай компани барьцаанд авч зээлийн гэрээний хугацаанд уг машиныг компаний нэр дээр түр шилжүүлсэн. Фидуцийн гэрээний хугацаанд үүргийн гүйцэтгэлийг хангах нэг арга хэрэгсэл хөшүүрэг болохын хувьд эд хөрөнгийг өмчлөх эрх гэрээний хугацаанд үүрэг гүйцэтгэгчид шилждэг. Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 231 дүгээр зүйлд заасан үүргийн гүйцэтгэлийг хангуулах аргуудын нэг юм. Үүргийн гүйцэтгэлийг хангах арга болох фидуцийн гэрээг иргэн Батцэцэгтэй байгуулж, уг гэрээний 1.6 дахь заалтаар зээлдэгч түүний эзэмшил ашиглалтад байх бөгөөд барьцаат зээлийн гэрээний 4.4-т зааснаар барьцааны хөрөнгө болох тээврийн хэрэгслийг ашиглаж байх явцад бусдад буюу гуравдагч этгээдэд хохирол учруулсан тохиолдолд зээлдэгч уг хохирлыг бүрэн хариуцна гэж заасан. Мөн түүнчлэн гэрээний 3.2.4 дэх заалтаар зээлдэгчийн үүрэгт барьцааны эд хөрөнгийг бусдад шилжүүлэхгүй байхаар заасан байна. Зээлдэгч Батцэцэг нь одоо ч гэсэн зээлээ төлж дуусгаагүй. Зээлдэгч зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд барьцаалагч нь уг барьцааны эд хөрөнгийг захиран зарцуулах эрх олгогдоно. Гэхдээ зөвхөн зээлийн үлдэгдэл төлбөрийн хэмжээнд эрх олгогдоно. Үүнээс өөр эрх эдэлж, үүрэг хүлээхгүй. Иймд “Бичил Глобус” ХХК нь энэ хэрэгт хамааралгүй гэж үзэж байна. Түүнчлэн манай байгууллага энэ хэрэгт иргэний хариуцагч болохгүй байх гол үндэслэл нь уг тээврийн хэрэгсэл нь манай байгууллагын эзэмшилд байгаагүй Батцэцэг гэх хүний эзэмшилд гэрээ хийгдсэн өдрөөс эхлэн шилжиж ашиглагдаж байсан. Иймд тээврийн хэрэгсэлтэй холбоотой эдийн хохирлыг хариуцах этгээд нь тухайн үед жолоодож явсан Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль болон Монгол Улсын Замын хөдөлгөөний журам зөрчсөн жолооч хариуцахаар байна. Хавтаст хэргийн 63-64 дүгээр хуудсанд Тээврийн цагдаагийн албаны 73 тоот шинжээчийн дүгнэлтэд “Батцэцэг нь Замын хөдөлгөөний дүрмийн хэд хэдэн заалтуудыг зөрчсөн гэх үндэслэлтэй байна” гэж заасан байна. Манай байгууллагын өмч биш, манай байгууллага хэн нэгэнд түрээслээгүй, манайх өөрсдийн заавар зөвлөмжөөр явуулаагүй, манай байгууллага  автомашиныг хөдөлгөөнд оролцуулаагүй. Манай байгууллага нь өмчлөгч, эзэмшигч биш зөвхөн барьцаалагч үүрэг гүйцэтгүүлэгч гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан зээлийн болон барьцааны гэрээний хамтаар нотлогдож байна. Замын цагдаагийн шинжээчийн дүгнэлт, хохирогч, гэрчүүдийн мэдүүлгээр тухайн тээврийн хэрэгслийг хэн гэж хүн барьж яваад осол гаргаж хохирол учруулсан болон автомашины өмчлөгч хэн гэдэг нь харагдаж байна. Мөн барьцааны гэрээ нь энэ хэргийн иргэний хариуцагч нь Батцэцэг болохыг харуулж байна. Иргэний хуулийн 237 дугаар зүйлд гэрээний дагуу үүссэн харилцаа үүрэг гүйцэтгүүлэгч шилжүүлэн авсан эд хөрөнгө захиран зарцуулах бүрэн эрхийг бус харин үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгийн эрхийг хязгаартайгаар шилжүүлэн авсан. Үүрэг гүйцэтгэгч үүргээ биелүүлээгүй тохиолдолд эд хөрөнгийг бодитойгоор гаргуулан авснаар дуусгавар болдог онцлогтой тул шүүх уг асуудлыг шийдвэрлэхдээ эдгээр байдлуудыг анхаарч гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг гэм буруутай зохих этгээдээс гаргуулах нь зүйтэй гэв.

 

Эрүүгийн 1903000660114 дугаартай хэргээс:

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Амаржаргал мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ...Миний охин 1997 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Архангай аймгийн нэгдсэн эмнэлгийн төрөх тасагт миний хоёр дахь охин болж төрсөн. 2 охины бага хүүхэд байсан юм. ...Ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулийг 2014 онд төгсөөд 2014 оноос 2018 оны 06 дугаар cap хүртэл ОХУ-ын Эрхүүгийн Анагаах ухааны улсын их сургуульд хүүхдийн их эмч мэргэжлээр сурч байгаад 2018 оны 09 дүгээр сараас Ач анагаах ухааны их сургуулийн эмчилгээний ангийн 1 дүгээр дамжаанд сурч байсан. Надад авто ослын талаар мэдэх зүйл байхгүй. 2019 оны 01 дүгээр сарын 11-ний орой талийгаач охин маань нөхөр Батнасан руу залгаад “гэртээ очиж байна, автобуснаас бууж байна” гэж хэлчихээд гэртээ ирэхгүй болохоор аав нь гар утас руу нь залгахад “дуудаад авахгүй байж байгаад холбогдохоо больчихлоо” гэж хэлэхээр нь хамт сурдаг ангийнх нь охиноос асуухад “19 цаг 25 минутын орчим Яармагийн автобусны буудал дээр буусан” гэж хэлсэн. Охин маань гэртээ ирэхгүй болохоор нь Яармагийн цагдаад бүртгүүлээд найз нөхдөөс нь асууж байтал шөнө 00 цаг 40 минутын орчим Замын цагдаагийн газраас залгаад охин Алтанцэцэгийг авто осолд орсон талаар мэдэгдсэн. Би тэр үед Орхон аймагт гэртээ байсан учраас шууд гараад маргааш өглөө нь ГССҮТөвд ирэхэд манай охин тархины хагалгаанд орчихсон, ухаангүй сэхээн амьдруулах тасагт эмчлэгдэж байсан. Манай охин ГССҮТөвд 4 хоног ухаангүй эмчлэгдэж байгаад 2019 оны 01 дүгээр сарын 15-ны орой 23 цаг 45 минутын орчим амьсгал хураасан. Би маш их гомдолтой байна. ...Сэтгэл санаа болон эд материалын хувьд маш их хохирсон. Буруутай этгээдэд хуульд заасан хамгийн хүнд арга хэмжээг авч өгөхийг хүсэж байна. Авто ослоос болж гарсан эмчилгээний зардал, оршуулгын зардал, ОХУ-д сурч байсан сургуулийн төлбөр зэрэг зүйлүүдийг нэхэмжилж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 30-31-р хуудас/,

