Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 001/ХТ2017/01597

 

Б.Бийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч  Ц.Амарсайхан, П.Золзаяа, Б.Ундрах, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

           Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

           2017 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 101/ШШ2017/02120 дугаар шийдвэр,

           Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

           2017 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 210/МА2017/01801 дүгээр магадлалтай,

           Б.Бийн нэхэмжлэлтэй

           А холбогдох

    Увс аймгийн Ачитнуур отрын бүс хариуцсан мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

           Хариуцагчийн гомдлыг үндэслэн шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

    Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э, нарийн бичгийн дарга Д.Дүүрэнжаргал нар оролцов.

     Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2013-11-19-ний өдрөөс ҮХАА яамны, Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргааны Ачит нуур отрын бэлчээр нутаг хариуцсан мэргэжилтнээр ажилласан. Ажил үүргийн хуваарийн дагуу Увс аймгийн Ховд сум болон Баян-Өлгий аймгийн Ногоон нуур сумын дундах нийт 28,9 га газрын отрын бэлчээрийн ашиглалт, хамгаалалтын ажлыг зохицуулах, хяналт тавих, худаг, уст цэгийг ашиглуулах, отрын бүс нутгийн бэлчээрийн даац, багтаамжийг тогтоох, шаардлагатай өвс тэжээлийн нөөцийг бүрдүүлэх, отрын бүс ашиглалт, түүнтэй холбоотой дүрэм журмыг сурталчлах зэрэг ажлыг зохион байгуулж, гүйцэтгэдэг. Анх ажилд орсноос хойш миний зохион байгуулсан уст цэгийн хайгуулын судалгааны дүнд нийт 150 орчим сая төгрөгийн үнэ бүхий 5 худаг, 2 склад тус отрын бүсэд тендерээр баригдаад байна. Миний бие 2017 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөгөө батлуулан, үүрэгт ажлаа үргэлжлүүлэн ажиллаж байтал Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргааны даргын 2017-03- 15-ны өдрийн Б-30 дугаар тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцалж, Увс аймгийн Ачит нуур отрын бүс хариуцсан мэргэжилтний үүрэгт ажлаас үндэслэлгүйгээр чөлөөлсөн. Миний бие хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэгт ажлаа чанартай сайн гүйцэтгэж, өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь биелүүлж, зөрчил дутагдалгүй,  сахилгын шийтгэлгүй  ажиллаж байсан. Байгууллагын бүтэц шинэчлэгдэн, орон тоo цөөрүүлсний дараа надтай дахин хөдөлмөрийн гэрээ байгуулсан боловч  ажлаас  халсанд гомдолтой байна. Иймд Увс аймгийн Ачит нуур отрын бүс хариуцсан мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоолгох, олговрыг шүүхийн шийдвэр гарах өдрийг хүртэл хугацаагаар гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт холбогдох бичилт хийхийг даалгаж өгнө үү гэжээ.

         Хариуцагч хариу тайлбартаа: Ажилтантай байгуулсан гэрээний хугацаа 2016-12-31-ний өдөр дуусгавар болсон. Тус захиргаанаас орон нутаг хариуцсан мэргэжилтнүүдийг томилохдоо тухайн орон нутгийн Засаг даргын саналыг үндэслэн томилдог бөгөөд Б.Б Увс аймгийн Ховд сумын Засаг дарга нь цаашид үргэлжлүүлэн ажиллуулахыг дэмжиж байгаа гэдгийг амаар илэрхийлсэн бөгөөд дэмжсэн саналыг албан ёсоор бичгээр авч өгнө гэсэн болно. Улмаар энэхүү хүсэлтийг үндэслэн тус захиргаанаас Б.Бтой байгуулсан хөдөлмөрийн гэрээг сунган, тухайн албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулсан. Гэвч Увс аймгийн Ховд сумын Засаг дарга  тухайн сумын харьяат иргэн биш бөгөөд өөр сум буюу Увс аймгийн Өмнөговь сумаас Ховд суманд байрлах Ачит нуурын отрын бүс хариуцсан мэргэжилтний үүрэгт ажлыг хийх боломжгүй гэж  Б.Бийг үүрэгт ажлаас чөлөөлж, тус сумын харьяат иргэн болох Т.Ишбалыг отрын бүс хариуцсан мэргэжилтнээр томилох саналыг амаар болон албан бичгээр ирүүлсэн. Б.Бийг Ачит нуур отрын бүс хариуцсан мэргэжилтнээр үргэлжлүүлэн ажиллуулах талаар Ховд сумын Засаг даргатай харилцан тохиролцож, албан ёсоор санал авч ирүүлэхийг  шаардсан боловч хариу ирүүлээгүй. Орон нутгийн отрын бүс хариуцсан мэргэжилтнүүд өөрийн ажил үүргээ гүйцэтгэхдээ тухайн отрын бүс нутаг байрлах сумын Засаг даргын тамгын газрын хөдөө аж ахуйн асуудал хариуцсан мэргэжилтэн болон газрын даамалтай зайлшгүй үйл ажиллагааг уялдуулах шаардлагатай байдаг ба энэхүү нөхцөл шаардлагыг харгалзан Б.Бийг тус захиргааны даргын 2017-3-15-ны өдрийн Б/30 тоот тушаалаар үүрэгт ажлаас чөлөөлсөн гэжээ.

        Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 101/ШШ2017/02120 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.Бийг Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргааны Увс аймгийн Ачит нуур отрын бүс хариуцсан мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоож, 1 541 729 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлээс 560 899 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу суутган төлж, дэвтэрт бичилт хийлгэхийг Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргаанд даалгаж шийдвэрлэсэн байна.

        Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 08 дугаар  сарын 11-ний өдрийн 210/МА2017/01821 дүгээр магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 101/ШШ2017/02120 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн  гомдлыг хангахгүй орхижээ.

        Хариуцагч хяналтын гомдолдоо: Б.Б нь тус захиргааны даргын 2013 оны  Б-26 тоот тушаалаар Увс аймгийн Ачит нуур отрын бүсийн мэргэжилтнээр томилогдон ажилласан бөгөөд 2016-12-31-ний өдрөөр хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусгавар болсон. Тус захиргаанаас орон нутаг хариуцсан мэргэжилтнүүдийг томилохдоо тухайн орон нутгийн Засаг даргын саналыг үндэслэн томилдог бөгөөд Б.Б нь Увс аймгийн Ховд сумын Засаг дарга нь цаашид үргэлжлүүлэн ажиллуулахыг дэмжиж байгаа гэдгийг амаар илэрхийлсэн бөгөөд дэмжсэн саналыг албан ёсоор бичгээр авч өгнө гэсэн болно. Улмаар энэхүү хүсэлтийг үндэслэн тус захиргаанаас Б.Бтой байгуулсан Хөдөлмөрийн гэрээг сунган, тухайн албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулсан болно. Гэвч Увс аймгийн Ховд сумын Засаг дарга нь Б.Бийг тухайн сумын харьяат иргэн биш бөгөөд өөр сумаас буюу Увс аймгийн Өмнөговь сумаас Ховд суманд байрлах Ачит нуурын отрын бүс хариуцсан мэргэжилтний үүрэгт ажлыг хийх боломжгүй тул Б.Бийг үүрэгт ажлаас чөлөөлж, тус сумын харьяат иргэн болох Т.Ишбалыг отрын бүс хариуцсан мэргэжилтнээр томилуулах саналыг амаар болон албан бичгээр ирүүлсэн. Үүний дагуу тус захиргаанаас Б.Бийг Ачит нуур отрын бүс хариуцсан мэргэжилтнээр үргэлжлүүлэн ажиллуулах талаар Ховд сумын Засаг даргатай харилцан тохиролцож, албан ёсоор санал авч ирүүлэхийг удаа дараа шаардсан боловч ямар нэгэн хариуг ирүүлээгүй болно. Орон нутгийн отрын бүс хариуцсан мэргэжилтнүүд нь өөрийн ажил үүргээ гүйцэтгэхдээ тухайн отрын бүс нутаг байрлах сумын Засаг даргын тамгын газрын хөдөө аж ахуйн асуудал хариуцсан мэргэжилтэн болон газрын даамалтай зайлшгүй үйл ажиллагааг уялдуулах шаардлагатай байдаг ба энэхүү нөхцөл шаардлагыг харгалзан Б.Бийг тус захиргааны даргын 2017 оны Б/30 тоот тушаалаар үүрэгт ажлаас нь чөлөөлсөн болно. Түүнчлэн нэхэмжлэгч Б.Б нь шүүхэд гомдол гаргахдаа “яамны сайд, дэд сайд болон захиргааны дарга нарыг ажлын байр гарга гэж УИХ-ын нэр бүхий гишүүн шахаж, өөрийн тойргийн иргэнийг ажилд ав гэж дарамт шахалт үзүүлсний улмаас миний ажлын байрыг булааж, ажлаас үндэслэлгүй халсан”... хэмээн тайлбарлан, нэхэмжлэл гаргасан ба энэ нь  нотлогдоогүй. Энэхүү үйлдэл нь ИХШХШТХ-ийн  25, 26, 42-г зөрсөн. Үүнээс дүгнэхэд  шүүх  талуудын гаргасан гомдлын хүрээнд асуудлыг шийдвэрлээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож өгөхийг хүсье гэжээ.

ХЯНАВАЛ:

        Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргааны дарга 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Б-30 дугаартай тушаал гаргаж /хх 7/ Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, байгууллагын дотоод журмын 4.3.1-г үндэслэн Б.Бийг мөн өдрөөс эхлэн Увс аймгийн Ачитнуур отрын бүс хариуцсан мэргэжилтний ажлаас чөлөөлсөн, уг тушаалыг Б.Б эс зөвшөөрч 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж, ажилд эгүүлэн тогтоолгох, олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт холбогдох бичилт хийлгэх шаардлага гаргасан байна. 

        Анхан шатны шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээжээ.

        Хариуцагч хяналтын шатны шүүхэд гомдол гаргахдаа “... нэхэмжлэгч тухайн сумын харьяат иргэн биш тул ажиллуулах боломжгүй...шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн..” гэсэн үндэслэл заасан байна. 

        Хяналтын шатны шүүхэд гаргасан хариуцагчийн гомдол үндэслэлгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

        Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан аль нэг үндэслэл бий болсон тохиолдолд ажил олгогч өөрийн санаачилгаар ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах  эрхтэй.

        Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргааны дарга Б.Бтой  байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлаж буй шалтгаанаа 2017 оны Б-30 дугаар тушаалд заагаагүй буюу Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан аль үндэслэлээр гэрээг цуцалсан нь тодорхойгүй байгаа тул нэхэмжлэгчийг ажилд нь эгүүлэн тогтоохдоо хийсэн хоёр шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй байна.

        Түүнчлэн, хөдөлмөрийн гэрээг цуцлах болсон шалтгааны талаарх хариуцагчийн   тайлбар ажил олгогч хөдөлмөрийн гэрээг өөрийн санаачилгаар цуцлах үндэслэлд хамаарахгүй байгаа тул Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргааны дарга Хөдөлмөрийн тухай хуулийн 40-р зүйлд заасан үндэслэл бий болоогүй байхад ажилтныг халсан гэж үзнэ.

    Ажил олгогч ажилтныг хууль бусаар халсан нь тогтоогдсон, хоёр шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул хариуцагчийн гомдлыг хангахгүй орхиж, шийдвэр болон магадлалыг хэвээр үлдээв.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

        1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 101/ШШ2017/02120 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 210/МА2017/01801 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.

         2. Хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                         Х.СОНИНБАЯР

                                  ШҮҮГЧ                                                      Б.УНДРАХ