| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хашхүүгийн Одбаяр |
| Хэргийн индекс | 187/2019/0344/Э |
| Дугаар | 364 |
| Огноо | 2019-05-16 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Х.Эрдэнэтуяа |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 05 сарын 16 өдөр
Дугаар 364
2019 05 16 2019/ШЦТ/364
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ж.Буянжаргал хөтөлж,
улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Эрдэнэтуяа,
шүүгдэгч Ц.Г- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн М овогт Ц-гийн Г-т холбогдох эрүүгийн 1910009310344 дугаартай хэргийг 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол Улсын иргэн,
Холбогдсон хэргийн талаар
/яллах дүгнэлтэнд бичигдснээр/
Шүүгдэгч Ц.Г- нь 2019 оны 04 дүгээр сарын 08-ны орой 17 цагийн үед Хан-Уул дүүргийн ... дугаар хорооны .. дугаар хэсэгт гудамжинд М.Э-ыг “мөнгө авсан шигээ өгч сур, гуйлгачин” гэлээ гэж уурлан улмаар түүний нүүрэн тус газар нь 4-5 удаа алгадаж зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Ц.Г- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхөөс татгалзаж, мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугийн талаар маргахгүй гэв.
Эрүүгийн 1910009310344 дугаартай хэргээс:
Хохирогч М.Э- мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: Би 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Хан-Уул дүүргийн ... дугаар хороо .. дугаар хэсэгт 17 цагийн үед нэг шил 0.33 савлагаатай архи уучихаад явж байтал зүс таних Г-тай таарсан. Г- урьд нь надаас 20.000 төгрөг зээлээд өгөхгүй байсан юм. Тухайн үед Г-тай таараад мөнгөө нэхтэл “гэрт очоод ав, машинд суу” гэхээр нь машинд нь суугаад явсан. Г- гэрийнхээ гадаа намайг буулгаад “үхлээ юу чи” гээд миний нүүр рүү цохисон. Би газар унахад миний хоёр хацар руу баруун зүүн гараараа алгадсан. Тэр үед миний толгой эргээд байсан. Тэгээд боссон чинь миний баруун талын дээд хоёр шүд унасан байхаар нь “чи шүд унаагасан байна шүү” гэж хэлсэн. Одоо миний биеийн байдал хэвийн байна. Би гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 8-р хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Хүний биед үзлэг хийсэн Шүүх эмнэлгийн №4427 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:
“...Хэсэг газрын үзлэгт: Доод үзэгдэх шүднүүд үгүй бүгд хуучин унасан буйл мөлгөр баруун дээд 3-р шүднээс бусад үзэгдэх баруун дээд шүднүүд үгүй, баруун дээд 4, 5-р шүд булгарсан буйл хонхор цус хуралттай, бусад хэсгийн буйл мөлгөр, зүүн дээд 3, 4, 5, 7-р шүднээс бусад шүд үгүй хуучин унасан буйл мөлгөр, зүүн дээд 5, 7-р шүд суларсан. Зүүн завьжны салст язарсан, цус хуралттай, баруун талд завьжны салст язарсан, зүүн талд эрүү орчим бага зэрэг хавдартай эмзэглэлтэй, ам ангайлт хязгаарлагдсан. Дүгнэлт:
1. М.Э-ын биед баруун дээд 4, 5-р шүдний булгарал, буйланд цус хуралт, зүүн дээд 5, 7-р шүдний сулрал, завьжны салстын язрал, цус хуралт, эрүүний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна.
3. Гэмлтийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /хх-ийн 19-р хуудас/,
Шүүгдэгч Ц.Г- мөрдөн байцаалтанд яллагдагчаар мэдүүлэхдээ: …Би 2019 оны 04 дүгээр сарын 08-ны орой 17 цагийн орчим 7 дугаар хэсгийн гудамжинд явж байтал зүс таних Э- машины урдуур гүйгээд ороод ирсэн. Би “яасан ах” гэж асуухад “мөнгөө авмаар байна” гэж хэлсэн. Би урьд нь Э- ахаас 20.000 төгрөг зээлсэн байсан юм. Би Э-ыг “гэрт очоод мөнгөө ав” гээд машиндаа суулгасан. Гэрийн гадаа очоод мөнгийг нь өгөхөд Э- ах “авсан шигээ өгч сурахгүй хогийн гуйлгачин” гэхээр нь миний дургүй хүрээд нүүр рүү нь 4-5 удаа алгадсан. Тэгтэл “миний шүд унасан байна” гэж хэлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 28-р хуудас/,
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд гэрч П.О-ийн мэдүүлэг /хх-ийн 15-р хуудас/, гэрч Г.Ууганбаярын мэдүүлэг /хх-ийн 17-р хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 32-р хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 33-р хуудас/, ял шалгах хуудас /хх-ийн 34-р хуудас/, Хан-Уул дүүргийн шүүхийн 2002 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 129 дугаартай Таслан шийдвэрлэх тогтоол /хх-ийн 37-р хуудас/, Хан-Уул дүүргийн шүүхийн 2007 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 25 дугаартай шийтгэх тогтоол /хх-ийн 38-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.
Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримтуудаар: 2019 оны 04 дүгээр сарын 08-ны орой 17 цагийн үед Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны 7 дугаар хэсэг, гудамжинд М.Э-, Ц.Г- нар тааралдсан байна. Хохирогч М.Э- нь шүүгдэгч Ц.Г-аас зээлсэн мөнгөө нэхсэн ба хохирогч нь “мөнгө авсан шигээ өгч сур, гуйлгачин” гэж хэлснээр шүүгдэгч Ц.Г- уурлан хохирогчийн нүүр рүү 4-5 удаа цохиж биед нь “баруун дээд 4, 5-р шүдний булгарал, буйланд цус хуралт, зүүн дээд 5, 7-р шүдний сулрал, завьжны салстын язрал, цус хуралт, эрүүний зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн гэмтэл учруулсан болох нь:
Хохирогч М.Э-ын ...Г-тай таараад мөнгөө нэхтэл “гэрт очоод ав, машинд суу” гэхээр нь машинд нь суугаад явсан. Г- гэрийнхээ гадаа намайг буулгаад “үхлээ юу чи” гээд миний нүүр рүү цохисон. Би газар унахад миний хоёр хацар руу баруун зүүн гараараа алгадсан. Тэр үед миний толгой эргээд байсан. Тэгээд боссон чинь миний баруун талын дээд хоёр шүд унасан байхаар нь “чи шүд унаагасан байна шүү” гэж хэлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 8-р хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Хүний биед үзлэг хийсэн Шүүх эмнэлгийн №4427 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:
1. М.Э-ын биед баруун дээд 4, 5-р шүдний булгарал, буйланд цус хуралт, зүүн дээд 5, 7-р шүдний сулрал, завьжны салстын язрал, цус хуралт, эрүүний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна.
3. Гэмлтийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /хх-ийн 19-р хуудас/,
Шүүгдэгч Ц.Г- мөрдөн байцаалтанд яллагдагчаар мэдүүлэхдээ: …Би Э-ыг “гэрт очоод мөнгөө ав” гээд машиндаа суулгасан. Гэрийн гадаа очоод мөнгийг нь өгөхөд Э- ах “авсан шигээ өгч сурахгүй хогийн гуйлгачин” гэхээр нь миний дургүй хүрээд нүүр рүү нь 4-5 удаа алгадсан. Тэгтэл “миний шүд унасан байна” гэж хэлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 28-р хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг харьцуулан судалж үзвэл: шүүгдэгч Ц.Г-ийн хохирогч М.Э-ын нүүр рүү цохиж биед нь хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн бүрэлдэхүүнийг шинжийг бүрэн хангасан байна.
Иймд улсын яллагчийн гаргасан дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Ц.Г-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэстэй байна.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч М.Э-ын биед хөнгөн хохирол учирсан байх боловч хохирогч нь хор уршигтай холбоотой нотлох баримтыг хэрэгт ирүүлээгүй ба хохирогч нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй /хх-ийн 9-р хуудас/ гэснийг нь тогтоолд дурдав.
Эрүүгийн хариуцлагын талаар.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Ц.Г- нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээ прокурорт гаргасан ба улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах тухай эрүүгийн хариуцлагын саналыг хохирогч М.Э-, шүүгдэгч Ц.Г- нарт танилцуулж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн байна.
Шүүхээс шүүгдэгч Ц.Г-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болон шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тэрээр хувиараа хөдөлмөр эрхэлж орлого олдог хувийн байдлыг харгалзан улсын яллагчийн гаргасан торгох ялын саналын хүрээнд шүүгдэгч Ц.Г-т торгох ял оногдуулах үндэслэлтэй гэж үзэв.
Шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Ц.Г-т мэдэгдэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Ц.Г- нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. М овогт Ц-гийн Г-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Г-ийг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлээгүй тохиолдолд торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Ц.Г-т мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Ц.Г- нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч нар эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
6. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Ц.Г-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ОДБАЯР