Гэрч Э.Амарсанаа мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: 2019 оны 01 дүгээр сарын 11-ний орой харанхуй болчихсон байсан цагийг нь сайн санахгүй байна. Би Нисэхэд гэр рүүгээ өөрийн эзэмшлийн “Тоёота Клугер” маркийн 62-88 УБМ улсын дугаартай автомашинтай явж байтал Яармагийн 118 дугаар сургуулийн автобусны буудал дээр маркийг нь мэдэхгүй суудлын автомашин зогсчихсон, эмэгтэй хүн гар өргөөд тусламж хүссэн. Би машинаа зогсоогоод урд салхины шилээ буулгаад юу болсон талаар асуухад “би машинаараа хүн мөргөчихлөө, туслаач” гэхээр нь “цагдаа болон түргэн тусламж дуудсан уу” гэхэд “үгүй” гэхээр нь “чи цагдаагаа дууд, би түргэн тусламж дуудъя” гээд өөрийн 88086091 дугаарын утсаар түргэн тусламж дуудаж өгчихөөд яваад өгсөн. Би тэр үед машинаасаа буугаагүй. Автомашинд мөргүүлсэн гэх хүн замын хашлагын хажууд хэвтэж байгаа харагдсан. Би “наад хүнээ түргэн тусламж иртэл битгий хөдөлгөөрэй” гэж хэлчихээд явсан...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 33-р хуудас/,

Гэрч Х.Бат-Ирээдүй мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: Зам тээврийн осол болсон өдөр эгч Батцэцэг 19 цагийн орчимд байх над руу залгаад “машинтай явж байгаад осол хийчихлээ” гэхээр нь би эхнэр хүүхдээ дагуулаад очтол замын хажуу талд автомашинд мөргүүлсэн хүн хэвтэж байсан. Удалгүй түргэн тусламж ирээд автомашинд мөргүүлсэн хүнийг ГССҮТөв рүү авч явсан. Надад өөр мэдэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 37-р хуудас/,

Гэрч П.Өлзийсайхан мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: Би зам тээврийн ослын дуудлага мэдээллийн дагуу хэргийн газарт очиход эмэгтэй хүн автобусны буудлын наана замын хойд талын шороон дээр хэвтэж байсан. Хажууд нь мөргөсөн автомашины жолооч эмэгтэй болон автобусны буудал дээр зогсож байсан 2-3 эрэгтэй, эмэгтэй хүмүүс байсан. Би тэр хүмүүсээс ар гэрийнх нь хүн байгаа эсэхийг асуухад байхгүй байсан. Автомашинд мөргүүлсэн гэх эмэгтэйгээс “ар гэрээс чинь хүн байгаа юу” гэхэд “байхгүй” гэж хэлсэн. Тэгээд нэр болон насыг нь асуухад “21 настай, Алтанцэцэг. Миний дотор муухайрч бөөлжих гээд байна” гэж хэлснээс өөр зүйл хэлээгүй. Намайг үзлэг хийхэд ил хугарал, мултрал байхгүй, хамар болон амнаас цус гарсан байдалтай байсан. Түүнийг дамнуургаар өргөж машинд оруулж амин үзүүлэлтүүдийг нь хянахад тогтвортой байсан тул өвчин намдаах болон бөөлжилтийн эсрэг тариа хийгээд ГССҮТөвд хүргэж, хүлээн авахын эмчид хүлээлгэн өгсөн...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 205-206-р хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Химийн шинжээчийн №609 дугаартай дүгнэлтэнд:

1. Шинжилгээнд ирүүлсэн цус нь шинжилгээ хийхэд тэнцэж байна. “Батнасан Алтанцэцэг” гэсэн хаягтай цуснаас спиртийн агууламж илрээгүй. /хх-ийн 1-р хавтас 43-44-р хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Биологийн шинжээчийн №610 дугаартай дүгнэлтэнд:

1. Шинжилгээнд ирүүлсэн Б.Алтанцэцэгийн гэх цус нь АВО системээр О /I/  бүлгийн харъяалалтай байна. /хх-ийн 1-р хавтас 45-р хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Цогцост задлан шинжилгээ хийсэн шүүх эмнэлгийн №333 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

1. Талийгаач Б.Алтанцэцэгийн цогцост хийсэн Шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр гавлын зүүн зулай, чамархай, суурийн хэсгийн шугаман болон цөмөрсөн хугарал, тархины хатуу хальсны дээрх болон доорхи цусан хураа тархины няцралт, аалзан хальсан доорхи тархмал цус харвалт гэмтэл учирсан нь тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайлбал авто ослын улмаас автомашинд мөргөгдөх, савагдах механизмаар үүсгэгдэнэ. Дээрх гавал, тархины гэмтлүүд нь талийгаачийн амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

3. Талийгаачийн цогцост үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдоогүй болно.

4. Талийгаач Б.Алтанцэцэг нь дээрх гавал, тархины гэмтлүүдийн улмаас нас баржээ.

