| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Цэнд |
| Хэргийн индекс | 102/2016/00994/И |
| Дугаар | 102/ШШ2016/04936 |
| Огноо | 2016-08-23 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 08 сарын 23 өдөр
Дугаар 102/ШШ2016/04936
| 2016 оны 08 сарын 23 өдөр | Дугаар 102/ШШ2016/04936 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум, 19 дүгээр баг Их залуу, 23б-10 тоотод оршин суух, Боржигин овогт Мөнхтуулын Амарсанаа /РД-ФБ86050772/-ийн,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 17 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 40а-72 тоотод оршин суух, Боржгин овогт Амаржаргалын Золзаяа /РД-ФБ85112485/-д холбогдох,
Гэрлэлт цуцлуулах тухай иргэний хэргийг 2016 оны 6 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.Амарсанаа, хариуцагч А.Золзаяа, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Наранхүү, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С.Мөнхжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М.Амарсанаа шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2009 оны намар А.Золзаяатай танилцаж, үерхэж эхэлсэн бөгөөд 2010 оны 12 дугаар сард их сургуулиа төгсч, Солонгос Улс руу явсан.
Бид 2011 оны 3 дугаар сард Солонгос Улсад гэрлэлтээ батлуулсан. 2012 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хүү А.Ананд төрсөн.
Хамт амьдрах хугацаанд хэрэлдэж, муудалцдаг үе зөндөө байсан, эргээд бодохоор манай аав, ээж их хэцүү амьдралтай учир би аав, ээждээ тусалмаар байдаг. Үүнээс болж хэрүүл болдог байсан байх.
Хүүгээ 8 сартай байхад бид зардлаа хэмнэх үүднээс А.Золзаяа хүүгээ аваад Монгол руу явсан. А.Золзаяаг ирэхээс сарын өмнө би хамт ажилладаг эмэгтэйтэй дотноссон. Хариуцагч ирээд бүгдийг мэдсэн бөгөөд бид 2013 оны 5 дугаар сарын 04-ний өдөр Монголд ирж, маргааш нь би буцсан.
Хүүгээ бодоод А.Золзаяатай холбоотой байсан боловч бидэнд хэцүү байсан. Буцаад хамт амьдарвал урьдынхаасаа илүү муудалцах байх гэж бодоод салах шийдвэр гаргасан. Миний бие тууштай ажил хийж чадахгүй байсан ч хүүдээ хоолны мөнгийг явуулдаг байсан.
Би 2 жилийн өмнөөс нөгөө эмэгтэйтэйгээ хамт амьдраад, одоо 10 сартай охинтой болсон.
Бид хоёрын дунд эд хөрөнгийн маргаан байхгүй, цаашид хамт амьдрах боломжгүй учир гэрлэлтээ цуцлуулах хүсэлт гаргасан гэв.
Хариуцагч А.Золзаяа шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Би М.Амарсанаатай 2009 онд Солонгос Улсад танилцаад, 2010 оноос хамт амьдарсан.
Хүүгээ 2012 онд төрүүлээд, Монголд 2 сар болоод очиход М.Амарсанаа өөр эмэгтэйтэй гэр бүл болсон байсан. Хүүгийн минь аав хүү бид хоёрыг сэтгэл санааны болон амьдралын нэлээдгүй зовлонд унагасан. Хүүгээ би өөрөө өсгөсөн.
Би одоогийн байдлаар өөр амьдрал зохиогоогүй, хүүгээ ирээдүйд сайн хүн болгож өсгөхийг хичээж байна.
Гэрлэлтээ цуцлуулахад татгалзах зүйлгүй. Бид хүүгээ тэжээн тэтгэх гэрээ байгуулсан, баталж өгнө үү гэв.
Шүүх зохигчдын тайлбар, хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М.Амарсанаа нь А.Золзаяагаас гэрлэлтээ цуцлуулах нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч уг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч, маргадаггүй.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас үзэхэд М.Амарсанаа, А.Золзаяа нар 2011 оны 3 дугаар сарын 10-ны өдөр гэр бүл болж, гэрлэлтээ мөн өдөр эрх бүхий байгууллагад албан ёсоор бүртгүүлэн, хамт амьдрах хугацаанд тэдний дундаас 2012 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хүү А.Ананд төрсөн болох нь зохигчдын тайлбар, гэрлэлтийн болон хүүхдийн төрсний гэрчилгээ зэргээр нотлогдож байна. /хх-8-9 дүгээр тал/
Гэрлэгчид зан харьцааны таарамжгүй байдлаас шалтгаалан 2013 оны 5 дугаар сараас тус тусдаа амьдарч байх бөгөөд тэд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх Эвлэрүүлэн зуучлагчаар орсон боловч эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй болсны улмаас шүүхэд ханджээ. /хх-5 дугаар тал/
Иймд шүүх гэрлэгчдэд Гэр бүлийн /цаашид хуулийн гэх/ тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т заасан эвлэрүүлэх арга хэмжээ авалгүйгээр тэдгээрийн гэрлэлтийг цуцлах нь зүйтэй байна.
Хүү А.Ананд одоо 4 настай, эхийн асрамжид эрүүл бойжиж байх бөгөөд гэрлэгчдийн хүүхдийн асрамжийн талаар харилцан тохиролцсон байдлыг харгалзан хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасны дагуу хүүг эхийн асрамжид үлдээж шийдвэрлэв.
Талууд хүүхдийн тэтгэмжийн хувьд харилцан тохиролцон тэжээн тэтгэх гэрээ байгуулсан байх тул тэтгэмжийн асуудлыг шийдвэрлэх шаардлагагүй гэж үзлээ.
Дээрх гэрээ нь Гэр бүлийн тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1-д заасан шаардлага хангасан байна.
Хариуцагч тал уг гэрээг сайн дураар биелүүлэх үүрэгтэй бөгөөд биелүүлэхгүй байгаа тохиолдолд Гэр бүлийн тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.2-т заасны дагуу тэдгээрийн хэн нэгний хүсэлтээр шүүгчийн захирамж гаргуулж, шүүхийн журмаар биелүүлдэг болохыг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагчаас 70.200 төгрөг гаргуулан М.Амарсанаад олгов.
Гэрлэгчид гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн маргаангүй гэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т заасныг баримтлан нэхэмжлэгч Боржигин овогт Мөнхтуулын Амарсанаа, хариуцагч Боржгин овогт Амаржаргалын Золзаяа нарын гэрлэлтийг цуцалсугай.
2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д заасны дагуу хүү А.Анандыг эх А.Золзаяагийн асрамжид үлдээсүгэй.
3.Талууд хүүхдийн тэтгэмжийн хувьд тэжээн тэтгэх гэрээ байгуулсан болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагч А.Золзаяагаас 70.200 төгрөг гаргуулан М.Амарсанаад буцаан олгосугай.
5.Гэрлэгчид гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурдсугай.
6.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар гэрлэлт цуцалсан шийдвэрийн хувийг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний бүртгэлийн байгууллагад явуулахыг шүүгчийн туслах Ц.Оюун-Эрдэнэд даалгасугай.
7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД
| |