Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 213/МА2024/00018

 

 

 

“******* *******” ХХК-ийн

 нэхэмжлэлтэй “******* ******* *******”

ХХК-д холбогдох иргэний хэргийн тухай

                                                          

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Баярцэнгэл даргалж,  Ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнэ, Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Цэрэнпүрэв нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 131/ШШ2024/00851 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч “******* *******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч “******* ******* *******” ХХК-д холбогдох

Бетон зуурмаг /помп, нэмэлт бодис/-ийн үнэ 63,574,000 төгрөг, алданги 31,787,000 төгрөг, нийт 95,361,000 төгрөг гаргуулах, арлын дугаартай, ******* ******* улсын дугаартай, Toyota Land Criuser 200 маркийн автомашины өмчлөх эрхийг шилжүүлэхийг даалгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******йн давж заалдах журмаар гаргасан гомдолд үндэслэн хэргийг 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч Ч.Баярцэнгэлийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* /цахим/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* /цахим/, түүний өмгөөлөгч /цахим/, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Ариунболд нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******йн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбарын агуулга:

******* ******* ХХК нь ******* ******* ******* ХХК-тай 2022 оны 08 дугаар 09-ний өдөр 22/28 дугаар Бетон зуурмаг нийлүүлэх гэрээ байгуулсан.    Энэхүү гэрээний дагуу ******* ******* ХХК нь М150, М200, М250, М300, М350 маркийн бетон зурмагаас захиалгын дагуу 300,000,000 төгрөгт нийлүүлэх, ******* ******* ******* ХХК нь нэмэлтээр тээвэр, помпын үнийг төлөх үүрэг хүлээсэн. 

******* ******* ******* ХХК нь 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн хооронд 4 удаагийн нийлүүлэлтээр нийт 363,574,000 төгрөгийн бетон зуурмаг авч, 300,000,000 төгрөгийг бартерын журмаар төлж, үлдэх 63,574,000 төгрөгийг төлөөгүй. Гэрээний 4.3-т заасны дагуу 63,574,000 төгрөгийг 100 хувьд хувааж, хоног тутмын алданги 0.3 хувиар үржүүлэхэд 190,722 төгрөг. ******* ******* ******* ХХК нь 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс хойш 492 хоног хугацаа хэтрүүлсэн тул алдангийн хэмжээ 93,835,224 төгрөг болсон.

Алдангийн хэмжээ нь гүйцэтгээгүй үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй тул 63,574,000 төгрөгийн 50 хувь 31,787,000 төгрөгийн алданги нэхэмжилж байна.

Гэрээний 2.1-т зааснаар ******* ******* ******* ХХК нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад арлын дугаартай, ************** улсын дугаартай Toyota Land Criuser 200 маркийн автомашиныг 300,000,000 төгрөгт тооцон ******* ******* ХХК-ийн эзэмшилд шилжүүлэн өгсөн гэжээ.

2. Хариуцагч ийн татгалзал, тайлбарын агуулга:

******* ******* ******* ХХК болон /******* ******* ХХК-ийн хооронд байгуулсан гэрээний 2.1-т Нийт үнэд нэмэлт болон помп, тээвэрлэлтийн үнэ ороогүй ба хоёр талын санхүүгийн алба тооцоо нийлж, нэмэлт болон помп, тээвэрлэлтийн үнийг тусад нь тооцно гэсэн заалтыг зөвшөөрөөгүй тул нийт үнэ гэсэн хэсэгт гараар помп, тээвэрлэлтийн үнийг орж тооцогдоно гэж харилцан тохиролцсон.

******* ******* ******* ХХК нь бетон зуурмагийн үнэ 300,000,000 төгрөгт тооцон ************** улсын дугаартай Toyota Land Criuser маркийн автомашиныг ******* ******* ХХК-ийн эзэмшилд шилжүүлэн өгсөн.гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1, 274.3, 245 дугаар зүйлийн 245.1, 232 дугаар зүйлийн 232.1, 232.6 дахь хэсэг, 236 дугаар 236.1.1 дэх заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн хариуцагч ******* ******* ******* ХХК-д холбогдох бетон зуурмаг/помп, нэмэлт бодис/-ийн үнэ 63,574,000 төгрөг, алданги 31,787,000 төгрөг, нийт 95,361,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч ******* ******* ******* ХХК нь нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн арлын дугаартай, ************** улсын дугаартай, Toyota Land Criuser 200 маркийн автомашины өмчлөх эрхийг шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн хариуцагч ******* ******* ******* ХХК-д холбогдуулан нэхэмжлэлийн үндсэн болон ихэсгэсэн шаардлага гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 3,042,705 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ******* ******* ХХК-иас 70,200 төгрөгийг гаргуулан улсын орлого болгож, шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******йн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

... Манай компани нь хариуцагчтай 2022.08.09-ний өдрийн 22/28 дугаартай “Бетон зуурмаг нийлүүлэх гэрээ”-г байгуулсан.

Энэ гэрээний дагуу манай компани М150, М200,М250, М300, М350 маркийн бетоноос хариуцагчийн захиалсныг сонгож 300,000,000 төгрөгт нийлүүлэх ба нэмэлтээр тээвэр, помпны үнийг нэхэмжлэх, падааны дагуу хариуцагч төлөх үүрэг хүлээсэн.

Хариуцагч 2022.08.24-ний өдрөөс 2022.11.15-ны өдрийн хооронд 4 удаагийн нийлүүлэлтээр нийт 363,574,000 төгрөгийн худалдан авалт хийж, 300,000,000 төгрөгийг бартерийн журмаар төлсөн ба 63,574,000 төгрөгийг төлөөгүй.

Алдангийн тухайд:  Гэрээний 4.3-т заасны дагуу алданги хоног тутамд 0,3% /63,574,000?/100*0,3%=190,722?/ байх ба хариуцагч нь 2022.11.15-ны өдрөөс хойш 492 хоног хугацаа хэтрүүлж нийт алдангийн хэмжээ 93,835,224 төгрөг болсон. Гэвч алдангийн хэмжээ үндсэн төлбөрийн 50%-аас хэтэрч болохгүй гэж хуульд заасны дагуу төлөгдөөгүй үндсэн төлбөр болох 63,574,000 төгрөгийн 50% болох 31,787,000 төгрөгийн алдангийг нэхэмжилсэн.

Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль хэрэглээний зөрүүтэй, хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэн зөв эргэлзээгүй талаас үнэлж дүгнээгүй байгаа тул энэхүү гомдлыг гаргав.

1. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 2-т 3 дахь догол мөрөнд “...зохигчийн хооронд Иргэний хуулийн 274 дугээр зүйлийн 274.1 дэх хэсэгт заасан арилжааны гэрээ байгуулагдсан гэж үзэх эрх зүйн үндэслэлтэй” гэжээ. Гэвч Талуудын гэрээний агуулгыг авч үзвэл, нэхэмжлэгч бетон зуурмаг нийлүүлэх, помп буюу автомашин хөлслүүлэх, хөлдөлтийн эсрэг нэмэлт бодис худалдах худалдан авах гэрээг байгуулж, хариу төлбөртөө мөнгө болон автомашин өмчлөлдөө хүлээн авахаар мөн арилжааны гэрээ байгуулсан агуулгатай.

Ийнхүү талууд нь эд хөрөнгө хөлслөх, худалдах худалдан авах, арилжааны гэсэн 3 гэрээний агуулгыг багтаасан холимог гэрээг байгуулсан тул холбогдох харилцаа бүрт шүүх хууль зүйн дүгнэлт хийх ёстой байсан.

2. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 6-д 5 дахь догол мөрөнд “...нэмэлт бодисын үнэ нь бетон зуурмагийн  үнэнд багтаж байгаа талаар зохигчийн тайлбар, гэрээний заалт харилцан зөрүүгүй байна.” гэсэн нь үндэслэлгүй. Учир нь хариуцагч тал нэмэлт бодис авах эсэх нь тухайн захиалагчийн бетон зуурмаг авах үеийн цаг агаарын буюу хүйтрэлттэй холбоотой байдаг. 2022.11.04-нд “хасах-8” гэх 7,550,000 төгрөгийн нэмэлт бодис, 2022.11,15-нд мөн “хасах-8” 1,200,000 төгрөгийн бодис нийт 8,750,000 төгрөгийн бодисыг худалдан авсан. Үүнийгээ төлөх ёстой байсан ба алданги 50%-аар бодож 4,375,000 төгрөг төлөх ёстой.

3. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 6-д 7 дахь догол мөрөнд “...Гэвч зохигч нь помпын үнийг бетон зуурмагийн үнэд багтсан эсэх талаар шаардлага, татгалзлын үндэслэлээ шүүхэд баримтаар нотлоогүй. хэргийн үйл баримтын талаар харилцан эсрэг агуулга бүхий зохигчийн тайлбарыг нөгөөгөөс нь илүүд авч үзэх боломжгүй тул бетон зуурмагийг өөр газар шахах ажлыг гүйцэтгэдэг помпын зардлыг чухам хэн хариуцахыг гэрээгээр харилцан тохиролцоогүй гэж үзлээ...”гэсэн нь үндэслэлгүй.

Учир нь шийдвэрийн тогтоох хэсгээс үзвэл хариуцагчийн тайлбарыг илүүд үзэж үнэлсэн нь тодорхой байхад үндэслэлээсээ ялгаатайгаар шийдвэрийн тоггоох хэсэг гарчээ. Мөн помп хөлслүүлэн ажиллуулахдаа гэрээгээр харилцан тохиролцсон бөгөөд 2022.08.24-нд 4,140,000 төгрөг, 2022.10.09-нд 7,304,000 төгрөг, 2022.10.04-нд 6,040,000 төгрөг, 2022.11,15-нд 860,000 төгрөг нийт 18,344,000 төгрөгийн помп хөлслөн ажиллуулсан. Үүний алданги 50% болох 9,172,000 төгрөг нийт 27,516,000 төгрөг төлөх ёстой.

4. Ийнхүү нэмэлт бодис худалдан авсан аман гэрээний дагуу 4,375,000 төгрөг помп хөлслөн ажиллуулсны төлбөр 27,516,000 төгрөг нийт 31,891,000 төгрөг болно.

Харин 63,470,000 төгрөг нь бетон зуурмагийн үнэ ба алданги юм. /21,156,666 төгрөг нь алданги, 42,313,333 төгрөг/

5. Хариуцагч түүний өмгөөлөгчийн зүгээс помпны үнийг нэгж тутмыг 20,000 төгрөг, 22,000 төгрөгөөр тооцсон тооцоон дээр маргасан ба 18,000 төгрөг байх ёстой гэх агуулгатай тайлбарыг болон бодисын үнийн тухайд зөвшөөрсөн агуулгатай тайлбарыг шүүхийн хэлэлцүүлэгт гаргасныг үнэлээгүйд гомдолтой байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний болоод дээрх өөрчлөлтийг оруулж, хариуцагчаас 95,361,000 төгрөгийг гаргуулах өөрчлөлтийг оруулж өгнө үү.

ЖИЧ: Анхан шатны шүүх хэргийн бодит байдлыг бүрэн тодруулаагүйгээс хууль хэрэглээний болоод бусад зөрүү гарсан байгаа нөхцөл байдлыг харгалзан үзнэ үү.гэжээ.

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ын гаргасан тайлбарын агуулга;

1. Талуудын хооронд байгуулсан 2022.08.09-ны өдрийн 22/28 дугаартай Бетон зуурмаг нийлүүлэх гэрээ” байгуулагдсан бөгөөд тус гэрээний 2.1-т “Барааны үнэ, тоо хэмжээ: бетон М150м3-240,000 төгрөг, М200м3 - 250.000 төгрөг, М250м3 - 260,000 төгрөг, МЗ00м3’’ -270,000 төгрөг, М350м3 - 280,000 төгрөг, нийт үнэ 300,000,000 төгрөг”, 2.1.1-т “Төлбөр төлөх нөхцөл: 100% бартерын нөхцөлөөр барагдуулна. Үүнд: Хаан банк өмчлөлтэй, 23-46 ******* улсын дугаартай, арлын дугаартай, Toyota Land cruiser 200 маркийн автомашиныг 300,000,000 /гурван зуун сая* төгрөгийн үнийн дүнд тооцон өгнө. Автомашиныг 2022.11.15-ны өдрийн дотор Хаан банкны нэр дээрээс чөлөөлж өгөн худалдагч талд бүрэн шилжүүлэн өгнө” гэж тохиролцсон бөгөөд хариуцагч нь тухайн тээврийн хэрэгслийн эзэмшилт, ашиглалтыг нэхэмжлэгч талд гэрээ байгуулсан өдрөө шилжүүлэн өгсөн байдаг.

