Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 08 сарын 23 өдөр

Дугаар 102/ШШ2016/04935

 

2016 оны 08 сарын 23 өдөр

Дугаар 102/ШШ2016/04935

Улаанбаатар хот

 

  Зохигчдын эвлэрлийг баталж

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

  Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд би,

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө-37, Бөхийн өргөө 102 тоотод оршин байгаа Трестл ХХК-ийн,

Хариуцагч: Баянгол дүүрэг, Алтай хотхон, 14 дүгээр байр, 3 дугаар орц, өөрийн байранд оршин байгаа Шинэ-Алтай сууц өмчлөгчдийн холбоо /цаашид СӨХ гэх/-д холбогдох,

Гэрээний үүргийн гүйцэтгэлд 8,110,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 6 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, мөн сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Трестл ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Трестл ХХК нь Шинэ-Алтай СӨХ-ны гүйцэтгэх захирал Г.Азжаргалтай харилцан тохиролцон Алтай хотхон цогцолбороос гэрээний хавсралтад заасан обьектын аюулгүй байдлыг ханган ажиллаж, хамгаалахаар 2016 оны 3 дугаар сарын 01-ний өдөр харуул хамгаалалтын гэрээ байгуулсан.

Гэрээнд заасны дагуу Шинэ-Алтай СӨХ нь сар бүрийн 15, 30-ны өдрийн дотор харуул хамгаалалтын үйлчилгээний хөлсөнд нийтдээ 5,500,000 төлөх үүрэг хүлээсэн.

Гэрээ байгуулснаас хойш 2016 оны 3 дугаар сарын 18-ны өдөр 1,500,000 төгрөг, 3 дугаар сарын 31-ний өдөр 2,500,000 төгрөг, 5 дугаар сарын 02-ний өдөр 1,000,000 төгрөг, 5 дугаар сарын 05-ны өдөр 1,000,000 төгрөг, 5 дугаар сарын 18-ны өдөр 2,000,000 төгрөг, 5 дугаар сарын 31-ний өдөр 1,000,000 төгрөг нийт 9,000,000 төгрөг тус компанид төлсөн байна.

Шинэ-Алтай СӨХ нь хамгаалалтын үйлчилгээний хөлсийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй тул 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдөр үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд гэрээг цуцлах тухай мэдэгдэл хүргүүлсэн бөгөөд улмаар 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдөр 2 тал тохиролцон гэрээг цуцлан, ажил хүлээлцэх акт үйлдсэн.

Манай компани нь гэрээнд заасны дагуу 3 сарын хугацаанд харуул хамгаалалтын үүргээ бүрэн биелүүлсэн бөгөөд үйлчилгээний хөлсөнд 16,500,000 төгрөг авахаас 9,000,000 төгрөгийг авч үлдэгдэл 7,500,000 төгрөгийг авч чадалгүй өнөөдрийг хүрлээ.

Гэрээний 2.9-д алданги тооцохоор тохирсон тул 2016 оны 3 дугаар сард 24,000 төгрөг, 4 дүгээр сард 210,000 төгрөг, 5 дугаар сард 263,500 төгрөг, 6 дугаар сарын 16-ны өдөр хүртэл 112,500 төгрөг нийт 610,000 төгрөгийн алданги тооцсон.

Иймд гэрээний үлдэгдэл төлбөр 7,500,000 төгрөг, алданги 610,000 төгрөг, нийт 8,110,000 төгрөгийг Шинэ-Алтай СӨХ-оос гаргуулж өгнө үү гэжээ.

 

Зохигчид эвлэрлийн гэрээндээ: Хариуцагч нь шүүхэд нэхэмжлэл гаргаж өгсөн өдрөөс хойш нэхэмжлэгчид 2,000,000 төгрөг төлсний талууд хүлээн зөвшөөрч, үлдэгдэл 6,110,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагын 1,110,000 төгрөгөөс нь нэхэмжлэгч татгалзаж, хариуцагч нь үлдэгдэл 5,000,000 төгрөгийн 2,000,000 төгрөгийг 2016 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн дотор, 3,000,000 төгрөгийг 2016 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн дотор тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрэв гэжээ.

 

Шүүх зохигчдын эвлэрлийн гэрээг хянаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Трестл ХХК нь хариуцагч Шинэ-Алтай СӨХ-оос ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлд 8,110,000 төгрөг шаардан шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагаас 2,000,000 /хоёр сая/ төгрөгийг төлсний улмаас нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа 6,110,000 /зургаан сая нэг зуун арван мянган/ төгрөг болгон багасгасан бөгөөд уг шаардлагын 1,110,000 /нэг сая нэг зуун арван мянган/ төгрөгөөс татгалзаж, хариуцагч нь үлдэх 5,000,000 /таван сая/ төгрөгийн 2,000,000 /хоёр сая / төгрөгийг 2016 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн дотор, 3,000,000 /гурван сая/ төгрөгийг 2016 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн дотор тус тус Трестл ХХК-д төлж барагдуулахаар харилцан тохиролцон, эвлэрлийн гэрээ байгуулжээ.

Шүүх, зохигчдын бичгээр гарган, хүлээн зөвшөөрч, гарын үсгээ зурж баталгаажуулсан дээрх гэрээг Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалсан эрх ашгийг хөндөөгүй гэж үзэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасныг баримтлан тэдгээрийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Мөн зүйлийн 74.5-д заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 144,710 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 56,355 төгрөг, хариуцагч Шинэ-Алтай СӨХ-оос улсын тэмдэгтийн хураамжид хариуцан төлөх 56,355 төгрөгийг тус тус гаргуулан Трестл ХХК-д буцаан олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74,2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Трестл ХХК-ийн нэхэмжлэлтэй, Шинэ-Алтай СӨХ-д холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага болох 6,110,000 /зургаан сая нэг зуун арван мянган/ төгрөгийн 1,110,000 /нэг сая нэг зуун арван мянган/ төгрөгөөс татгалзаж, хариуцагч нь үлдэх 5,000,000 /таван сая/ төгрөгийн 2,000,000 /хоёр сая/ төгрөгийг 2016 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн дотор, 3,000,000 /гурван сая/ төгрөгийг 2016 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн дотор тус тус Трестл ХХК-д төлж барагдуулахаар эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 144,710 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 56,355 төгрөг, хариуцагч Шинэ-Алтай СӨХ-оос улсын тэмдэгтийн хураамжид хариуцан төлөх 56,355 төгрөгийг тус тус гаргуулан Трестл ХХК-д буцаан олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасны дагуу захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ Ч.ЦЭНД