5. Талийгаач Б.Алтанцэцэг нь АВО системээр О /I/ бүлгийн цустай байжээ. /хх-ийн 1-р хавтас 47-51-р хуудас/,

Шинжээч эмч М.Энхбаяр мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: Шүүх эмнэлгийн 333 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд тусгагдсан гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3 дахь заалтад хамаарна. Талийгаач гавал тархины хавсарсан маш хүнд гэмтэл авсан учраас амь насыг баттай аварна гэж хэлэх боломж байхгүй. Эмнэлгийн тусламжийг богино хугацаанд боломжит бүх арга хэмжээг авсан байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 207-208-р хуудас/,

 “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ийн Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн №002369 дугаартай дүгнэлтэнд:

1. Уг тээврийн хэрэгслийг Швед улсад үйлдвэрлэгдсэн EWJ тоног төхөөрөмж дээр шалгаж үзэхэд урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ 0.6 мм, урд дугуйн тоормосны хүч зүүн талдаа 2.1кН, баруун талдаа 2.2кН, зөрүү нь 4.55% (стандарт <20%), хойд дугуйн тоормосны хүч зүүн талдаа 1.1кН, баруун талдаа 1.ЗкН, зөрүү нь 15.38% (стандарт <30%) тоормосны хүчний зөрүү стандартын шаардлагад нийцэж байна. Зогсоолын тоормос зогссон. Зүүн гар талын гэрлийн тусгалын чадал хол дээрээ 45900cd, баруун гар талын гэрлийн тусгалын чадал хол дээрээ 35400cd, (стандарт 10000-225000cd) байгаа нь стандартын шаардлага хангаж байна. Их гэрлийн тусгал ойр дээрээ хэвийн байна.

Автомашиныг суваг дээр STENHOJ Микро-20/26 хийн шингэн, тосон хосолмол шахуургатай өргөгч /домкрат/ ашиглан хийхэд явах анги, жолооны механизмын эд ангиуд эвдрэл, гэмтэлгүй байна. Дугуйн хээний гүний хэмжээг штангенциркулээр хэмжилт хийж үзэхэд 5.0мм (стандарт суудлын автомашины дугуйн хээний гүн газарт тулах хэсгээрээ 1.6мм-ээс багагүй байх) байна. Уг тээврийн хэрэгслийн өнгө үзэмж нь урд копуд 1дм газар хонхойсон, урд гупер баруун талаараа бүлтэрч гарч ирсэн байна.

2. Уг тээврийн хэрэгслийн өнгө үзэмж нь урд копуд 1дм газар хонхойсон, урд гупер баруун талаараа бүлтэрч гарч ирсэн байна.

3. Уг тээврийн хэрэгслийн өнгө үзэмж нь урд копуд 1дм газар хонхойсон, урд гупер баруун талаараа бүлтэрч гарч ирсэн байна. Энэ эвдрэл гэмтэл нь ослын үед үүссэн ба осол гарахад нөлөөлөхгүй.

4. Уг автомашины тоормосны систем нь шингэн дамжуулга бүхий электрон удирдлагатай тоормосны системтэй. Тоормос бүрэн ажиллаж байна.

5. Тоормосны систем нь шингэн дамжуулга бүхий электрон удирдлагатай тоормосны системтэй үед автомашин тоормос гишгэхэд замын гадаргуугийн байдал, автомашины хурд, тоормосны дөрөөн дээр гишгэх хүч, ачсан ачаа зэргээс шалтгаалж тасалдсан мөр зам дээр үүснэ.

6. Уг тээврийн хэрэгслийн спидометр бүрэн ажиллагаатай. /хх-ийн 1-р хавтас 54-59-р хуудас/,

 

Тээврийн цагдаагийн албаны 2019 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 133 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

1. TOYOTA AQUA маркийн 25-84 УБС улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Хоролдоржийн Батцэцэг нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.1-т заасан “Замын хөдөлгөөнийг гэрэл буюу зохицуулагчийн дохиогоор зохицуулна.”, 8.9-д заасан “Гэрэл дохио нь дараах утгатай байна: г/ улаан гэрэл дохио нь хөдөлгөөнийг хориглоно: гэсэн заалтыг/, 8.18-д заасан “Гэрэл буюу зохицуулагчийн хориглосон дохиогоор жолооч Зогс-шугам /1.11 тэмдэглэл буюу 5.32 тэмдэг/-ийн өмнө зогсоно. Мөн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.

2. Явган зорчигч Батнасангийн Алтанцэцэг нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалтыг зөрчсөн гэх үндэслэлгүй байна.

3. Зам тээврийн осол гарахад замын тэмдэг тэмдэглэгээ болон замын бусад байгууламжийн эвдрэл гэмтэл нөлөөлсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

4.  Уг зам тээврийн осол хэрэг гарсан гэх өдрийн зам тээврийн осол хэргийн /дүрс бичлэг/ хавтаст хэрэгт ANGTE бичигтэй дискинд хуулбарлан авч хэргийн материалд хавсрагдсан байсан учир дүрс бичлэгийг шалгаж үзэхэд тухайн зам тээврийн осолд холбогдсон Батнасангийн Алтанцэцэг нь явган хүний зөвшөөрсөн ногоон гэрэл дохиог асахад зам хөндлөн гарч байгаа дүрс бичлэг үлдсэн байна. Тухайн зам тээврийн осол хэрэг нь TOYOTA AQUA маркийн 25-84 УБС улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Хоролдоржийн Батцэцэг нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.18-д заасан “Гэрэл буюу зохицуулагчийн хориглосон дохиогоор жолооч Зогс-шугам /1.11 тэмдэглэл буюу 5.32 тэмдэг/-ийн өмнө зогсоно. Мөн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчснөөс болж үйлдэгдсэн байх үндэслэлтэй байна. /хх-ийн 1-р хавтас 63-64-р хуудас/,

Жолоочийн согтуурал шалгасан тэмдэглэл /хх-ийн 1-р хавтас 15-р хуудас/,

Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэлд: Зам тээврийн осол газар нь Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр 118 дугаар сургуулийн зүүн урд Яармагийн зам гэрлэн дохиотой явган хүний гарцны орчим замьн нөхцөл байдал нь асфальтан, шулуун тэгш, хуурай, зохицуулагддаг явган хүний гарцтай, суурингийн доторх, үзэгдэх орчин чөлөөтэй, зорчих хэсэг гэрэлтүүлэгтэй, цаг агаар тогтуун, эсрэг хөдөлгөөнтэй, тусгаарлах зурвастай, 6 эгнээтэй, явган хүний замтай, хашлагатай, хайстай зорчих хэсэгтэй байна. /хх-ийн 1-р хавтас 7-14-р хуудас/,

Цогцосны гадна биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 1-р хавтас 17-19-р хуудас/,

Амь хохирогчийн хувийн байдалтай холбоотой баримтууд “Ач” анагаах ухааны их сургуулийн тодорхойлолт /хх-ийн 1-р хавтас 20-р хуудас/, нас барсны гэрчилгээ /хх-ийн 1-р хавтас 22-23-р хуудас/, өвчний түүх /хх-ийн 1-р хавтас 109-127-р хуудас/,

