Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 208/МА2024/00073

 

З.*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Эрдэнэхишиг даргалж, ерөнхий шүүгч Я.Туул, Г.Давааренчин нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн А танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 148/ШШ2024/00487 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч З.*******

Хариуцагч Т.*******ад

Нэхэмжлэлийн шаардлага: Хууль бус эзэмшлээс үл хөдлөх хөрөнгө албадан чөлөөлүүлэх тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай,

Т.*******ын Сэлэнгэ аймаг Сүхбаатар сум 4 дүгээр баг, Баянхаан 16 гудамж ******* тоотод байрлалтай, ******* тоот улсын бүртгэлийн дугаар бүхий хувийн орон сууц болон 350 мкв гэр бүлийн хэрэгцээний газрын өмчлөгч болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай

Хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Ариунтуяа, хариуцагч Т.*******, хариуцагчийн өмгөөлөгч Ч.Нарангэрэл нарыг оролцуулан тэмдэглэлийг шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Учрал хөтлөв.

ТОДОРХОЙЛОХ ХЭСЭГ:

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ:

... Миний бие Т.*******тай 2015 оноос эхлэн хамтран амьдарч, 2019 онд гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлсэн боловч Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 03-р сарын 12-ны өдрийн 117 дугаартай шийдвэрээр гэрлэлтээ цуцлуулсан юм. Одоо миний бие 3 хүүхдийн хамт Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Цагдаагийн газарт ажиллаж, амьдарч байна. Миний гэрлэлтээ цуцлуулснаас хойш буюу 2022 онд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 4-р баг Баянхаан шүдэнзний 16 гудамж ******* тоотод байрлалтай 96 м.кв талбайтай, ******* тоот улсын бүртгэлийн дугаар бүхий хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 350 м.кв гэр бүлийн хэрэгцээний газрын хамт худалдан авсан ба тухайн хувийн сууц нь газрын хамт дан ганц миний өмч юм.

Гэтэл намайг Өмнөговь аймагт ажиллаж, амьдарч байх хугацаанд миний салсан нөхөр болох Т.******* нь тухайн хувийн сууцанд амьдарч байгаа ба байрыг маань суллаж өгөхгүй, хууль бусаар эзэмшсээр байна. Иймд өөрийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг Т.*******ын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэхээр тус шүүхэд хандан нэхэмжлэл гаргаж байна. Иймд миний өмчлөлийн үл хөдлөх хөрөнгө болох Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум 4-р баг Баянхаан шүдэнзний 16 гудамж ******* тоот хаягт байрлах ******* тоот улсын бүртгэлийн дугаар бүхий 96 м.кв хувийн сууцыг, тус хаягт байрлах 4308013064 нэгж талбарын дугаар бүхий, Г-1317002201 улсын бүртгэлийн дугаар бүхий, 350 м.кв гэр бүлийн хэрэгцээний газрын хамт Т.*******ын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлж өгнө үү гэжээ.

Хариуцагч Т.******* нь шүүхэд гаргасан тайлбартаа:

... Миний бие нь анх 2012 онд Сэлэнгэ аймаг дахь Цагдаагийн газарт томилогдон ирж ажилласан энэ хугацаанд 2013 онд тооцооны нягтлан дэд ахлагч З.*******тай танилцаж үерхэж бид анх 2014 онд хамтран амьдарч эхэлсэн бидний дундаас 2015 онд Г.******* төрж бид хэвийн амьдарч байсан. 2019 онд би өөрийн эзэмшлийн Баянзүрх дүүрэг 14 хороо, 14 хороолол, 4 байр 116 тоот 18 мкв байраа Мандал суманд баригдаж байгаа байранд захиалга өгч улмаар хотын байраа Мандал суманд 57 мкв байраар сольж авсан тухайн үед байр барьж байсан менежер гэрээ хийж байр бүрэн ашиглалтад орсон хойно гэрчилгээг гаргах талаар тохирсон.

