| Шүүх | Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Тогоочийн Дэлгэрмаа |
| Хэргийн индекс | 144/2024/00062/И |
| Дугаар | 203/МА2025/00004 |
| Огноо | 2025-01-08 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн гэрээ, |
Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 01 сарын 08 өдөр
Дугаар 203/МА2025/00004
Б.*******ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Угтахбаяр даргалж, шүүгч Т.Дэлгэрмаа, шүүгч Х.Гэрэлмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 144/ШШ2024/00138 дугаар шийдвэртэй,
Б.*******ын нэхэмжлэлтэй,
******* ХК-д холбогдох,
Санхүү хөрөнгө оруулалтын газар-т ахлах нягтлан бодогчоор эгүүлэн томилох, ажилгүй байсан хугацааны албан тушаалыг цалинг бодож олгох, нийгмийн даатгал, болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийхийг ******* ХК-ийн гүйцэтгэх захиралд тус тус даалгах, нэмэгдүүлсэн шаардлага ******* ХК-ийн 2023 оны жилийн эцсийн санхүүгийн тайлангаар гарсан ашгаас ажилчдад 6 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний үр дүнгийн урамшуулалт цалин болох 21000000 төгрөг, 2023 оны 11 дүгээр сард илүү 45 цагийн 1342329.55 төгрөг, ээлжийн амралтаа биеэр эдлүүлээгүйн цалин хөлс /0.5 хувиар тооцсон/ 1750000 төгрөг, нийт 24092329.60 төгрөгийг ******* ХК-аас гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.*******ын гаргасан давж заалдах гомдлоор 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.*******, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Халиун нар /цахимаар/, нарийн бичгийн дарга А.Ариунаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Б.Энхбаатарын нэхэмжлэл, тайлбарын агуулга: ...Миний бие *******гийн ******* нь ******* ХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн Туршилтын хугацаагаар ажиллуулах тухай 5/64 дүгээр тушаалаар тус компанийн Санхүү, хөрөнгө оруулалтын газар-т хөрөнгө оруулалт, төлөвлөлт судалгааны хэлтсийн хөрөнгө оруулалтын судалгааны ажилтны албан тушаалд хоёр сарын туршилтын хугацаагаар томилогдон ажилласан.
Дээрх туршилтын хугацаа дуусгавар болж ******* ХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн Туршилтын хугацааг дуусгавар болгож, ажилд томилох тухай Б/141 дүгээр тушаалаар мөн албан тушаалаар үндсэн ажилтнаар томилогдсон болно.
******* ХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 05 дугаар сарын 09-ны өдрийн Б/181 дүгээр тушаалаар тус компанийн Санхүү, хөрөнгө оруулалтын газар-т ахлах нягтлан бодогчоор томилогдон ******* ХК-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай Б/41 тушаал гарах хүртэл ажилласан. Иргэн миний хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгохдоо удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг даалгасан хугацаанд биелүүлээгүй, ажлын хариуцлага алдсан зөрчил удаа дараа гаргасан гэж заасан нь огт үндэслэлгүй бөгөөд хууль бус гэж үзэж байна.
Учир нь би тус компанид ажиллах хугацаандаа хөдөлмөрийн гэрээний 6.2.7-д заасныг зөрчиж удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг хугацаанд нь биелүүлээгүй удаа нэг ч байхгүй, мөн ажлын хариуцлага алдсан алдаа дутагдал гаргаж байгаагүй атал огт гаргаагүй алдаа дутагдлыг удаа дараа гаргасан мэтээр тушаалд дурдаж хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосонд гомдол гаргаж, үндсэн ажилдаа эргүүлэн томилуулахаар тохиролцоонд хүрэх хүсэлтийг үүгээр илэрхийлж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү.
Миний тус компанид ажиллах хугацаанд хөдөлмөрийн сахилгын арга хэмжээ нэг ч удаа авхуулж байгаагүй байдал нь миний алдаа дутагдал гаргаж, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй, ажлын хариуцлага алдсан зөрчил гаргаж байгаагүй гэдгийг нотлохоос гадна ******* ХК-ийн гүйцэтгэх захирлын Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай Б/41 тушаал нь хууль бус, үндэслэлгүй гэдгийг давхар батална.
