Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 93

 

Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Цэрэндулам даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Энхзул,

Улсын яллагч Ц.Сувдаа,

Хохирогч Д.Ш ,

Шүүгдэгч Ж.Х нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазны итгэмжит зөвлөх Ц.Сувдаагийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.Х д холбогдох эрүүгийн 1915001600087 дугаартай, 163/2019/0096/э индэкстэй хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.   

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1952 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Булган аймгийн Могод суманд төрсөн, 67 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт Булган аймгийн Булган сумын 5 дугаар баг, 10 дугаар байрны 09 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Ц овогт Ж.Х ,

Холбогдогсон хэргийн талаар: Яллагдагч Ж.Х нь 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Булган аймгийн Булган сумын нутаг дэвсгэрт хохирогч Д.Ш ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтээр/ ТОДОРХОЙЛОХ нь:  

   Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Х гийн өгсөн: Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж ярих зүйл байхгүй. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Ш ын өгсөн: 2019.04.02-ны өдөр гэр бүлийн хамт дэлгүүрийн үүдэнд машинаа тавиад гуанзанд орж хоол идсэн. Хоол идчихээд гарч ирээд машинтай явах гэтэл Х баруун талаасаа гарч ирээд миний талын хаалгаар мэндэлсэн. Тэгээд архины мөнгө нэхэхээр нь хөдөө явах гэж байна, зав муутай байна гэсэн. Машины хаалга дутуу хаалттай байсан. Тэгээд 2 удаа намайг цохисон. Тэгээд цаашаа буцах гэхээр нь цагдаа дуудаад өгсөн. Одоо гомдол саналгүй. Маргааш нь төв рүү их хуралд явсан. Хүнээс зовж байлаа. Тэр үедээ эвгүй байсан. Чи намайг хуралд явах гэж байхад гэсэн худлаа яриад гэж байсан. Юм санаж явдаг бол ярих хэрэгтэй. Миний хувьд асуудал байхгүй. маргааш нь манай гэрт очсон байна лээ. Ингэж шүүхэд ирнэ гэж бодоогүй гэв.

1915001600087 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн байцаалтын шатанд:

Яллагдагч Ж.Х гийн өгсөн: 2019.04.02-ны өдөр Булган сумын 5 дугаар багт байх Жаргалант дэлгүүрийн үүдэнд Ш тай тааралдаад архи аваад өг гэсэн үүнээс болоод бид 2 маргалдаад тэгээд гараараа түүний уруул руу нь 1 удаа цохичихсон. Тэгсэн цагдаа дуудаад эрүүлжүүлэгдсэн. Тухайн үедээ би ганцаараа явсан ба архи уугаад согтуу явж байж ийм байдалд орчихлоо. Түүнийг цохиж зодсон асуудлаа хүлээн зөвшөөрч байна. Д.Ш  бид хоёр Булган аймгийн Могод сумын нэг голын улс байгаа юм. Их эртнээс бие биенээ таньж мэддэг. Бидний хооронд ямар нэгэн таарамжгүй харьцаа байхгүй. Энгийн бие биетэйгээ орж гарч явдаг улс байгаа юм. Архи хэтрүүлэн хэрэглэж явсанаас л ийм зүйл боллоо гэх мэдүүлэг /хх-24 тал/

Хохирогч Д.Ш ын өгсөн:…2019.04.02-ны өдөр Булган аймгийн Булган сумын 5 дугаар багийн нутагт Жаргалант дэлгүүрийн урд эхнэр П гийн хамт явж байгаад зогсоол дээр машинаа тавиад Жаран гэх цайны газарт орж хоол идсэн. Тэгээд гарч ирээд явахаар машиндаа тавиад Жаран гэх цайны газарт орж хоол идсэн. Тэгээд гарч ирээд явахаар машиндаа сууж байтал Ж.Х ганцаараа ирж явсан. Тэгээд машинаа асаах гэтэл Ж.Х гараараа даллаад байж бай гэхээр нь асаалттай хүлээгээд зогссон. Миний талын хаалгаар ирээд л надтай мэндлээд ярьж байснаа архи нэхэхээр нь хөдөө явах гээд яарч явна гэсэн чи муу хогийн новш архи өгсөнгүй гээд л гараараа 1 удаа миний мөрлүү цохихоор нь яаж байгаан гээд эргээд өөр лүү нь харсан дахиж цохиод уруулын баруун талд цохисон. Тэгээд цагдаад хандсан. Үүний улмаас цохиулсан хэсэгтээ уруулын дотор талдаа яз цохигдож, хавдсан. Одоо бол ямар нэгэн өвчин зовиургүй эдгэрч байна. Зүгээр явж байгаад зодуулсандаа гомдолтой байна. Нэхэмжлэх зүйлгүй гэх мэдүүлэг /хх-  тал/,

Гэрч Ё.П гийн өгсөн: “... Д.Ш  нь миний гэр бүлийн хүн байгаа юм. Ж.Х г бол танина. Эхнэр Д тай нь бид 2 худалдааны байгууллагад хамт ажиллаж байсан бие биенээ таньж мэдэх хүмүүс байгаа юм. 2019.04.02-ны өдөр нөхөр бид 2 Жаргалант дэлгүүрийн урд талбай дээр машинаа зогсоолд тавьчихаад дэлгүүр орчихоод буцаж гарч ирээд машиндаа суугаад явах гэсэн Ж.Х ирж явсан ба нөхрийн талаар ирээд хаалгыг нь онгойлгоод мэнд мэдээд ярьж байснаа 1 шил архи аваад өгчих гэхээр нь бид 2 хөдөө явах гээд яараад байна гэсэн л манай нөхөрийг мөр лүү 1 удаа цохиод авсан. Манай нөхөр уурлаад яаж байгаан гээд түүн рүү харсан өөдөөс нь амруу нь гараараа 1 удаа цохиод авсан. Тэгээд л амнаас нь цус гараад уруулын баруун дээд талд нь хавдаад хөхрөөд ирсэн. Тэгээд л цагдаад дуудлага өгчихсөн манай нөхөр Ж.Х нарын хооронд бол ямар нэгэн таарамжгүй харьцаа байхгүй. Сайн уу сайн гээд л мэнд устай л явдаг улс юм. Архи авч өгсөнгүй л гэж тэгсэн байх. Түүнээс өөр ямар нэгэн тэгж цохиж зодох шалтгаан байхгүй. Ж.Х бол архи уучихсан нэлээд согтуу явсан ба манай нөхөр бол архи дарс хэрэглээгүй эрүүл байсан. Түүнээс хойш Ж.Х өөрөө манайд ирээд яасан бэ би, би өөрөө ерөөсөө мэдэхгүй байна гэчихсэн ирээд явсан. Ийм л юм болсон” гэх мэдүүлэг /хх-  тал/,

Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 107 дугаартай

1. Д.Ш ын биед дээд уруулын дотор салстад язарсан шарх, дээд доод уруулд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчиллээр үүсгэгдсэн гэмтэл байна.

3. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар саринулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх 17 тал/,  

Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол /хх 1, 2 тал/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 28 тал/  зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.     

Хавтаст хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Ж.Х нь 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Булган аймгийн Булган сумын нутаг дэвсгэрт хохирогч Д.Ш ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан хууль зүйн факт, үйл баримт тогтоогдож байна.       

Энэ үйл баримтыг тогтоох мөрдөн байцаалтын ажиллагаа хуулийн дагуу явагдсан, түүний гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа, орон зай, хэргийн сэдэлт шалтгаан, учирсан хор уршгийн талаар хоорондоо зөрүүгүйгээр өгсөн хохирогч Д.Ш , гэрч Ё.П  нарын мэдүүлэг, хохирогчийн биед учирсан гэмтэл, гэмтлийн зэргийг тогтоосон Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 107 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байна.       

Хэрэгт хохирогч, гэрч нарын мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, шинжээчийн дүгнэлтийг тусгай мэдлэг эзэмшсэн, эрх бүхий шинжээч гаргажээ.     

Хэргийн зүйлчлэл зөв, хэргийн талаар нотолбол зохих байдлууд нотлогдсон, Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазны итгэмжит зөвлөх Ц.Сувдаагийн шүүгдэгч Ж.Х нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн нь үндэслэлтэй байна.     

Иймд шүүгдэгч Ж.Х нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.   

Шүүгдэгч Ж.Х д ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба,  мөн хуулийн ерөнхий ангийн  6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.    

Шүүгдэгч Ж.Х гийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Д.Ш т эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан ба хохирол нэхэмжлээгүй болохыг дурьдвал зохино.  

 Шүүгдэгч Ж.Х нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг  харгалзан ялыг хөнгөрүүлэн оногдуулах үндэслэлтэй байна.

Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Ж.Х нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримтгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдаж шийдвэрлэв.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:    

1. Шүүгдэгч Ц овогт Ж.Х г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ж.Х г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.    

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Ж.Х нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд төлөөгүй бол 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын 1 хоногтой дүйцүүлж, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч Ж.Х нь  цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурьдсугай.

5. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Х д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга  хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13, 38.1 дүгээр зүйлүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч , хохирогч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    С.ЦЭРЭНДУЛАМ