Гэтэл З.******* нь хуурамч материал бүрдүүлж уг байрны гэрчилгээг өөрийн нэр дээр хууль бусаар гаргуулж авсан. 2020 оны 10 дугаар сарын 07-нд бидний бага хүү Г.******* төрсөн болохоор тухайн үед би ямар нэгэн зүйл яриагүй ба уг Мандал сум дахь 57 мкв байраа Мандал сумын шүүхээр өмч хуваах шүүхийн шийдвэр гарсан тухайн үед уг байрыг 87,000,000 төгрөгөөр зарсан боловч З.******* нь өөрийн хаан банк 5675400380 дансаар 2022 оны 1, 2 сард авсан боловч шүүхийн шийдвэр биелүүлэлгүй миний болон бусад өмч хуваасан хүүхдүүдийн мөнгийг өөртөө зарцуулж надад болон Г.*******, Г.******* нарт хуваарилагдсан мөнгийг өгөөгүй ба тухайн шүүхийн шийдвэр гарсан шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй тул байр зарсан мөнгө үрж 38,300,000 төгрөг 2022 оны 4 сард Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум 4-р баг, 4-р хэсэг, 1600 А тоот хашаа байшинг баригдаж дуусаагүй хашаа нь нурсан байхад нь би маргалдаж байж авхуулсан.

Дараа нь би Мандал суманд хамт ажиллаж байсан Баярмаагаас 20,000,000 төгрөг зээлж барилгын материал авч байшин барьдаг гэх Мөнхболд гэж залууд 6,500,000 төгрөгийн хөлс өгч уг байшинд засвар хийж дуусгасан ба ******* нь 2021 оноос 2022 оны 09 сар хүртэл Өмнөговь аймаг, 2022 оны 09 сараас 2023 оны 06 сар хүртэл Солонгос улсад хараар ажиллаж, 2023 оны 09 сараас одоог хүртэл Өмнөговь аймагт ажиллаж 3 хүүхэд болох Г.*******, Г.*******, Г.******* нарыг 3 жил хаяж явсаар байна. Иймд миний 3 хүүхдийг асрамжийг над дээр шилжүүлэн өгнө үү.

З.******* нь 2019 онд Мандал суманд байсан 57 мкв байрны гэрчилгээг хууль бусаар өөрийн ээж болох Р.Оюунчимэгтэй нийлж өөрийн нэр дээр гаргуулж авсан ба 2020 оны 04 сард Мандал сумын шүүхээр гэр бүл салгуулах нэхэмжлэл гаргасан ба Г.*******, Г.*******, Г.******* нарыг олон жил өөрийн асран хамгаалахгүй өөрийн ээж Р.Оюунчимэгээр харуулж ирсэн. Р.Оюунчимэг нь 2022 онд Сүхбаатар суманд байх Баянхаан 4-р баг, 16 гудамж ******* тоот байшинд миний 3 хүүхдийг байнга дарамталж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүүхдийг сурч боловсрох амар тайван амьдрах нөхцөл байдлыг байнга боогдуулж намайг болон 3 хүүхдийг минь дарамталж амьдрах аргагүй байдалд байлгасаар байна.

З.******* нь 2020 оны Мандал сумын шүүхийн захирамжийг биелүүлж 17,500,000 төгрөг Т.******* надад өгсөн гэж огт худал мэдүүлсэн байна. 2023 онд 20,000,000 төгрөгөөр pruis маркийн машин bul capital банк бусаар авсан Хамсан овогтой Батжаргал гэдэг хүний нэрээр харин ******* нь уг машиныг 1 жил унаж хэрэглээд 1 удаа ч лизинг нь төлөөгүй ба Х.Батжаргал нь 2024 оны 5 сард уг машиныг зарж ******* миний ******* дансанд шилжүүлж өгсөн. З.*******д уг байшинд болон энэ 3 хүүхдэд асарч хамгаалах амьдралд нь ямар ч мөнгө өгөөгүй болно гэжээ.

Хариуцагч Т.******* нь шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

... Миний бие эхнэрийгээ Сэлэнгэ аймагт ирж ажиллаж, үр хүүхэд бид нартайгаа хамт амьдрах байх гэсэн итгэл үнэмшилтэйгээр хүлээж байсан боловч бусдын хууль бус эзэмшлээс үл хөдлөх эд хөрөнгө албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл хүлээн авсан.

