Улсын дээд шүүхийн Тогтоол

2022 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 155

 

                                             Л.Б, Ц.Т нарт холбогдох

             эрүүгийн хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгч Б.Амарбаясгалан даргалж, шүүгч С.Батдэлгэр, Б.Батцэрэн, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Золзаяа, шүүгдэгч нарын өмгөөлөгч Э.Ганхөлөг, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Дорноговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 92 дугаар шийтгэх тогтоол, Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 29 дүгээр магадлалтай, Л.Б, Ц.Т нарт холбогдох 2019002270013 дугаартай эрүүгийн хэргийг прокурорын бичсэн эсэргүүцлийг үндэслэн 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв. 

1.Монгол Улсын иргэн, 1970 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Жаран овогт Л.Б, 

2.Монгол Улсын иргэн, 1975 оны 02 дугаар сарын 17-ны өдөр төрсөн, эмэгтэй, ял шийтгэлгүй, Боржигин овогт Ц.Т нар нь Эрүүгийн хуулийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ. 

Дорноговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Л.Б, Ц.Т нарыг бүлэглэн тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолт явуулж хууль бусаар газрын хэвлийд халдсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Т, Л.Б нарыг тус бүр 5.400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, 

Л.Б-н эд хөрөнгийг битүүмжилсэн прокурорын тогтоолуудыг хүчингүй болгож, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 82-24 УБ улсын дугаартай “Хьюндай робекс” 2800 маркийн 20.000.000 төгрөгийн үнэлгээ бүхий эксковатор, 17-43 УБЯ улсын дугаартай “Мицибуши пажеро” маркийн 6.000.000 төгрөгийн үнэлгээ бүхий тээврийн хэрэгслүүдийг хураан улсын орлого болгохыг Дорноговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

шүүгдэгч Л.Б, Ц.Т нараас шинжээчийн зардал 3.000.000 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж “Нуман алтай” ХХК-д олгуулахаар шийдвэрлэсэн байна. 

Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар шүүгдэгч Боржигон овогт Ц.Тт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Жаран овогт Л.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль бусаар ашигт малтмал олборлох гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.”, 2 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б-г 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 5.400.000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.”, 3 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Бт шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц торгох ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.” гэж тус тус өөрчилж, 6 дугаар заалтыг хүчингүй болгож, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ. 

Хяналтын шатны шүүхэд Дорноговь аймгийн прокурорын газрын хяналтын прокурор М.Отгонбаатар бичсэн эсэргүүцэлдээ “...Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 29 дүгээр магадлалаар шүүгдэгч Ц.Тын үйлдэл холбогдол, түүнд холбогдох хэргийг “хэргийн бодит байдалтай нийцээгүй, энэхүү дүгнэлт хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдоогүй” гэж дүгнэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.10 дахь заалтад зааснаар илт үндэслэлгүйгээр хэргийг хэрэгсэхгүй болгосон байна. Дорноговь аймгийн прокурорын газраас 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдөр 5/33 дугаартай яллах дүгнэлт үйлдсэн Л.Б, Ц.Т нарт холбогдох хэргийг хянан хэлэлцэж гарсан Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 92 дугаар шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчимд нийцсэн шийдвэр гарсан гэж үзэж байна. 

Гэтэл давж заалдах шатны шүүх, хэргийн үйл баримтын талаар мэдүүлсэн гэрч Д.Ч, Ц.Т, Г.Х, О.Г нарын мэдүүлэгт дурдсан “...Ц.Т...”-д холбогдох хэсгийг хасч, харин анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судалсан нотлох баримтуудыг үнэлэлгүйгээр хэт нэг талыг барьж, хэрэгт цугларсан нотлох баримтад бүхэлд нь хууль зүйн дүгнэлт хийсэнгүй. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Л.Б, Ц.Т нарт холбогдох хэргийн анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримт буюу давж заалдах шатны шүүхийн үндэслэл болгосон нотлох баримт нь шүүгдэгч Ц.Тыг шүүгдэгч Л.Бтай бүлэглэн 2020 оны 05 дугаар сарын 12, 05 дугаар сарын 21, 05 дугаар сарын 28-ны өдрүүд болон 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдрүүдэд Дорноговь аймгийн Айраг сумын 1 дүгээр баг, Бороодой гэх газарт нөхөн сэргээлт хийх нэрийн дор хууль бусаар газрын хэвлийд халдаж, тусгай зөвшөөрөлгүйгээр жонш олборлосон болохыг нотолж тогтоосноос бус үгүйсгээгүй болно. 