Иймд Б.******* миний биеийг ******* ХК-ийн Санхүү, хөрөнгө оруулалтын газар-т ахлах нягтлан бодогчоор эргүүлэн томилох, ажилгүй байсан хугацааны албан тушаалын цалинг бодож олгох, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийхийг ******* ХК-ийн гүйцэтгэх захиралд тус тус даалгаж өгнө үү.
Нэмэгдүүлсэн шаардлагадаа: ...******* ХК-ийн 2023 оны Жилийн эцсийн санхүүгийн тайлангаар гарсан ашгаас ажилчдад 6 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний үр дүнгийн урамшуулалт цалин болох 21,000,000 төгрөг, 2023 оны 11-р сард илүү 45 цагийн 1,342,329.55 төгрөг, ээлжийн амралтаа биеэр эдлүүлээгүйн цалин хөлс /0,5 хувиар тооцсон/1,750,000 төгрөг, нийт 24,092,329.60 /Хорин дөрвөн сая ерэн хоёр мянга гурван зуун хорин ес төгрөг жаран мөнгө/ төгрөгийг ******* ХК-аас гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч ******* ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.******* шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
...Нэхэмжлэгч Б.*******ыг Таван толгой ХК-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 02 сарын 14-ний Б/41 дугаартай хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай тушаалаар Санхүү хөрөнгө оруулалтын газарт ахлах нягтлан бодогчийн албан тушаалд ажиллаж байсан *******ыг Хөдөлмөрийн гэрээний 6.2.7 дахь хэсэгт заасан удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг даалгасан хугацаанд зохих ёсоор гүйцэтгэх үүргээ биелүүлээгүй, ажлын хариуцлага алдсан зөрчлийг удаа дараа гаргасан үндэслэлээр үүрэгт ажлаас нь чөлөөлж хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болсон байгаа.
Энэ нь дараах нотлох баримт, үйл баримтаар батлагдаж байгаа. Таван толгой ХК-ийн ерөнхий нягтлан бодогч ******* болон ******* нарын хооронд и мэйлээр үүрэг даалгавар удаа дараа өгсөн байдаг. Хугацааг нь тодруулах юм бол 2023 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 11 цаг 56 минутад 2022 оны жилийн эцсийн тайлан, тодруулгыг бүрэн ирүүлнэ үү, эдгээр ажлын гүйцэтгэл дутуу байгааг гүйцэтгэнэ үү гэсэн агуулга бүхий, мэйлээр үүрэг өгсөн байдаг. Мөн 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 15 цаг 08 минутад 2022 оны санхүүгийн тайлан болон бусад холбогдох баримтыг өнөөдөртөө багтаан хүлээлгэн өгөхийг гүйцэтгэх захирал үүрэг болгож, үүнийг ерөнхий нягтлан бодогч ******* нь давхар үүрэг болгож мэйлээр үүрэгжүүлсэн байдаг. 2024 оны 01 сарын 05-ны өдрийн 12 цаг 19 минутад 2022 оны жилийн эцсийн санхүүгийн тайлан, үндсэн хөрөнгийн нэр төрлийн тайлант данс, данс, нэр төрөл тус бүрээр гарган ирүүлэх гэсэн зэрэг үүрэг даалгаврыг удаа дараа и-мэйлээр харилцан өгсөн байдаг.
Илүү цагийн хувьд ерөнхий нягтлан нь ганц ******* 40 хэдэн цагийг дутуу олгоод байгаа биш, тухайн үед ерөнхий нягтлан нь бүх нягтлан нярвын ажлын үр дүн гүйцэтгэлд нь оноогдож, мөн сарын фонд цагийн илүү цагийн хувьд нь тааруулж цагийг нь олгосон байгаа. Ээлжийн амралтын хувьд ******* нь хуульд заасны дагуу ээлжийн амралтаа авч мөнгийг нь манайх шилжүүлж олгож, биеэр эдэлсэн гэж бодож байна. ******* нь оны сүүлд 10 сараас хойш он дуустал хугацаанд, компани дээр ажиллаагүй байдаг юм.