2020 оны 03 сарын 12-ны өдрийн 117 дугаартай шийдвэрээр гэр бүлийн дундын хөрөнгийг 62,700,000 төгрөгөөр үнэлж, өмчлөлийг 3.*******, Г.*******, Г.******* нарын өмчлөлд үлдээж, надад ногдох хэсэг 15,675,000 төгрөгийг З.*******гаас гаргуулан шийдвэрлэсэн. Гэр бүлийн дундын хөрөнгө гэж тогтоосон Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3 дугаар баг, ******* дүгээр байрны 3 тоотод байрлах 57 м.кв 2 өрөө орон сууцыг З.******* нь 87,000,000 төгрөгөөр зарсан. Энэ мөнгөнөөс Т.******* миний бие нэг ч төгрөг аваагүй, хамтран захиран зарцуулаагүй, З.******* нь 40,000,000 төгрөг болтол нь үрчихсэн. Гэр бүлийн дундын хөрөнгийн ихэнх нь үрэгдэж байгаа гэдгийг би гадарлаж байсан учраас маргаад байгаа Сэлэнгэ аймаг Сүхбаатар сум 4-р баг, Баянхаан 16 гудамж ******* тоотод байрлалтай дутуу баригдсан байшинг, газрын хамт шаардаж байгаад авхуулсан.

Маргаан бүхий хашаа, байшинг Т.******* миний бие өөрийн хүч, хөдөлмөрөөр дутууг нь барьж дуусгасан. Хүүхдүүдийнхээ тав тухтай орчин нөхцөлд амьдрах боломжийг хангахын тулд өнгөрсөн хугацаанд би л хөдөлмөрлөсөн. 3.******* хүүхдүүдээ орхиод явчихдаг, анхаарал халамж хандуулдаггүй, хүүхдүүдээ элэг бүтэн амьдралд өсгөнө гэж боддог ч үгүйг одоо мэдлээ.

Надад болон, хоёр охинд минь ногдох хэсгийн хөрөнгөөр худалдаж авсан газар. дутуу байшин буюу үл хөдлөх хөрөнгийг З.******* нь бичиг баримтыг хөөцөлдөн авч, дан ганц өөрийн өмч гэж үзэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй.

Өөрөөр хэлбэл дээрх үл хөдлөх эд хөрөнгө нь Т.*******, Г.*******, Г.******* нарт ногдох гэр бүлийн дундын хөрөнгийн хэсгээр худалдаж авсан, Т.*******ын өмчлөлийн эд хөрөнгө юм. Г.*******, Г.*******, Г.******* гэсэн бидний дундаас төрсөн гурван хүүхдэд зориулан, эцэг Т.******* миний босгосон хөрөнгө. Энэ хөрөнгө бий болоход З.*******гийн ямар ч хөдөлмөрийг оролцоо байхгүй. Энэ хөрөнгөд З.*******д ногдох хэсэг ч гэж байхгүй.

...Иймд Сэлэнгэ аймаг Сүхбаатар сум 4-р баг, Баянхаан 16 гудамж ******* тоотод байрлалтай 96 м.кв талбайтай, ******* тоот улсын бүртгэлийн дугаар бүхий хувийн орон сууц болон 350 м.кв гэр бүлийн хэрэгцээний газрын өмчлөгч нь Т.******* болохыг тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч З.******* нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

2020 оны Мандал сумын шүүхийн захирамжийг биелүүлж 17,500,000 төгрөг Т.******* надад өгсөн гэж огт худал мэдүүлсэн байна. 2023 онд 20,000,000 төгрөгөөр pruis маркийн машин bul capital банк бусаар авсан Хамсан овогтой Батжаргал гэдэг хүний нэрээр харин ******* нь уг машиныг 1 жил унаж хэрэглээд 1 удаа ч лизинг нь төлөөгүй ба Х.Батжаргал нь 2024 оны 5 сард уг машиныг зарж ******* миний ******* дансанд шилжүүлж өгсөн. З.*******д уг байшинд болон энэ 3 хүүхдэд асарч хамгаалах амьдралд нь ямар ч мөнгө өгөөгүй болно.

