Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 102/ШШ2016/04710

 

2016 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 102/ШШ2016/04710

Улаанбаатар хот

 

                 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд би,

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Их эзэн Чингис хааны талбай 11, өөрийн байранд оршин байгаа Улаанбаатар хотын банк /РД-2637545/-ны,

Хариуцагч: Баянгол дүүрэг, 15 дугаар хороо, 3 дугаар хороолол, 23в-74 оршин байгаа, Далай буудай ХХК /РД-5313481/-д холбогдох

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 181,851,002 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 5 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, сарын 30-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Улаанбаатар хотын банк шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Далай буудай ХХК нь Улаанбаатар хотын банктай 2015 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр ЗГ9201/150415 тоот зээлийн гэрээ байгуулж 170,000,000 төгрөгийг 10 сарын хугацаатай, сарын 1.9 хувийн хүүтэй авсан.

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн хангах баталгаа болгож Улаанбаатар хотын банктай 2015 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр ЗБГ9201/150415 тоот зээлийн барьцааны гэрээгээр Баянгол дүүргийн 6 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө, 33 дугаар байр, 1 давхар А болон Б тоот хаягт байрлалтай Ү-2205033070, Ү-2205033069 тоот гэрчилгээтэй 48.96 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгө, 70.03 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгүүдийг барьцаалсан.

Зээлийн гэрээний хугацаа 2016 оны 02 дугаар сарын 12-ны өдөр дууссан боловч зээлдэгч нь зээлээ төлөөгүй.

2016 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар үндсэн зээл 170,000,000 төгрөг, хүү 9,939,550 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,911,452 төгрөг, нийт 181,851,002 төгрөг төлбөрийг төлөөгүй үлдсэн байна.

Иймд Далай буудай ХХК-иас зээлийн гэрээний дагуу төлбөл зохих 181,851,002 төгрөгийг шүүхийн журмаар гаргуулж өгнө үү. Мөн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах, шүүхийн шийдвэрийг нэн даруй биелүүлэхийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалган шүүхийн шийдвэрт тусгаж өгөхийг хүсье гэжээ.

Хариуцагч Далай буудай ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Г.Батзоригт миний бие Далай буудай ХХК-ийг 2016 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр ургацаас 3 жил дараалан төлбөрийг төлөх нөхцөлтэйгээр худалдан авсан.

Тус компани нь Улаанбаатар хотын банкинд 181,851,002 төгрөгийн өртэй юм байна. 2015 онд байгалийн гамшиг, гангын улмаас ургац алдаж өр төлбөрийг барагдуулж чадаагүй.

Далай буудай ХХК энэ жил 1,000 га талбайд тариалалт хийсэн. Одоогийн байдлаар хөрөнгийн чадавхи муу, өр барагдуулах боломжгүй учир Улаанбаатар хотын банкны нэхэмжилсэн 181,851,002 төгрөгийг намрын ургацаас буюу 2016 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн дотор төлж барагдуулна.

Дээрх хугацаанд нэхэмжилсэн өрийг барагдуулаагүй тохиолдолд шүүхийн шийдвэр гүйцэтгэлийг барьцаанд байгаа хөрөнгөөр барагдуулахад татгалзах зүйлгүй гэжээ.

 

Шүүх зохигчийн нэхэмжлэл, тайлбарыг хянаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Улаанбаатар хотын банк нь хариуцагч Далай буудай ХХК-иас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 181,851,002 төгрөг шаардан шүүхэд ханджээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Далай буудай ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, 181,851,002 /нэг зуун наян нэгэн сая найман зуун тавин нэгэн мянга хоёр/ төгрөгийг 2016 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулах, зээлийг хугацаандаа төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангахаар болсон байна.

Г.Түүхэнзаяа нь өөрийн өмчлөлийн Баянгол дүүргийн 6 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 33 дугаар байр, 1 дүгээр давхар Б тоот хаягт байршилтай 48.96 м.кв талбай бүхий, улсын бүртгэлийн Ү-2205033070 дугаартай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн Баянгол дүүргийн 6 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 33 дугаар байр, 1 дүгээр давхар А тоот хаягт байршилтай 70.03 м.кв талбай бүхий, улсын бүртгэлийн Ү-2205033069 дугаартай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийг Далай буудай ХХК-ийн зээлийн барьцаанд тавьж, Улаанбаатар хотын банктай барьцааны гэрээ байгуулан, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг зөвшөөрсөн байх тул шүүх гуравдагч этгээдийн эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй гэж үзлээ. /хх-7-8 дугаар хуудас/

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасныг баримтлан хариуцагч Далай буудай ХХК-ийн, нэхэмжлэлийн шаардлага болох 181,851,002 /нэг зуун наян нэгэн сая найман зуун тавин нэгэн мянга хоёр/ төгрөгийг 2016 оны 10 дугаар сарын 30-ны өдөр нэхэмжлэгч Улаанбаатар хотын банкинд төлж барагдуулах, уг хугацаандаа зээлээ төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон, мөн зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,067,206 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 533,603 төгрөг, хариуцагч Далай буудай ХХК-иас 533,603 төгрөгийг тус тус гаргуулан Улаанбаатар хотын банкинд буцаан олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Улаанбаатар хотын банкны нэхэмжлэлтэй, Далай буудай ХХК-д холбогдох иргэний хэргийн хариуцагчийн, нэхэмжлэлийн шаардлага болох 181,851,002 /нэг зуун наян нэгэн сая найман зуун тавин нэгэн мянга хоёр/ төгрөгийг 2016 оны 10 дугаар сарын 30-ны өдөр нэхэмжлэгч Улаанбаатар хотын банкинд төлж барагдуулах, уг хугацаанд зээлээ төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасны дагуу нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,067,206 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 533,603 төгрөг, хариуцагч Далай буудай ХХК-иас 533,603 төгрөгийг тус тус гаргуулан Улаанбаатар хотын банкинд олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасны дагуу хариуцагч шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ Ч.ЦЭНД