Тухайлбал гэрч Д.Ч, Ц.Т, Г.Х, О.Г нарын мэдүүлгүүд нь гэрч Б.Сгийн /1хх-221/ мэдүүлэг болон шүүгдэгч Ц.Тын Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгад авагдсан “гэмт хэрэг гарсан цаг хугацаанд жонш бусдад худалдан борлуулж, түүний төлбөрийг удаа дараагийн гүйлгээгээр авсан /1хх 78-107/ болохыг давхар эргэлзээгүйгээр нотолсон нотлох баримт юм.

Нотлох баримтаас дурдвал гэрч Д.Чийн “...2020 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Дорноговь аймгийн Айраг сумын Бороодой гэх газар ирсэн. Уг газарт Төмөрбаатарын ах гэх хүн жонш ялгуулах ажил хийлгэе гэсэн санал тавьсан. Тухайн үед цалин ярилцаагүй бөгөөд гарсан юмнаас нь эгч нь бодоод өгье гээд ахынх нь эхнэр хэлсэн. Тэр газар дээр ерөнхийдөө 3 хоног ажиллаж жонш ялгуулъя гэсэн яриатай байсан” гэх мэдүүлэг /1хх 25-26/,

гэрч Ч.Бын “...2020 оны 05 дугаар сарын үед Б, Төмөртогоо нараас 2 удаа жонш худалдаж авсан. Эхний удаад 2 тонн орчим жоншийг 800.000 төгрөгөөр, дараагийн удаад 3 тонн орчим жоншийг 1.200.000 төгрөгөөр худалдаж авч байсан” гэх мэдүүлэг /1хх 128-129 /,

гэрч Б.Сгийн “...би 2020 оны 08 дугаар сарын эхээр уул уурхайн хяналт шалгалт хийх явцад Дорноговь аймгийн Айраг сумын 1 дүгээр баг, Бороодой гэх газарт Л.Б, Ц.Т нар нь эксковатор, техник хэрэгсэл ашиглан жонш олборлож байгаа нөхцөл байдал тогтоогдсон. Тухайн үед хэргийн газарт Л.Б-н эксковатор нь газраас гаргасан. Жоншийг шигшүүрт хийж жонш ялгах үйл ажиллагаа явуулж байсныг таслан зогсоож хэргийн газрын үзлэг хийсэн... Бороодой гэх газарт Л.Б, Ц.Т нар нь гэр барьж байрласан байдалтай, ухсан нүхний орчимд эксковатор ажиллаж байсан. Тухайн техник улсын дугааргүй байсан ба бичиг баримтыг нь асуухад төв дээр байгаа гэсэн яриа өгүүлэлтэй байсан ...Бороодой гэх газарт байх дөш хэлбэртэй том цагаан чулууны ойролцоо мотор, молдокоор ухаж жонш гаргасан байсныг гар утсаараа зураг авч баримтжуулсан” гэх мэдүүлэг /1хх 221 /,