Сиди бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 1-р хавтас 26-р хуудас/,

Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 1-р хавтас 204-р хуудас/,

Хохирлын баримтууд /хх-ийн 1-р хавтас 128-168-р хуудас/, Барьцаат зээлийн гэрээнүүд /хх-ийн 1-р хавтас 165-167, 177-203-р хуудас/,

Тээврийн хэрэгслийн лавлагаа, гэрчилгээ /хх-ийн 1-р хавтас 16-р хуудас/,

“Тэнцвэр-Эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланд: TOYOTA AQUA маркийн тээврийн хэрэгслийн зах зээлийн дундаж ханш 12.000.000 төгрөгөөр үнэлсэн./хх-ийн 1-р хавтас 105-р хуудас/,

“Бичил глобус” ХХК-ийн барьцаат зээлийн гэрээ /хх-ийн 1-р хавтас 106-107-р хуудас/,

102, 103 дуудлагын лавлагааны хуудас /хх-ийн 1-р хавтас 88, 90-р хуудас/,

Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэлд: саарал өнгийн TOYOTA AQUA маркийн 25-84 УБС улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн. /хх-ийн 1-р хавтас 101-104-р хуудас/,

Шүүгдэгч Х.Батцэцэг мөрдөн байцаалтанд яллагдагчаар мэдүүлэхдээ: Би 2 хүүхэдтэйгээ хамт 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр Өлзийт хорооллоос Улаанбаатар хот руу орж 11 дүгээр хороололд дүү Бат-Ирээдүйгийн гэрт очиж бага хүүхдээ хуурайлж хөхүүлчихээд буцаж гараад хүүхдээ Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны өрхийн эмнэлэгт үзүүлчихээд буцаад дүүгийндээ ирсэн. Би орой 18 цаг өнгөрч байхад хоёр хүүхэдтэйгээ хамт гэр рүүгээ буюу Өлзийт хороолол руу явах замдаа Яармагийн Сансар худалдааны төв орж ойр зуурын хүнсний зүйл авсан. Тэгээд Яармагийн 118 дугаар сургуулийн зүүн урд гэрлэн дохиотой явган хүний гарцны орчим зөвшөөрөгдсөн ногоон гэрлээрээ явж байтал гэнэт машины урдуур явган хүн гүйгээд гараад ирсэн. Би машинаа зогсоох үйлдэл хийж тоормосоо гишгэтэл нөгөө машины урдуур гүйсэн хүн миний машины урд копуд хэсгээр мөргөгдөөд цааш шидэгдээд унасан. Би машинаа зогсоогоод мөргүүлсэн хүн дээр очтол замын хашлага даваад замын хажуу талд хэвтэж байхаар нь өөрийн 99922383 дугаараас 102-т дуудлага өгсөн. Би хүн мөргөчихөөд сандраад тэрүүгээр явж байсан машинд гар өргөж тусламж хүсэхэд маркийг нь мэдэхгүй цайвар өнгийн машин зогсоод жолооч нь түргэн тусламж дуудаж өгчихөөд яваад өгсөн. Дуудлага өгөөд удаагүй байтал цагдаа ирээд араас нь түргэн тусламж ирж автомашинд мөргүүлсэн эмэгтэйг ГССҮТөв рүү аваад явсан. Дараа нь цагдаа нар хэргийн газарт хэмжилт хийсэн. 102, 103-т дуудлага өгсний дараа өөрийн дүү Бат-Ирээдүй рүү ярьж дуудсан...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 73-р хуудас/,

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд ял шалгах хуудас /хх-ийн 1-р хавтас 75-р хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 1-р хавтас 77-р хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 1-р хавтас 78, 80-р хуудас/, жолоочийн үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 1-р хавтас 79-р хуудас/, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 1-р хавтас 84-85-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

 

Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотлогдвол зохих байдлуудыг шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Х.Батцэцэгийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

 

Гэм буруугийн талаар.

 

Хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримтуудаар: Шүүгдэгч Х.Батцэцэг нь 2019 оны 01 дүгээр сарын 11-ний орой 19 цаг 30 минутын үед Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр, Яармагийн 118 дугаар сургуулийн зүүн урд  замд “Toyota Aqua” маркийн 25-84 УБС улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.1-т заасан “Замын хөдөлгөөнийг гэрэл буюу зохицуулагчийн дохиогоор зохицуулна.”, 8.9-д заасан “Гэрэл дохио нь дараах утгатай байна: г/ улаан гэрэл дохио нь хөдөлгөөнийг хориглоно: гэсэн заалтыг/, 8.18-д заасан “Гэрэл буюу зохицуулагчийн хориглосон дохиогоор жолооч Зогс-шугам /1.11 тэмдэглэл буюу 5.32 тэмдэг/-ийн өмнө зогсоно.”, 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч Б.Алтанцэцэгийг мөргөн, амь насыг нь хохироосон болох нь:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Амаржаргал шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Манай охин 19 цаг 20 минутын үед аавтайгаа ярихдаа “автобуснаас бууж байна” гэсэн байдаг. Гэтэл тэгж ярьснаас хойш 30 минут өнгөрсөн боловч ирээгүй. Гадаа харанхуй байсан тул би нөхрийгөө “охиныхоо урдаас гараач” гэхэд тэрээр гэрээсээ гараад буцаж ирснээ “нөгөө талын автобусны буудал руу очсон боловч автобусны буудал дээр байхгүй байна” гэхээр нь “цагдаад мэдэгдье” гээд Яармагийн Цагдаагийн хэлтэст мэдэгдсэн. Цагдаагийн байгууллагаас “нийслэл даяар эрэн сурвалжиж байгаа боловч олдохгүй байна” гэсэн. Тухайн үед би том охинтойгоо Төв аймгийн Жаргалант суманд гэртээ байсан юм. Би талийгаач охиныхоо ангийнх нь найз Хулантай ярихад “19 цаг 20 минутын үед автобуснаас ганцаараа буусан. Гэртээ очоод фэйсбүүкээр над руу юм явуулна гэж хэлчихээд явуулахгүй болохоор нь гайхаад байна” гэж хэлсэн. Гэтэл шөнө 00 цаг 45 минутад Нийслэлийн Замын цагдаагаас залгаад “танай охин осолд орсон байна, яаралтай тархины хагалгаанд орох шаардлагатай байна” гэхээр нь би нөхөр рүүгээ залгаад “охин хүнд гэмтэл авсан гэж байна, хурдан эмнэлэг рүү очоорой” гэж хэлсэн. Намайг өглөө 08 цагт эмнэлэг дээр очиход охин ухаангүй байсан ба эмнэлэгт эмчлэгдэж байгаад 2019 оны 01 дүгээр сарын 15-ны орой 23 цаг 45 минутад нас барсан. Миний охин 1997 онд төрсөн ба Ерөнхий боловсролын дунд сургуулиа төгсөөд ОХУ-ын Эрхүү хотын Анагаах Ухааны Их сургуулийн хүүхдийн эмчээр сурч байгаад 2018 оны 09 дүгээр сараас “Ач” анагаах ухааны их сургуулийн Эмчилгээний ангид суралцаж байсан. Тухайн орой хичээлээ тараад харьж байхад нь Батцэцэг миний охиныг машинаараа мөргөж амь насыг нь хохироосон. Би маш их харамсаж, гомдолтой байна. Манай охиныг 2-3 удаа ухаан алдаж байхад нь ар гэрийнхнийх  нь утасны дугаарыг аваад бид нартай холбоо барьсан бол миний охины амь нас аврагдсан байх байсан болов уу гэж бодож байна гэх мэдүүлэг, 

 

Гэрч Э.Амарсанаагийн ...Би машинаа зогсоогоод урд салхины шилээ буулгаад юу болсон талаар асуухад “би машинаараа хүн мөргөчихлөө, туслаач” гэхээр нь “цагдаа болон түргэн тусламж дуудсан уу” гэхэд “үгүй” гэхээр нь “чи цагдаагаа дууд, би түргэн тусламж дуудъя” гээд өөрийн 88086091 дугаарын утсаар түргэн тусламж дуудаад “наад хүнээ түргэн тусламж иртэл битгий хөдөлгөөрэй” гэж хэлчихээд явсан...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 33-р хуудас/,

 

Гэрч Х.Бат-Ирээдүйгийн ...эгч Батцэцэг 19 цагийн орчимд байх над руу залгаад “машинтай явж байгаад осол хийчихлээ” гэхээр нь би эхнэр хүүхдээ дагуулаад очтол замын хажуу талд автомашинд мөргүүлсэн хүн хэвтэж байсан. ...Надад өөр мэдэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 37-р хуудас/,

 

Гэрч П.Өлзийсайханы ...Би зам тээврийн ослын дуудлага мэдээллийн дагуу хэргийн газарт очиход эмэгтэй хүн автобусны буудлын наана замын хойд талын шороон дээр хэвтэж байсан. ...Би тэр хүмүүсээс ар гэрийнх нь хүн байгаа эсэхийг асуухад байхгүй байсан. Автомашинд мөргүүлсэн гэх эмэгтэйгээс “ар гэрээс чинь хүн байгаа юу” гэхэд “байхгүй” гэж хэлсэн. Тэгээд нэр болон насыг нь асуухад “21 настай, Алтанцэцэг. Миний дотор муухайрч бөөлжих гээд байна” гэж хэлснээс өөр зүйл хэлээгүй. Намайг үзлэг хийхэд ил хугарал, мултрал байхгүй, хамар болон амнаас цус гарсан байдалтай байсан. Түүнийг дамнуургаар өргөж машинд оруулж амин үзүүлэлтүүдийг нь хянахад тогтвортой байсан тул өвчин намдаах болон бөөлжилтийн эсрэг тариа хийгээд ГССҮТөвд хүргэж, хүлээн авахын эмчид хүлээлгэн өгсөн...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 205-206-р хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Цогцост задлан шинжилгээ хийсэн шүүх эмнэлгийн №333 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

1. Талийгаач Б.Алтанцэцэгийн цогцост хийсэн Шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр гавлын зүүн зулай, чамархай, суурийн хэсгийн шугаман болон цөмөрсөн хугарал, тархины хатуу хальсны дээрх болон доорхи цусан хураа тархины няцралт, аалзан хальсан доорхи тархмал цус харвалт гэмтэл учирсан нь тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайлбал авто ослын улмаас автомашинд мөргөгдөх, савагдах механизмаар үүсгэгдэнэ. Дээрх гавал, тархины гэмтлүүд нь талийгаачийн амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

3. Талийгаачийн цогцост үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдоогүй болно.

4. Талийгаач Б.Алтанцэцэг нь дээрх гавал, тархины гэмтлүүдийн улмаас нас баржээ.

5. Талийгаач Б.Алтанцэцэг нь АВО системээр О /I/ бүлгийн цустай байжээ. /хх-ийн 1-р хавтас 47-51-р хуудас/,

 

Шинжээч эмч М.Энхбаярын ...Шүүх эмнэлгийн 333 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд тусгагдсан гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3 дахь заалтад хамаарна. Талийгаач гавал тархины хавсарсан маш хүнд гэмтэл авсан учраас амь насыг баттай аварна гэж хэлэх боломж байхгүй. Эмнэлгийн тусламжийг богино хугацаанд боломжит бүх арга хэмжээг авсан байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 207-208-р хуудас/,

 

 “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ийн Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн №002369 дугаартай дүгнэлтэнд:

1. Уг тээврийн хэрэгслийг Швед улсад үйлдвэрлэгдсэн EWJ тоног төхөөрөмж дээр шалгаж үзэхэд урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ 0.6 мм, урд дугуйн тоормосны хүч зүүн талдаа 2.1кН, баруун талдаа 2.2кН, зөрүү нь 4.55% (стандарт <20%), хойд дугуйн тоормосны хүч зүүн талдаа 1.1кН, баруун талдаа 1.ЗкН, зөрүү нь 15.38% (стандарт <30%) тоормосны хүчний зөрүү стандартын шаардлагад нийцэж байна. Зогсоолын тоормос зогссон. Зүүн гар талын гэрлийн тусгалын чадал хол дээрээ 45900cd, баруун гар талын гэрлийн тусгалын чадал хол дээрээ 35400cd, (стандарт 10000-225000cd) байгаа нь стандартын шаардлага хангаж байна. Их гэрлийн тусгал ойр дээрээ хэвийн байна.