Гүйцэтгэх удирдлагын хувьд 2022 оны санхүүгийн тайланг Улаанбаатар 4 хотод гарга гэдэг үүрэг даалгаврыг өгөөд компани дээр ирж ажилласан байдаггүй. Улаанбаатар хотод 2022 оны санхүүгийн тайланг хийж дуусгаж, гүйцэтгэсэн зүйл байхгүй. Хангалтгүй өгснөөс болж 2023 оны санхүүгийн тайланд сөрөг дүгнэлт гарсан ийм үйл ажиллагаатай байгаад байгаа. ******* нь ахлах нягтлан бодогчийнхоо үүргийнхээ хувиар ахлах нягтлан бодогч, бусад нягтлангуудад нярвуудад болон арга зүйн зөвлөгөө өгч, алдаа дутагдал гарсан тохиолдолд залруулах арга хэмжээ авч ажиллах ёстой.
Энэ хүн 2023 ондоо бүтэн ажилласан бөгөөд 2023 оны санхүүгийн тайлан сөрөг дүгнэлттэй гарсан байгаад байгаа. Үүнийг тус тус үндэслээд хуульд заасны дагуу хариуцлага тооцож шийдвэрлэсэн байгаа гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Б.*******ын нэхэмжлэлтэй ******* ХК-д холбогдох Санхүү хөрөнгө оруулалтын газар-т ахлах нягтлан бодогчоор эргүүлэн томилох, ажилгүй байсан хугацааны албан тушаалын цалинг бодож олгох, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийхийг ******* ХК-ийн гүйцэтгэх захиралд тус тус даалгах, нэмэгдүүлсэн нийт 24,092,329.60 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 348,612 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.*******ын давж заалдах гомдлын агуулга: Б.******* нь Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь шүүхэд ******* ХК-ийн Санхүү, хөрөнгө оруулалтын газар-т ахлах нягтлан бодогчоор эргүүлэн томилох, ажилгүй байсан хугацааны албан тушаалын цалинг бодож олгох, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийхийг ******* ХК-ийн гүйцэтгэх захиралд тус тус даалгах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай, ******* ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2023 оны Жилийн эцсийн санхүүгийн тайлангаар гарсан ашгаас ажилчдад 6 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний үр дүнгийн урамшуулалт цалин болох 21.000.000 (хорин нэгэн сая) төгрөг, 2023 оны 11-р сард илүү 45 цагийн 1.342.329.55 (нэг сая гурван зуун дөчин хоёр мянга гурван зуун хорин есөн төгрөг тавин таван мөнгө), ээлжийн амралтаа биеэр эдлүүлээгүйн цалин хөлс (0,5 хувиар тооцсон) 1.750.000 (нэг сая долоон зуун тавин мянга) төгрөг, нийт 24.092.329.60 (хорин дөрвөн сая ерэн хоёр мянга гурван зуун хорин есөн төргөг жаран мөнгө) төгрөгийг ******* ХК-аас гаргуулж Б.*******т олгуулах тухай нэмэгдүүлсэн шаардлагыг тус тус гарган анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан болно.
Гэтэл анхан шатны шүүх зөвхөн үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэлэлцэн дүгнэж, нэмэгдүүлсэн шаардлагаас ******* ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2023 оны Жилийн эцсийн санхүүгийн тайлангаар гарсан ашгаас ажилчдад 6 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний үр дүнгийн урамшуулалт цалин болох 21.000.000 (хорин нэгэн сая) төгрөг олгуулах тухай шаардлагатыг дүгнэж нэхэмжлэлийн бусад шаардлагыг хэрхэн шийдвэрлэсэн талаар огт дүгнэлгүй орхигдуулсан байна.
2. Б.*******ын хөдөлмөрийн гэрээг үндэслэлгүйгээр дуусгавар болгосон талаар анхан шатны шүүх үндэслэлгүй дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
Учир нь *******гийн ******* ******* ХК-ийн Гүйцэтгэх захирлын 2023 оны 02-р сарын 13-ны өдрийн Туршилтын хугацаагаар ажиллуулах тухай 5/64 дүгээр тушаалаар тус компанийн Санхүү, хөрөнгө оруулалтын газар-т хөрөнгө оруулалт, төлөвлөлт судалгааны хэлтсийн хөрөнгө оруулалтын судалгааны ажилтны албан тушаалд хоёр сарын туршилтын хугацаагаар томилогдон ажилласан. Дээрх туршилтын хугацаа дуусгавар болж ******* ХК-ийн Гүйцэтгэх захирлын 2023 оны 04-р сарын 13-ны өдрийн Туршилтын хугацааг дуусгавар болгож, ажилд томилох тухай Б/141 дүгээр тушаалаар мөн албан тушаалаар үндсэн ажилтнаар томилогдсон болно. ******* ХК-ийн Гүйцэтгэх захирлын 2023 оны 05-р сарын 09-ны өдрийн Б/181 дүгээр тушаалаар тус компанийн Санхүү, хөрөнгө оруулалтын газар-т ахлах нягтлан бодогчоор томилогдон ажиллаж шат шатаар албан тушаал дэвшин ажилласан байдал нь түүнийг өөрт оногдсон албан үүргийг хангалттай сайн биелүүлж байсан гэдгийг нотолно.
