| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Цэнд |
| Хэргийн индекс | 102/2016/05309/И |
| Дугаар | 102/ШШ2016/04610 |
| Огноо | 2016-07-07 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 07 сарын 07 өдөр
Дугаар 102/ШШ2016/04610
| 2016 оны 07 сарын 07 өдөр | Дугаар 102/ШШ2016/04610 | Улаанбаатар хот |
Зохигчдын эвлэрлийг баталж
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд би,
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 2 дугаар хороо, 2 дугаар хороолол, Монос ФТ ХХК-ийн байранд оршин байгаа Монос дэлгэрэх Хадгаламж зээлийн хоршооны /цаашид ХЗХ гэх/-ны,
Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, 2 дугаар хороолол, Жуулчны гудамж, Пума 56 дугаар байр 28 тоотод оршин суух, Хар мянга овогт Чулуунбаатарын Уранбилэг /РД-ТА60010161/,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум 4 дүгээр баг, 22 дугаар хороолол, 5 дугаар байр, 21 тоотод оршин суух бүртгэлтэй /Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, 34б-36 тоотод оршин суух/ Сандаг овогт Сандагийн Мөнхтогоо /РД-ТЗ62110505/ нарт холбогдох
Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 91,712,943 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, мөн сарын 23-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Монос дэлгэрэх ХЗХ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Тус Хадгаламж зээлийн хоршоо нь гишүүн зээлдэгч Ч.Уранбилэг, бизнесийн хамтран зээлдэгч С.Мөнхтогоо нартай 2014 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр 16 тоот зээлийн гэрээ байгуулж, 55,000,000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 3.5 хувийн хүүтэйгээр зээлдүүлсэн.
Зээлдэгчтэй зээлийн барьцааны 16-1 тоот гэрээ байгуулж Дархан-Уул аймаг, Дархан сум, 8 дугаар баг, Нарантолгойн 2 дугаар гудамж, 31 тоот хаягт байрлах ГД-000042541, Г-2003003371 дугаартай, 1530.1 м.кв талбай бүхий газар болон Дархан-Уул аймаг Дархан сум, 8 дугаар баг, Нарантолгойн 2 дугаар гудамж, 31 тоот хаягт байрлах ГД-000120631, Ү-2003010304 дугаартай 200 м.кв талбай бүхий хувийн сууцыг барьцаалж Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газар бүртгүүлсэн.
Зээлийн төлбөрийг 2015 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр бүрэн төлөхөөр байсан боловч зээлдэгч нь үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлж, гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, зээлийн гэрээний гүйцэтгэлийг хангуулахаар тавьсан олон удаагийн шаардлагыг биелүүлэхгүй зээлдүүлэгчид хүндрэл учруулсан.
Иймээс гишүүн Ч.Уранбилэгтэй байгуулсан зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 50,687,000 төгрөг, үндсэн хүү 35,100,632 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 5,925,310 төгрөг, нийт 91,329,458 төгрөгийг гаргуулж өгнө үү.
Мөн барьцаанд байгаа Дархан-Уул аймаг, Дархан сум 8 дугаар баг Нарантолгойн 2 дугаар гудамж, 31 тоот хаягт байрлах ГД-000042541, Г-2003003371 дугаартай, 1530.1 м.кв талбай бүхий, газар болон Дархан-Уул аймаг Дархан сум 8 дугаар баг Нарантолгойн 2 дугаар гудамж, 31 тоот хаягт байрлах ГД-000120631, Ү-2003010304 дугаартай, 200 м.кв талбай бүхий хувийн сууц болон бусад хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Монос дэлгэрэх ХЗХ шүүхэд гаргасан нэмэгдүүлсэн шаардлага, хүсэлтдээ: Манай хоршоо нь Ч.Уранбилэг, С.Мөнхтогоо нараас 91,329,458 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн боловч нэхэмжлэлийн шаардлагаа 383,485 төгрөгөөр нэмэгдүүлж, 91,712,943 төгрөг болгож байна. Улсын тэмдэгтийн хураамжид 616,515 төгрөг төлсөн.
Мөн хариуцагч Ч.Уранбилэгийн хамтран хариуцагч С.Мөнхтогоогоос татгалзаж байна гэжээ.
Хариуцагч Ч.Уранбилэг шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Монос дэлгэрэх ХЗХ-оос өөрийн өмч болох Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах хашаа байшинг барьцаалж иргэн С.Мөнхтогоотой хамтран 55,000,000 төгрөгийн зээл авсан нь үнэн. Уг зээлийг С.Мөнхтогоогийн бизнест хэрэглэхээр авсан. Бид хоёр 10 сарын хүү төлсөн.
Монос дэлгэрэх ХЗХ-ны зээлийг бид зөвшөөрч, төлнө. Гагцхүү зээл, зээлийн хүүг төлөх хугацаа гаргаж өгөхийг хүсье гэжээ.