... Миний бие үр хүүхдүүдээ тэжээж, амьдралаа авч явахын тулд аргагүйн эрхэнд хүүхдүүдээсээ хол байж ажил хөдөлмөр эрхэлж байна. Шүүхийн шийдвэрийн дагуу Т.*******аас нэг ч удаа хүүхдийн тэтгэлэг төлж байгаагүй тул миний бие төрөөд 1 жил болоод л ажилдаа эргэн орж, дараа жил нь Солонгос улс руу явж хар ажил хийж үр хүүхдүүдийнхээ төлөө зүтгэсэн. Гэтэл амьдралынхаа төлөө маш ихээр ажиллаж, хөдөлмөрлөсөн энэ байдлыг маань үр хүүхдээ хаяж явсан хэмээн өөрийн жаргалаа хөөж явсан мэтээр тайлбарлан сөрөг нэхэмжлэл гаргаж байгаад үнэхээр гомдолтой байна.

Мэдээж миний бие хүүхдүүдтэй ойр байж хажууд нь харж хандахыг хүсэж байгаа. Гэвч Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газарт миний мэргэжлийн, сул орон тоо гарахгүй байгаа тул яах ч аргагүй амьдралын шаардлагаар Өмнөговь аймагт ажиллаж, амьдарч байна. Би өөрөө ойроос хүүхдүүдээ харж асарч чадахгүй байгаа тул миний ээж хүүхдүүдийг маань харж өгч миний амьдралд их тусалж байгаа. Гэтэл ээжийг маань хүүхдүүдийг дарамталдаг. Хүчирхийлэл үйлддэг мэтээр бичсэнд маш их гомдолтой байна. Би хүүхдүүдээ хичээлийн улирлын амралт болон зуны амралтаар Өмнөговьд авчран хамт байдаг. Одоо хүүхдүүд Өмнөговьд амьдарч байгаа. Миний өөрийн хуваарьт хөрөнгө учраас энэ байрыг хэдэн төгрөгөөр зарж, яаж зарцуулах нь миний эрх гэж бодож байна.Энэ байшинг өөрийн үлдэгдэл мөнгөөр авсан нь үнэн. Иймд нэхэмжлэл огт үндэслэлгүй тул сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 487 дугаартай шийдвэрээр:

-Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 126 дугаар зүйлийн 126 дугаар зүйлийн 126.3-д заасныг тус тус баримтлан Т.*******ын хууль бус эзэмшлээс үл хөдлөх хөрөнгө албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Т.*******ын Сэлэнгэ аймаг Сүхбаатар сум 4 дүгээр баг Баянхаан 16 гудамж ******* тоотод байрлалтай 96 мкв талбайтай ******* тоот улсын бүртгэлийн дугаар бүхий хувийн орон сууц болон 350 мкв гэр бүлийн хэрэгцээний газрын өмчлөгч нь Т.******* болохыг тогтоож,

-Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг тус тус орон нутгийн орлогод хэвээр үлдээж З.*******гаас 70,200 төгрөг гаргуулан Т.*******ад олгохоор шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч З.******* нь давж заалдах гомдолдоо:

Миний бие 2020 онд шүүхээр орж Т.*******аас албан ёсоор гэрлэлтээ цуцлуулсан ба ингэхдээ тухайн үед амьдарч байсан орон сууцыг маань миний болон 2 хүүхдийн маань өмчлөлд үлдээсэн. Уг орон сууцыг миний бие худалдан борлуулаад Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд байрлах маргаан бүхий хувийн сууцыг газрын хамт худалдан авсан. Т.******* бид хоёр гэрлэлтээ албан ёсоор цуцлуулснаас хойш хэсэг хамтран амьдарсан боловч түүний дарамт шахалт, хардалтаас үүдэн миний бие гээ орондоо тайван амьдарч чадахгүй Өмнөговь аймагт шилжин ажиллаж амьдарч байна.

Тухайн хувийн сууц нь засвар үйлчилгээ их хийлгэхээр байсан нь үнэн бөгөөд би найзаасаа 20,000,000 төгрөг зээлж уг засварын ажлыг Т.******* хүнээр хийлгэн дуусгасан бөгөөд уг мөнгийг миний бие төлсөн ба одоо ч үлдэгдэл байгаа төлсөөр ч байна.