Гэвч хариуцагч нь гэрээний 2.1.1 болон 2.1-т заасан тохиролцооны үнийн дүн болох 300,000,000 төгрөгийн бараа материал аваагүй бөгөөд нийт 228,160,000 төгрөгийн 884м3 бетон зуурмаг, мөн нэмэлтээр 8,750,000 төгрөгийн үнэ бүхий хөлдөлтийн эсрэг бодис худалдан авсан ба нийт 236,910.000 төгрөгийн бараа бүтээгдэхүүн худалдан авсан байдаг.

2. Гэрээний 2.5-д “бүтээгдэхүүний гол түүхий эд болох цементийн үйлдвэрийн болох зах зээлийн үнэ 10%-иас дээш өөрчлөлт орон үнэ нэмэгдсэн тохиолдолд бетон зуурмагийн үнэ тариф өөрчлөгдөх бөгөөд өөрчлөгдсөн тарифыг мөрдөж эхлэхээс 3-4 хоногийн өмнө захиалагч) бичгээр мэдэгдэнэ” гэж, мөн гэрээний 2.1-т “цемент, түлш, бусад материал, түүхий эдийн үнийн өсөлттэй холбоотойгоор 1мЗ тутамд үнэ нэмэгдэх ба тус үнийн өөрчлөлтийг харилцан тохиролцоно” гэж, 6.7-д “гэрээнд оруулах нэмэлт, өөрчлөлт нь гагцхүү бичгээр үйлдэгдэж, талууд гарын үсэг зурсан тохиолдолд хүчин төгөлдөр болох ба энэхүү гэрээний салшгүй хэсэг болно” гэж тус тус харилцан тохиролцсон бөгөөд худалдагч буюу нэхэмжлэгчийн хувьд дээрх гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэж үзэж байна.

Өөрөөр хэлбэл худалдагч нь захиалагчид үнэ өссөн талаар мэдэгдэх үүрэгтэйгээс гадна үнийн өөрчлөлтийг харилцан тохиролцож гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж тус өөрчлөлтийг бичгээр үйлдэж талууд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болох байсан.

Иргэний хуулийн 220 дугаар зүйлийн 220.1-т “Гэрээ байгуулах үндэслэл болсон нөхцөл байдал гэрээ байгуулсны дараа илтэд өөрчлөгдсөн, ийнхүү өөрчлөгдөхийг талууд урьдчилан мэдэж байсан бөгөөд гэрээг байгуулахгүй байх буюу өор агуулгаар байгуулах боломжтой байсан бол гэрээг өөрчлөгдсөн нөхцөл байдалд нийцүүлэхийг талууд харилцан шаардах эрхтэй” гэж зохицуулсан.

Иргэний хуулийн 220 дугаар зүйлд заасан нөхцөл байдал өөрчлөгдсөний улмаас үүрэг гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдал үүссэн юм бол талууд нөхцөл байдалд тохируулан гэрээг өөрчлөгдсөн нөхцөл байдалд нийцүүлэх, өөрчлөх үүрэгтэй байсан.

Гэтэл нэхэмжлэгч талаас гэрээний үнэд өөрчлөлт оруулах буюу нөхцөл байдал өөрчлөгдсөн цементийн хомсдол үнийн өсөлтөөс шалтгаалан гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах санал гаргаж байгаагүй болно.

Гэрээний талууд нөхцөл байдал өөрчлөгдсөнөөр гэрээг өөрчлөхөөр хэн алиндаа шаардлага тавих эрхтэй. Энэ шаардлагын хүрээнд нөхцөл байдалтай холбогдуулан гэрээ байгуулах, гэрээ байгуулаагүй тохиолдолд, санал гаргасан тал нь гэрээнээс татгалзах. гэрээг цуцлах эрхийг хэрэгжүүлэх боломжтой. Нэхэмжлэгч гэрээнээс татгалзах, гэрээг цуцлах эрхээ хэрэгжүүлээгүй тохиолдолд гэрээний гол нөхцөлийн талаар тохиролцсон тохиролцоо хүчинтэй хэвээрээ үргэлжилсэн гэж үзэхээр байна.

3. 2024 оны 10-р сарын 30-ны өдрийн 131/ШШ2024/00851 дугаартай шүүхийн шийдвэр нь хэрэгт байгаа баримтыг хуульд заасны дагуу үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна.

Учир нь тус шийдвэрийн Үндэслэх хэсгийн 4-т 4 дэх догол мөрөнд “       2022 оны 10-р сарын 09-ны өдөр, 2022 оны 11-р сарын 04-ний өдөр, 2022 оны 11-р сарын 15-ний өдөр тус тус нэхэмжлэгчээс хариуцагчийн өмчлөлд шилжүүлсэн 677 метр.куб М250 маркийн бетон 'зуурмагийн нэгж үнийн дүн нь зохиогчийн маргааны зүйл болжээ” гэж, мөн 7 дахь догол мөрөнд “... 677 метр.куб М250 маркийн бетон зуурмагийн нэгж үнийг 260,000 төгрөгөөр тооцсон хариуцагчийн татгалзал эрх зүйн үндэслэлтэй” гэж, 6-д 7 дахь догол мөрөнд “Гэвч зохигч нь помпын үнийн бетон зуурмагийн үнэд багтсан эсэх талаар шаардлага, татгалзлын үндэслэлээ шүүхэд баримтаар нотлоогүй, хэргийн үйл баримтын талаар харилцан эсрэг агуулга бүхий зохигчийн тайлбарыг нөгөөгөөс нь түүнд авч үзэх боломжгүй тул бетон зуурмагийг өөр газар шахах ажлыг гүйцэтгэдэг пампын зардлыг чухам хэн хариуцахыг гэрээгээр хамтран тохиролцоогүй гэж үзлээ” гэж, 8-г “Дээрх дурдсан нөхцөл байдлыг нэгтгэн дүгнэж, арифметик тооцоолол хийхэд нэхэмжлэгч “******* ******* ” ХХК нь хариуцагч “******* ******* ******* ” ХХК-иас 168 метр.куб М200 маркийн бетон зуурмагийн үнэ 42.000,000 төгрөг, 716 метр.куб М250 маркийн бетон зуурмагийн үнэ 186,160,000 төгрөг, помпын үнэ 18,344,000 төгрөг, нэмэлт бодисын үнэ 8,750,000 төгрөг, нийт 255,254,000 төгрөг гаргуулахаар шаардах эрх үүссэн байна” гэжээ.

