| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Содовын Цэрэндулам |
| Хэргийн индекс | 163/2019/0088/Э |
| Дугаар | 85 |
| Огноо | 2019-04-18 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.Сайнзаяа |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 04 сарын 18 өдөр
Дугаар 85
Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Цэрэндулам даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Энхзул,
Улсын яллагч М.Сайнзаяа,
Шүүгдэгч С.Ш , түүний өмгөөлөгч Э.Цэнгүүн нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазны дэд зөвлөх М.Сайнзаяагийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Ш т холбогдох эрүүгийн 1915001530084 дугаартай, 163/2019/0088/э индэкстэй хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1989 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Булган аймгийн Рашаант суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 1, Булган аймгийн ... оршин суух, тодорхой эрхэлсэн ажилгүй, ял шийтгэлгүй, С овогт С.Ш ,
Холбогдогсон хэргийн талаар: Яллагдагч С.Ш нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Булган аймгийн Булган сумын 5 дугаар багийн нутагт “Б” гэх нэртэй зочид буудлын №221 дугаартай өрөөнд иргэн Н.Г ийг түлхэж унаган эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтээр/ ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Ш ын өгсөн: Мөрдөн байцаалтын шатанд миний өгсөн мэдүүлэг үнэн зөв тул мэдүүлэг өгөхгүй гэжээ.
1915001530084 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн байцаалтын шатанд:
Яллаглагч С.Ш ын өгсөн: 2019.04.02-ны өдөр миний танил найз Г утсаар яриад Б буудалд байна хүрээд ир гэж 14 цагийн багцаанд ярьсан. Тэгэхээр нь би ганцаараа тэр буудалд нь яваад очтол №221 дугаартай өрөөнд Г ганцаараа байсан. Тэгээд бид 2-г байж байхад Б ах, Л нар цувраад ирсэн. Намайг очиход Г Хутаг-Өндөр сумаас ирэхдээ архи уучихсан гээд халамцуу байсан. Би нэг шил 0.75 литрийн Экс нэртэй архи авч очсон байсан ба түүнийгээ бид нар 4-үүлээ хувааж уусан. Тэгээд түүнийгээ ууж дууссаны дараа Г ийн авч очсон архийг уугаад арай дуусаагүй байхад Г согтчихоод хэн рүү нь агсараад байгаа нь мэдэгдэхгүй хүн хүн рүү үсчээд байсан. Тэгсэн Б харьлаа гээд Л эхнэрээ утсаар дуудаад машинаараа түүнийг хүргэж өгөхөөр яваад Г бид 2 үлдсэн. Тэгсэн Г нь уусан архины шилийг орны толгойруу цохиж хагалчихаад хагархайг нь бариад надруу дайраад байхаар нь би түүнийг түлхсэн орны толгойруу нь маягтай мөргөөд унчихаар нь харсан гайгүй байсан. Тэгэхээр нь би түүнийг ганцааранг нь үлдээгээд буудлаас гараад явж байтал Л эхнэрийн хамт ирж таарсан. Тэгэхээр нь би түүнд нөгөөх чинь агсам тавиад дийлддэггүй тэгэхээр нь үлдээчихээд гараад ирлээ гэсэн. Тэгээд би гэрлүүгээ алхаад, Л ыг эхнэр нь харья гээд аваад явсан. Тэгсэн л маргааш өглөө цадаа сэргийлэх болоод цагдаа дээр иртэл Г , Б ах 2 эрүүлжүүлэхэд хоносон гээд байж байсан ба Г ийн нүүр, баруун нүд нь тагларч хөхөрч хавдсан, баруун гарын шууны гадна талд зүсэгдсэн ар далан дээрээ бас жаахан зүсэгдчихсэн байсан. Намайг анх буудалд дуудагдаж ирэхэд Г нь биеийн ил харагдах хэсэгт ямар нэгэн гэмтэл бэртэл учраагүй зүгээр байсан. Архины шил хагалчихаад над руу дайрахдаа бол гар болон дал хэсэгт ямар нэгэн зүсэгдсэн гэмтэл учраагүй байсан ба намайг түлхчихээд гараад бол зүсэгдэж бариагүй зүгээр байсан. Өөрөө л унаж тусаж байхдаа хагалсан шилэндээ зүсэгдсэн байх. Түлхэж унагаахад харин баруун нүдэндээ гэмтэл авсан байх гэж бодож байна. Үүнийг нь би учруулсанаа хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг /хх-25-26 тал/
Хохирогч Н.Г ийн өгсөн: “...Цагдаа нар ирэхэд миний уусан архи бага зэрэг гарсан юм, тэгээд нүүрээ харсан чинь баруун талын нүд бага зэрэг хавдсан байсан...2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр би хамт архи уусан Д гоос юу болсон бэ гэж асуусан чинь Д , Ш та хоёр жаахан муудалцаад Ш чамайг 1 удаа цохисон гэж хэлсэн” ...Л ыг бүтэн нэрийг нь мэддэггүй байсан ба П ах надад нэрийг хэлэхдээ Д гэж хэлсэн би тэр нэрээр нь мэдүүлэг өгчихсөн чинь дараа харин Л гэдэг гэж нэрийг нь мэдсэн гэх мэдүүлэг /хх-11-13 тал/
Гэрч Д.П ын өгсөн: “...Бид хоёрыг гарч явснаас хойш С. Ш агсраад дайраад байхаар нь орлуу түлхэж унагаасан гэж ярьж байсан. Намайг хүргэж өгөөд эргээд Чукаг буудлын гадаа ирэхэд Ш агсраад байхаар нь түлхэж унагаачихаад гарч явна гэх мэдүүлэг...” /хх22-14 тал/