Гэтэл анхан шатны шүүх бид хоёрыг хамтран амьдарч байсан тул уг хувийн сууцыг дундаа хэсгээр өмчлөгчид мөн гэж үзээд тэнцүү хэмжээгээр өмчлөх эрхтэй хэмээн бодит байдалд огт нийцэхгүй дүгнэлт хийсэнд гомдолтой байна. Бидний хамтран амьдарч байсан нь гэрлэлт биш тул үүссэн хөрөнгийг хамт өмчлөх, дундын хөрөнгө үг сэх нөхцөл гэж үзэхгүй байна. Иймд хуулийн үндэслэлгүй гарсан Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10-р сарын 07-ны өдрийн 487 дугаартай шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Ариунтуяа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн шийдвэр болсон гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Яагаад гэвэл хэргийн үйл баримтыг харахаар зохигчдын хооронд 2020 онд шүүхээр орж гэрлэлтээ албан ёсоор цуцлуулсан. Өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр үйлчилж байгаа. Үүнээс хойш зохигчид гэр бүлийн гишүүд биш гэрлэлтгүй хүүхдийнхээ өмнө эрх үүрэг эцэг, эхийн хувиар амьдарч байгаа. Гэрлэлт цуцалснаас хойш нэхэмжлэгчийн хувьд хуваарьт хөрөнгө үүссэн. Тухайн хөрөнгийг засан сайжруулж, завсар хийсэн гэдэгт нэхэмжлэгч маргадаггүй. Тэглээ гээд хүний өмчлөлийн эд хөрөнгө дээр засвар үйлчилгээ хийгээд засан сайжруулсныхаа төлөө тухайн хөрөнгийн тал хувийг эсхүл хөрөнгийг бүхэлд нь өмчлөх эрх үүсэх боломжгүй.

Өмчлөх эрх хуулинд заасны дагуу хэлцлийн үндсэн дээр үүснэ. Анхан шатны шүүхийн шийдвэр дээр Иргэний хуулийн 106, 126 дугаар зүйлд зааснаар тухайн хувийн сууцны өмчлөгчөөр Т.*******ыг тогтоогоод байгаа юм. Нэхэмжлэгч, хариуцагчийн хувьд улсын бүртгэлийн гэрчилгээ дээр маргадаггүй.

Гэтэл уг шийдвэрийг харахаар Т.*******ыг ганцаар өмчлөгчөөр тогтоогоод байгаа нь боломжгүй. Үндэслэх хэсэг дээрээ дүгнэлтүүдийг эхэндээ зөв бичээд байдаг. Гэрлэлтгүй хамтран амьдарч байгаа тохиолдолд Иргэний хуулийн 126 дугаар зүйлд зааснаар шийдвэрлэх боломжгүй. Дундаа хэсгийг өмчлөх боломжтой гэж үндэслэх хэсэг дээр бичээд, тогтоох хэсэг дээрээ хэрэглэж болохгүй гэх заалтыг бариад шийдчихсэн. Үүнээс харахад ганц маргааны гол зүйл нь гэрлэлт байхгүй хүмүүс байхад хуваарьт хүний өмчийг засан сайжруулж засвар хийснийхээ төлөө хувийн үл хөдлөх хөрөнгөөс өмчлөх эрх олж аваад байна гэдгийг ойлгохгүй байна. Ямар нэгэн хуулийн үндэслэл байхгүй.

Хариуцагчийн зүгээс тухайн байранд оруулсан хөрөнгийн хэмжээг ярьдаг. Тэрийгээ тусдаа нэхэмжлэл гаргаад нэхэмжлэх эрх нь нээлттэй. Түүнээс өмчлөгчөөр тогтоолгох ямар ч боломж байхгүй.