4. 2022 оны 08-р сарын 09-ны өдөр хариуцагч нь тухайн тээврийн хэрэгслийн эзэмшилт, ашиглалтыг нэхэмжлэгч талд шилжүүлэн өгсөн бөгөөд “Хаан банк’' ХК-тай байгуулсан Фидуцийн гэрээг дуусгавар болгож нэн даруй өмчлөх эрхийг шилжүүлж өгөх болно.

Иймд нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасны дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.

6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  

Анхан шатны шүүх талуудын хооронд зөвхөн Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан арилжааны гэрээ байгуулагдсан гэж дүгнэсэн нь учир дутагдалтай гэж үзэж байгаа. Талуудын хооронд үүссэн харилцаа нь нийт 1 тэрбум гаран төгрөгийн бетон зуурмаг нийлүүлэх, түүнээс үлдэгдэл төлөөгүй байгаа төлбөрийг нэхэмжилж байгаа . Зөвхөн төлбөрийн 300,000,000 төгрөгт холбогдох хэсэг нь арилжааны гэрээ байгаа юм. Энэ гэрээнээс гадна цаг уурын нөхцөл байдалтай холбоотойгоор захиалагч дуртай үедээ хэдэн метр куб бетон зуурмаг авахаа урьдчилж мэдэгдээд тухайн үедээ аваад авч ирүүлээд явдаг. Хүйтэрсний дараа бетон зуурмаг авч байгаа учраас бетон зуурмаг авч байгаа газар маань бид нарт хүсэлт тавиад хөлдөлтийн эсрэг нэмэлт бодис бидэнд хэрэгтэй байна гэж хэлээд 8,750,000 төгрөгийн хөлдөлтийн эсрэг бодисыг худалдаж авсан. Тухайн үед талуудын хооронд аман гэрээ байгуулагдсан гэж үзэж байгаа. Бичгээр байгуулсан гэрээнд энэ талаар дурдагдаагүй. Энэ нь Иргэний хуулийн 243.1-д заасан худалдах, худалдан авах хэлцэл байна. Помпны хувьд бетон зуурмагаа буулгах газар нь очоод цутгалт хийх, зөөвөрлөх зориулалттай машин механизмыг хөлсөлж ажиллуулж байгаа асуудал байгаа. Эд хөрөнгө хөлслөх гэрээ, худалдах, худалдан авах гэрээ, арилжааны гэрээ гэсэн ийм 3 төрлийн харилцааг багтаасан хэлцэл талуудын хооронд байгуулагдсан гэж дүгнэх ёстой байсан гэж эхний үндэслэлээ гаргасан. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 6 дахь хуудасны 7 дахь догол мөрөнд дүгнэлт хийхдээ помпны үнийг хэн хариуцахыг гэрээгээр харилцан тохиролцоогүй гэж үзлээ гэсэн дүгнэлтийг анхан шатны шүүх хийсэн нь үндэслэлгүй байна. Талууд помпыг 18,000 төгрөг гээд гэрээн дээр гараар тэмдэглэсэн. Хариуцагч болохоор бид нар 18,000 төгрөгөөр тооцох ёстой байсан гэж зөвхөн үнийн дүн дээр маргасан. Манайх тооцоон дээрээ 20,000 төгрөг болон 22,000 төгрөгөөр тооцоод нэхэмжилсэн. Помп хөлсөлж ажиллуулсан дээр талууд маргаагүй. Гол асуудал нь 18,000 төгрөг, 20,000 төгрөг, 22,000 төгрөг гэдэг дээр маргаан байсан. Шүүхийн хийсэн дүгнэлт нь хариуцагчид ашигтай байдлаар гар бичмэлийн дагуу үнэлж, тооцож явах байсан гэж бодож байна. Шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэг болон үндэслэх хэсэг зөрүүтэй байдлаар гарсан гэж дүгнэж байгаа. Хариуцагч, нэхэмжлэгчийн тайлбарыг илүүд үзэх боломжгүй гэж үндэслэх хэсэгтээ дүгнээд байгаа атал эцсийн тогтоох хэсгийн агуулга нь хариуцагч талд ашигтайгаар шийдвэрлэгдээд манайхаас помп аваачиж байршуулаад ажиллуулсан хөлсөө төлөхгүй байхаар гарч байгаа нь үндэслэх болон тогтоох хэсэг зөрүүтэй байна гэж үзсэн. Мөн нэмэлт бодис худалдан авсан 8,750,000 төгрөг, помпны үнийг зайлшгүй төлөх ёстой байсан. Бетон зуурмагийн үнийг өсгөсөн байна, үндэслэлгүйгээр нэмэгдүүлж тооцсон байна гэсэн маргаан байсан. Гэтэл тухайн үеийн нөхцөл байдал нь цемент, шохой үйлдвэр хаалгаа барьсан. Үүнтэй холбоотой зах зээлд нөөц гачигдал, хомсдол үүссэн. ******* ******* ******* ХХК-ий захирал нь манай компанийн захирал руу холбогдсон. Үнийг нь өсгөөд зогсохгүй, тодорхой хэмжээнд нийлүүлэлт хийх боломжгүй хязгаарлагдмал болсон. Тэр үед ******* ******* ******* ХХК-ий захирал нь надад нийлүүлээч, зөвшөөрч байна гэдэг агуулгаар ярилцаад бараа хүлээж авчхаад одоо болохоор огт тийм зүйл болоогүй мэтээр тайлбар гаргаад мэтгэлцэж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд нэмэлт бодис худалдах, худалдан авах гэрээний дагуу 8,750,000 төгрөг, эд хөрөнгө хөлсөлсөн буюу помп хөлслөн ажиллуулсны ажлын хөлс 27,516,000 төгрөг, бетон зуурмаг худалдан авсан үнийн дүн болох 63,574,000 төгрөг энэ нь 50 хувийн алданги бодогдсон дүн байгаа. Хариуцагч талаас нийт 95,361,000 төгрөгийг гаргуулан олгуулахаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэв.

7. Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа;

Анхан шатны шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргасан. Талуудын хооронд гэрээ байгуулсан. Хэн аль нь бараа материал харилцан солилцохоор үүрэг хүлээсэн байна. Энэ нь 300,000,000 төгрөгөөр үнэлэгдэх автомашин, нэхэмжлэгч 700,000,000 төгрөгтэй дүйцэх бараа материал, ажил үйлчилгээ гэж харилцан тохиролцсон. Бид нарын зүгээс авсан ажил, бараа үйлчилгээ нь 230 гаран сая төгрөг болж байгаа. Тээвэрлэлт, помп гээд байгаа тоног төхөөрөмжийн түрээслэл энэ бүгдийг цогцоор нь нийлүүлээд 300,000,000 төгрөгт авна гэсэн зүйл байгаа. Нэхэмжлэгч талын гэрээ байсан учраас энэ гэрээн дээр помпны мөнгө, тээвэрлэлтийн хөлс нь 300,000,000 төгрөгтөө орсон. Нэхэмжлэгч анх нэхэмжлэл гаргахдаа тээвэрлэлтийн асуудал яриагүй. Бараа материалын хомсдол, хомсдолоос үүдэлтэй үнийн өсөлтийн тухай асуудал ярьж байсан. Энийгээ тухайн үед бид нарт мэдэгдэх ёстой. Үнийн өсөлттэй холбоотой, бараа материалын хомсдолттой холбоотой ямар ч мэдээлэл өгөөгүй байж эцэс төгсгөлд нь бараа ажил үйлчилгээ материалын хомсдолоос шалтгаалаад энэ үнийн дүнг гаргасан юм гэсэн байдлаар нэхэмжлэлээ гаргасан байсан. Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд энэ үнийн өсөлтийг тээвэрлэлт, помп гэсэн 2 зүйл рүү нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарлаж ярьсныг шүүх бүрэлдэхүүн анхаарч үзээсэй гэж хүсэж байна. Давж заалдах шатны шүүх дээр мөн тэр үндэслэлийг гаргаж ирж байна. Энэ нь үндэслэлгүй байна. Бараа материалын хомсдолтой үнэ нь өссөн бол энэ талаар бидэнд мэдэгдэх ёстой. Бидэнд энэ талаар ямар ч мэдээлэл өгөөгүй. Бид гэрээгээр тохиролцсон бараа материалаа худалдаж авч байна гэж бодож явсан.

Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байна. Иргэний хуулийн 274 дүгээр зүйлд заасан гэрээний харилцаа үүссэн байна гэж үзэж байна гэв.

                                                           ХЯНАВАЛ:

8. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд иргэний хэргийг зөвхөн нэхэмжлэгчийн төлөөлөгч *******йн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүйгээр хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

9. Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь хариуцагч ******* ******* ******* ХХК нд холбогдуулан Бетон зуурмаг/помп, нэмэлт бодис/-ийн үнэ 63,574,000 төгрөг, алданги 31,787,000 төгрөг, нийт 95,361,000 төгрөг гаргуулах , арлын дугаартай, ******* ******* улсын дугаартай, Toyota Land Criuser 200 маркийн автомашины өмчлөх эрхийг шилжүүлэхийг даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, түүний үндэслэлийг “...******* ******* ХХК нь ******* ******* ******* ХХК-тай байгуулсан 2022 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 22/28 дугаар Бетон зуурмаг нийлүүлэх гэрээний үүрэг 63,574,000 төгрөг, алданги 31,787,000 төгрөг, нийт 95,361,100 төгрөг, гэрээний 2.1-т зааснаар ******* ******* ******* ХХК нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад арлын дугаартай, ************** улсын дугаартай Toyota Land Criuser 200 маркийн автомашиныг 300,000,000 төгрөгт тооцон ******* ******* ХХК-ийн эзэмшилд шилжүүлэн өгсөн ч автомашины өмчлөх эрхийг шилжүүлээгүй тул энэ үүргийг хариуцагчид даалгаж өгнө үү ..” гэж тус тус тодорхойлжээ.

9.1. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, шүүхийн хэлэлцүүлэгт нэхэмжлэгчийн төлөөлөгч нь нийт нэхэмжлэлийн үнийн дүн болох 63,574,000 төгрөгт помпын үнэ 18,344,000 төгрөг, нэмэлт бодисын үнэ 8,750,000 төгрөг орж тооцогдсон гэж нэхэмжлэлийн шаардлагаа тайлбарлаж, тодруулсан,

ХХ ийн 11 дүгээр талд авагдсан “******* ******* ******* ХХК Авлагын тооцоо 2022” гэсэн баримтыг үндэслэн нэхэмжлэгч ******* ******* ХХК нь М200-М250 маркийн бетоны үнэ, помп, хасах-8 буюу нэмэлт бодисын үнийг тус тус оруулан гэрээний нийт үнийг 363,574,000 төгрөг гэж тогтоон, үүнээс гэрээний дагуу захиалагч ******* ******* ******* ХХК аас гэрээний үүрэгт төлөхөөр тохиролцсон 300,000,000 төгрөгийн үнэ бүхий Toyota Land Criuser 200 маркийн автомашиныг хасан , нэхэмжлэлийн үнийг 63,574,000 гэж тогтоон, алданги 31,787,000 төгрөг нийт 95,361,000 төгрөг гэж нэхэмжлэлийн үнийг шаардсан байна.