Түүнчлэн түүнийг өөрийн санаачлагаар ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ 2023 оны 11 дүгээр сарын 14-нд өгөхөд хүлээж аваагүй бөгөөд цаашид үргэлжлүүлэн ажиллуулахаар шийдвэрлэсэн нь мөн түүнийг ажил үүргээ зохих ёсоор сайн гүйцэтгэж байсныг давхар баталж байна. (энэ талаар шүүхийн хэлэлцүүлгийн явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүлээн зөвшөөрсөн)
Энэхүү хэрэгт шууд сонирхолтой буюу хувийн таарамжгүй харилцаатай ерөнхий нягтлан бодогч П.*******г гэрчээр оролцуулж түүнийг өгсөн тайлбарыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нь хууль бус гэж үзэж байгаа болно. П.******* нь ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байхдаа Б.*******ын цахим хаягаар 2023 оны 12-р сарын 23-ны өдөр, 2023 оны 12-р сарын 28-ны өдөр явуулсан мэдэгдэл, 2024 оны 02-р сарын 01-ний өдрийн Санхүү хөрөнгө оруулалтын газрын 05/01 дугаартай Хариуцлага тооцох тухай мэдэгдэл зэргийг хувийн таарамжгүй харилцааны өөрөөр хэлбэл ажлын асуудлыг хувийн харилцаатай холбож нэхэмжлэгчийг ажлаас халах гэсэн сонирхлын үүднээс хийгдсэн гэдэг нь мөн ойлгомжтой байхад нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгосон тогтоогдож байна.
Энэ нөхцөл байдлаас гадна П.*******гийн гэрчээр асуултад хариулсан байдал (шүүхийн хэлэлцүүлэгт түүний өгсөн видео болон аудио бичлэгээс тодорхой болно) шууд хувийн сонирхолтойгоор нэхэмжлэгчийг гүтгэж, худал, хэт хэтрүүлэгтэй мэдээлэл өгч байгаа нь харагдана.
3. ******* ХК-ийн Б.*******тай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 6.2.7-д Удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг хугацаанд нь зохих ёсоор гүйцэтгэх үүргээ биелүүлээгүй, ажлын хариуцлага алдсан, энэ зөрчлийг удаа дараа гаргасан гэдэг нь огт үндэслэлгүй. Учир нь ажил үүргээ зохих ёсоор гүйцэтгэж байсан хүн гэнэт 2024 оны 12-р сарын сүүлчээс эхлээд ажлаа муу хийж, гэнэт удирдлагын өгсөн үүрэг даалгаврыг гүйцэтгэхээ болино гэдэг эргэлзээтэй боломжгүй зүйл бөгөөд Удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг хугацаанд нь зохих ёсоор гүйцэтгэх үүргээ биелүүлээгүй, ажлын хариуцлага алдсан, энэ зөрчлийг удаа дараа гаргасан зөрчлийг П.******* зохиомлоор бий болгосон гэдэг нь тогтоогдож байна. Мөн дээрх зөрчлийг удаа дараа гаргасан гэдгийг анхан шатны шүүх ямар нотлох баримтаар тогтоосон нь тодорхойгүй байна.
4. ******* ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2023 оны жилийн эцсийн санхүүгийн тайлангаар гарсан ашгаас ажилчдад 6 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний үр дүнгийн урамшуулалт цалин болох 21.000.000 (хорин нэгэн сая) төгрөг олгуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь мөн үндэслэлгүй. Анхан шатны шүүх ******* ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2023 оны жилийн эцсийн санхүүгийн тайлангаар гарсан ашгаас ажилчдад 6 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний үр дүнгийн урамшуулалт цалин болох 21.000.000 (хорин нэгэн сая) төгрөг олгох тухай тогтоол нь 2024 оны 04-р сарын 22-ны өдөр гарсан байхад нэхэмжлэгч 2024 оны 02-р сарын 14-нд ажлаас халагдсан гэж дүгнэсэн мөн үндэслэлгүй. Учир нь тогтоолд ... 2023 оны Жилийн эцсийн санхүүгийн тайлангаар гарсан ашгаас ... гэж тодорхойлсон байх тул Б.******* 2023 оныг дуустал ажилласан тул энэ урамшууллыг авах эрхтэй гэж үзнэ. Түүнчлэн хариуцагчийн төлөөлөгч Б.******* олгох ёстой мөнгө орж ирсэн боловч хэрхэн, хааш нь зарцуулсныг мэдэхгүй гэх хариултыг өгсөн болно. (Энэ нь мөн видео бичлэгт үлдсэн байгаа)
5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч би ажилгүй байсан хугацааны цалин болох 17.000 000 (арван долоон сая) төгрөг (нэмэгдүүлсэн шаардлагатайгаа нийт 41.092.329.60 дөчин нэгэн сая ерэн хоёр мянга гурван зуун хорин есөн төгрөг жаран мөнгө) гаргуулах шаардлагыг шүүхийн хэлэлцүүлэг эхлэхэд нэхэмжлэлийн шаардлагаа танилцуулахдаа нэхэмжилсэн боловч энэ мөнгөн дүнг хэрхэн шийдвэрлэсэн талаар огт дурдаагүй анхан шатны шүүхээс үнэлэлт дүгнэлт өгөөгүй болно.
6. Б.*******ын гаргасан нэмэгдүүлсэн шаардлагын зарим хэсэг болох "... 2023 оны 11-р сард илүү 45 цагийн 1.342.329.55 (нэг сая гурван зуун дөчин хоёр мянга гурван зуун хорин есөн төгрөг тавин таван мөнгө), ээлжийн амралтаа биеэр эдлүүлээгүйн цалин хөлс (0,5 хувиар тооцсон) 1.750.000 (нэг сая долоон зуун тавин мянга) төгрөгийг ******* ХК-аас тус тус гаргуулж Б.*******т олгуулах тухай шаардлагыг ямар нотлох баримтуудыг үндэслэн хэрэгсэхгүй болгосныг дүгнээгүйгээр орхигдуулсан зэрэг шүүхийн шийдвэр үндэслэл бүхий бөгөөд хуульд нийцсэн байх хуулиар тогтоосон журмыг зөрчсөн байна.
Иймд Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 09-р сарын 03-ны өдрийн 144/2024/00138 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Б.*******ын гаргасан үндсэн болон нэмэгдүүлсэн шаардлагыг бүхэлд хангаж шударга ёсыг тогтоож өгнө үү гэжээ
5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Б.*******ыг Таван толгой ХК-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн Б41 дугаартай хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай тушаал гарсан байдаг. Дуусгавар болсон үндэслэл нь гэрээний 6.2.7 дахь заалтад удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг даалгасан хугацаанд зохих ёсоор гүйцэтгэх үүргээ биелүүлээгүй, ажлын хариуцлага алдсан бөгөөд энэ зөрчлийг удаа дараа гаргасан гэх үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон байдаг. Ерөнхий нягтлан бодогч П.******* нь нэхэмжлэгч Б.*******т удаа дараа мэйлээр болон биечлэн үүрэг даалгавар өгсөн боловч Б.******* биелүүлдэггүй, хариу өгдөггүй. Энэ нь мэйлээр харилцсан баримтуудаар нотлогддог. Мөн гэрч П.******* анхан шатны шүүх хуралдаанд гэрчийн мэдүүлэг өгч энэ талаар нотолдог. 2023 оны санхүүгийн тайланд сөрөг гэсэн дүгнэлт авахад Б.******* нь үйл ажиллагааны хувьд нөлөөлсөн байдаг. Мөн энэ хүн нь ажил үүргээ хангалттай биелүүлж ахлах нягтлан бодогч болон нярвуудад арга зүйн зөвлөгөө өгч ажиллах чиг үүргүүдээ зөрчсөний улмаас хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгож шийдвэрлэсэн байгаа. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.