гэрч О.Гийн “...2020 оны 05 дугаар сард өдрийг нь санахгүй байна, манай найз Б орой жонш ачиж өгөөч гэж гуйсан ...би ачиж өгөхөөр болсон. Тухайн өдөртөө Б бид 2 Айраг сумын 1 дүгээр баг Бороодой гэх газраас хуучин ухсан байсан газрын хөрсөн дээр байх жоншийг түүж машин дээр ачсан. ...би хууль бус гэдгийг мэдээгүй, Б гэрээ хийсэн, нөхөн сэргээлт хийж буй газраас хаягдал жоншийг ачна гэж ярьж байсан” гэх мэдүүлэг /2хх 54/,

шүүгдэгч Ц.Тын Хаан банкны депозит дансны гэмт хэрэг гарсан цаг хугацаанд жонш бусдад худалдан борлуулж, түүний төлбөрийг удаа дараагийн гүйлгээгээр авсан хуулга /1хх 78-107/ зэрэг болно. 

Мөн шүүгдэгч Ц.Т нь мөрдөн байцаалтын шатанд “нөхөн сэргээлт хийх явцдаа... жонш олборлосон...” талаар удаа дараа мэдүүлэг өгсөн бол анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд “... Л.Б Дорноговь аймгийн Айраг сумын 1 дүгээр баг, Бороодой...” гэх газарт байсан би тухайн үед Айраг суманд гэртээ байсан талаар мэдүүлсэн болох нь шүүх хуралдааны бичлэгт тодорхой тусгагдсан, хурлын тэмдэглэлээр баталгаажсан байтал давж заалдах шатны шүүх мөрдөн байцаалтын шатанд тогтоогдоогүй, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судлагдаагүй “давж заалдах шатны шүүх хуралдаанд өгсөн “цагаан дэл гэх газарт ажиллаж олсон орлого..." гэсэн мэдүүлгийг үнэлсэн нь давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2-т заасныг ноцтой зөрчсөн. 

Эдгээр хавтаст хэрэгт авагдсан, анхан шатны шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан буюу эсэргүүцэлд дурдаж буй нотлох баримт нь шүүгдэгч Ц.Т нь шүүгдэгч Л.Бтай бүлэглэн Дорноговь аймгийн Айраг сумын 1 дүгээр баг, Бороодой гэх газраас жонш олборлож, олборлосон жоншийг бусдад худалдан төлбөрийг өөрийн дансаар авч байсан болохыг нотолсон, түүний энэ үйлдэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3-т заасан “гэмт хэргийг үйлдэх талаар... урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцсонд тооцно...” гэсэн хуулийн зарчмыг баримтлан шүүгдэгч Ц.Т, Л.Б нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн шийдвэр нь хуулийн үндэслэлтэй. Түүнчлэн байгалийн ашигт малтмал болох жоншийг Л.Б, Л.Т нар зөөвөрлөх, худалдан борлуулахад техник хэрэгсэл ашигласан болохоос биш Л.Б нь өөрөө гараараа газрын хэвлий ухаад, жонш зөөвөрлөх боломжтой мэтээр давж заалдах шатны шүүх дүгнэлт хийсэн нь хэргийн үйл баримт, тогтоогдсон нөхцөл байдлаас зөрүүтэй байна. Иймд Дорноговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 2022/ДШM/29 дугаартай магадлалын тогтоох хэсгийн 1, 2 дахь заалтыг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэл бичив” гэжээ. 

Хяналтын шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Ганхөлөг хэлсэн саналдаа “давж заалдах шатны шүүхийн магадлал нь хууль зүйн үндэслэлтэй, хэргийн бодит байдлыг тал бүрээс нь бүрэн судалж шийдвэрлэсэн. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаад прокурор А.Золзаяа хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “Шүүгдэгч Л.Б ухагдаж эвдэрсэн газрын нөхөн сэргээлтийн ажлыг гүйцэтгэхээр Дорноговь аймгийн Айраг сумын байгаль орчны асуудал хариуцсан мэргэжилтэн н.Лхасүрэнтэй гэрээ байгуулсныг сумын Засаг дарга Л.Мөнхжаргал баталсан. Шүүгдэгч Л.Б нь Дорноговь аймгийн Айраг сумын 1 дүгээр баг, Бороодой гэх газарт байрлах гар аргаар жонш олборлож орхисон газрыг нийгмийн хариуцлагынхаа хүрээнд нөхөн сэргээлт хийх хүсэлт ирүүлсний үндсэн дээр тус гэрээ байгуулагдсан. Гэрээнд заасан үүргийг биелүүлэхийн тулд орон нутгийн санхүүжилт олгох боломжгүй байсан тул өөрийн хөрөнгөөр нөхөн сэргээлт хийхээр тохиролцсон байдаг. Гэтэл гэрээнд заагдсан газарт 2020 оны 5 дугаар сард 3 удаа, 08 дугаар сард 1 удаа жонш олборлож, 0.2 га газарт хууль бусаар ашигт малтмал олборлосон үйл баримт хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон гэж үзэж байна. Дээрх үйл баримтад анхан шатны шүүх хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн. Харин шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамласан нь бичиглэлийн алдаа гэж үзэж байна. Энэ байдлыг хяналтын шатны шүүхээс өөрчлөлт оруулж шийдвэрлэх боломжтой. Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Ц.Тын үйлдлийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Гэтэл хэргийн нөхцөл байдлаас харахад шүүгдэгч Ц.Т нь нөхөр Л.Б-г нөхөн сэргээлтийн ажил хийхээр болсон, 4 удаагийн үйлдлээр бусдад жонш борлуулж тодорхой хэмжээний орлого олсон, олсон мөнгөөрөө хоол, машины шатахуун, бусад зардалд зарцуулсан үйл баримтыг мэдэж буй нь гэмт хэрэгт үйлдлээрээ нэгдсэн шинжтэй байхад давж заалдах шатны шүүх үндэслэлгүй дүгнэлт хийсэн. Гэрч Д.Ч, Б.С, Ч.Б, О.Г нарын мэдүүлэг болон шүүгдэгч нарын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар, шүүхийн шинэчилсэн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэргээр 82-24 УБ улсын дугаартай Хьюндай робекс 2800 маркийн 20.000.000 төгрөгийн үнэлгээ бүхий эксковатор, 17-43 УБЯ улсын дугаартай Мицибуши пажеро маркийн тээврийн хэрэгслийг гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан болох нь хангалттай нотлогдож байхад давж заалдах шатны шүүх үндэслэлгүйгээр буцаан олгож шийдвэрлэсэн байна. Иймд Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 29 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 92 дугаар шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй. Мөн олборлосон жоншийг бусдад 4.000.000 төгрөгөөр борлуулсан нь Хаан банкны дансны хуулгаар нотлогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд зааснаар гэмт хэрэг үйлдэж олсон орлогыг шүүгдэгч нараас гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй” гэв.

                            ТОДОРХОЙЛОХ нь:

Дорноговь аймгийн прокурорын газрын хяналтын прокурор М.Отгонбаатарын бичсэн эсэргүүцлийг үндэслэн шүүгдэгч Л.Б, Ц.Т нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Ашигт малтмалын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу байгуулагдан үйл ажиллагаа явуулж байгаа, Монгол Улсад татварт төлөгч хуулийн этгээдэд энэ хуульд өөрөөр заагаагүй бол сонгон шалгаруулалтын журмаар олгохоор хуульчилсан бөгөөд мөн зүйлийн 7.3 дахь хэсэгт зааснаар бичил уурхайгаар ашигт малтмал олборлохоос бусад тохиолдолд тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хориглосон болно.

Шүүгдэгч Л.Б нь 2020 оны 05 дугаар сараас 2020 оны 8 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл хугацаанд Дорноговь аймгийн Айраг сумын “Бороодой” гэх газарт байгаль орчны нөхөн сэргээлтийн гэрээ байгуулан ажиллах явцдаа урьд нь ухагдаж эвдэрсэн газарт тусгай зөвшөөрөлгүйгээр жонш олборлох үйл ажиллагаа явуулж, өмнө эвдрэлтэй байсан 4272 м.кв талбай дээр нэмж 2039 м.кв буюу 0,2 га талбай эвдсэн болох нь хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн гэрч Д.Ч /1хх-26/, Ц.Т /1хх-34/, Ч.Б /1хх-129/, Б.С /1хх-221/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, Айраг сумын байгаль орчны асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Сайнзаяа нарын өгсөн мэдүүлгүүд /2хх-184/ болон хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /2хх 173-178/, “Нуман-Алтай” ХХК-ийн шинжээчийн дүгнэлт /3хх 36-42/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон талаар анхан болон давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 193 дугаартай шүүгчийн захирамжаар “Нуман Алтай” ХХК-ийг шинжээчээр томилж /3хх-1/, Дорноговь аймгийн Айраг сумын Нард 1 дүгээр багийн нутаг, Бороодой гэх газарт хууль бусаар ашигт малтмал олборлосон гэх талбайд учирсан хохирлын талаар шинжээчийн 1/18 дугаар дүгнэлт /хх-36/ гаргуулсан бөгөөд уг дүгнэлтэд “... хууль бусаар ашигт малтмал олборлосон гэх талбай нь хэмжилт, шинжилгээгээр нийт 6311 м2 талбай байх бөгөөд булж тэгшилсэн байдалтай байна... 2019 оны 10 дугаар сарын байдлаар эвдрэлтэй байсан талбайн хэмжээ нь 4272 м2 байх бөгөөд үүнийг нийт эвдрэлтэй талбайгаас хасч нэмж эвдэгдсэн талбайн хэмжээг тооцвол ... нэмж эвдсэн талбайн хэмжээ нь 2039 м2 буюу 0,2 га талбай хэмжээтэй байна. Тиймээс байгаль орчинд учруулсан хохирлын үнэлгээг нэмж эвдсэн талбайн хэмжээгээр тооцлоо. Тус шинжилгээгээр Байгаль орчинд учруулсан хохирлын үнэлгээг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2010 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн А-156 дугаар тушаалаар батлагдсан “Байгаль орчны хохирлын үнэлгээ, нөхөн төлбөр тооцох аргачлал”-аар, нөхөн сэргээлтийн ажлын зардлын тооцоог Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн А-138 дугаар тушаалаар батлагдсан “Уул уурхайн үйл ажиллагааны улмаас эвдрэлд орсон газарт техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийх аргачлал”-аар тус тус тооцоход байгаль орчинд учруулсан хохирлын үнэлгээ нь 637.552 төгрөг, мөн тус талбайд нөхөн сэргээлт хийх ажлын зардал нь 534.352 төгрөг болж байна” гэж тооцсоныг үндэслэлтэйгээр няцаан үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Л.Б ашигт малтмалыг нь олборлосны дараа эвдэрсэн газрыг буцаан байгалийн унаган төрхөд нь оруулах, хөрс, ургамлын бүрхэвчийг хуучнаар нь бий болгох санаачилга гаргаж, Дорноговь аймгийн Айраг сумын засаг даргын тамгын газартай тус сумын Нард багийн нутаг орших “Бороодой”-н газарт 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрөөс 2020 оны 7 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд өөрийн зардлаар техникийн болон биологийн нөхөн сэргээлтийг Монгол Улсад мөрдөгдөж буй стандартын дагуу хийж гүйцэтгэхээр сумын засаг даргын тамгын газартай гэрээ байгуулсан явдал нь түүнийг тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал олборлосон үйл ажиллагааг зөвтгөх үндэслэл болохгүй.