Автомашиныг суваг дээр STENHOJ Микро-20/26 хийн шингэн, тосон хосолмол шахуургатай өргөгч /домкрат/ ашиглан хийхэд явах анги, жолооны механизмын эд ангиуд эвдрэл, гэмтэлгүй байна. Дугуйн хээний гүний хэмжээг штангенциркулээр хэмжилт хийж үзэхэд 5.0мм (стандарт суудлын автомашины дугуйн хээний гүн газарт тулах хэсгээрээ 1.6мм-ээс багагүй байх) байна. Уг тээврийн хэрэгслийн өнгө үзэмж нь урд копуд 1дм газар хонхойсон, урд гупер баруун талаараа бүлтэрч гарч ирсэн байна.

2. Уг тээврийн хэрэгслийн өнгө үзэмж нь урд копуд 1дм газар хонхойсон, урд гупер баруун талаараа бүлтэрч гарч ирсэн байна.

3. Уг тээврийн хэрэгслийн өнгө үзэмж нь урд копуд 1дм газар хонхойсон, урд гупер баруун талаараа бүлтэрч гарч ирсэн байна. Энэ эвдрэл гэмтэл нь ослын үед үүссэн ба осол гарахад нөлөөлөхгүй.

4. Уг автомашины тоормосны систем нь шингэн дамжуулга бүхий электрон удирдлагатай тоормосны системтэй. Тоормос бүрэн ажиллаж байна.

5. Тоормосны систем нь шингэн дамжуулга бүхий электрон удирдлагатай тоормосны системтэй үед автомашин тоормос гишгэхэд замын гадаргуугийн байдал, автомашины хурд, тоормосны дөрөөн дээр гишгэх хүч, ачсан ачаа зэргээс шалтгаалж тасалдсан мөр зам дээр үүснэ.

6. Уг тээврийн хэрэгслийн спидометр бүрэн ажиллагаатай. /хх-ийн 1-р хавтас 54-59-р хуудас/,

 

Тээврийн цагдаагийн албаны 2019 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 133 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

1. TOYOTA AQUA маркийн 25-84 УБС улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Хоролдоржийн Батцэцэг нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.1-т заасан “Замын хөдөлгөөнийг гэрэл буюу зохицуулагчийн дохиогоор зохицуулна.”, 8.9-д заасан “Гэрэл дохио нь дараах утгатай байна: г/ улаан гэрэл дохио нь хөдөлгөөнийг хориглоно: гэсэн заалтыг/, 8.18-д заасан “Гэрэл буюу зохицуулагчийн хориглосон дохиогоор жолооч Зогс-шугам /1.11 тэмдэглэл буюу 5.32 тэмдэг/-ийн өмнө зогсоно. Мөн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.

2. Явган зорчигч Батнасангийн Алтанцэцэг нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалтыг зөрчсөн гэх үндэслэлгүй байна.

3. Зам тээврийн осол гарахад замын тэмдэг тэмдэглэгээ болон замын бусад байгууламжийн эвдрэл гэмтэл нөлөөлсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

4.  Уг зам тээврийн осол хэрэг гарсан гэх өдрийн зам тээврийн осол хэргийн /дүрс бичлэг/ хавтаст хэрэгт ANGTE бичигтэй дискинд хуулбарлан авч хэргийн материалд хавсрагдсан байсан учир дүрс бичлэгийг шалгаж үзэхэд тухайн зам тээврийн осолд холбогдсон Батнасангийн Алтанцэцэг нь явган хүний зөвшөөрсөн ногоон гэрэл дохиог асахад зам хөндлөн гарч байгаа дүрс бичлэг үлдсэн байна. Тухайн зам тээврийн осол хэрэг нь TOYOTA AQUA маркийн 25-84 УБС улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Хоролдоржийн Батцэцэг нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.18-д заасан “Гэрэл буюу зохицуулагчийн хориглосон дохиогоор жолооч Зогс-шугам /1.11 тэмдэглэл буюу 5.32 тэмдэг/-ийн өмнө зогсоно. Мөн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчснөөс болж үйлдэгдсэн байх үндэслэлтэй байна. /хх-ийн 1-р хавтас 63-64-р хуудас/,

Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэлд: Зам тээврийн осол газар нь Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр 118 дугаар сургуулийн зүүн урд Яармагийн зам гэрлэн дохиотой явган хүний гарцны орчим замьн нөхцөл байдал нь асфальтан, шулуун тэгш, хуурай, зохицуулагддаг явган хүний гарцтай, суурингийн доторх, үзэгдэх орчин чөлөөтэй, зорчих хэсэг гэрэлтүүлэгтэй, цаг агаар тогтуун, эсрэг хөдөлгөөнтэй, тусгаарлах зурвастай, 6 эгнээтэй, явган хүний замтай, хашлагатай, хайстай зорчих хэсэгтэй байна. /хх-ийн 1-р хавтас 7-14-р хуудас/,

Цогцосны гадна биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 1-р хавтас 17-19-р хуудас/,

102, 103 дуудлагын лавлагааны хуудас /хх-ийн 1-р хавтас 88, 90-р хуудас/,

 

Мөрдөн байцаалтанд Х.Батцэцэг яллагдагчаар өгсөн: ...Би Яармагийн 118 дугаар сургуулийн зүүн урд гэрлэн дохиотой явган хүний гарцны орчим зөвшөөрөгдсөн ногоон гэрлээрээ явж байтал гэнэт машины урдуур явган хүн гүйгээд гараад ирсэн. Би машинаа зогсоох үйлдэл хийж тоормосоо гишгэтэл нөгөө машины урдуур гүйсэн хүн миний машины урд копуд хэсгээр мөргөгдөөд цааш шидэгдээд унасан. Би машинаа зогсоогоод мөргүүлсэн хүн дээр очтол замын хашлага даваад замын хажуу талд хэвтэж байхаар нь өөрийн 99922383 дугаараас 102-т дуудлага өгсөн...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 73-р хуудас/,

Эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн камерын бичлэгт: Үзэгдэх орчин харанхуй ба гадаа цас бударч байна.  Наад талд автомашины зогсоол харагдах ба түүний цаагуур засмал замаар автомашины хөдөлгөөн жигд хоёр урсгалтайгаар оролцож байгаад хэсэг хугацаанд хоёр урсгалын автомашинуудын хөдөлгөөн удааширч зогсож буй бичлэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Гэм буруугийн болгоомжгүй хэлбэр нь гэмт этгээд өөрийн үйлдэл буюу эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг ухамсарлан ойлгоогүй байдаг боловч хэрэг үйлдсэн тодорхой нөхцөлтэй холбож үзвэл тийм хор уршиг гарч болно гэдгийг урьдчилан мэдэх ёстой буюу боломжтой байсанд оршдог.

 

Шүүгдэгч Х.Батцэцэгийн хувьд Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.1-т заасан “Замын хөдөлгөөнийг гэрэл буюу зохицуулагчийн дохиогоор зохицуулна.”, 8.9-д заасан “Гэрэл дохио нь дараах утгатай байна: г/ улаан гэрэл дохио нь хөдөлгөөнийг хориглоно.”, 8.18-д заасан “Гэрэл буюу зохицуулагчийн хориглосон дохиогоор жолооч Зогс-шугам /1.11 тэмдэглэл буюу 5.32 тэмдэг/-ийн өмнө зогсоно.”, 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэсэн заалтуудыг зөрчиж явган зорчигч Б.Алтанцэцэгийг мөргөн амь насыг нь хохироосон хэргийн үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Шүүгдэгч Х.Батцэцэг, түүний өмгөөлөгч З.Бат-Эрдэнэ нар нь “камерийн бичлэгийн цаг хэрэг гарсан цагтай тохирохгүй байна” гэсэн тайлбар гаргасан боловч хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

            Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигийн тухай.

 

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан.

            “Бусдын эрх, амь нас, эрүүл мэндэд ... санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.

            Энэ хэргийн улмаас хохирогч Б.Алтанцэцэг нь гавал тархины гэмтлийн улмаас нас барсан болох нь шинжээчийн дүгнэлтээр /хх-ийн 1-р хавтас 47-51-р хуудас/ тогтоогдсон.

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Амаржаргал нь амь хохирогч Б.Алтанцэцэгийн эмчилгээ болон оршуулгын зардалд 26.483.600 төгрөг, сургалтын төлбөрийн зардалд 24.807.282 төгрөг, нийт 51.290.882 төгрөг нэхэмжилжээ. Үүнээс  15.608.324 төгрөгийг хангаж, 35.682.558 төгрөгийг хангах үндэслэлгүй гэж үзлээ.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас:

            1. Амь хохирогч Б.Алтанцэцэгийн эмчилгээний зардалд: хэргийн 129-р хуудас 39100 төгрөг, 180550 төгрөг, 130-р хуудас 163.800 төгрөг, 359.000 төгрөг, 131-р хуудас 90400 төгрөг,

            2. Амь хохирогчийг оршуулахтай холбоотой зардалд: 131-р хуудас ар 54830 төгрөг, 132-р хуудас 140.900 төгрөг, 276.400 төгрөг, 133-р хуудас 265.127 төгрөг, 338.000 төгрөг, 134-р хуудас 45.200 төгрөг, 134-р хуудас ар 34.500 төгрөг, 135-р хуудас 58.300 төгрөг, 223.250 төгрөг, 136-р хуудас 47.000 төгрөг, 137-р хуудас 3.529.370 төгрөг, 138-р хуудас 40.000 төгрөг, 2.739.500 төгрөг, 139-р хуудас 1.003.000 төгрөг, 1.272.500 төгрөг, 140-р хуудас 58.800 төгрөг, 85.000 төгрөг, 141-р хуудас 85.000 төгрөг, 142-р хуудас ар 45.000 төгрөг, 143-р хуудас 170.000 төгрөг, 128.780 төгрөг, 144-р хуудас ар 12.000 төгрөг, 145-р хуудас 92.070 төгрөг, 389.500 төгрөг, 148-р хуудас 853.639 төгрөг, 377.000 төгрөг, 150-р хуудас 96.900 төгрөг, 154-р хуудас 127.138 төгрөг, 157-р хуудас 987.500 төгрөг, 158-р хуудас ар 38.600 төгрөг, 159-р хуудас 40.000 төгрөг, 52.670 төгрөг, 163-р хуудас 1.068.000 төгрөг, нийт 15.608.324 төгрөгийг хангах үндэслэлтэй гэж үзлээ.  

 

        Харин хэрэгт авагдсан баримтуудаас:

        1.  Ёс заншилтай холбоотой 7, 14, 21 хоногт буян үйлдсэн зардлууд: 137-р хуудас ар 137.186  төгрөг, 151-р хуудас 38.800 төгрөг, 153-р хуудас 204.059 төгрөг, 59.550 төгрөг, 154-р хуудас 99.519 төгрөг, 154-р хуудас ар 19.060 төгрөг, 155-р хуудас 55.967 төгрөг, 155-р хуудас ар 65.670 төгрөг, 156-р хуудас 85.760 төгрөг, 98.390 төгрөг, 158-р хуудас ар 38.600 төгрөг,

          2. Нотлох баримтын шаардлага хангахгүй баримтууд. Тухайлбал: үнийн дүн засвартай, тамга тэмдэггүй гэх мэт баримтууд: хэргийн 136-р хуудас ар 35.400 төгрөг, 142-р хуудас 63.550 төгрөг, 144-р хуудас 76.000 төгрөг, 535.600 төгрөг, 146-р хуудас 28.500 төгрөг, 28.700 төгрөг, 147-р хуудас 53.000 төгрөг, 140.000 төгрөг, 149-р хуудас 85.161 төгрөг, 433.500 төгрөг, 150-р хуудас 96.900 төгрөг, 151-р хуудас ар 424.000 төгрөг, 152-р хуудас 20.000 төгрөг, 46.950 төгрөг,

        3. Шашины зан үйлтэй холбоотой баримтууд: 141-р хуудас ар 390.500 төгрөг /тамгагүй/, 150-р хуудас ар 178.000 төгрөг, 157-р хуудас ар  353.950 төгрөг, 158-р хуудас 22.000 төгрөг,

        4. Амь хохирогчийн сургалтын төлбөртэй холбоотой зардалд: хэргийн 160-161-р хуудас 2.800.000 төгрөг,

        5. баримтгүй зардал: хэргийн 162-р хуудас 2.430.000 төгрөг,

        6. амь хохирогч Б.Алтанцэцэгийн ОХУ-ын Эрхүү хотын Анагаах Ухааны Их сургуульд суралцсан зардлыг ээж Ш.Алтантуяа нь цалингийн зээл авч төлж байсан цалингийн зээлийн үлдэгдэл 17.749.000 төгрөгийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж дүгнэлээ.