6. Хариуцагчийн өмгөөлөгч Б.Халиун шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Давж заалдах гомдлыг дараах үндэслэлүүдээр хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийн бусад шаардлагыг хэрхэн шийдвэрлэсэн талаар огт дүгнэлтгүй орхигдуулсан гэж маргадаг. Зохигчдын шүүхэд гаргасан нэхэмжлэл, хариу тайлбар, гэрчийн мэдүүлэг, хэрэгт цугларсан нотлох баримт болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлэгдсэн нотлох баримтуудыг үндэслэж шүүхээс нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн болон үндсэн шаардлагыг хангаж шийдвэрлэхэд үндэслэлгүй гэсэн дүгнэлтийг шийдвэртээ тусгасан байдаг. Тэгээд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Хоёрт анхан шатны шүүх үндэслэлгүй дүгнэлт хийсэн гэдэг тайлбарыг өгсөн байдаг. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар хөдөлмөрийн гэрээний 6.2.7-д заасан ноцтой зөрчил буюу хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчлийг гаргасан болох нь шууд удирдлага буюу ерөнхий нягтлан бодогчоос өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа биелүүлээгүй болох нь имэйлээр харилцсан байдлаар нотлогдож байна. Мөн гэрчийн мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар нотлогдож байгаа. Гуравт хөрөнгө оруулалтын судалгааны ажилтнаас ахлах нягтлан бодогч болж тушаал дэвшсэн. Мөн өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг өгөөд байхад хүлээн аваагүй байгаа нь ажил үүргээ зохих ёсоор гүйцэтгэснийг батлах юм. Мөн хэрэгт шууд сонирхолтой ерөнхий нягтлан бодогч П.*******г гэрчээр оруулсан гэж маргасан байдаг. Энэ дээр тайлбар хэлэх юм бол нэгт судалгааны албан тушаалтнаас ахлах нягтлан бодогчийн албан тушаалд шилжин ажиллаж байгаа нь огт өөр албан тушаал учраас үүнийг дэвшин ажилласан гэж ойлгохгүй боломжгүй гэж үзэж байгаа. Ерөнхий нягтлан бодогчийн албан тушаалд ажиллаж байсан П.*******гаас гэрчийн мэдүүлэг авсан гэж байгаа боловч Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт хэргийн нотлох баримт нь гэрчийн мэдүүлэг зэрэг нотлох хэрэгслээр нотлогдоно гэж заасан байдаг. Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий л байдлыг мэдэж байгаа хэн ч гэрч байж болно гэж заасан. Мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3-т гэрчээс мэдүүлэг авхуулах эрхтэй гэж заасан. Түүнчлэн өмгөөлөгчийн эрхийг заасан байдаг. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2 дахь хэсэгт заасны дагуу хариуцагчийн өмгөөлөгчөөс гэрч оролцуулах хүсэлтийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасныг шүүхээс хангаж шийдвэрлэсэн. Тухайн үед нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хэрвээ гэрчээр оролцох этгээд нь ашиг сонирхлын зөрчилтэй, хуулиар хориглосон этгээд гэж маргаж байсан бол тухайн үедээ шүүгчийн захирамжид гомдлоо гаргаад явах боломжтой байсан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.8 дахь хэсэгт зааснаар гэрчээр дуудах буюу мэдүүлэг авч болохгүй хуулиар хориглочихсон тохиолдолд тухайн гэрч нь хамааралгүй гэж үзэж байна. Дөрөвт гэрч П.******* уг зөрчлийг зохиомлоор бий болгосон гэж маргасан байдаг. Үүнийг зохиомлоор бий болгох ямар ч боломжгүй. Ажлын байрны тодорхойлолтын дөрөвт ажлын байрыг шууд харьяалан удирдах албан тушаалд нь гүйцэтгэх захирал болон ерөнхий нягтлан бодогч гэж заасан. П.*******гаас удаа дараа үүрэг даалгавар өгснийг Б.******* огт гүйцэтгээгүй болох нь нотлох баримтуудаар нотлогдоно. Мөн үүнийг нотлох баримт гэх юм бол ажлаас чөлөөлсний дараа төрийн аудитын байгууллагаас Таван толгой ХК-ийн гүйцэтгэх захиралд 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдөр нэхэмжлэгч Б.*******ын гүйцэтгээгүй ажил үүрэгтэй нь холбоотойгоор сөрөг дүгнэлтүүдийг ирүүлсэн байдаг. Тавт Б.******* 2023 оныг дуустал ажилласан хугацааныхаа урамшууллыг авах эрхтэй байсан гэдэг дээр маргадаг. Энэ дээр юу гэж хэлэх вэ гэхээр 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Б.*******ыг чөлөөлсөн. Гэтэл энэ тушаал нь 2024 оны дөрвөн сард гарсан. Ийм төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоол байдаг. Тэгэхээр хөдөлмөр эрхлэлтийн ажиллагааг цуцлагдчихсан учраас урамшууллыг нөхөн олгох үүргийг хариуцагч байгууллага хүлээхгүй гэж үзэж байна. Мөн урамшууллын тогтолцоо нь өөрөө тухайн байгууллагад амжилттай, үр дүнтэй ажилласан ажилтнуудыг урамшуулах тогтолцоо байхаас биш ноцтой зөрчил гаргасан ажилтны урьд амжилтад урамшуулал олгох үндэслэлгүй гэж үзэж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш 90 хоногийн дотор урьдчилан шийдвэрлэх байгууллагад хандах ёстой байсан. Энэ үүргээ биелүүлээгүй гэж үзэж байна. Мөн ажилгүй байсан хугацааны цалин болон илүү 45 цагийн хөлсийг нэхэмжилсэнтэй холбоотойгоор тайлбарлахад тухайн илүү цагийн хөлсийг 11 дүгээр сард дутуу олгосон гэж маргадаг. Гэтэл 11 дүгээр сард олгосон гэхээр хөөн хэлэлцэх хугацаа тооцох юм бол Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2-т зааснаар эрхээ зөрчигдсөнийг Б.******* мэдэх ёстой байсан өдрөөс хойш 90 хоногийн дотор хөдөлмөрийн маргаан таслах комисс эсвэл хөдөлмөрийн маргаан шуурхай зохицуулах салбар хороонд хандах байсан. Гэтэл урьдчилан шийдвэрлэх ажиллагааг зөрчсөн. Мөн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзсэн. Илүү цаг болон цалин дээр харагдаж байгаа. Тэгээд илүү цагийн хөлс олгоогүй дээр Б.******* өөрөө илүү цаг олгох хуудсан дээр цэнхэр балаар тодорхойлж бичсэн боловч яг үндэслэлтэй илүү цаг олгох нөхцөл нь 42 цагт нь биш олгох байсан. Ээлжийн амралтын олговрыг байгууллагын зүгээс олгочихсон. Гэтэл энэ нь хуульд заасныг зөрчсөн гэж үзэж байна. Иймд давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.
ХЯНАВАЛ:
Нэхэмжлэгч Б.******* нь ******* ХК-д холбогдуулан Санхүү хөрөнгө оруулалтын газар-т ахлах нягтлан бодогчоор эргүүлэн томилох, ажилгүй байсан хугацааны албан тушаалын цалинг бодож олгох, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийхийг даалгах тухай үндсэн нэхэмжпэлтэй, Таван толгой ХК-ийн Төлөөлөн Удирдах зөвлөлийн 2023 оны жилийн эцсийн тайлангаар гарсан ашгаас ажилчдад 6 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний үр дүнгийн урамшуулалт цалин болох 21,000,000 /хорин нэгэн сая/ төгрөг, 2023 оны 11-р сард илүү 45 цагийн 1,342,329.55 /нэг сая гурван зуун хорин есөн төгрөг тавин таван мөнгө/, ээлжийн амралтаа биеэр эдлүүлээгүйн цалин хөлс /0,5 хувиар тооцсон /1,750,000 төгрөг нийт 24,092,329.60 төгрөг гаргуулах нэмэгдүүлсэн шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасныг хариуцагч ...Таван толгой ХК-ийн Гүйцэтгэх захирлын 2024 оны 02 дугаар сарын 14-ны өдрийн Б/41 дугаартай Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай тушаалаар Санхүү, хөрөнгө оруулалтын газарт ахлах нягтлан бодогчийн албан тушаалд ажиллаж байсан Б.*******ыг Хөдөлмөрийн гэрээний 6.2.7 дахь хэсэгт заасан Удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг даалгасан хугацаанд зохих ёсоор гүйцэтгэх үүргээ биелүүлээгүй, ажлын хариуцлага алдсан зөрчлийг удаа дараа гаргасан үндэслэлээр үүрэгт ажлаас нь чөлөөлж, хөдөлмөрийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцалсан гэж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.