9.2. Хариуцагч ******* ******* ******* ХХК-нь нэхэмжлэлийг эс зөвшөөрөхдөө “...******* ******* ******* ХХК болон ******* ******* ХХК-ийн хооронд байгуулсан гэрээний 2.1-т Нийт үнэд нэмэлт болон помп, тээвэрлэлтийн үнэ ороогүй ба хоёр талын санхүүгийн алба тооцоо нийлж, нэмэлт болон помп, тээвэрлэлтийн үнийг тусад нь тооцно гэсэн заалтыг зөвшөөрөөгүй тул нийт үнэ гэсэн хэсэгт гараар помп, тээвэрлэлтийн үнийг орж тооцогдоно гэж харилцан тохиролцсон...” гэсэн тайлбар гарган маргасан байна.

Харин бетон зуурмагийн үнэ 300,000,000 төгрөгт тооцон ************** улсын дугаартай Toyota Land Criuser маркийн автомашиныг ******* ******* ХХК-ийн эзэмшилд шилжүүлэн өгсөн тул автомашины өмчлөлийг нэхэмжлэгчид шилжүүлэхийг хүлээн зөвшөөрнө… гэжээ.

9.3. 2022 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 22/28 дугаар Бетон зуурмаг нийлүүлэх гэрээ-г ******* ******* ХХК болон хариуцагч ******* ******* ******* ХХК-нар нь байгуулж, Нийлүүлэгч нь захиалгын дагуу бетон зуурмагийг Монгол Улсын итгэмжлэгдсэн лабораторид шинжлэгдсэн түүхий эд материалаар техникийн нөхцөл, стандартын шаардлагын дагуу үйлдвэрлэн захиалагчийн барилгын талбайд нийлүүлнэ, захиалагч нь Хаан банк ХК-ийн өмчлөгчтэй, арлын дугаартай, ************** улсын дугаартай Toyota Land Criuser 200 маркийн автомашиныг 300,000,000 төгрөгт тооцон төлбөр төлөх нөхцөлийг тохиролцон бичгээр байгуулж, харилцан гарын үсэг зурж, хуулийн этгээдийн тэмдгээр албажуулжээ.

9.4. Нэхэмжлэгч нь “..2022 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 332 метр.куб М250 маркийн бетон зуурмагийг 1 метр.кубыг нь 420,000 төгрөгөөр тооцон 139,440,000 төгрөг, 2022 оны 11 дугаар сарын 04-ний өдрийн 302 метр.куб М250 маркийн бетон зуурмагийг 1 метр.кубыг нь 420,000 төгрөгөөр тооцон 126,840,000 төгрөг, 2022 оны 11 дугаар сарын 15-ны өдрийн 43 метр.куб М250 маркийн бетон зуурмагийг 1 метр.кубыг нь 420,000 төгрөгөөр тооцон 18,060,000 төгрөгөөр тооцон нэхэмжилснийг хариуцагч тал гэрээний 2.1-д заасан М250 маркийн бетон зуурмагийн нэгж үнэ 260.000 төгрөгөөр тооцох ёстой нэгж үнийг 420,000 төгрөгөөр тооцож, нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөхгүй, Нийт үнэд нэмэлт болон помп, тээвэрлэлтийн үнийг тусад нь тооцно гэсэн заалтыг зөвшөөрөөгүй тул нийт үнэ гэсэн хэсэгт гараар помп, тээвэрлэлтийн үнийг орж тооцогдоно гэж харилцан тохиролцсон...” гэсэн тайлбар гарган маргасан нь зохигчийн маргааны зүйл болжээ.

10. Үйл баримтаар нэхэмжлэгч ******* ******* ХХК нь 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдөр 168 метр.куб М200 маркийн, 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдөр 39 метр.куб М250 маркийн 2022 оны 10 дугаар сарын 09-ний өдөр 332 метр.куб М250 маркийн, 2022 оны 11 дугаар сарын 04-ний өдөр 301 метр.куб М250 маркийн, 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 43 метр.куб М250 маркийн бетон зуурмагийг тус тус хариуцагч ******* ******* ******* ХХК-ийн өмчлөлд шилжүүлсэн.

Хариуцагч ******* ******* ******* ХХК нь ******* ******* улсын дугаартай Toyota Land Criuser 200 маркийн автомашиныг 300,000,000 төгрөгт тооцон нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн эзэмшилд шилжүүлсэн болох нь хэргийн оролцогчийн тайлбар, нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн нягтлан бодогчийн гарын үсэг, тэмдгээр албажсан хариуцагч ******* ******* ******* ХХК-ийн авлагын тооцоо/хавтаст хэргийн 11 хуудас/ зэрэг нотлох баримтаар тогтоогдож байх бөгөөд энэ талаар зохигч маргаагүй.

10.1. Дээрхээс үзвэл талуудын хооронд Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1 дэх хэсэгт заасан арилжааны гэрээ байгуулагдсан гэж үзэх эрх зүйн үндэслэлтэй бөгөөд нэхэмжлэгч нь бетон зуурмагийг хариуцагчийн өмчлөлд, хариуцагч нь автомашиныг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэх үүргийг харилцан хүлээсэн байна.

Арилжааны гэрээний агуулга нь арилжиж байгаа хөрөнгийн хувьд худалдагч, арилжин авч байгаа хөрөнгийн хувьд худалдан авагч болох талуудын эрх, үүргээр тодорхойлогдох тул худалдах, худалдан авах гэрээний талаархи хуулийн зохицуулалт нэг адил хамаарна.

11. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүх хуралдаанаар нэг бүрчлэн шинжлэн судлаад

Бетон зуурмаг нийлүүлэх гэрээ-ний 2.1 дэх хэсэгт …М250, хэмжих нэгж м3, нэгж үнэ 260,000 гэж зааснаас үзэхэд 2022 оны 10 дугаар сарын 09 өдөр болон 2022 оны 11 дугаар сарын 04-ний өдөр тус тус нэхэмжлэгчээс хариуцагчийн өмчлөлд шилжүүлсэн 677 метр.куб М250 маркийн бетон зуурмагийн нэгж үнэ нь 260,000 төгрөг болох нь тодорхой байна…Энэ тохиолдолд 677 метр.куб М250 маркийн бетон зуурмагийн нэгж үнийг 420,000 төгрөгөөр тооцон хариуцагчаас гаргуулахыг хүссэн нэхэмжлэгчийн шаардлага эрх зүйн үндэслэлгүй….Харин 677 метр.куб М250 маркийн бетон зуурмагийн нэгж үнийг 260,000 төгрөгөөр тооцсон хариуцагчийн татгалзал эрх зүйн үндэслэлтэй…гэсэн нь агуулгын хувьд хэргийн бодит байдалтай нийцсэн байна.                       