 

            Шүүгдэгч Х.Батцэцэгийн жолоодон явсан “Toyota Aqua” маркийн 25-84 УБС улсын дугаартай тээврийн хэрэгсэл “Бичил глобус” ХХК-ийн эзэмшлийн хөрөнгө болох нь тээврийн хэрэгслийн гэрчилгээгээр /хх-ийн 1-р хавтас 16-р хуудас/ тогтоогдсон. Энэ хэрэгт “Toyota Aqua” маркийн 25-84 УБС улсын дугаартай автомашиныг 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 01 дугаартай Прокурорын тогтоолоор битүүмжилсэн /хх-ийн 1-р хавтас 101-102-р хуудас/ байсан тул тээврийн хэрэгслийн эзэмшигч “Бичил глобус” ХХК-ийг шүүхээс иргэний хариуцагчаар татаж /хх-ийн 1-р хавтас 236-237-р хуудас/ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан болно.

 

          Иргэний хариуцагчийн төлөөлөгч Г.Юмсүрэнгийн шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч Х.Батцэцэг нь “Бичил Глобус” ХХК-тай 2018 оны 08 дугаар сарын 18-ны өдөр “Барьцаат зээлийн гэрээ” байгуулж 6.990.000 төгрөг 36 сарын хугацаатай зээлэхдээ үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Барьцааны гэрээ /Фидуци/ байгуулж “Toyota Aqua” маркийн 25-84 УБС улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмших эрхийг “Бичил Глобус” ХХК-ийн эзэмшилд шилжүүлсэн болох нь /хх-ийн 1-р хавтас 106-107-р хуудас/ тогтоогдож байна.

            Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4-т “Тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасан хэдий ч Б.Алтанцэцэгийн амь насыг шүүгдэгч Х.Батцэцэг гэм буруутай үйлдлээрээ хохироосон тул гэм хорын зардлыг шүүгдэгчээс гаргуулж  шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

            Иймд баримтаар нотлогдсон 15.608.324 төгрөгийн зардлаас шүүгдэгч Х.Батцэцэгийн төлсөн 2.100.000 төгрөг, “Монре даатгал” ХХК-аас жолоочийн хариуцлагын даатгалд 5.000.000 төгрөг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид төлснийг хасч тооцон, шүүгдэгч Х.Батцэцэгээс 8.508.324 төгрөг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Амаржаргалд олгохоор шийдвэрлэв.

 

  Эрүүгийн хариуцлагын талаар.

       

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Х.Батцэцэгийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 04 жилийн хугацаагаар хасаж, 03 жил 06 сарын хорих ял оногдуулах, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлт гаргасан ба, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Алтанцэцэг “Х.Батцэцэгт маш их гомдолтой байна, нэг ч удаа уучлалт гуйгаагүй тул ялыг хүндрүүлж өгнө үү” гэсэн санал гаргасан, шүүгдэгчийн өмгөөлөгч З.Бат-Эрдэнээс хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болон 0-14 насны 2 хүүхэдтэй өрх толгойлсон хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулж өгнө үү” гэсэн санал гаргав.

 

Шүүгдэгч Х.Батцэцэг нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба хэрэгт цугларсан баримтаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

  

             Шүүгдэгч Х.Батцэцэгт ял оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон тэрээр 2005 оны 03 дугаар сарын 02-ны өдөр төрсөн хүү Батцэцэгийн Хаш-Эрдэнэ /РД:ЙР05230212/, 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр төрсөн охин Батцэцэгийн Баяндүүрэн /РД:УХ18312366/ нарын хамт ам бүл-3, өрх толгойлж амьдардаг хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 02 жилийн хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 02 /хоёр/ жилийн хугацаагаар хойшлуулахаар шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Батцэцэг нь хүүхдээ асарч хүмүүжүүлэхээс зайлсхийвэл шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан шийдвэрийг хүчингүй болгож хорих ялыг биечлэн эдлүүлэхийг шүүгдэгч Х.Батцэцэгт танилцуулах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг баримтлан Х.Батцэцэгийн “В” ангилалын №596397 дугаартай тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.

 

Эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Сиди 1 ширхэгийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээх нь зүйтэй.

Энэ хэрэгт битүүмжилсэн “Бичил глобус” ХХК-ийн эзэмшлийн “Тоyota Agua” маркийн 25-84 УБС улсын дугаартай автомашиныг битүүмжилсэн 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 01 дугаартай Прокурорын тогтоолыг /хх-ийн 1-р хавтас 101-104-р хуудас/ хүчингүй болгож, автомашиныг битүүмжлэлээс чөлөөлөх нь зүйтэй.

 

Шүүгдэгч Х.Батцэцэг нь энэ хэрэгт цагдан хоригдоогүйг дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

 ТОГТООХ нь:

 

1. Боржигон овогт Хоролдоржийн Батцэцэгийг авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Х.Батцэцэгийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 04 /дөрөв/ жилийн хугацаагаар хасаж, 02 /хоёр/ жилийн хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Батцэцэгт оногдуулсан 02 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Х.Батцэцэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 02 /хоёр/ жилийн хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 02 /хоёр/ жилийн хугацаагаар хойшлуулсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Батцэцэг нь хүүхдээ асарч хүмүүжүүлэхээс зайлсхийвэл шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан шийдвэрийг хүчингүй болгож хорих ялыг биечлэн эдлүүлэхийг шүүгдэгч Х.Батцэцэгт танилцуулсугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Батцэцэгт оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 04 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг албадлагын арга хэмжээ авсан үеэс тоолсугай.

 

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 505 дугаар зүйлийн 505.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар “Монре даатгал” ХХК-аас жолоочийн хариуцлагын даатгалд 5.000.000 төгрөг, шүүгдэгч Х.Батцэцэгээс 2.100.000 төгрөг нийт 7.100.000 төгрөг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Алтанцэцэгт төлсөн ба шүүгдэгч Х.Батцэцэгээс 8.508.324 /найман сая таван зуун найман мянга гурван зуун хорин дөрөв/ төгрөг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Амаржаргалд олгосугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг баримтлан Х.Батцэцэгийн “В” ангилалын №596397 дугаартай тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

 

9. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Сиди 1 ширхэгийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

10. Энэ хэрэгт битүүмжилсэн “Бичил глобус” ХХК-ийн эзэмшлийн “Тоyota Aqua” маркийн 25-84 УБС улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгосугай.

 

11. Шүүгдэгч Х.Батцэцэг нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.

 

12. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, түүний өмгөөлөгч, иргэний хариуцагч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

13. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Х.Батцэцэгт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.  

 

 

 

 

 

                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Х.ОДБАЯР