Гэрч Б.Л ы өгсөн: “...Буудал руу очоод үүдэнд нь очиход буудлаас С. Ш гарч ирж таарсан. Яасан гэж асуухад бүр агсраад дийлдэхгүй болохоор нь түлхэж унагаачихаад гараад ирлээ гэж хэлсэн... маргааш өглөө Д.П ахын найз гэж хүн надад танай найз Д.П эд нар эрүүлжүүлэхэд байна, нэг найзын чинь нүд хөхөрчихсөн байна гэж хэлж мэдсэн” гэх мэдүүлэг /хх 15 тал/,
Булган аймгийн Шүүхийн шинжилгээний шинжээчийн 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 108 дугаартай
1. Н.Г ийн биед баруун шуунд оёдол бүхий шарх, мөрөнд язарсан шарх, баруун дээд доод зовхи, хацрын төвгөрт цус хуралт, нуруу, баруун бугалганд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчиллээр үүсгэгдсэн гэмтэл байна.
3. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Дээрхи гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна гэх дүгнэлт /хх 17 тал/,
Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол /хх 1-2 тал/, хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай тогтоол /хх 5 тал/, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-6 тал/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-07-09 тал/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 29 тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Хавтаст хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч С.Ш нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Булган аймгийн Булган сумын 5 дугаар багийн нутагт “Б” гэх нэртэй зочид буудлын №221 дугаартай өрөөнд иргэн Н.Г ийг түлхэж унаган эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан хууль зүйн факт, үйл баримт болжээ.
Энэ үйл баримтыг дүгнэхэд мөрдөн байцаалтын ажиллагаа хуулийн дагуу явагдсан, түүний гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа, орон зай, хэргийн сэдэлт шалтгаан, учирсан хор уршгийн талаар хоорондоо зөрүүгүйгээр өгсөн хохирогч Н.Г , гэрч Д.П , Б.Л нарын мэдүүлэг, хохирогчийн биед учирсан гэмтэл, Н.Г ийн биед баруун шуунд оёдол бүхий шарх, мөрөнд язарсан шарх, баруун дээд доод зовхи, хацрын төвгөрт цус хуралт, нуруу, баруун бугалганд зулгаралт гэмтлийн зэргийг тогтоосон Булган аймгийн Шүүхийн шинжилгээний шинжээчийн 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 108 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байна.
Хэрэгт хохирогч, гэрч нарын мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, хэрэгт шинжээчийн дүгнэлтийг тусгай мэдлэг эзэмшсэн, эрх бүхий шинжээч гаргасан ба дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, шинжлэх ухааны үндэслэл бүхий байх тул шүүх түүнийг үнэн зөв, нотолгооны ач холбогдолтой гэж үнэлэв.
Хэргийн зүйлчлэл зөв, хэргийн талаар нотолбол зохих байдлууд нотлогдсон, Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх М.Сайнзаяагийн шүүгдэгч С.Ш т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн нь үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч С.Ш нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч С.Ш т ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн хууль бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч С.Ш ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Н.Г ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан ба гомдол саналгүй, хохирол нэхэмжлэхгүй гэснийг дурьдвал зохино.
Шүүгдэгч С.Ш нь энэ хэрэгтэй цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдаж шидвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч С овогт С.Ш ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч С.Ш ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ш нь 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгийн торгуулийг сард 150000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлж, торгуулийн ялыг биелүүлэх хугацааг 3 сарын хугацаагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч С.Ш нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд төлөөгүй бол 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын 1 хоногтой дүйцүүлж, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч С.Ш нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Ш т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13, 38.1 дүгээр зүйлүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч , хохирогч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЦЭРЭНДУЛАМ