| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэчимэг Энэбиш |
| Хэргийн индекс | 183/2024/01346/И |
| Дугаар | 210/МА2025/00047 |
| Огноо | 2025-01-03 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 01 сарын 03 өдөр
Дугаар 210/МА2025/00047
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 сарын 14-ний өдрийн 183/ШШ2024/04109 дугаар шийдвэртэй
*******н нэхэмжлэлтэй, *******ХХК-д холбогдох
******* дүүргийн ******* хороо, ******* гудамж, *******зориулалттай цогцолборын ******* дугаар блок ******* дугаар давхрын ******* тоотод байх ******* м.кв үйлчилгээний талбайн өмчлөгчөөр тогтоолгож, улсын бүртгэлд бүртгүүлэхтэй холбоотой бичиг баримтыг гаргаж өгөхийг даалгах, дутсан талбайн төлбөр 31,804,472 төгрөг, олох байсан орлого 15,742,625 төгрөг, алданги 8,149,500 төгрөг, нийт 55,696,597 төгрөг гаргуулах үндсэн, хариуцагчийн алданги 2,177,537 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Энэбиш илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Эрдэнэжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: ******* нь *******ХХК-тай 2021 оны 11 сарын 19-ний өдөр ******* дүүргийн ******* хороо ******* гудамж, *******зориулалттай цогцолборын ******* блок ******* дугаар давхрын ******* тоот ******* м.кв үйлчилгээний талбайг 1 м.кв-г 4,524,107 төгрөг буюу нийт 181,100,000 төгрөгөөр захиалан бариулах гэрээ байгуулсан. Гэрээнд зааснаар төлбөрийн 50% буюу 90,550,000 төгрөгийг 2021 оны 12 сарын 31-ний өдөрт төлж, үлдэх төлбөрийг 2021 оны 12 сарын 01-ний өдрөөс 2022 оны 08 сарын хооронд хуваан төлөхөөр тохирсоны дагуу гэрээний төлбөрийг бүрэн төлсөн. Барилгын ажил 2023 оны 11 сард дуусч, улсын комиссын дүгнэлт 2023 оны 12 сард гарсан байна. Ингээд 2024 он гарч захиалагчдад барилгын талбайг хүлээлгэн өгөх үед би захиалсан талбайг улсын бүртгэлд бүртгүүлэхээр хандсан.
Гэтэл хариуцагч захиалсан талбай 33.00 м.кв хэмжээтэй баригдсан тул энэ талбайг хүлээлгэн өгч зөрүү 7.03 м.кв талбайн мөнгийг анх захиалсан төлбөр 1 м.кв-г 4,524,107 төгрөгөөр тооцож буцаан олгоно, хугацаандаа хүлээлгэн өгөөгүйн алдангийг авахгүй байх тухай бичиг хийж өгвөл талбайг хүлээлгэж өгнө гэсэн шаардлага тавьж захиалагчийн эрхийг зөрчсөөр байна. Би анх захиалсан 40.03 м.кв талбайгаа хүлээн авах хүсэлтэй ч ажил гүйцэтгэгчийн буруугаас 7.03 м.кв талбай дутуу гүйцэтгэсэн тул 33 м.кв талбайг хүлээн авна.
Харин 7.03 м.кв талбайн хэмжээгээр эд хөрөнгийн алдагдал хүлээж байгаа тул барилгын үнэ цэнэ анх захиалга авахад 4,524,107 төгрөг байсан бол одоо 1 м.кв талбай 9,000,000 төгрөг болж 4,475,893 төгрөгөөр нэмэгдсэнийг тооцож болох 31,804,472 төгрөгийг гаргуулна. Мөн Хас үнэлгээ ХХК-аар гаргуулсан үнэлгээгээр тухайн барилгын 1 м.кв талбайг 6,968,614 төгрөг гэж тооцсоныг үндэслэн өнөөгийн ханш болох 6,968,614 төгрөгөөр худалдан борлуулсан тохиолдолд 1 м.кв тутамд 2,444,507 төгрөгийн орлого олох, энэ хэмжээгээр миний хөрөнгийн үнэ цэнэ өсөх боломжтой байсан тул 15,472,625 төгрөгийг гаргуулахаар шаардаж байна. Гэрээнд зааснаар талбайг 2022 оны 09 сарын 01-ний өдөр хүлээлгэн өгөх ёстой ч өнөөдрийг хүртэл хүлээлгэн өгөөгүй хугацаа хэтрүүлсэн тул улсын комисст хүлээлгэн өгсөн хугацаагаар буюу 2023 оны 12 сар хүртэлх хугацааны алдангийг 2022 оны 09 сараас 2023 оны 12 сар хүртэлх 15 сарын хугацаа буюу 450 хоногийг гэрээний 5.3-д заасан 0.01 хувиар тооцоход хоногт 18,110 төгрөг болох тул 8,149,500 төгрөгийг нэхэмжилж байна.
Иймд ******* дүүргийн ******* хороо, *******гудамж, ******* зориулалттай цогцолборын ******* блок ******* дугаар давхрын ******* тоотод байх ******* м.кв үйлчилгээний талбайн өмчлөгчөөр тогтоолгож, улсын бүртгэлд бүртгүүлэхтэй холбоотой бичиг баримтыг гаргаж өгөхийг даалгах, дутсан талбайн төлбөр 31,804,472 төгрөг, олох байсан орлого 15,742,625 төгрөг, алданги 8,149,500 төгрөг, нийт 55,696,597 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: *******ХХК нь *******тэй Үйлчилгээний талбайн захиалга, хөрөнгө оруулалтын гэрээг 2021 оны 11 сарын 19-ний өдөр байгуулсан. Тус гэрээгээр ******* цогцолборт байрлах ******* блок, ******* дугаар давхрын *******тоот оффис, үйлчилгээний зориулалттай ******* м.кв талбайг нийт үнэ 181,100,000 төгрөгөөр худалдаж, нэхэмжлэгч нь худалдан авахаар харилцан тохиролцсон. Уг гэрээний 3.1-д барилгыг 2022 оны 3-р улиралд багтаан ашиглалтад оруулахаар тохирсон боловч *******ХХК нь төрийн байгууллагын буруутай шийдвэрийн улмаас барилгыг ашиглалтад оруулах ажил хойшилж 2023 оны 11-р сард ашиглалтад оруулсан.
Өөрөөр хэлбэл, манай компанийн ашиглах эрхтэй газрын цэгийг мэдээллийн санд буруу бүртгэснээс эхлэн газрын гэрчилгээг шинээр сунгуулах хүртэл буюу 2023 оны 08 сарын 22-ны өдрийг хүртэлх хугацаанд хойшлогдсон нь хариуцагчаас бус төрийн захиргааны байгууллагын алдаатай үйл ажиллагаанаас үүдэн гарсан хугацаа хэтрэлт юм. Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2 дахь хэсэгт Хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй гэж заасан тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Нэхэмжлэгч нь гэрээний үнэ 181,100,000 төгрөгөөс 90,550,000 төгрөгийг 2021 оны 12 сарын 31-ний дотор төлсөн ч 2022 оны эхний төлөлт хийх хугацаанаас эхлэн хугацаа хэтрүүлж, 2022 онд төлөгдөөгүй төлбөр 80,488,888 төгрөгөөс 2022 оны 01 сарын 30-ны өдөр 10,061,111 төгрөгийг төлөх байсан ч 2022 оны 08 сарын 20-ны өдөр хүртэл хуанлийн 202 хоног хугацаа хэтрүүлсний дараа 5,000,000 төгрөгийг төлсөн. Энэ хугацааны алданги 1,625,875 төгрөг байна. Үүнээс цааш 2022 оны 08 сарын 20-ны өдрөөс 09 сарын 07-ны өдөр хүртэл 18 хоногийн хугацаа хэтрүүлж 135,897 төгрөг, 2022 оны 09 сарын 07-ноос 09 сарын 15-ны өдөр хүртэл 8 хоногийн алданги 44,391 төгрөг, 2022 оны 09 сарын 15-наас 09 сарын 19-ний өдөр хүртэл 4 хоногийн алданги 18,195 төгрөг, 2022 оны 09 сарын 19-ний өдрөөс 09 сарын 23-ны өдөр хүртэл 4 хоногийн алданги 14,195 төгрөг, 2022 оны 09 сарын 23-наас 2023 оны 03 сарын 05 хүртэл 133 өдрийн алданги 339,002 төгрөг, нийт 2,177,537 төгрөгийн алдангийг нэхэмжлэл тал гэрээний дагуу төлөх үүрэгтэй байна. Иймд гэрээний төлбөрийг хугацаанд нь төлөөгүй алданги 2,177,537 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
4. Нэхэмжлэгчийн сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбарын агуулга: Хариуцагч нь хугацаандаа үүргээ биелүүлээгүй хэрнээ төлбөр төлөх хугацаа хэтрүүлсэн үндэслэлээр алданги шаардаж байгааг зөвшөөрөхгүй гэжээ.
5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******г ******* дүүргийн ******* хороо, ******* гудамж, ******* зориулалттай цогцолборын ******* блок, ******* дугаар давхрын ******* тоотод байх ******* м.кв үйлчилгээний талбайн өмчлөгчөөр тогтоож, улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримтыг гаргаж өгөхийг хариуцагч *******ХХК-д даалгаж, хариуцагч *******ХХК-аас 7.03 м.кв дутуу баригдсан талбайн үнэ 31,804,472 төгрөг, алданги 8,149,500 төгрөг, нийт 39,953,972 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлээс илүү шаардсан 15,742,625 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч *******гээс алданги 2,177,537 төгрөг гаргуулан хариуцагч *******ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 1,656,542 төгрөгөөс 1,352,178 төгрөгийг, хариуцагчийн төлсөн 49,790 төгрөгийг тус тус улсын төсөвт үлдээж, улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч *******ХХК-иас 1,318,975 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *******д, нэхэмжлэгч *******гээс 49,790 төгрөгийг гаргуулж, хариуцагч *******ХХК-д тус тус олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 304,364 төгрөгийг улсын төсвөөс гаргуулж, нэхэмжлэгч *******д олгож шийдвэрлэжээ.
6. Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга: *******ХХК-аас 7.03 м.кв дутуу баригдсан талбайн үнэ 31,804,472 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн тухайд:
6.1. ******* ХХК нь *******тэй "Үйлчилгээний талбайн захиалга, хоронго оруулалтын гэрээ"-г 2021 оны 11 сарын 19-ний өдөр байгуулсан. Тус гэрээгээр "******* байр ******* блок, ******* дугаар давхрын *******тоот оффис үйлчилгээний зориулалттай" ******* м.кв талбайн нийт үнэ 181,000,000 төгрөгөөр худалдаж, нэхэмжлэгч нь худалдан авахаар харилцан тохиролцсон. Тус гэрээний 2.2-т энэхүү нэрлэсэн үнэ нь тухайн үйлчилгээний талбайн хэмжээ, байршил, давхрын онцлогоос хамаарч тогтоогдсон үнэ юм" гэж тохиролцсон. Тухайлбал уг үнийн дүн нь тухайн үйлчилгээний талбайн нийт үнийн дүн бөгөөд нэг м.кв талбайд ногдох төлбөрийн хэмжээг талууд гэрээгээр харилцан тохиролцоогүй байхад нийт үнийн дүнг талбайн хэмжээнд хувааж нэг м.кв талбайд ногдох хэсгийг тогтоож байгаа нь шүүхийн эрх хэмжээнээс хэтэрсэн дүгнэлт болсон байна.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл тодорхой байх ёстой. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийг 38.1 дэх хэсэгт зааснаар шаардлагаа нотолсон баримтыг нэхэмжлэгч өөрөө гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд талуудын дунд байгуулагдсан гэрээний зүйл болох үл хөдлөх хөрөнгийн нэг м.кв талбайн зах зээлийн үнэлгээг гаргуулаагүй, шууд нийт талбайн хэмжээнд хувааж тогтоосон нь үндэслэлгүй юм. Нэхэмжлэгчийн хувьд өнөөдрийн байдлаар тухайн байранд амьдарч байгаа бөгөөд байраа хүлээн авч үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргуулж, засвар үйлчилгээ хийн амьдарч байна. Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.3 дахь хэсэгт Үүргийн гүйцэтгэлд ноцтой нөлөө үзүүлэхээргүй бол эд хөрөнгийн зарим хэсгийг дутуу буюу гэрээнд зааснаас өөр барааг бага хэмжээгээр шилжүүлсэн, эсхүл эд хөрөнгийн нэг хэсэг нь доголдолтой байсан ч түүнийг бүхэлд нь доголдолтой гэж үзэхгүй" гэж заасан бөгөөд талбайн хэмжээ бага байгаа шалтгаанаас үүдэн тухайн үл хөдлөх эд хөрөнгийг зориулалтын дагуу ашиглах боломжгүй нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
6.2. Гэрээний алданги 8,149,500 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн тухайд: Иргэний хуулийн 189 дүгээр зүйлд "Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй" гэж заасан. Өөрөөр хэлбэл талуудын хооронд байгуулагдсан 2021 оны 11 сарын 19-ний өдрийн 24Y/0617 дугаар гэрээ нь талуудын гэрээ байгуулах эрх чөлөөний үндсэн дээр, гэрээний агуулгаа өөрсдөө тодорхойлж байгуулсан гэрээ байдаг. Уг гэрээний 3.6-д "Гүйцэтгэгчээс үл шалтгаалах давагдашгүй хүчин зүйлүүд, терийн байгууллагын шийдвэр, улсын комиссийн барилга хүлээн авах хугацаа хойшлох зэрэг шалтгаанаар үүргээ биелүүлээгүй нь 3.1-д заасан хугацаанаас хоцорсон хариуцлага хүлээх үндэслэл болохгүй", мөн 6.1-д "Давагдашгүй хүчин зүйл гэдэгт байгалийн гамшиг, газар ходлалт, үерийн аюул, дайн байлдаан, үймээн самуун, бослого хөдөлгөө, зэвсэгт мөргөлдөөн, цар тахал, төрийн захиргааны байгууллагын шийдвэр, хорио цээр, экспорт, импорт хориг зэргийг ойлгоно" гэж давагдашгүй хүчин зүйл буюу гүйцэтгэгчээс шалтгаалаагүй хүчин зүйлүүдийн нөлөөгөөр гэрээний зүйлийг хугацаанд нь хүлээлгэж өгөхгүй байх эрсдэлийн талаар тодорхой заасан Хариуцагчаас төрийн захиргааны байгууллагын буруутай шийдвэр болон гэрээ хэрэгжих хугацаанд улс даяар тулгарсан цар тахлын нөлөөний улмаас барилгыг гэрээний 3.1-д заасан хугацаанд ашиглалтад оруулж чадаагүй гэж үздэг бөгөөд энэ нь гэрээний 3.6, 6.1-д заасан нөхцөлд хамаарна гэж маргасан. Харин нэхэмжлэгч нь хариуцагчид тулгарсан нөхцөл байдал нь давагдашгүй хүчин зүйлд хамаарахгүй гэж маргасан ч дээрх давагдашгүй хүчин зүйлийн нөхцөлийг заасан гэрээний заалтууд хүчин төгөлдөр хэрэгжиж байсан.
Харин шүүхээс "Өөрөөр хэлбэл, хариуцагч *******ХХК-нь 2020 оны 02 сарын 18-ны өдөр газрын хугацаа дуусгавар болж хугацаа сунгуулахаар удаа дараа холбогдох байгууллагад хандсан боловч хугацаа сунгахаас татгалзаж, улмаар Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан үйл баримт нь Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2 дахь хэсэгт "Хугацаа хэтэрхэд хүргэсэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй" гэж заасан үндэслэлд хамаарахгүй юм" гэж хуулийг буруу тайлбарласан. Нэхэмжлэгчийн зүгээс 96 хуудас нотлох баримтыг шүүхэд гаргаж өгснийг шүүх нэг бүрчлэн үнэлэлгүйгээс хэргийн үйл баримтыг дутуу үнэлж, хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, хариуцагчийг Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаад дууссан мэтээр дүгнэж бичсэн нь үндэслэлгүй байна.
Хариуцагчийн хувьд нэхэмжлэгчтэй гэрээ байгуулахаас өмнө буюу 2019 он, 2020 оноос эхлэн газрын хугацааг сунгах талаар маргаан үүсэж, тал бүрийн аргаар холбогдох төрийн байгууллагуудад хандаж, барилгыг хугацаанд ашиглалтад оруулахаар хичээж байсан талаарх баримт хэрэгт авагдсан байгаа. Үүнийг дэлгэрэнгүй тайлбарлавал:
*******ХХК нь ******* дүүргийн ******* хороо, одоогийн ******* цогцолборыг барьж байгуулсан 1.6 га газрыг 2005 оны 02 сарын 18-ны өдрөөс эхлэн тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрхийн ******* дугаар гэрчилгээний дагуу ашиглаж ирсэн. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд зааснаар 5 жил тутамд газрын сунгалтыг тогтмол хийж явсаар 2020 оны 02 сарын 18-ны өдөр газрын хугацаа дуусгавар болсон. Үүнтэй холбогдуулан хариуцагч нь 2019 оноос эхлэн газар ашиглах гэрчилгээний хугацаагаа сунгуулахаар удаа дараа холбогдох байгууллагуудад хандаж байсан. Тухайлбал: 2020 оны 03 сарын 25-ны өдөр ******* албан бичгээр *******-д хандан газар ашиглах гэрчилгээний хугацааг сунгуулах хүсэлт өгсөн боловч 2020 оны 04 сарын 03-ны өдрийн ******* дугаар албан бичгээр хариу ирж, түүнд *******ХХК-ийн газар нь иргэн *******гийн газартай хэсэгчлэн давхцалтай тул газар ашиглах гэрчилгээг сунгах боломжгүй гэсэн хариу ирсэн. Иргэн *******гийн газар гэдэг нь ******* ХХК-ийн газрын урд талд залгаа орших 1.3 га газар болно.
Ингээд бид өөрсдийн газраа бусдын газартай давхцалтай байгааг мэдсэн дариуд: а. 2020.04.17-ны өдрийн ******* албан бичгээр *******дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд, b.2020.07.01-ний өдөр ******* албан бичгээр Байгаль орчин, аялал жуулчлалын яамд тус тус хандан давхацлыг арилган, газрын гэрчилгээний хугацааг сунгаж өгөхийг хүссэн боловч, с.2020.08.25-ны өдрийн *******дугаартай "Хариу хүргүүлж, матернал буцаах тухай", мөн 2021.12.07-ны өдрийн ******* дугаартай "Иргэн *******д" 2022.01.17-ны өдрийн ******* дугаартай "Хариу хүргүүлэх тухай" албан бичгүүд тус тус хүсэлтүүдээс татгалзаж, газар ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг "*******ХХК-ийн газар нь иргэн ******* гэх хүний газартай давхцалтай байна гэх шалтгаанаар сунгаж өгөөгүй.
Барилгын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3 дахь хэсэгт зааснаар барилга байгууламжийг ашиглалтад оруулснаас хойш 30 өдөрт багтаан холбогдох төрийн архивт шилжүүлэхээр заасан тул ийнхүү барилга байгууламжийг ашиглалтад оруулахад бүрдүүлэх материалд газрын хүчин төгөлдөр гэрчилгээ зайлшгүй шаардлагатай байдаг. Ингээд манай компани нь 2022 оны 01 сарын 27-ны өдөр Нийслэл дэх захиргааны хэргийн шүүхэд "*******ХХК-ийн ******* дугаар бүхий газар ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг сунгахгүй байгаа Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, газар ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг сунгахыг даалгах" нэхэмжлэл шаардлага гаргасан. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 сарын 10-ны өдрийн ******* дугаар шийдвэрээр нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн. Улмаар Нийслэл дэх захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 01 сарын 04-ний өдрийн ******* дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэж, Монгол Улсын дээд шүүхийн 2023 оны 03 сарын 21-ний өдрийн нийт шүүгчдийн хуралдааны ******* хяналтын гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзсанаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дуусгавар болсон.
******* ХХК нь 1/179 дугаар газрын гэрчилгээг шинэчлэн авахаар 2023.04.16-ны өдрийн *******тоот, 2023.05.10-ны өдрийн ******* тоот албан бичгүүдийг Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд гаргасан ч Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас 2023 оны 08 сарын 22-ны өдөр ******* дугаар тушаалаар газрын гэрчилгээг гаргаж өгсөн. Манай компани 2023 оны 08 сарын 21-ний өдөр барилгыг улсын комисст хүлээлгэн өгөхөөр "Нийслэлийн хотын стандарт, хяналтын газар"-т хүсэлтээ гаргасны дагуу комисс 2023 оны 09 сарын 06-ны өдөр барилга дээр ажиллаж 2023 оны 11 сарын 07- ны өдрийн ******* "Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссийн дүгнэлт"-ээр барилгыг эцсийн байдлаар ашиглалтад оруулсан.
Иймээс бид төрийн байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн эрхээ шүүхээр сэргээлгэсэн хугацааг нэхэмжлэгчтэй байгуулсан гэрээний хугацааг шалтгаангүйгээр хэтрүүлсэн, үүргээ зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй. Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2 дахь хэсэгт заасан зохицуулалтад нийцсэн тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
7. Хариуцагч талын давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга: М.кв-ын үнийг тодорхойлох боломжгүй гэдэг нь үндэслэлгүй. Учир нь 180,100,000 төгрөгийг м.кв-ыг ******* м.кв-д хуваах байдлаар 1 м.кв үнийн тодорхойлох боломжтой ба гарсан хариуг дутсан ******* м.кв үржүүлж 31,000,000 төгрөгийг гаргаж шийдвэрлэсэн. Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.3 дахь хэсэгт хувь тэнцүүлэн эд хөрөнгийн үнийг буцааж төлөх нь үндэслэлтэй гэж зааснаар шүүх хуулийг хэрэглэсэн нь үндэслэлтэй. Түүнчлэн хариуцагч хугацаа хэтрүүлсэн асуудлыг төрийн байгууллагын буруутай холбоотойгоор шүүхийн шийдвэр гарсан гэж тайлбарладаг. Гэхдээ тухайн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд ажиллагаа явагдсан ч барилгын ажлыг зогсоосон, түдгэлзүүлсэн захирамж, шийдвэр гараагүй. Тухайн барилгын ажлыг 2023, 2024 онуудад засвар бүрэн дуусаж ашиглалтад орсон. Түүнчлэн хариуцагч тал барилгын засварын ажил хэзээ хийгдэж дууссан гэдгийг нотлоогүй бөгөөд 2021 онд засварын ажил дууссан гэж тайлбарладаг. Гэтэл тухайн 2020, 2021 онуудад зөвхөн араамаар карказ боссон бөгөөд 2024 онд барилгын ажил хийгдэж дууссан. Бид анх Иргэний хуулийн 343 дугаар зүйлийг баримталж нэхэмжлэл гаргасан боловч шүүх Иргэний хуулийн 243 дугаар зүйлээр шийдвэрлэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т зааснаар шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******ХХК-д холбогдуулан ******* дүүргийн ******* хороо, ******* гудамж, ******* зориулалттай цогцолборын ******* блок ******* дугаар давхрын ******* тоотод байх ******* м.кв үйлчилгээний талбайн өмчлөгчөөр тогтоолгож, улсын бүртгэлд бүртгүүлэхтэй холбоотой бичиг баримтыг гаргаж өгөхийг даалгах, дутсан талбайн төлбөр 31,804,472 төгрөг, олох байсан орлого 15,742,625 төгрөг, алданги 8,149,500 төгрөг, нийт 55,696,597 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, гэрээний төлбөрийг нэхэмжлэгч хугацаандаа төлөөгүйн алданги 2,177,537 төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргажээ.
3. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүйн улмаас шүүхийн шийдвэр хуульд нийцээгүй байна. Уг алдааг давж заалдах шатны шүүхээс залруулж, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг дараах үндэслэлээр хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
4. Худалдан авагч *******, худалдагч *******ХХК нарын хооронд 2021 оны 11 сарын 19-ний өдөр ******* дугаартай Үйлчилгээний талбайн захиалга, хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр худалдагч нь ******* дүүргийн ******* хороо, ******* гудамж, *******цогцолборын ******* блок, ******* давхрын ******* тоот бүхий ******* м.кв үйлчилгээний талбайг 181,100,000 төгрөгийн нэрлэсэн үнээр худалдаж, барилгыг 2022 оны 3-р улиралд ашиглалтад оруулахаар, худалдан авагч нь төлбөрийн 50 хувь болох 90,550,000 төгрөгийг 2021.12.31-ний өдөрт багтаан төлж, үлдэх төлбөрийн 50 хувь болох 90,550,000 төгрөгийг гэрээний хавсралтад заасан хуваарийн дагуу төлөхөөр тус тус харилцан тохиролцсон байна.
Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн талаар зөв тогтоожээ.
Нэхэмжлэгч нь хариуцагчийн Хаан банкин дахь *******тоот дансанд 2021 оны 12 сарын 03-ны өдрөөс 2023 оны 11 сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд нийт 181,100,000 төгрөгийг төлсөн үйл баримтад хариуцагч маргаагүй. Худалдах-худалдан авах гэрээгээр худалдан авагч нь хэлэлцэн тохирсон үнийг төлж худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүрэгтэй тул нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******ХХК-аас гэрээний үүргээ биелүүлэхийг шаардах эрхтэй талаархи анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй.
5. Дээрх гэрээгээр хариуцагч тус барилгыг 2022 оны 3-р улиралд ашиглалтад оруулж, нэхэмжлэгчид хүлээлгэн үүрэгтэй байсан ч тухайн барилгыг 2023 оны 11 сарын 07-ны өдрийн ******* дугаартай Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссийн дүгнэлт-ийг үндэслэн улсын комисс байнгын ашиглалтад хүлээн авсан байх тул хариуцагч *******ХХК нь гэрээний 3.1-д заасан үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Хариуцагч гэрээний үүргээ хугацаанд нь гүйцэтгэж чадаагүй нөхцөл байдлыг төрийн байгууллагын буруутай шийдвэрийн улмаас барилгыг хугацаанд оруулж чадаагүй, энэ нь компанийн буруутай үйл ажиллагаа биш гэж тайлбарласан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар татгалзлын үндэслэлээ хэрэгт хамаарал бүхий баримтаар нотлоогүй байна.
Хариуцагчийн дээрх барилгыг барьж буй ашиглах эрх бүхий 15,911.9 м.кв газрын ашиглалтын хугацаа 2020 оны 02 сарын 18-ны өдөр дуусахтай зэрэгцэн уг газрын ашиглах эрхийн хугацааг сунгуулахаар Байгаль орчин аялал жуулчлалын яам татгалзсан, хариуцагч 2022 оны 02 сард нэхэмжлэл гаргасан нь хэрэгт нотлох баримтаар авагджээ. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 сарын 10-ны өдрийн******* дугаар шийдвэрээр *******ХХК-ийн газар ашиглах эрхийн *******дугаар гэрчилгээний хугацааг сунгахыг Байгаль орчин аялал жуулчлалын яаманд даалгаж шийдвэрлэсэн, тус яамнаас 2023 оны 08 сарын 22-ны өдөр ******* дугаартай гэрчилгээг хариуцагч *******ХХК-д олгосон байна.
Гэвч эдгээр үйл баримт нь Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2 дахь хэсэгт Хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй гэсэн хууль зүйн үндэслэлд хамаарахгүй, энэ талаархи анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй. Хариуцагч нь барилгыг гэрээний хугацаанд буюу 2022 оны 3-р улиралд багтаан барьж дуусгасан, газрын гэрчилгээ сунгагдаагүйгээс улсын комисс ажиллахгүй боломжгүй болж, хугацаа алдсан гэх боловч энэ талаархи баримт хэрэгт нотлох баримтаар авагдаагүй.
Харин *******ХХК-аас 2022 оны 01 сарын 27-ны өдөр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тус шүүхийн 2022 оны 10 сарын 10-ны өдрийн ******* дугаар шийдвэрийн тодорхойлох хэсэгт ...*******бүтээн байгуулалтыг хийж байгаа бөгөөд 2019 онд эхэлсэн барилгын ажил одоогоор 70-80 хувийн гүйцэтгэлтэй... гэж дурдсан, мөн 2023 оны 11 сарын 07-ны өдрийн ******* дугаартай Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссийн дүгнэлт-ийн 2.1-д Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээний хугацааг 2023.07.05-ны өдөр сунгасан зэргээс үзвэл хариуцагчийн дээрх тайлбар хэргийн байдалтай нийцээгүй, нэхэмжлэгчийн ...барилгын ажил 2023 оны 11 сард дууссан... гэх тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт зааснаар бодит үнэнд нийцсэн байна.
6. Нэхэмжлэгч Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт заасан аль нэг эрхээ хэрэгжүүлэлгүйгээр дутуу нийлүүлсэн талбайг өөртөө үлдээж, харин үнийг бууруулахаар шаардсан нь худалдан авагчийн сонголт бөгөөд энэ нь мөн хуулийн 254 дүгээр зүйлийн 254.2 дахь хэсэгт заасантай нийцнэ. Нэхэмжлэгч худалдан авсан үйлчилгээний талбайн бодит хэмжээг ******* ХХК-аар 2023 оны 12 сарын 26-ны тогтоолгоход тус талбай *******м.кв болох нь нотлогдож, гэрээнд заасан 40.03 м.кв талбайгаас 7,03 м.кв-аар дутсан байна. Анхан шатны шүүх талбайн зөрүүгээс үүссэн үнийг талуудын хооронд байгуулсан гэрээний 2.1, 2.2-т заасан талбайн м.кв, гэрээний үнээс тооцон хувааж /181,100,000/*******/ нэг м.кв талбайд ногдох үнийг 4,524,107 төгрөгөөр, ******* м.кв талбайн үнэ /*******/ 31,804,472 төгрөг болохыг тооцож, уг төлбөрийг хариуцагчаас гаргуулсан нь мөн хуулийн 254 дүгээр зүйлийн 254.4 дэх хэсэгт заасантай нийцсэн, анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ.
Түүнчлэн нэхэмжлэгч үйлчилгээний зориулалттай талбайг хариуцагчаас худалдан авч, талбайн хэмжээг гэрээнд заасан нь худалдан авагчийн хүсэл зоригийн илэрхийлэл гэж үзэх тул гэрээний үнэ тодорхойлоход талбайн хэмжээ гэрээний гол нөхцөлд хамаарах ач холбогдолтой байна. Иймээс талууд гэрээний нийт нэрлэсэн үнийг 181,100,000 төгрөгөөр тохиролцсоныг шүүх харгалзан үзээгүй, гэрээний үнийг зөвхөн талбайн хэмжээгээр тооцоогүй тул шаардах эрхгүй гэсэн хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй.