Хариуцагчийн хувьд өмнөх гэр бүл цуцалсан шийдвэрээр хөрөнгө хуваасан. Надад оногдох хэсгийг өгөөгүй. Өгөх ёстой хуваариар уг байшинг авсан учраас энэ минийх гэдэг. Гэтэл шүүхийн шийдвэр дээр юу гэж заасан бэ? гэхээр тухайн үед байсан дундын эд хөрөнгө болон үл хөдлөх хөрөнгийг нэхэмжлэгч болон хоёр хүүхдийн өмчлөлд үлдээе гэдэг. Тухайн байрыг зах зээлийн ханшаар бодож 4/1 болох 15,000,000 төгрөгийг нэхэмжлэгчээс хариуцагчид гаргаж олгох талаар л дурдсан байгаа. Заавал тухайн байрыг худалдан борлуулж гарсан мөнгөнөөс нь 15,000,000 төгрөгийг өгөх шаардлага байхгүй.

Уг байрыг зарахгүй байсан ч болно. Нэхэмжлэгч ямар нэгэн байдлаар зээл аваад ч юм уу 15,000,000 төгрөгийг өгөх боломжтой. Хийсвэр байдлаар дүгнэж өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэл гаргаад байгаа нь үндэслэлгүй. Тийм учраас хэрэгт авагдсан баримтууд, бодит нөхцөл байдал, хууль зүйн агуулгаас харахад үл хөдлөх хөрөнгийг улсын бүртгэлд бүртгүүлсэн байхад тухайн өмчийг дундаа хэсэгт өмчлөх эрх байхгүй, өмчлөгчөөр тогтоолгох ч эрх байхгүй байхад хариуцагчийг өмчлөгчөөр тогтоочихсон байгааг эс зөвшөөрч байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь өөрчилж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч Ч.Нарангэрэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Т.*******ын хууль бус эзэмшлээс үл хөдлөх хөрөнгийг албадан чөлөөлүүлнэ гэж нэхэмжилсэн. Харамсалтай нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд хавтаст хэрэгт авагдсан баримтаар хариуцагч тухайн маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийг хууль бусаар эзэмшиж байгаа нь тогтоогддоггүй.

Нэгэнт хууль бус үндэслэл тогтоогдохгүй байгаа тохиолдолд үндсэн нэхэмжлэл хангагдах хууль зүйн боломж огт байхгүй. Сөрөг нэхэмжлэлийн тухайд маргаан бүхий эд хөрөнгийг худалдан авсан эх үүсвэрийн талаар зохигчид огт маргадаггүй. Гэр бүлийн дундын эд хөрөнгө гэж тогтоогдсон эд хөрөнгөөс авчихсан гэдэг. Дундын эд хөрөнгөөс өөрт ноогдох хэсгээ аваагүй шүү гэдэг байдлыг хариуцагчийн зүгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд болон шүүх хуралдааны шатанд үүнийг хэлдэг.

Гэтэл нэхэмжлэгч түүнийг талаас няцаасан баримт огт өгдөггүй. Эвлэрсэн гэсэн мөртлөө эвлэрлийн гэрээ нь хавтаст хэрэгт байдаггүй. Эргэлзээгүй байдлаас нь нотолж чадаагүй. Тийм учраас маргаан бүхий хөрөнгийг авахдаа Т.*******ад ноогдох хэсгээс авчихсан. Тийм учраас уг хөрөнгө нь Т.*******ынх байх бүрэн боломжтой.

Зөвхөн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээнд нэр байснаар өмчлөх эрх үүсэх, тогтоогдох асуудал биш. Гэр бүл цуцалсны дараа хамтын амьдрал хэвээр үргэлжилсэн. Гэр бүл цуцалснаас өмчлөлийн хэлбэр л өөрчлөгдсөн. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй учир хэвээр үлдээж өгнө үү гэв.

Хариуцагч Т.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч талын гомдол нь ямар ч үндэслэл байхгүй. Сүүлд гаргасан байгаа би найзаасаа 20,000,000 төгрөг зээлж, тухайн байранд засвар хийлгэсэн. Одоо ч гэсэн төлсөөр байгаа гэдэг нь ямар ч үндэслэл байхгүй. Анхан шатны шүүх дээр нотлох баримтаар гаргаж өгөх боломжтой байсан. Өмгөөлөгчийн ярьж байгаагаар шүүхийн шийдвэрээс гарсан 15,000,000 төгрөгийг надад өгөөгүй гэж яриад байгаа. Нэхэмжлэгч З.******* болохоор 15,000,000 төгрөгийг 2024 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Рrius гэх утгаар Т.******* руу шилжүүлсэн гэж шүүхэд дандаа худал мэдүүлэг өгдөг.

Шүүхэд худал мэдүүлэг гаргаж болдог уу? Би үнэхээр гайхаж байна. Миний хувьд анхнаасаа байшинг хэний нэр дээр байх нь хамаагүй. Үр хүүхдээ эрүүл аюулгүй орчинд амьдруулъя гэж шийдсэн. Дандаа эсрэг утгатай юм яриад байгаа. Эсхүл хүүхдүүдээ өнчрүүлэх талаар л ярьж байна. Хувь хүний сэтгэл зүйн онцлогоос болж байгаа байх. Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан гэв.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй З.*******гийн нэхэмжлэлтэй Т.*******ад холбогдох хэргийг бүхэлд нь хянан хэлэлцэв.

2. Нэхэмжлэгч З.******* нь хариуцагч Т.*******-д холбогдуулан хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч Сэлэнгэ аймаг Сүхбаатар сум 4 дүгээр баг, Баянхаан 16 гудамж ******* тоотод байрлалтай, ******* тоот улсын бүртгэлийн дугаар бүхий хувийн орон сууц болон 350 мкв гэр бүлийн хэрэгцээний газрын өмчлөгч болохыг тогтоолгох тухай тухай сөрөг шаардлага тус тус гаргажээ.

Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд үндсэн шаардлага болох нэхэмжлэгч З.*******гийн хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, маргаан бүхий орон сууцны өмчлөгчөөр хариуцагч Т.*******ыг тогтоож шийдвэрлэсэнийг нэхэмжлэгч эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан байна.

Нэхэмжлэгчээс давж заалдах гомдлын үндэслэлээ шүүх хэрэгт авагдан баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж тайлбарлажээ.

3.Хэргийг судлан үзвэл:

Нэхэмжлэгч З.*******, хариуцагч Т.******* нар 2019 онд гэр бүл болж тэдний дундаас 2015 онд охин Г.*******, охин Г.******* нар төрсөн байх ба хоорондын таарамжгүй харилцааны гэрлэлтээ Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 117 дугаартай шийдвэрээр тэдгээрийн гэрлэлтийг цуцласан байна. Мөн шүүхийн шийдвэрээр гэр бүлийн дундаа хамтран өмчлөх хөрөнгө болох Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3 дугаар баг ******* дүгээр байр 3 тоотод байрлах 57м2, 2 өрөө орон сууц буюу дугаартай гэрчилгээтэй үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгч З.*******, Г.*******, Г.******* нарын өмчлөлд үлдээж, нэхэмжлэгч З.*******гаас 15,675,000 төгрөгийг гаргуулж Т.*******ад олгохоор шийдвэрлэсэн тус шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр байна.

Зохигчид нь шүүхээр гэр бүлээ цуцлуулсны дараа гэр бүлийн дундаа хамтран өмчлөх Сэлэнгэ Мандал сумын 3 дугаар баг ******* дүгээр байрны 3 тоотод байрлах 57мкв 2 өрөө орон сууцыг худалдаж, гэрлэлтээ сэргээлгүйгээр хамтран амьдарч улмаар 2020 онд хүү Т.*******ыг төрүүлсэн байх ба гэр бүлийн хэрэгцээндээ зориулж 2022 онд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 4 дүгээр баг 4 хэсэг ******* тоотод байрлах 96 мкв хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг газрын хамт худалдан авч тус хөрөнгийн өмчлөгчөөр З.******* бүртгүүлсэн үйл баримт тогтоогдож байна.

