Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 363

 

 

 

  

 

 

 

   2019         05          16                                    2019/ШЦТ/363    

 

 

                                   

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ж.Буянжаргал хөтөлж,

улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Эрдэнэтуяа /томилолтоор/,

шүүгдэгч Ч.Э- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

   Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Т овогт Ч-ийн Э-д холбогдох эрүүгийн 1910002820347 дугаартай хэргийг 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол улсын иргэн,

 

 

 

 

Холбогдсон хэргийн талаар

/яллах дүгнэлтэнд бичигдснээр/

Шүүгдэгч Ч.Э- нь 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Ирээдүй” хотхоны гадна хамтран амьдрагч Д.Б-тай маргалдаж, улмаар нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

            Шүүгдэгч Ч.Э- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугийн талаар маргахгүй гэв.

 

Эрүүгийн 1910002820347 дугаартай хэргээс:

 

Хохирогч Д.Б- мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: Э- бид хоёрт албан ёсны гэрлэлтийн баталгаа байхгүй. 2018 оны 01 дүгээр сараас хойш хамтран амьдарч байна. Би 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өглөө 08 цагийн үед нөхөр Э-ын хамт гэрээсээ гараад өөрийн эзэмшлийн .... ... улсын дугаартай автомашинд суусан. Би нөхөртөө хандаж “чамайг ажил руу чинь хүргэж өгчихөөд машинаа авч явна” гэхэд “би чамд машин өгч явуулахгүй” гэсэн. Үүнээс болж бид хоёр маргалдаад тэрээр миний нүүр рүү зүүн гарын ар хэсгээрээ нэг удаа цохисон. Миний дээд уруул сэтэрч цус гарахаар нь цагдаад мэдэгдсэн. Өөрөөр намайг зодож цохиогүй. Э- өмнө нь намайг 2 удаа цохиж зодож байсан. Тухайн үед би Цагдаагийн байгууллагад болон гэрийнхэндээ мэдэгдэж байгаагүй. ...Би гомдолгүй, нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 10-13-р хуудас/,

Гэрч Д.Б- мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: Миний эгч Д.Б- Ч.Э-тэй гэр бүл болоод 2 жил болж байгаа. Энэ хоёрын гэр бүлийн хоорондын харьцаа нь сайн байдаг. Би өнгөрсөн оны 03 дугаар сараас 08 дугаар cap хүртэл хамт амьдарсан. Намайг байх хугацаанд ямар нэгэн хэрүүл маргаан зодоон гарч байгаагүй. Э-, Б- хоёр дундаасаа хүүхэдгүй хоёулхнаа амьдардаг...гэх мэдүүлэг /хх-ийн 23-р хуудас/,

         Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Хүний биед үзлэг хийсэн Шүүх эмнэлгийн №1598 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

“...Хэсэг газрын үзлэгт: Дээд уруулын баруун хэсэгт 1.5см урттай мэс заслын 4 оёдол бүхий шархтай, шархны эргэн тойрон хавдартай. Дүгнэлт:

1. Д.Б-гийн биед дээд уруулд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ.

3. Шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. /хх-ийн 26-р хуудас/,

Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт /хх-ийн 40-45-р хуудас/,

Шүүгдэгч Ч.Э- мөрдөн байцаалтанд яллагдагчаар мэдүүлэхдээ: …Би 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өглөө 08 цагийн үед гэрээсээ гараад эхнэр Б-гийн хамт ажил руугаа явах гэтэл манай эхнэр “би чамайг ажил руу чинь хүргэж өгчихөөд машинаа аваад явна” гэж хэлснээс болж бид хоёр маргалдсан. Би машинаа бариад хөдөлтөл эхнэр машины жолооны хүрднээс мушгисан. Би уурлаад зүүн гарын алганы ар хэсгээрээ Б-г нэг удаа уруул хэсэгт нь цохисон. Эхнэр Б-гийн уруул хэсгээс цус гарсан. Би ажил дээрээ очоод эхнэрт машинаа өгөөд явуулсан. Тэрнээс өөр зүйл болоогүй...гэх мэдүүлэг /хх-ийн 37-р хуудас/,

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 46-р хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 47-р хуудас/, ял шалгах хуудас /хх-ийн 49-р хуудас/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 52-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

 

Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримтуудаар: Ч.Э-, Д.Б- нар нь 2017 оноос хамтран амьдарч байгаа бөгөөд “Тоёота Приус” маркийн ........ улсын дугаартай автомашиныг худалдаж авч, хамтран эзэмшдэг байна. 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өглөө 08 цагийн үед Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Ирээдүй” хотхоны гадна хохирогч Д.Б- нь “машинаа ажил руугаа унаж явна” гэснээс маргаан үүсэж, шүүгдэгч Ч.Э- нь хохирогч Д.Б-гийн нүүр рүү гараараа цохиж биед нь “дээд уруулд шарх, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн гэмтэл учруулсан болох нь:

 

Хохирогч Д.Б-гийн ...Би нөхөр Э-од “чамайг ажил руу чинь хүргэж өгчихөөд машинаа авч явна” гэхэд “би чамд машин өгч явуулахгүй” гэсэн. Үүнээс болж бид хоёр маргалдаад тэрээр миний нүүр рүү зүүн гарын ар хэсгээрээ нэг удаа цохисон. Миний дээд уруул сэтэрч цус гарсан...гэх мэдүүлэг /хх-ийн 10-13-р хуудас/,

 

         Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Хүний биед үзлэг хийсэн Шүүх эмнэлгийн №1598 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

1. Д.Б-гийн биед дээд уруулд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ.

3. Шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. /хх-ийн 26-р хуудас/,

Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт /хх-ийн 40-45-р хуудас/,

Мөрдөн байцаалтанд Ч.Э- яллагдагчаар өгсөн: …Эхнэр Б-гийн хамт ажил руугаа явах гэтэл манай эхнэр “би чамайг ажил руу чинь хүргэж өгчихөөд машинаа аваад явна” гэж хэлснээс болж бид хоёр маргалдсан. Би машинаа бариад хөдөлтөл эхнэр машины жолооны хүрднээс мушгисан. Би уурлаад зүүн гарын алганы ар хэсгээрээ Б-г нэг удаа уруул хэсэгт нь цохисон. Эхнэр Б-гийн уруул хэсгээс цус гарсан...гэх мэдүүлэг /хх-ийн 37-р хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

         Шүүгдэгч Ч.Э-, хохирогч Д.Б- нар нь гэрлэлтээ албан ёсоор батлуулаагүй ч 2017 оноос хамтран амьдарч байгаа болох нь хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлгээр тогтоогдож байх тул Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн үйлчлэлд хамаарах гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай гэж үзнэ.   

 

            Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэдгийг “...гэх бүлийн харилцаатай хамаарал бүхий хүнийг зодох, харгис хэрцгий харьцах, догшин авирлах, тарчлаах, эд хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд нь халдах, сэтгэл санаанд нь дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодид халдсан үйлдэл, эс үйлдэхүйг” ойлгохоор хуульчилсан байна.

 

          Шүүгдэгч Ч.Э-ын хамтран амьдрагч хохирогч Д.Б-гийн нүүр рүү гараараа цохиж хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэмт хэргийн бүрэлдэхүүнийг шинжийг бүрэн хангасан байна.

                  

Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Ч.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан ба шүүгдэгч Ч.Э- нь өөрөө өөрийгөө өмгөөлөн оролцохдоо гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.

 

Иймд улсын яллагчийн гаргасан дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Ч.Э-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

           Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

            Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Д.Б-гийн биед хөнгөн хохирол учирсан байх боловч хохирогч нь хор уршигтай холбоотой нотлох баримтыг хэрэгт ирүүлээгүй ба хохирогч нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй /хх-ийн 13-р хуудас/ гэснийг нь тогтоолд дурдав.

 

           Эрүүгийн хариуцлагын талаар.

 

           Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

            Шүүгдэгч Ч.Э- нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээ прокурорт гаргасан ба улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах тухай эрүүгийн хариуцлагын саналыг хохирогч Д.Б-, шүүгдэгч Ч.Э- нарт танилцуулж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн байна.

 

Шүүгдэгч Ч.Э- нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын лавлагааны санд бүртгэгдээгүй ял шийтгэлгүй байна.

 

Шүүхээс шүүгдэгч Ч.Э-од эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болон шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тэрээр Хилийн цэргийн 0151 дүгээр ангид харуулын даргаар ажилладаг, тогтмол орлоготой хувийн байдлыг харгалзан улсын яллагчийн гаргасан торгох ялын саналын хүрээнд шүүгдэгч Ч.Э-од торгох ял оногдуулах үндэслэлтэй гэж үзэв.

 

 Шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Ч.Э-од мэдэгдэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Ч.Э- нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

                                                      ТОГТООХ нь:

 

            1. Т овогт Ч-ийн Э-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Э-ыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлээгүй тохиолдолд торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Ч.Э-од мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Ч.Э- нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч нар эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

6. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Ч.Э-од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.  

 

 

 

                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Х.ОДБАЯР