Анхан шатны шүүх Б.*******ын нэхэмжлэлтэй ******* ХК-д холбогдох Санхүү хөрөнгө оруулалтын газар-т ахлах нягтлан бодогчоор эргүүлэн томилох, ажилгүй байсан хугацааны албан тушаалын цалинг бодож олгох, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийхийг ******* ХК-ийн гүйцэтгэх захиралд тус тус даалгах, нэмэгдүүлсэн нийт 24,092,329.60 төгрөг гаргуулах тухай нэхэмжпэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.******* нь нэхэмжлэлийн үндсэн болон нэмэгдүүлсэн шаардлагуудыг хангаж шийдвэрт өөрчлөлт оруулах агууглга бүхий гомдол гаргажээ.
Анхан шатны шүүх нь нэхэмжпэгч Б.*******ын ...******* ХК-ийн 2023 оны жилийн эцсийн санхүүгийн тайлангаар гарсан ашгаас ажилчдад 6 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний үр дүнгийн урамшуулалт цалин болох 21,000,000 төгрөг, 2023 оны 11-р сард илүү 45 цагийн 1,342,329.55 төгрөг, ээлжийн амралтаа биеэр эдлүүлээгүйн цалин хөлс /0,5 хувиар тооцсон/ 1,750,000 төгрөг, нийт 24,092,329.60 /Хорин дөрвөн сая ерэн хоёр мянга гурван зуун хорин ес төгрөг жаран мөнгө/ төгрөгийг ******* ХК-аас гаргуулж өгнө үү гэсэн шаардлагыг хүлээн авч шийдвэрлэх үндэслэлгүй байна гэж дүгнэв. ******* ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 02 дугаартай Урамшуулал олгох тухай тогтоолын 1-т 2023 оны зорилтот түвшний биелэлт, эдийн засгийн үзүүлэлтийг харгалзан 6 хүртэл сарын цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшууллыг компанийн цалин урамшууллын журмын дагуу олгохоор шийдвэрлэсэн байна. Гэтэл нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн харилцааг 2024 оны 02 сарын 14-ний өдрийн Б/41 дугаартай тушаалаар дуусгавар болгосон байх тул нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авч шийдвэрлэх үндэслэлгүй байна гэж дүгнэсэн байх боловч шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хэрхэн шийдвэрлэсэн талаар тусгаагүй байна.
Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт шийдвэрт хүрсэн шүүгчийн эрх зүйн дүгнэлт бүрэн илэрхийлэгдэж тусгагдсан байх ёстой бөгөөд шүүхийн шийдвэр нь хэрэг маргааныг эцэлсэн шийдвэрлэж буй шүүх эрх мэдлийн акт учир энэ хэсэгт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-т Тогтоох хэсэгт хэргийг хянан шийдвэрлэхэд баримталсан хуулийн нэр, зүйл, хэсэг, заалтыг тодорхой зааж, шүүхэд гаргасан нэхэмжлэл болон сөрөг нэхэмжлэлийг хангасан, эсхүл зарим хэсгийг хангаж, заримыг хэрэгсэхгүй болгосон, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон, мөн улсын тэмдэгтийн хураамж, шүүхийн зардал төлүүлэх, эд мөрийн баримтыг хэрхэх, хэрэгт хэд хэдэн нэхэмжлэгч, хариуцагч оролцсон бол нэхэмжлэгч, хариуцагч бүр ямар эрх эдэлж, үүрэг хүлээхийг тусгах шаардлагатай, шийдвэрийн үндэслэх хэсэгт дурдсан дүгнэлтийн үр дагаврыг тусгахаас гадна шүүхийн шийдвэр ойлгомжтой, биелэгдэх боломжтой бүх нөхцлийг хангасан байх ёстой.
Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг дутуу шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй, давж заалдах шатны шүүхээс шийдвэрийг өөрчлөх боломжгүй, зохигчийн хооронд үүссэн маргааны үйл баримт, хууль хэрэглээнд эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1 дэх хэсгийн 168.1.3-т заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэх давж заалдах гомдлын үндэслэлд дүгнэлт хийхгүй орхиж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 144/ШШ2024/00138 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.*******ын давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 363 413 /гурван зуун жаран гурван мянга дөрвөн зуун арван гурав/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.УГТАХБАЯР
ШҮҮГЧИД Х.ГЭРЭЛМАА
Т.ДЭЛГЭРМАА