4.Дээрхи үйл баримтаар нэхэмжлэгч З.******* нь тухайн хөрөнгийг худалдан авахад хариуцагч Т.*******ын оролцоо байгаагүй гэж маргадаг бол хариуцагч Т.******* нь Мандал сум дахь орон сууцаа бусдад худалдсан мөнгөнөөс талыг нь гаргаж дутуу барьсан хашаа байшинг худалдан авч өөрийн хөрөнгөөр буюу 47,000,000 төгрөгийг өөрийн зүгээс гаргаж засварлан ашиглалтанд оруулсан гэсэн тайлбар нь хэрэгт авагдсан бичгийн баримууд болон зохигчдын тайлбар, гэрч нарийн мэдүүлэг, зохигчдын банкан дахь дансны хуулга зэрэг баримтуудаар нэхэмжлэгч З.*******г тухайн маргаан бүхий хөрөнгийн дангаар өмчлөгч гэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзлээ.

Учир нь зохигчид нь хамтын амьдралтай байхдаа дутуу баригдсан орон сууцыг газрын хамт гэр бүлийн дундаа хамтран өмчлөх хөрөнгөөс тодорхой хэмжээний хөрөнгөөр худалдан авч улмаар хариуцагч Т.******* нь өөрийн хөрөнгөөр засан сайжруулснаар Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 4 дүгээр баг 4 хэсэг ******* тоотод байрлах 96 мкв хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө бий болсон болох нь тогтоогдсон байх тул Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1-д хоёр буюу түүнээс дээш этгээд хөрөнгийг дундаа хэсгээр буюу хамтран өмчилж болохоор мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар хоёр буюу түүнээс дээш этгээдийн эд хөрөнгө нийлсэн, холилдсны үр дүнд шинэ эд хөрөнгө бий болсон гэж үзэж байх тул нэхэмжлэгч З.*******, хариуцагч Т.******* нар нь тухайн маргаан бүхий хөрөнгийн хамтран өмчлөгч гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Иймд Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1-т зааснаар хариуцагч Т.******* нь маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийн шударга эзэмшигч гэж үзэх тул нэхэмжлэгч З.*******гийн Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т орон сууцныг бусдын хууль бусаар эзэмшлээс гаргуулахаар гаргасан шаардлага үндэслэлгүй байна.

4.Хэрэгт авагдсан баримтаар зохигчдын хэн аль нь үл хөдлөх хөрөнгийн дангаар өмчлөгч болох нь тогтоогдоогүй бөгөөд Иргэний хуулийн 487 дугаар зүйлийн 487.1 дэх хэсэгт Дундаа хэсгээр өмчлөгчид харилцан өөрөөр тохиролцоогүй бол өмчлөгч бүр тэнцүү хэмжээгээр өмчлөх эрхтэй бөгөөд өөрт оногдох хэсэгт ногдох үр шимийг өмчлөх эрхтэй гэж заасны дагуу талууд маргаан бүхий орон сууцыг тэнцүү хэмжээгээр өмчлөх эрхтэй гэж үзнэ.

5.Иймд Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж буй шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүйгээр хэргийг бүхэлд нь хянан үзнэ гэж заасны дагуу хэргийг хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт зохих өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч З.*******гийн үл хөдлөх хөрөнгийг хариуцагчийн хууль бусаар эзэмшлээс чөлөөлүүлэх тухай шаардлагыг анхан шатны шүүх буруу шийдвэрлэсэн гэх гомдлыг хангах үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 148/ШШ2024/00487 дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг:

1.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 108 дугаар зүйлийн 108.1,119 дүгээр зүйлийн 119.2, 487 дугаар зүйлийн 487.1-т тус тус заасныг баримтлан Т.*******ын хууль бус эзэмшлээс үл хөдлөх хөрөнгө албадан чөлөөлүүлэх тухай З.*******гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Т.*******ыг Сэлэнгэ аймаг Сүхбаатар сум 4 дүгээр баг Баянхаан 16 гудамж ******* тоотод байрлалтай 96 мкв талбайтай ******* тоот улсын бүртгэлийн дугаар бүхий хувийн орон сууц болон 350 мкв гэр бүлийн хэрэгцээний газрын хамтран өмчлөгч болохыг тогтоосугай. гэж өөрчлөн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Б.ЭРДЭНЭХИШИГ

 

ШҮҮГЧИД Я.ТУУЛ

Top of Form

Г.ДАВААРЕНЧИН

Bottom of Form