7. Зохигч үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд харилцан алданги шаардсаныг шүүх хангаж шийдвэрлэсэн нь буруу болжээ. Талуудын хооронд байгуулсан гэрээний 5.2-т Захиалагч төлбөрийг хугацаанд нь төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөгдөөгүй үнийн дүнгийн 0.01 хувьтай тэнцэх алдангийг гүйцэтгэгчид төлнө гэж, мөн 5.3-т Гүйцэтгэгч үйлчилгээний зориулалттай талбайг хугацаанд нь ашиглалтад оруулаагүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гэрээний төлөгдсөн үнийн дүнгийн 0.01 хувьтай тэнцэх алдангийг захиалагчид төлнө гэж тохиролцсон байна.
Зохигчийн шүүхэд гаргасан тайлбарууд, хэргийн баримтаас үзвэл нэхэмжлэгч нь гэрээний 2.3, 4.1-т зааснаар гэрээний үлдэгдэл төлбөр 90,550,000 төгрөгийг гэрээний хавсралтад заасан хуваарийн дагуу төлөөгүй, хугацаа хэтрүүлжээ.
Тодруулбал, хэргийн 9 талд авагдсан ******* цогцолборын ******* блок *******дугаар давхарын ******* тоот үйлчилгээний талбайн захиалагчийн төлбөр төлөлтийн хүснэгт-д заасан хугацаанд төлбөл зохих үүргээ нэхэмжлэгч биелүүлээгүй нь хариуцагч *******ХХК-ийн Хаан банкин дахь ******* тоот дансанд 2021 оны 12 сарын 03-ны өдөр 20,000,000 төгрөг, 04-ний өдөр 16,220,000 төгрөг, 23-ны өдөр 20,000,000 төгрөг, 27-ны өдөр 34,330,000 төгрөг, мөн 2022 оны 08 сарын 20-ны өдөр 5,000,000 төгрөг, 09 сарын 07-ны өдөр 20,000,000 төгрөг, 15-ны өдөр 10,000,000 төгрөг, 19-ний өдөр 10,000,000 төгрөг, 23-ны өдөр 10,000,000 төгрөг, мөн 2023 оны 03 сарын 05-ны өдөр 20,000,000 төгрөг, 14-ний өдөр 5,550,000 төгрөг, 11 сарын 30-ны өдөр 10,000,000 төгрөг төлсөн баримтаар тогтоогджээ. Энэ тохиолдолд нэхэмжлэгч Иргэний хуулийн 224 дүгээр зүйлийн 224.2.3-т зааснаар алданги шаардах эрхээ алдах үр дагавартай байхад шүүх үйл баримтыг буруу дүгнэж, хариуцагчаас 8,149,500 төгрөгийн алданги гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй тул нэхэмжлэгчийн алданги гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн энэ талаар гаргасан давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй.
Хариуцагчийн хувьд тухайн барилгыг гэрээний хугацаанд ашиглалтад оруулж, нэхэмжлэгчид хүлээлгэн өгөх үүргээ зөрчсөнийг өмнө дүгнэсэн. Гэрээний үнийг төлөх нэхэмжлэгчийн үүргийн хувьд хариуцагч үүрэг гүйцэтгүүлэгч бөгөөд хариу үүрэг болох барилгыг гэрээний хугацаанд ашиглалтад оруулах үүргээ хариуцагч мөн биелүүлээгүй учир нэхэмжлэгчээс алданги шаардах эрхээ алдана. Шүүх нэхэмжлэгчээс 2,177,537 төгрөгийн алданги гаргуулан хариуцагчид олгосон нь хууль зүйн үндэслэлгүй боловч нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргаагүй учир талуудын зарчимд нийцүүлэн анхан шатны шүүхийн шийдвэрийн энэ шийдлийг хэвээр үлдээнэ.
8. Дээрх үндэслэлээр хариуцагч талын давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 сарын 14-ний өдрийн 183/ШШ2024/04109 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтын ...39,953,972 төгрөгийг... гэснийг 31,804,472 төгрөгийг гэж, ...15,742,625 төгрөгийг... гэснийг 23,892,125 төгрөгийг гэж өөрчилж,
2 дахь заалтын ...1,318,975 төгрөгийг... гэснийг 316,972 төгрөг гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч *******ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 357,719 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД
ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ
Э.ЭНЭБИШ