Учир нь: Маргаан бүхий гэрээний 2.5 дахь хэсэгт Бүтээгдэхүүний гол түүхий эд болох цементийн үнэ болон түлш, шатахууны үнэ 10 хувиас дээш өөрчлөлт орж, үнэ нэмэгдсэн тохиолдолд бетон зуурмагийн үнийн тариф өөрчлөгдөх бөгөөд өөрчлөгдсөн тарифыг мөрдөж эхэлснээс хойш 3-4 хоногийн өмнө захиалагчид бичгээр мэдэгдэнэ.., 6.7-д гэрээнд оруулах нэмэлт өөрчлөлт нь гагцхүү бичгээр үйлдэгдэж , талууд гарын үсэг зурсан тохиолдолд хүчин төгөлдөр болох ба энэхүү гэрээний салшгүй хэсэг болно.. гэжээ..

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нийлүүлэгч нь анх харилцан тохиролцсон М250 маркийн бетон зуурмагийн нэгж үнэ 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хүртэл хугацаанд 260.000 төгрөгөөс нэмэгдэж, 420,000 төгрөг болсон талаар хариуцагчид гэрээний дээрх хэсэгт заасан журмын дагуу мэдэгдсэн, захиалагч саналыг хүлээн авсан эсэх нь тодорхойгүй, бетон зуурмагийн үнийг харилцан тохиролцож, гэрээнд өөрчлөлт оруулсан  гэх байдал нотлогдохгүй байна.

11.1. Түүнчлэн нэхэмжлэгч талаас шүүхэд гаргаж шүүх хуралдаанаар шинжлэн судлуулсан нэхэмжлэгч ******* ******* ХХК ийн санхүүгийн баримт болох нэхэмжлэхүүдийг захиалагч тал хүлээн авсан эсэх нь тодорхойгүй хүлээн авсан хүний гарын үсэг зурагдаагүй, хариуцагчаас дээрх баримтыг үгүйсгэж байх тул бичмэл нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд зааснаар үнэлэх боломжгүй.

Иймд нэхэмжлэгч нь М250 маркийн бетон зуурмагийн нэгж үнийг 420,000 төгрөгөөр тооцох эрх зүйн үндэслэлгүй , харин гэрээгээр анх тохиролцсон нэгж үнэ 260,000 төгрөгөөр тооцон нэхэмжлэх нь гэрээний болон хэргийн нөхцөл байдалд нийцнэ .

11.2. Нэхэмжлэгч ******* ******* ХХК ийн нэхэмжлэлийн зарим хэсэг болох Бетон зуурмаг нийлүүлэх гэрээний 2.1 дэх хэсэгт нийт үнэд нэмэлт болон помп, тээвэрлэлтийн үнэ ороогүй ба түүний үнэ 18,344,000 төгрөг гаргуулна гэх шаардлагын тухайд

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн энэ хэсгийг ..Зохигч нь помпын үнийг бетон зуурмагийн үнэд багтсан эсэх талаар шаардлага, татгалзлын үндэслэлээ шүүхэд баримтаар нотлоогүй, хэргийн үйл баримтын талаар харилцан эсрэг агуулга бүхий зохигчийн тайлбарыг нөгөөгөөс нь илүүд авч үзэх боломжгүй тул бетон зуурмагийг өөр газар шахах ажлыг гүйцэтгэдэг помпын зардлыг чухам хэн хариуцахыг гэрээгээр харилцан тохиролцоогүй гэж үзнэ. Энэ тохиолдолд бетон зуурмагийг нэхэмжлэгч ******* ******* ХХК-иас хариуцагч ******* ******* ******* ХХК-ийн барилгын талбайд хүргэж, шахуурга/помп/-аар шахах зардлыг худалдан авагч буюу ******* ******* ******* ХХК хариуцна…гэж дүгнэсэн эрх зүйн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

Учир нь Арилжааны гэрээнд худалдах-худалдан авах гэрээний талаарх энэ хуулийн холбогдох заалтууд нэгэн адил хамаарна гэж Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.3 дахь хэсэгт заасан бол Иргэний хуулийн 245 дугаар зүйлийн 245.1 дэх хэсэгт Гэрээнд өөрөөр заагаагүй бол эд хөрөнгө шилжүүлэхтэй холбогдсон /жигнэх, савлах, баглах гэх мэт/ зардлыг худалдагч, барааг худалдагчийн байгаа газраас өөр газар хүргэх, зөөх, тээвэрлэх, хүлээн авахтай холбогдсон зардлыг худалдан авагч хариуцна гэжээ.

Иймд нэхэмжлэгч ******* ******* ХХК нь помп, тээвэрлэлтийн үнэ 18,344,000 төгрөгийг хариуцагч ******* ******* ******* ХХК-иас гаргуулахаар нэхэмжилсэн нь үндэслэлтэй гэж үзэв.

12. Нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн авлагын тооцоо/хавтаст хэргийн 11 хуудас/-ноос үзэхэд 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 302 метр.куб М250 маркийн бетон зуурмагийн нэмэлт бодисын нэгж үнийг 25,000 төгрөгөөр тооцон 7,550,000 төгрөг, 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 48 метр.куб М250 маркийн бетон зуурмагийн нэмэлт бодисын нэгж үнийг 25,000 төгрөгөөр тооцон 1,200,000 төгрөг, нэмэлт бодисын үнэ нийт 8,750,000 төгрөгийг хариуцагч ******* ******* ******* ХХК-иас гаргуулахаар шаарджээ.