Хариуцагч С.Мөнхтогоо шүүхэд гаргасан тайлбартаа: Монос дэлгэрэх ХЗХ-оос Ч.Уранбилэг бид 2014 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр 16 дугаартай зээлийн гэрээ байгуулж 55,000,000 төгрөгийг 1 сарын 3.5 хувийн хүүтэй, нэмэгдүүлсэн хүүгийн 20 хувь, зээлийг 1 жил буюу 12 сарын хугацаатай 2015 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр буцааж төлөх нөхцөлтэй, зээлийн график гаргуулж мөнгийг хүлээн авсан.
Графикийн дагуу 2014 оны 02 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн 2014 оны 10 дугаар сарыг дуустал нийт 9 сарын хугацаанд сар бүр 1,925,000 төгрөгийг тус Хадгаламж зээлийн хоршоонд төлсөн. 2015 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр 3,000,000 төгрөг, 2014 оны 5 дугаар сарын 22-ны өдөр 1,000,000 төгрөг, нийт 21,325,000 төгрөгийг Монос дэлгэрэх ХЗХ-д төлсөн.
Гэрээний графикт заагдсан зээлийн хүүгийн 12,897,900 төгрөгийг төлж барагдуулсан ба илүү төлөгдсөн 4,427,100 төгрөгийг тус Хадгаламж зээлийн хоршоо үндсэн зээлээс хасч үндсэн зээлийн үлдэгдэл 50,687,000 төгрөг нэхэмжилсэн байгаа ч биднийхээр 50,572,900 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа.
2015 онд төлөгдсөн 4,000,000 төгрөгийг, зээлийн үлдэгдэл 50,572,900 төгрөгөөс хасч тооцоход 46,572,900 төгрөгийн үлдэгдлийг төлөх үүрэгтэй гэж үзэж байна.
Үндсэн хүү 35,100,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 5,925,310 төгрөгийг гэрээний хугацаа дууссан учир төлөх үндэсгүй юм.
Нэхэмжлэлийн шаардлагад дурдсан 55,000,000 төгрөгийг С.Мөнхтогоо миний бие дангаар хэрэглэж, зарцуулсан тул зээлийг бүхэлд нь төлөхөөс татгалзахгүй болно.
Иймд нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох 46,572,900 төгрөгийг төлөхийг зөвшөөрнө, илүү 44,756,558 төгрөгийг зөвшөөрөхгүй тул нэхэмжлэлийн зарим хэсэг болох 44,756,558 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Зохигчид эвлэрлийн гэрээндээ: Хариуцагч Ч.Уранбилэг нь нэхэмжлэлийн шаардлага 91,712,943 төгрөгийг 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн дотор мөнгөөр болон барьцаа хөрөнгөөр төлнө гэжээ.
Шүүх зохигчдын эвлэрлийн гэрээг хянаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Монос дэлгэрэх ХЗХ нь хариуцагч Ч.Уранбилэг, С.Мөнхтогоо нараас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 91,329,458 төгрөг шаардан шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь хариуцагч С.Мөнхтогоогоос татгалзан, нэхэмжлэлийн шаардлагаа 383,485 нэмэгдүүлж, хариуцагч Ч.Уранбилэг нэхэмжлэлийн шаардлага болох 91,712,942 /ерэн нэг сая долоон зуун арван хоёр мянга есөн зуун дөчин хоёр/ төгрөгийг 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн дотор мөнгөөр болон барьцаа хөрөнгөөр нэхэмжлэгч Монос дэлгэрэх ХЗХ-д төлж барагдуулахаар талууд хугацааны хувьд харилцан тохиролцон, эвлэрлийн гэрээ байгуулжээ.
Зохигчдын бичгээр гарган, хүлээн зөвшөөрч, гарын үсгээ зурж баталгаажуулсан дээрх гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалсан эрх ашгийг хөндөөгүй байх тул хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар тэдгээрийн эвлэрлийг баталж, хэргийг, мөн хариуцагч С.Мөнхтогоод холбогдох хэргийг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Мөн зүйлийн 74.5-д заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 616,500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 308,250 төгрөг, хариуцагч Ч.Уранбилэгээс улсын тэмдэгтийн хураамжид хариуцан төлөх 308,250 төгрөгийг тус тус гаргуулан Монос дэлгэрэх ХЗХ-д буцаан олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74,2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Монос дэлгэрэх ХЗХ-ны нэхэмжлэлтэй, Ч.Уранбилэг, С.Мөнхтогоо нарт холбогдох иргэний хэргийн хариуцагч Ч.Уранбилэг нь нэхэмжлэлийн шаардлага болох 91,712,942 /ерэн нэгэн сая долоон зуун арван хоёр мянга есөн зуун дөчин хоёр/ төгрөгийг 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн дотор мөнгөөр болон барьцаа хөрөнгөөр Монос дэлгэрэх ХЗХ-д төлж барагдуулахаар эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг, мөн хариуцагч С.Мөнхтогоод холбогдох хэргийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн төлсөн 616,500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 308,250 төгрөг, хариуцагч Ч.Уранбилэгээс улсын тэмдэгтийн хураамжид хариуцан төлөх 308,250 төгрөгийг тус тус гаргуулан Монос дэлгэрэх ХЗХ-д буцаан олгохоор шийдвэрлэв.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасны дагуу захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.
ШҮҮГЧ Ч.ЦЭНД
|
| ||||
| |