| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэчимэг Энэбиш |
| Хэргийн индекс | 101/2023/03724/И |
| Дугаар | 210/МА2025/00048 |
| Огноо | 2025-01-03 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 01 сарын 03 өдөр
Дугаар 210/МА2025/00048
******* ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, шүүгч Ч.Цэнд, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 сарын 08-ны өдрийн 101/ШШ2024/04583 дугаар шийдвэртэй,
******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, *******т холбогдох,
Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Энэбишийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Эрдэнэжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 сарын 26-ны өдрийн ******* дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 04 сарын 13-ны өдрийн ******* дугаар магадлалаар ******* ХХК, *******, ******* нараас 1,344,591,588 төгрөгийг гаргуулан ******* ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад үүргийн гүйцэтгэлд барьцаалсан *******гийн өмчлөлийн *******дүүргийн ******* хороо, ******* ******* дугаар байр, ******* тоотод орших ******* м.кв талбайтай орон сууцны үнэлгээг 770,610,000 төгрөгөөр тогтоосныг 2023 оны 05 сарын 10-ны өдөр хүлээн авсан. Тус хотхон нь тансаг зэрэглэлийн, ногоон төгөл, хиймэл нуур, спорт цогцолбор, сургууль, цэцэрлэг, худалдаа, үйлчилгээний газар бүхий цогц байгууламж бөгөөд уг орон сууцыг анх 2015 онд 700,000,000 төгрөгөөр худалдан авсан ба одоо зах зээлийн үнэлгээ нь 1,300,000,000 төгрөг болж өссөн.
Ойролцоо байршил, ижил төрлийн орон сууцны 1 м.кв нь 8,700,000 төгрөгөөс дээш байхад барьцаа хөрөнгийн 1 м.кв-ыг 5,171,879 төгрөг буюу нийт 770,610,000 төгрөгөөр тогтоосон нь зах зээлийн үнээс илт доогуур байна. Хөрөнгийн үнэлгээний компани нь орон сууцанд биечлэн үзлэг хийж, орон сууцны байдал, засан сайжруулалтыг харгалзан ижил төрлийн хөрөнгүүдтэй харьцуулах замаар бодит үнэлгээг тогтоогоогүй нь хөрөнгийг үнэгүйдүүлэхэд хүргэсэн. ******* ХХК хөрөнгийн үнэлгээний тайланг тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болсон байхдаа гаргасан тул тус компанийн 2023 оны 05 сарын 10-ны өдрийн үнэлгээний тайланг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатын шүүхийн 2022 оны 01 сарын 26-ны өдрийн ******* дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 04 сарын 13-ны өдрийн 690 дугаар магадлалаар ******* ХХК, *******, ******* нараас 1,344,591,588 төгрөгийг гаргуулж ******* ХХК-д олгож шийдвэрлэсний дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулсан. Хөрөнгийн үнэлгээ хуульд нийцэж, бодитой гарсан тул ******* ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэг зааснаар *******т холбогдох Улсын бүртгэлийн ******* дугаар гэрчилгээтэй ******* дүүргийн ******* дүгээр хороо, ******* ******* дугаар байр, ******* тоот хаягт байрлах ******* м.кв талбайтай орон сууцны үнэлгээг хүчингүй болгуулах ******* ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч ******* ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлого болгож шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:
4.1. Хэрэгт хөрөнгийн үнэлгээний тайлан нотлох баримтын шаардлага хангасан хэлбэрээр авагдсан тул нэхэмжлэгчийн хувьд үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний тайланд үндэслэж, шаардлагын үндэслэлээ тайлбарлах бүрэн боломжтой байхад нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэх үндэслэлээр шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад үнэлгээчин *******ийг гэрчээр оролцуулахад тэрээр хэмжилт хийх тусгай зөвшөөрөлгүй байсан нь тогтоогдсон ба үл хөдлөх эд хөрөнгийн бодит хэмжээнд тооцоолол хийлгүйгээр шууд улсын бүртгэлийн гэрчилгээ дэх м.кв-ыг үндэслэн хэмжилт хийсэн нь бодит байдалтай нийцэхгүй тайлан гарахад нөлөөлсөн. Тодруулбал хэргийн 91-р талд хөрөнгийн үнэлгээг өртгийн хандлагаар тооцоолж нийт талбайг хэмжихдээ талбайн итгэлцүүрийг 1 м.кв талбайн төсөвт өртөг (БХБС-ын 203-р тогтоолын 16-д үндэслэв) гэх ба уг тогтоолын 16-д Стандарт, хэмжил зүйн үндэсний зөвлөлийн ******* дугаар тогтоолоор баталсан Орон сууцны барилгын доторх сууцны талбай тооцох аргачлал ******* гэх стандартын дагуу тооцсон талбайн хэмжээг үндэслэн тухайн орон сууцны өртийг тодорхойлохоор тусгажээ. Тухайн ******* стандартын 1.1 Орон сууцны барилгын доторх сууцны талбайн хэмжээг тооцох арга зүйг тодорхойлоход хамаарна гээд хэмжилт хийх багаж төхөөрөмж, дараалал гэх мэт сууцны барилгын доторх сууцны талбайн хэмжээг тооцох арга зүйг нарийн тодорхойлсон байна. Гэвч тухайн стандартад нийцүүлэн хэмжилтийг хийгээгүйгээс үүдэн м.кв-ын зөрүү байгаа эсэхэд дүгнэлт хийх боломжгүйд хүрснээс үүдэлтэй хөрөнгийн үнэлгээ бодитой болоогүй.
4.2. Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг зах зээлийн жишиг үнийн аргаар тооцохдоо үнэлэгдэж буй обьектын хувьд хийцлэл шинж, техникийн үзүүлэлтүүдээр жишигдэхүйц хөрөнгийн арилжааны мэдээллийг нээлттэй зах зээлээс сонгон авч судлаад ханш, ерөнхий байдал зориулалт, одоо байгаа төлөв байдал зэрэг үзүүлэлтүүдийг тус үл хөдлөх хөрөнгийн эзэдтэй нь уулзах, утсаар холбогдох, фото зургийг харах зэргээр судалж байршил, хүрээлэн буй орчин зэрэгт тохируулга хийж зах зээлийн үнэлгээний хандлагаар үнэлгээг гаргасан гэх боловч тэдгээр хүмүүстэй уулзсан, утсаар ярьсан болон бодитой зураг хийцлэлийг харуулсан зураг зэргийг баримтжуулаагүйгээс үүдэн зах зээлийн хандлагаар бүрэн, зөв тодорхойлсон эсэхэд эргэлзээг үүсгэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.
5. Нэхэмжлэгч талын давж заалдах гомдолд гаргасан хариуцагч талын тайлбарын агуулга: Хөрөнгийн үнэлгээний ******* ХХК-ийн шинжээч нь эрх, үүрэгтэйгээ танилцаж холбогдох хуульд нийцүүлэн дээрх үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн. Мөн үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг гаргахдаа тухайн орон сууцанд биечлэн очиж үзсэн талаар тайлбарласан. Нэхэмжлэгч дээрх үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг зөвшөөрөхгүй, зах зээлийн үнэлгээнээс хэт доогуур үнэлсэн гэж тайлбарладаг ч энэ талаар шүүхэд хандаж байгаагүй. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад дээрх хөрөнгийн үнэлгээний үнийг мэдэгдэхдээ Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-д Хөрөнгийн үнэлгээний талаар талуудаас гомдол гаргаагүй тохиолдолд төлбөр төлөгч энэ хуулийн 55.3-т заасан шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор өөрийн хөрөнгийг уг шийдвэрт зааснаас багагүй үнээр бие даан худалдан борлуулах тухай санал гаргаж болно гэж мэдэгдсэн боловч энэ талаар санал хүсэлт гаргаагүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянаад, гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч *******т холбогдуулан ******* ХХК-ийн 2023 оны 05 сарын 09-ний өдрийн хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж маргажээ.
3. Анхан шатны шүүх хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, маргааны үйл баримтыг зөв дүгнэжээ.
4. ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 сарын 26-ны өдрийн ******* дугаартай шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 04 сарын 13-ны өдрийн ******* дугаар магадлалаар ******* ХХК, *******, ******* нар 1,344,591,588.49 төгрөгийг хуваарийн дагуу ******* ХХК-д төлөх, төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд нэр бүхий 5 барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Уг барьцаа хөрөнгөд улсын бүртгэлийн ******* дугаартай, *******дүүргийн ******* хороо, ******* ******* байрны ******* тоот хаягтай, ******* өрөө орон сууц багтжээ.
Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааг 2022 оны 08 сарын 26-ны өдөр үүсгэж, барьцаа хөрөнгө болох *******гийн өмчлөлийн, ******* дүүргийн ******* хороо, ******* ******* байрны ******* тоот хаягтай, улсын бүртгэлийн *******дугаартай, *******м.кв талбай бүхий *******өрөө орон сууцыг битүүмжилж, хураах ажиллагааг тус тус явуулсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49, 54 дүгээр зүйлүүдэд заасантай нийцсэнийг анхан шатны шүүх зөв тогтоосон.
5. Хариуцагч байгууллага нь барьцаа хөрөнгийн зах зээлийн үнэлгээг тогтоох ажиллагаа явуулсан ба хөрөнгийн үнэлгээг тогтоосон уг ажиллагаа хуульд нийцсэн эсэх нь маргааны зүйл болжээ.
5.1. Хариуцагчийн зүгээс барьцаа хөрөнгийг албадан дуудлага худалдааны журмаар худалдан борлуулахтай холбоотойгоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талуудаас үнийн санал авахад төлбөр төлөгч ******* 1,200,000,000 төгрөгөөр, ******* ХХК 1,341,000,000 төгрөгөөр үнэлж, ******* үнийн санал гаргаагүй бол төлбөр авагч ******* ХХК-аас 521,500,000 төгрөгийн үнийн санал ирүүлснийг талууд худалдах хөрөнгийн үнийн талаар тохиролцоогүй гэж үзнэ.
Иймээс хариуцагч Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасны дагуу 2023 оны 05 сарын 04-ний өдрийн 5/169 дугаартай тогтоолоор ******* ХХК-ийн үнэлгээчин *******ийг шинжээчээр томилсон нь хуульд нийцжээ. Шинжээч тухайн үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэлгээ 2023 оны 05 сарын 09-ний өдийн байдлаар 770,610,000 төгрөг болохыг тогтоосон тайлангаа шийдвэр гүйцэтгэх байгууллагад ирүүлснийг үндэслэн хариуцагчаас 2023 оны 05 сарын 10-ны өдөр төлбөр төлөгч ******* ХХК, *******, *******, төлбөр авагч ******* ХХК нарт тус тус мэдэгдэж, тайланг хүлээлгэн өгсөн ажиллагаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт заасан журмын дагуу явагдсан байна.
5.2. Нэхэмжлэгч ******* ХХК дээрх мэдэгдлийг хүлээн авч 2024 оны 01 сарын 17-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасан шүүхэд нэхэмжлэл гаргах хуульд заасан хугацааг хэтрүүлээгүй байна.
5.3. Нэхэмжлэгчээс хөрөнгийн үнэлгээний ******* ХХК-ийн үнэлгээчин ******* хэмжилт хийх тусгай зөвшөөрөлгүй, орон сууцны бодит хэмжээг тогтоогоогүй болон хөрөнгө үнэлэх ажиллагааг зохих ёсоор явуулаагүйгээс хөрөнгийн үнэлгээ бодитой болоогүй гэсэн агуулгаар давж заалдах гомдлыг гаргасан.
а. Хэрэгт авагдсан үнэлгээний тайлангаас үзэхэд ******* ХХК нь хөрөнгийн үнэлгээ хийх үйл ажиллагааны чиглэлийн талаар тус компанийн улсын бүртгэлийн гэрчилгээнд тусгагдсан нь Компанийн тухай хуулийн 8 дугаар зүйлд нийцсэн, мөн тус компанийн үнэлгээчин ******* Аж ахуйн үйл ажилагааны тусгай зөвшөөрлийн тухай /2001 оны/ хуулийн 15 дугаар зүйлийн 15.4.9-д зааснаар хөрөнгийн үнэлгээ хийх эрхтэй болох нь ******* тусгай зөвшөөрлийн гэрчилгээгээр тогтоогдсон, уг тусгай зөвшөөрлийг 2021 оны 03 сарын 23-ны өдрөөс 3 жилийн хугацаагаар сунгасан байх тул шинжээчийн тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан гэх гомдол үндэслэлгүй.
б. Шинжээч нь барьцаа хөрөнгийг өртөгийн, орлогын болон зах зээлийн хандлагын аргуудыг ашиглан үнэлсэн нь тайлангийн 6. Хөрөнгийн үнэлгээ хэсэгт тодорхой тусгагдаж, улмаар хөрөнгийг худалдан борлуулах зорилгын үүднээс тухайн аргуудын хамгийн өндөр үнэ тогтоогдсон (өртгийн хандлагын аргаар 374,557,500,17 төгрөг, орлогын хандлагын аргаар 494,272,143 төгрөг, зах зээлийн хандлагын аргаар 770,610,000 төгрөг) зах зээлийн хандлагын аргаар үнэлэгдсэн 770,610,000 төгрөгийн үнэлгээг сонгожээ. Шинжээч үнэлэгдэж буй хөрөнгийн үнийг ийнхүү тогтоосон нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4, 4.1.5-д заасан зарчимд нийцсэн бөгөөд мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.3-т заасан хөрөнгийн үнэлгээний зүйлийн тогтоосон үнэ цэнэ зохих үндэслэлтэй, тодорхой байх, 8.3.10-д заасан хөрөнгийн үнэлгээний зүйлийн үнэ цэнийг тогтооход хэрэглэсэн арга, тэдгээрийн нийцтэй байдал-ын шаардлагыг тус тус хангасан байна.
в. Дээрх үнэлгээний өртгийн хандлагын аргаар тогтоосон хэсэгт тухайн орон сууцны өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээнд талбайн хэмжээг 149 м.кв гэж тусгасныг үндэслэн зохих тооцоолол хийснийг буруутгахгүй. Учир нь гэрчилгээнд тусгагдсан талбайн хэмжээ нь Орон сууцны барилгын доторх сууцны талбай тооцох аргачлал ******* стандартад нийцээгүй гэж үзэх баримт хэрэгт авагдаагүй.
г. Мөн тайлангаас үзвэл шинжээч нь үнэлэгдэж буй ******* дүүргийн ******* дүгээр хороо, ******* ******* байрны ******* тоотод орших ******* м.кв талбайтай ******* өрөө орон сууцыг тухайн хотхонд байршилтай, 2023 оны 04-05 сарын байдлаар худалдахаар зар тавигдсан ******* м.кв талбай бүхий, 3 өрөө орон сууцуудтай харьцуулан үнэлсэн нь мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3-т хөрөнгийн үнэлгээг мэргэжлийн түвшинд, хууль тогтоомж, үнэлгээний олон улсын болон үндэсний стандарт, холбогдох журам, аргачлалын дагуу явуулах үүргээ биелүүлж ажилласан гэж үзнэ.
д. Нэхэмжлэгч талаас барьцаа хөрөнгийн зах зээлийн үнэлгээ нь үнэлгээний тайланд тусгагдсан үнээс өндөр үнэтэй болохыг болон хөрөнгө үнэлэх ажиллагаа хуульд нийцээгүйг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар шүүхэд нотлоогүй байх тул энэ талаархи анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.
Иймээс нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй байна.
6. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 сарын 08-ны өдрийн 101/ШШ2024/04583 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ШҮҮГЧИД Ч.ЦЭНД
Э.ЭНЭБИШ