Зохигчдын тайлбар, нэхэмжлэлийн агуулгаас үзэхэд нэмэлт бодисын үнэ 8,750,000 төгрөг нь нэхэмжлэлийн үнийн дүн 63,574,000 төгрөгт багтсан гэж үзэх бөгөөд энэ нь нийт үнэд багтахгүй, тусдаа тооцогдох талаар зохигч маргаагүй байна.       Үйл баримтаар нэмэлт бодис гэдэг нь маргааны зүйл болох бетон зуурмагийг хөлдөхөөс сэргийлэх зориулалтаар хийгдэж байгаа тодорхой үнэ бүхий материал болох нь бичмэл нотлох баримтаар тогтоогдож байх тул гэрээний зүйл гэж үзэн нэхэмжлэлийн нийт үнийн дүнд оруулан тооцох боломжтой байна.                                        Түүнчлэн хэрэгт авагдсан ******* ******* ХХК ийн ******* ******* ******* ХХК нд бетон зуурмаг хүлээлгэн өгсөн баримтуудаас үзэхэд бетоныг өвлийн улиралд хөлдөхөөс сэргийлэх зорилгоор нэмэлтээр хийсэн бүтээгдэхүүнийг хариуцагч нь хүлээн авсан болох нь илэрхий байна.                                                  Анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлээс үзвэл хариуцагчийн төлөөлөгч нь нэхэмжлэлийн энэ хэсгийг хүлээн зөвшөөрсөн агуулгаар “нэмэлт бодисын үнэ 8,750,000 төгрөгийг хүлээн авснаа зөвшөөрч байна, нийт нэхэмжлэлийн дүнд багтсан” гэх тайлбарыг гаргаснаас дүгнэхэд нэхэмжлэгч ******* ******* ХХК нь нэмэлт бодисын үнэ 8,750,000 төгрөгийг хариуцагч ******* ******* ******* ХХК- аас гаргуулахаар шаардсан нь үндэслэлтэй гэж үзнэ.

13. Дээр дурдсан үндэслэлүүдийг нэгтгэн дүгнэвэл нэхэмжлэгч ******* ******* ХХК нь хариуцагч ******* ******* ******* ХХК-иас 168 метр.куб М200 маркийн бетон зуурмагийн үнэ 42,000,000 төгрөг, 716 метр.куб М250 маркийн бетон зуурмагийн үнэ 186,160,000 төгрөг, помпын үнэ 18,344,000 төгрөг, нэмэлт бодисын үнэ 8,750,000 төгрөг, нийт 255,254,000 төгрөг гаргуулахаар шаардах эрх үүссэнийг  хариуцагч ******* ******* ******* ХХК нь Бетон зуурмаг нийлүүлэх гэрээ-ний үүргийн гүйцэтгэл 300,000,000 төгрөгт тооцон ************** улсын дугаартай Toyota Land Criuser 200 маркийн автомашиныг нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн эзэмшил, ашиглалтад шилжүүлснээр арилжааны гэрээний үүрэг дуусгавар болжээ.

Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.1 дэх заалтад үүрэг гүйцэтгэгч үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн нь үүрэг дуусгавар болох үндэслэл тул  нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн хариуцагч ******* ******* ******* ХХК-д холбогдох бетон зуурмаг/помп, нэмэлт бодис/-ийн үнэ 63,574,000 төгрөг , түүний алданги гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй гарсан гэж дүгнэв.                                       

14. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1 дэх хэсэгт Хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз , 232.6 дахь хэсэгт Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэж тус тус тодорхойлсноос үзэхэд нэхэмжлэгчийн анз нэхэмжлэх шаардах эрх нь гэрээний үндсэн үүрэг дуусгавар болсноор мөн адил дуусгавар болохыг дурдав. 

15. Түүнчлэн анхан шатын шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад хариуцагчийн төлөөлөгч нь арлын дугаартай, ************** улсын дугаартай, Toyota Land Criuser 200 маркийн автомашины өмчлөх эрхийг шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг шүүх хүлээн авч хариуцагчийн зөвшөөрлийг баталж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

16. Нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо “…зохигчийн хооронд  ...нэхэмжлэгч бетон зуурмаг нийлүүлэх, помп буюу автомашин хөлслүүлэх, хөлдөлтийн эсрэг нэмэлт бодис худалдах худалдан авах гэрээг байгуулж, хариу төлбөртөө мөнгө болон автомашин өмчлөлдөө хүлээн авахаар мөн арилжааны гэрээ байгуулсан агуулгатай.

Ийнхүү талууд нь эд хөрөнгө хөлслөх, худалдах худалдан авах, арилжааны гэсэн 3 гэрээний агуулгыг багтаасан холимог гэрээг байгуулсан тул холбогдох харилцаа бүрт шүүх хууль зүйн дүгнэлт хийх ёстой байсан..” гэснийг хүлээн авах боломжгүй ба үйл баримтаар талуудын хооронд байгуулагдсан Бетон зуурмаг нийлүүлэх гэрээний гол нөхцөл нь бетон зуурмаг нийлүүлэх бөгөөд Иргэний хуулийн 192 дугаар зүйлд зааснаар ... нэмэлт бодис, помп, тээвэрлэлт зэрэг нь эд хөрөнгийн дагалдах зүйл гэж үзэх үндэслэлтэй . Энэ ч утгаараа талууд гэрээний 2.1-д нийт үнэд нэмэлт болон помп, тээвэрлэлтийн үнэ орсон, ороогүй гэх байдлаар харилцан зөрүүтэй бичвэр нийснээс дүгнэж болохоор байх тул нэхэмжлэгчийн төлөөлөгчийн 3 өөр төрлийн гэрээний шинжтэй холимог гэрээ байгуулагдсан гэх тайлбар, гомдол үндэслэлгүй гэж үзнэ.

17. Иймд анхан шатны шүүх хэрэгт байгаа баримтыг хуульд заасны дагуу үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул нэхэмжлэгчийн төлөөлөгч *******йн “..анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү .” гэх агуулгаар бичсэн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж , анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

18. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн гомдол үндэслэлгүй гэж үзэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн тул  нэхэмжлэгч ******* ******* ХХК ийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 634,905 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн  2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 131/ШШ2024/00851 дугаар шийдвэрийг  хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгч *******йн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.  

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 634,905 төгрөгийг төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-д заасныг баримтлан  шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл  зохигч талууд тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах шатны шүүхийн магадлалыг гардуулсан буюу  хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын Дээд Шүүхэд гомдол гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ Ч.БАЯРЦЭНГЭЛ

ШҮҮГЧИД Б.БОЛОР-ЭРДЭНЭ

Б.ЦЭРЭНПҮРЭВ