Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 1268

 

МАГАДЛАЛ

 

2016 оны 07 дугаар сарын 01                     Дугаар 1268                            Улаанбаатар хот

“ХХХ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Байгалмаа, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 05 дугаар сарын 04-ны өдрийн 101/ШШ2016/03978 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч “ХХХ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч ХХ-д холбогдох,

Даатгалын нөхөн төлбөрт 134 878 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

Шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: 2011 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр ХХХХтай 20158352 тоот дараа төлбөрт үйлчилгээний гэрээ байгуулж ХХХХХХХХ дугаар авч ашигласан. 2013 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр өмнөх сарын төлбөрийг төлөөгүйн улмаас үйлчилгээг хязгаарласан. 2012 оны 12 сар, 1 дүгээр сарын 1-ний өдрийг хүртэл төлбөр нь 89 919 төгрөг болсон. Гэрээний 5 дугаар зүйлийн 5.11-т заасны дагуу хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн өдрийн 0,3 хувийн алданги тооцож төлбөрийг төлөхөөр тохиролцсон. Гэрээний дагуу төлбөр төлөх тухай удаа дараа мэдэгдсэн бөгөөд өнөөдрийн байдлаар төлөөгүй байна. Шүүхэд нэхэмжлэл гаргасан өдрийн байдлаар нийт өр төлбөр нь 134 878 төгрөг болсон. “ХХХ” ХХК нь ХХХХтай төлбөрийн тасалдлын даатгалын гэрээ байгуулсан. Уг гэрээгээр ХХХХйн хэрэглэгч гэрээнд заасан хугацаандаа төлбөрөө төлөөгүй нөхцөлд даатгалын тохиолдол үүсч даатгалын нөхөн төлбөр олгоно гэж заасны дагуу ХХХХ нь “ХХХ” ХХК-иас нөхөн төлбөрт 89 919 төгрөг хүлээн авсан. Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7-д Даатгуулагч учирсан гэм хорыг нөхөн төлөх шаардлагыг гуравдагч этгээдэд гаргаж болох тохиолдолд даатгагч уг гэм хорыг даатгуулагчид нөхөн төлснөөр шаардах эрх даатгагчид шилжинэ гэжээ. Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7-д зааснаар буруутай этгээдээс төлбөр нэхэмжлэх даатгуулагчийн эрх нь даатгалаар олгогдсон нөхөн төлбөр, түүнтэй холбогдон гарсан зардлын хэмжээгээр даатгагчид шилжинэ. ХХХХ нь даатгалын нөхөн төлбөр болон алданги шаардах эрхийг нэхэмжлэгчид олгосон тул хариуцагч ХХ-ээс нөхөн төлбөр 89 919 төгрөг, алданги 44 959 төгрөг, нийт 134 878 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

            Шүүх: Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7-д заасныг баримтлан ХХ-ээс 89 919 төгрөг гаргуулж “ХХХ” ХХК-д олгож, “ХХХ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх алдангид 44 959 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4 846.36 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 4 550 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Шүүх талуудын хооронд бий болсон харилцааг ялгаагүй, иргэний эрх зүйн суурь зарчмуудыг зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн. Иргэний хуулийн 1 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт тодорхой заасан. Мөн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт зааснаар "Иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн, хуулийн этгээдийн үйлдэл /эс үйлдэхүй/-г хэлцэл гэнэ", 39.2 дахь хэсэгт "Нэг этгээд хүсэл зоригоо илэрхийлэн хэлцэл хийж болно", 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт "Хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно", 196 дугаар зүйлийн 196.1.2-т "гэрээг бичгээр байгуулахаар хуульд заасан буюу талууд тохиролцсон бол талууд нэг баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурах буюу гэрээний саналыг зөвшөөрснөө илэрхийлсэн тал гарын үсгээ зурсан захидал, албан бичиг, телефакс эдгээртэй адилтгах баримт бичгийг нөгөө тал хүлээн авснаар" гэрээ байгуулсанд тооцно гэж хуульчилсан байна. Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт зааснаар "Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй", 101.6 дахь хэсэгт зааснаар "Өмчлөгч энэ зүйлд заасан эрхээ бусдад шилжүүлж болох бөгөөд эрх шилжүүлэн авсан этгээд эд юмсыг өмчлөгчийн зөвшөөрсөн зориулалт, өөрийн үйл ажиллагааны зорилго, дүрмийн дагуу эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхтэй", 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар "Хууль, гэрээ буюу үүргийн мөн чанарт харшлахгүй бол шаардах эрх эзэмшигч нь гуравдагч этгээдтэй байгуулсан гэрээний үндсэн дээр үүрэг гүйцэтгэгчийн зөвшөөрөлгүйгээр шаардах эрхээ шилжүүлж болно" гэжээ.

ХХХХ нь “ХХХ” ХХК-нд өөрийн төлбөр төлөөгүй хэрэглэгчээс хэрэглэгчтэй байгуулсан гэрээний дагуу алдангийг нэхэмжлэх шаардах эрхийг "Шаардах эрх шилжүүлэх тухай" албан бичгээр шилжүүлсэн бөгөөд “ХХХ” ХХК нь уг албан бичгийн дагуу шаардах эрхээ хэрэгжүүлэх төлбөрийг үлдэгдэлтэй байгаа хэрэглэгчийг шүүхэд өгсөн байгаа. Иргэний хуулийн дээрх зохицуулалтын дагуу ХХХХ компаниас шаардах эрх шилжүүлж буй албан бичиг нь алданги шаардах эрхийн өмчлөгчийн хууль ёсны ашиг сонирхол, хүсэл зоригийг илэрхийлсэн байна. Уг хүсэл зоригийн илэрхийлэл нь гэрээний эрх чөлөөний зарчимд үндэслэгдсэн бөгөөд гуравдагч этгээдийн хууль ёсны эрх ашгийг хөндөөгүй болно. ХХХХ компаниас ирүүлсэн шаардах эрхийн албан бичгийг хүлээн авч шүүхэд нэхэмжлэл гаргаж хэрэглэгчээс төлбөрийг нэхэмжилж байгаа нь “ХХХ” ХХК уг хүсэл зоригийн илэрхийллийг хүлээн авсан гэж тооцох бөгөөд талуудын хооронд хүчин төгөлдөр гэрээ байгууллагдсан гэж үзнэ. “ХХХ” ХХК нь шаардах эрхийн шинэ өмчлөгчийн хувьд эрхээ хэрэгжүүлж шүүхэд хандан нэхэмжлэл гаргасан бөгөөд анхан шатны шүүх “ХХХ” ХХК-ийг алданги шаардах эрхийн өмчлөгч биш гэж үзсэн нь Иргэнийн хуульд заасан дээрх заалтуудыг зөрчсөн, хууль ёсны өмчлөгчийн эрхэнд халдсан, талууд гэрээний эрх чөлөөний зарчимд тулгуурлаж байгуулсан гэрээг хүчин төгөлдөр бусд тооцох хууль зөрчсөн, хуульд харшилсан, гуравдагч этгээдийн эрх, ашгийг хөндөөгүй байхад хувийн хэрэгт хөндлөнгөөс оролцож өмчлөгийн эрхийг хязгаарлаж, өмчлөгчийн эрх зүйн байдлыг дордуулж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж алданги болох 44 959 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбарыг хуульд нийцүүлэн үнэлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч “ХХХ” ХХК нь хариуцагч ХХ-д холбогдуулан даатгалын нөхөн төлбөрт 134 878 төгрөг гаргуулахаар нэхэмжилжээ.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...ХХХХ” ХХК болон нэхэмжлэгч нарын хооронд байгуулагдсан “Төлбөрийн тасалдлын даатгалын гэрээ”-ний дагуу хариуцагч ХХ-ийн ярианы төлбөрт 89 919,05 төгрөг төлсөн, төлбөрийн үлдэгдэл болон алдангийн хамт шаардах эрхийг “ХХХХ” ХХК-иас шилжүүлэн авсан...” гэж тайлбарласан.

Шүүх хариуцагч ХХ-д нэхэмжлэлийн хувийг 2016 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр гардуулан, эрх үүргийг тайлбарлан өгч, шүүх хуралдааны товыг шуудангаар хүргүүлсэн, ХХ хуульд заасан хугацаанд тайлбар, нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй, шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүйгээс нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт нийцсэн байна.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасан тохиролцоог мөн зүйлийн 232.3 дахь хэсэгт заасны дагуу бичгээр хийснээ нотлоогүй буюу Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар хууль болон гэрээгээр алдангийг төлөхөөр тохиролцоогүй байх тул шаардах эрхгүй байна.

Иймд шүүх хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэгч нь алданги шаардах эрхгүй гэж дүгнэсэн нь зөв байна.

Учир нь зохигчдын хооронд анзын гэрээ байгуулагдаагүй байхад хариуцагчийн ярианы төлбөрийн үлдэгдлийн хэмжээгээр нэхэмжлэгч нь 89 919,05 төгрөгийн даатгалын нөхөн төлбөр “ХХХХ” ХХК-д 2016 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 1/1477 тоот албан бичгийн талаарх Иргэний хуулийн 123 дугаар зүйлд зааснаар алданги шаардах эрх шилжүүлэх гэрээ байгуулсан гэж үзэх үндэслэлгүй юм.

Нэхэмжлэгчийн хувьд гэрээгээр шаардах эрхийг шилжүүлж аваагүй Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт зааснаар даатгалын нөхөн төлбөр төлөхөөр гэм хорыг буруутай этгээдээр арилгуулах шаардах эрхтэй юм.

Иймд нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, алдангийг хэрэгсэхгүй болгосон шүүхийн шийдвэр нотлох баримтад үндэслэгдсэн байх тул уг шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Шүүх алданги 44 959 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо холбогдох хуулийн зохицуулалтыг хэрэглээгүй нь шийдвэрт нөлөөлөхгүй гэж үзсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

  1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 101/ШШ2016/03978 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн   162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 4 550 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

      

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                              ШҮҮГЧИД                                            Д.БАЙГАЛМАА

 

                                                         М.НАРАНЦЭЦЭГ