| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хашхүүгийн Одбаяр |
| Хэргийн индекс | 187/2019/0337/Э |
| Дугаар | 362 |
| Огноо | 2019-05-16 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Т.Жаргалсайхан |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 05 сарын 16 өдөр
Дугаар 362
2019 05 16 2019/ШЦТ/362
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ж.Буянжаргал хөтөлж,
улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Жаргалсайхан,
шүүгдэгч Ж.Р- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ө- овогт Ж-гийн Р-д холбогдох эрүүгийн 1910008670326 дугаартай хэргийг 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол улсын иргэн,
Холбогдсон хэргийн талаар
/яллах дүгнэлтэнд бичигдснээр/
Шүүгдэгч Ж.Р- нь 2019 оны 04 дүгээр сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Q” караоке пабд үйлчлүүлж байсан хохирогч И.Ц-тай тооцооны асуудлаар маргалдан улмаар нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Ж.Р- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугийн талаар маргахгүй гэв.
Эрүүгийн 1910008670326 дугаартай хэргээс:
Хохирогч И.Ц- мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: 2019 оны 04 дүгээр сарын 02-ны шөнө найз М-, А- нарын хамт Хан-Уул дүүргийн 3-р хорооны нутаг дэвсгэрт байрлах ”Q” нэртэй пабд орж пиво уусан. Тэгээд гарахаар болж тооцоо хийх гэхэд М- “дансанд 10.000 төгрөг байна, шилжүүлнэ” гэж хэлсэн. Гэтэл пабын хүн М-д “чи дандаа ингэдэг” гээд хэл амаар доромжлоод байхаар нь “би тооцоо хийе” гээд гар утсаа цэнэглээд тооцоо хийсэн. Би “та одоо манай найзаас уучлалт гуйх ёстой, бид тооцоогоо хийчихлээ” гээд пабын ахад уурлаж хэлэхэд тэрээр шууд миний нүүр рүү цохиход би газар унасан. Найзууд маань цагдаа дуудсан байсан. Намайг цохисон хүн /Р-/ өөрөө их уурлаж бухимдаж байсан ба тэр уурандаа намайг цохисон. Миний монетон ээмэгний нэг нь гээгдсэн байсан төлүүлнэ. Би КТГ зураг авахуулахад 100.000 төгрөг, эм тарианы 30.000 төгрөг, алое тос 27.000 төгрөгөөр тус тус авсан. Монетон ээмэгээ 2018 оны 12 сарын сүүлээр 285.000 төгрөгөөр авч байсан. Нийт 442.000 төгрөгийн хохирол нэхэмжилнэ. ....Би Р-оос нийт 270.000 төгрөгийг дансаар шилжүүлж авсан тул гомдолгүй, нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 6-10-р хуудас/,
Гэрч Ц.М- мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: 2019 оны 04 дүгээр сарын 02-ны орой 00 цаг өнгөрч байхад найз А-, Ц- нарын хамт Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо “Q” нэртэй пабд орж пиво уусан. Пабаас гарах болоод тооцоо хийх үед миний дансанд 10.000 төгрөг байсан. Би 10.000 төгрөгөө шилжүүлээд “үлдэгдэл мөнгийг нь дараа өгье” гэхэд пабын эзэн /Р-/ хүнтэй утсаар ярьж байснаа уурлаад “мөнгөө бүрэн өг” гэж хэлсэн. Би “10.000 төгрөг шилжүүлчихлээ” гэхэд “ирээгүй байна” гэсэн. Ц- хажуунаас “та энэ дансыг нь харалдаа банк хооронд дансны мэдээлэл удаж магадгүй” гэхэд “за дансыг чинь харна” гээд миний гар утсыг авч харснаа “дансанд мөнгө ороогүй байна. Чи өмнө бас ингээд дараа нь тооцоо хийсэн, одоо бол үгүй, тооцоогоо хий” гэхэд Ц- “би хийчихнэ” гээд дансаар 20.500 төгрөг шилжүүлсэн. Тэр үед пабын ах намайг доромжлоод байсан. Ц- мөнгөө шилжүүлчихээд “бид тооцоогоо хийчихлээ, доромжлоод байсан ахыг дууд уучлалт гуйлгана” гэхэд нөгөө ах /Р-/ текний араас гарч ирсэн. Ц- уурлаад “та уучлалт гуй” гэхэд “чи юу яриад байгаа юм” гээд түүнийг шууд цохисон. Ц- газар унасан. Би “та болиоч” гэхэд Ц- цаанаас “битгий маргаан үүсгэ, хүн цохиж болохгүй шүү” гэж хэлсэн. А- цагдаа дуудсан...гэх мэдүүлэг /хх-ийн 15-р хуудас/,
Гэрч Т.А- мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: 2019 оны 04 дүгээр сарын 02-ны орой найз Ц-, М- бид гурав Хан-Уул дүүрэг 3-р хороо “Q” нэртэй пабд орж пиво уусан. Пабаас гарахаар болж тооцоо хийхэд М- “дансаар шилжүүлнэ” гээд зогсож байсан. Ц- бид хоёр хажууд нь байхад пабын эзэн /Р-/ М-ийг “тооцоо дандаа хийдэггүй, архи уусан мөнгөө өг” гээд маргаан үүсэхэд Ц- тооцоо хийсэн. Пабын ах /Р-/ уурлаад М-ийг доромжлоод “эмэгтэй хүнтэй орж ирсэн бол тооцоогоо хийчихгүй” гэсэн. Ц- М-ийг өмөөрч “та одоо найзаас минь уучлалт гуйгаач” гээд уурласан. Нөгөө ахыг /Р-/ дуудаад “уучлалт гуй” гэхэд тэрээр уурлаад Ц-ын нүүр рүү цохисон. Ц- газар унаад босож ирснээ “та хоёр битгий маргаан үүсгэ, одоо боль” гэж хэлсэн. Тэгээд би цагдаа дуудсан...гэх мэдүүлэг /хх-ийн 16-р хуудас/,
Гэрч Ө.О- мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: 2019 оны 04 дүгээр сарын 02-ны орой 21 цагийн үед хоёр эмэгтэй, нэг эрэгтэй хүн манай пабд орж ирээд 4 дүгээр ширээн дээр сууж үйлчлүүлсэн. ...Ц- гэх эмэгтэй орилж хашхирч байгаад тооцоогоо хийснээ Р- ахад харуулна гээд “цэнхэр фудволктой залуугаа дууд” гэж орилсоор байгаад гал тогооны өрөөнөөс гаргаж ирсэн. Р- ах текний хойгуур явж байхад Ц- текний хажуугаас Р- ах руу “чи хүн доромжилдог хэн бэ” гэж харааж загнаж байгаад толгой руу нь гараараа цохисноо текний буланд байсан менюг аваад шидсэн. Тэр нь Р- ахыг оносон. Р- цаашаа эргээд 6 дугаар ширээ рүү явах гэтэл Ц- нь Р-ийн фудволкных нь хойноос татаад явуулахгүй байсан. Тэр үед Р- ах хойшоо эргэж хараад Ц-ын баруун хацар шанаа орчим руу нь гараараа нэг удаа хүчтэй алгадахад Ц- шалан дээр унасан...гэх мэдүүлэг /хх-ийн 17-р хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Хүний биед үзлэг хийсэн Шүүх эмнэлгийн №140419263 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:
“...Хэсэг газрын үзлэгт: Духны зүүн хэсэгт 3.5х4.5см овойж хавдсан, тэр хэсэгт хөхөрсөн, баруун хацарт 4х4 см овойж хавдсан, тэр хэсэгт хөхөрсөн, баруун нүдний доод зовхинд хөхөлбөр өнгийн цус хуралттай. Дүгнэлт:
1. И.Ц-ын биед дух, баруун хацар, баруун дээд, доод зовхинд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтэл байна.
3. Шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /хх-ийн 24-р хуудас/,
Шүүгдэгч Ж.Р- мөрдөн байцаалтанд яллагдагчаар мэдүүлэхдээ: …2019 оны 04 дүгээр сарын 02-ны орой Ц- нь хоёр хүний хамт сууж байсан. Орой 23 цагийн орчимд манай “Q” баар хаах цаг болсон байсан. Манай ажилтан О- надад хэлэхдээ “дунд талын ширээн дээр сууж байсан хүмүүс дээр очоод тооцоогоо хий гэж хэлсэн чинь хийхгүй байна” гэсэн. Тэгэхээр нь би нөгөө хүмүүсийн ширээн дээр очоод “тооцоогоо хий, манай ажилтан буух гэж байна” гэхэд нэг залуу /М-/ “утаснаас 10.000 төгрөг шилжүүлсэн” гэж хэлсэн боловч тооцоо нь орж ирээгүй. Энэ талаар хэлээд байж байтал гаднаас Ц- найз эмэгтэйн хамт ирээд “чи миний найз залууг доромжилсон байна” гээд маргаан үүсгээд миний урдаас нүүр маажих гээд дайраад байхаар нь нүүрэнд нь гараараа нэг удаа түлхсэн. Гэтэл нөгөө эмэгтэй шалан дээр унасан. Харин хамт байсан найз эмэгтэй нь цагдаа дуудсан...гэх мэдүүлэг /хх-ийн 36-р хуудас/,
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд гэрч С.А-ын мэдүүлэг /хх-ийн 14-р хуудас/, ял шалгах хуудас /хх-ийн 38-р хуудас/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 46-р хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 47-р хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 48-р хуудас/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 49-р хуудас/, бусад /хх-ийн 56-63-р хуудас/, үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 64-65-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.
Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хэрэгт цугларсан баримтуудаар: 2019 оны 04 дүгээр сарын 02-ны орой Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Q” пабд И.Ц-, Ц.М-, Т.А- нар нь орж үйлчлүүлсэн ба Ц.М- тус пабын бармен Ө.О-, пабын эзэн Ж.Р- нарын хооронд “төлбөр тооцоотой” холбоотой маргаан үүссэн байна. Хохирогч И.Ц- нь тооцоог хийсэн ба Ж.Р-ийг “манай найз Ц.М-эс уучлалт гуй” гэж хохирогч, шүүгдэгч нар маргалдах явцад Ж.Р- нь хохирогч И.Ц-ын нүүр рүү гараараа цохиж хөнгөн гэмтэл учруулсан болох нь:
Хохирогч И.Ц-ын ...Пабаас гарахаар болж тооцоо хийх гэхэд М- “дансанд 10.000 төгрөг байна, шилжүүлнэ” гэж хэлсэн. Гэтэл пабын хүн М-д “чи дандаа ингэдэг” гээд хэл амаар доромжлоод байхаар нь “би тооцоо хийе” гээд гар утсаа цэнэглээд тооцоо хийсэн. Би “та одоо манай найзаас уучлалт гуйх ёстой, бид тооцоогоо хийчихлээ” гээд пабын ахад уурлаж хэлэхэд тэрээр шууд миний нүүр рүү цохиход би газар унасан...гэх мэдүүлэг /хх-ийн 6-10-р хуудас/,
Гэрч Ц.М-ий ...Пабаас гарах болоод тооцоо хийх үед миний дансанд 10.000 төгрөг байсан. Би 10.000 төгрөгөө шилжүүлээд “үлдэгдэл мөнгийг нь дараа өгье” гэхэд пабын эзэн /Р-/ хүнтэй утсаар ярьж байснаа уурлаад “мөнгөө бүрэн өг” гэж хэлсэн. Би “10.000 төгрөг шилжүүлчихлээ” гэхэд “ирээгүй байна” гэсэн. Ц- хажуунаас “та энэ дансыг нь харалдаа банк хооронд дансны мэдээлэл удаж магадгүй” гэхэд “за дансыг чинь харна” гээд миний гар утсыг авч харснаа “дансанд мөнгө ороогүй байна. Чи өмнө бас ингээд дараа нь тооцоо хийсэн, одоо бол үгүй, тооцоогоо хий” гэхэд Ц- “би хийчихнэ” гээд дансаар 20.500 төгрөг шилжүүлсэн. ...Ц- уурлаад Р-ид “та уучлалт гуй” гэхэд “чи юу яриад байгаа юм” гээд түүнийг шууд цохисон...гэх мэдүүлэг /хх-ийн 15-р хуудас/,
Гэрч Т.А-ын ...Пабаас гарахаар болж тооцоо хийхэд М- “дансаар шилжүүлнэ” гээд зогсож байсан. Ц- бид хоёр хажууд нь байхад пабын эзэн /Р-/ М-ийг “тооцоо дандаа хийдэггүй, архи уусан мөнгөө өг” гээд маргаан үүсэхэд Ц- тооцоо хийсэн. ...Ц- Р-ийг дуудаад “уучлалт гуй” гэхэд тэрээр уурлаад түүний нүүр рүү цохисон...гэх мэдүүлэг /хх-ийн 16-р хуудас/,
Гэрч Ө.О-ын ...Ц- Р- ахад “чи хүн доромжилдог хэн бэ” гэж харааж загнаж байгаад толгой руу нь гараараа цохисноо текний буланд байсан менюг аваад шидсэн. Тэр нь Р- ахыг оносон. Р- цаашаа эргээд 6 дугаар ширээ рүү явах гэтэл Ц- нь Р-ийн фудволкных нь хойноос татаад явуулахгүй байсан. Тэр үед Р- ах хойшоо эргэж хараад Ц-ын баруун хацар шанаа орчим руу нь гараараа нэг удаа хүчтэй алгадахад Ц- шалан дээр унасан...гэх мэдүүлэг /хх-ийн 17-р хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Хүний биед үзлэг хийсэн Шүүх эмнэлгийн №140419263 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:
1. И.Ц-ын биед дух, баруун хацар, баруун дээд, доод зовхинд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтэл байна.
3. Шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чаварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /хх-ийн 24-р хуудас/,
Мөрдөн байцаалтанд Ж.Р- яллагдагчаар өгсөн: …Манай ажилтан О- Ц-ын сууж байсан ширээн дээр очоод буцаж ирснээ “тооцоогоо хий гэхэд хийхгүй байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би нөгөө хүмүүсийн ширээн дээр очоод “тооцоогоо хий, манай ажилтан буух гэж байна” гэхэд нэг залуу /М-/ “утаснаас 10.000 төгрөг шилжүүлсэн” гэж хэлсэн боловч тооцоо нь орж ирээгүй. Энэ талаар хэлээд байж байтал гаднаас Ц- найз эмэгтэйн хамт орж ирээд “чи миний найз залууг доромжилсон байна” гээд маргаан үүсгээд миний урдаас нүүр маажих гээд дайраад байхаар нь нүүрэнд нь гараараа нэг удаа түлхсэн. Гэтэл нөгөө эмэгтэй шалан дээр унасан...гэх мэдүүлэг /хх-ийн 36-р хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг харьцуулан судалж үзвэл: шүүгдэгч Ж.Р- нь хохирогч И.Ц-ын нүүр рүү цохиж хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн бүрэлдэхүүнийг шинжийг бүрэн хангасан байна.
Иймд улсын яллагчийн гаргасан дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Ж.Р-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэстэй байна.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч И.Ц-ын биед хөнгөн хохирол учирсан байх боловч хохирогч нь хор уршигтай холбоотой нотлох баримтыг хэрэгт ирүүлээгүй байх бөгөөд хохиролд нийт 270.000 төгрөг авсан тул гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй /хх-ийн 10-р хуудас/ гэснийг нь тогтоолд дурдав.
Эрүүгийн хариуцлагын талаар.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Ж.Р- нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээ прокурорт гаргасан ба улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээ гээр буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах тухай эрүүгийн хариуцлагын саналыг хохирогч И.Ц-, шүүгдэгч Ж.Р- нарт танилцуулж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн байна.
Шүүгдэгч Ж.Р- нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын лавлагааны санд бүртгэгдээгүй ял шийтгэлгүй байна.
Шүүхээс шүүгдэгч Ж.Р-ид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэрэг ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзсан ба, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч нь “Q” нэртэй паб ажиллуулдаг, тогтмол орлоготой хувийн байдлыг харгалзан улсын яллагчийн гаргасан ялын саналын хүрээнд шүүгдэгч Ж.Р-ид торгох ял оногдуулах үндэслэлтэй гэж үзэв.
Шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Ж.Р-ид мэдэгдэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Ж.Р- нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Ө- овогт Ж-гийн Р-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Р-ийг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлээгүй тохиолдолд торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Ж.Р-ид мэдэгдсүгэй.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Р- нь хохирогч И.Ц-д 270.000 төгрөг төлсөн болохыг дурдсугай.
5. Шүүгдэгч Ж.Р- нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч нар эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Ж.Р-ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ОДБАЯР