Түүнээс гадна прокуророос урьд нь хэн нэгэн этгээд олборлолт явуулж эвдэгдсэн газарт нөхөн сэргээлт хийлгэх нэрийн дор иргэдэд тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал олборлох боломж олгосон нийтийн албан тушаалтны үйлдэл хуульд нийцсэн эсэхийг шалгаж тогтоохгүйгээр зөвхөн хууль бусаар олборлолт явуулсан этгээдийг Эрүүгийн хуулийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татаж мөрдөн шалгах ажиллагаа явуулсан байх бөгөөд хэргийн энэхүү нөхцөл байдал нь шүүгдэгч Л.Б-н хувьд түүний гэм бурууг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан хэлэлцэж, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд саад болохгүй гэж үзсэн болно.     

Иймд нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн шүүгдэгч Л.Б-н үйлдлийг Эрүүгийн хуулийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, түүнийг хууль бусаар ашигт малтмал олборлох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай талаар хийсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн хийсэн хууль зүйн дүгнэлтийг хэргийн жинхэнэ байдалд нийцсэн гэж дүгнэв.

Шүүхээс Л.Б урьд нь ашигт малтмал олборлох үйл ажиллагааны улмаас эвдэгдсэн газарт тусгай зөвшөөрөлгүйгээр жонш олборлож, улмаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нийт эвдэгдсэн 6311 м.кв талбайд өөрийн зардлаар техникийн нөхөн сэргээлт хийж 2021 оны 6 дугаар сарын 8-ны өдөр Дорноговь аймгийн Айраг сумын Засаг даргын тамгын газарт хүлээлгэн өгсөн /2хх-18/ хэргийн нөхцөл байдлыг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялын хамгийн доод хэмжээ болох 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ялыг сонгон оногдуулж, уг торгох ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэсэн нь шүүгдэгчийн гэм буруугийн хэр хэмжээ, хувийн байдалд тохирсон байна.

Давж заалдах шатны шүүхээс Л.Б-н байгалийн нөхөн сэргээлт хийхдээ ашигласан 82-24 УБ улсын дугаартай “Хьюндай робекс” 2800 маркийн 20.000.000 төгрөгийн үнэлгээ бүхий эксковатор, мөн өөрсдийн ахуйн хэрэгцээнд ашиглаж байсан 17-43 УБЯ улсын дугаартай “Мицибуши пажеро” маркийн 6.000.000 төгрөгийн үнэлгээ бүхий тээврийн хэрэгслийг гэмт хэрэг үйлдэхэд ашигласан эсэхийг мөрдөн байцаалтаар хөдөлбөргүй тогтоож чадаагүй үндэслэлээр буцаан олгохоор шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй болно.

Шүүгдэгч Ц.Тын хувьд Дорноговь аймгийн Айраг сумын нутагт орших “Бороодой” гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал олборлох үйл ажиллагааг гардаж эрхлээгүй, тэрээр Айраг сумын Засаг даргын тамгын газартай байгаль орчны нөхөн сэргээлт хийх гэрээ байгуулахад оролцоогүй, өөрөөр хэлбэл тухайн гэрээнд зөвхөн түүний нөхөр Л.Б үүрэг хүлээж гарын зурсан бөгөөд гэр бүлийн хамтын амьдрал бүхий харилцаа нь тэднийг хууль бусаар ашигт малтмал олборлох гэмт хэрэгт хамтран оролцсон гэж шууд дүгнэх үндэслэл болохгүй тул давж заалдах шатны шүүхээс Ц.Тт холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байна.

Иймд Дорноговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 2022/ДШM/29 дугаартай магадлалыг хүчингүй болгуулах талаар прокурорын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 29 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, Дорноговь аймгийн прокурорын газрын хяналтын прокурор М.Отгонбаатарын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

 

ДАРГАЛАГЧ                                                 Б.АМАРБАЯСГАЛАН

               ШҮҮГЧ                                                           С.БАТДЭЛГЭР

                                                                                       Б.БАТЦЭРЭН

                                                                                       Ч.ХОСБАЯР

                                                                             Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН