| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Цэнд |
| Хэргийн индекс | 102/2016/02853/И |
| Дугаар | 102/ШШ2016/04937 |
| Огноо | 2016-08-23 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 08 сарын 23 өдөр
Дугаар 102/ШШ2016/04937
| 2016 оны 08 сарын 23 өдөр | Дугаар 102/ШШ2016/04937 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж, Голомт хотхон С байр, 92 тоотод оршин суух, Боржигон овогт Жигжидсүрэнгийн Сайнжаргал /РД-ШЕ65070261/-ын,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 25/1-2 дугаар байрны 904 тоотод оршин суух, Мөнх овогт Жамъянсүрэнгийн Мөнхжаргал /РД-ЧН66091507/-д холбогдох,
Эд хөрөнгө хөлслөх гэрээний үүргийн гүйцэтгэлд 16,200,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 3 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, мөн сарын 22-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.Сайнжаргал, түүний өмгөөлөгч Ц.Алимаа /шүүхэд төлөөлөх эрх-0182/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энхтүвшин, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Мөнхжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ж.Сайнжаргал шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2015 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр түрээслэгч Ж.Мөнхжаргалтай түрээсийн гэрээ байгуулсан.
Гэрээ байгуулсан өдрөө түрээсийн зардал 1,000,000 төгрөг, ашиглалтын зардалд 80,000 төгрөг, барьцаанд 1,000,000 төгрөг, нийт 2,080,000 төгрөг бэлнээр авч, эд хөрөнгө хүлээлцэх акт үйлдэн гэрээ байгуулж, цаашид түрээсийн төлбөр болох 1 сая төгрөгийг сар бүр төлж байхаар тохиролцсон юм. Гэтэл Ж.Мөнхжаргал нь төлөхгүй удаа дараа намайг хуурч мэхэлж, их ажил хийж байгаа хүний дүр үзүүлж, удахгүй найз нь түрээсийн мөнгөө төлнө гэж хуурч явсаар 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдөр болгосон. Энэ өдөр би Ж.Мөнхжаргалтай уулзаж, ярилцаад чи 3 сарын түрээсийн төлбөрөө төлсөнгүй, төлбөрөө төл, эсхүл өрөөнөөс гар гэж хэлэхэд хариуцагч нь би өрөөнөөс чинь гарахгүй, миний ажил урагштай сайхан явагдаж байгаа. Надад энэ өрөө их өгөөжтэй байгаа, одоо найз нь маш том гэрээ хийх гэж байгаа гээд утсан дээрээсээ миний тооцож чадахааргүй их мөнгөн дүнтэй ажлын гэрээ харуулж, 2015 оны 12 дугаар сарын 31 буюу гэрээний хугацааг дуустал түрээсийн төлбөрөө төлөхгүй байж байгаад нэгмөсөн 6, 6 сараар түрээсийн төлбөрөө өгч байя гэж хэлсэн. Би өмнөх төлбөрөө төлөөгүй байхад чамд яаж итгэх юм бэ гэж асуухад Ж.Мөнхжаргал хоёулаа гэрээгээ сунгаад нотариатаар батлуулчихья гэсэн. Би нотариатаар батлуулахаар албан ёсных болох юм байна гэж итгээд саналыг зөвшөөрч гэрээгээ сунгахаар нотариат дээр очсон. Бидний анх байгуулсан гэрээ засвартай байсан.
Яагаад гэвэл улсын бүртгэлтийн дугаар байхгүй, өрөөний хэмжээг 45 м.кв гэж бичсэн байсан юм. Нотариатаар гэрээг батлуулах гэж байсан тул гэрээнд улсын бүртгэлийн дугаар болон талбайн хэмжээг засаад гэрээг Ажлын байрны түрээсийн гэрээ гэж гарчиглан, гэрээний эхний нүүрийг сольсон юм.
Гэрээний хамгийн сүүлийн хуудасны доод хэсэгт сунгалт хэсгийг бичих гэж байгаад алдаатай бичиж засварласан. Ингээд нотариатаар батлуулах гэсэн боловч нь нотариатч засвар орсон гэрээг гэрчлэхгүй гэж хэлсэн учраас гэрээний хамгийн сүүлийн хуудасны алдаатай бичиж засварласан хэсгийг урж, түүний дээд хэсэгт буюу гэрээний 5.4 дэх хэсэгт нь 2015 оны 12 дугаар сарын 31-нээс 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл сунгав гэж бичээд 4 хувь хуулбарлан нотариатаар батлуулсан.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч намайг Ж.Мөнхжаргалыг гараад явсан хойгуур гэрээнд сунгалтын талаар нэмж бичээд гарын үсэг зуруулсан гэж тайлбарлаж байна. Гэтэл гэрээний бүх хувь дээр Ж.Мөнхжаргалын цэнхэр балаар зурсан гарын үсгийн эх хувь байгаа. Хэрвээ гэрээг гарын үсэг зурсны дараа канондсон бол гарын үсгийн эх хувь харагдахгүй, канондсон харагдана.
Мөн гэрээний хамгийн сүүлийн хуудасны ураад авсан хэсэг дээр Ж.Мөнхжаргал төлбөрийг 6, 6 сараар төлнө гэж бичээд гарын үсэг зурсан байгааг хааш нь хийх юм бэ.
Ж.Мөнхжаргал нь 2015 оны 8 дугаар сард өрөөнөөс гарсан, түүнээс хойш ашиглаагүй гэсэн байдаг. Тиймээс би н.Өнөр-Отгонтөгсийг гэрчээр асуулгаж, хариуцагчийг 2016 оны 2 дугаар сарыг хүртэл өрөөг ашиглаж байсан гэдгийг нотлуулсан. Ж.Мөнхжаргал төлбөрөө 6, 6 сараар өгнө гэж тохиролцсон учраас би 2015 оны 12 дугаар сард түүн рүү их залгасан боловч утсаа авахгүй байсан. Би аргаа бараад мессеж бичсэн. Над руу хааяа л хариу мессеж бичиж завгүй байна, 2-3 хоногийн дараа уулзая, санаа зоволтгүй өнөөдөр хүлээлцэнэ гэж бичдэг байсан боловч өдийг болтол түрээсийн төлбөрөө төлөөгүй учраас шүүхэд нэхэмжлэл гаргасан.
Иймд Ж.Мөнхжаргалаас 2015 оны 6 дугаар сарын 01-нээс 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл 10 сарын түрээсийн төлбөрт 10,800,000 төгрөг, түрээсийн гэрээний үүргээ зөрчсөний 5,400,000 төгрөгийн алданги, нийт 16,200,000 төгрөг нэхэмжилж байна.
Түрээсийн төлбөрөөс барьцаанд авсан 1,000,000 төгрөгийг суутгаагүй бөгөөд нэхэмжлэлээс хасахад татгалзахгүй. Тэрийг тооцсонгүй гэв.
Хариуцагч Ж.Мөнхжаргал шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Би Ж.Сайнжаргалтай 2015 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр Төмөрчдийн гудамж, 8 дугаар байрны 404 тоот 40 м.кв талбайг 1 сая төгрөгөөр түрээслэхээр тохиролцсон барьцаа 1 сая төгрөг төлж, 2015 оны 5 дугаар сарын 10-нд уг байранд орсон. Түрээсийн байрыг оффисын зориулалтаар ашиглахаар тохиролцсон доторхи зарим эд зүйлсийн хамт түрээслэсэн болно.
Ж.Сайнжаргал нь түрээслэх хугацаанд 1 удаа намайг эзгүйд ирсэн байсан, би түүнээс хойш 2 удаа утсаар ярихад Америк явах гэж байна гэсэн.
Манай хүмүүс энэ гарах санал тавьсан, хэтэрхий жижиг, хэт халуун, шороо тоос ихтэй, ажиллахад хүндрэлтэй байна гээд бид түрээсээ 8 дугаар сараар тасалбар болгон 9 дүгээр сараас эхлэн тэнд дахин очиж ажиллаагүй болно. Энэ тухайгаа Ж.Сайнжаргалд хэлэхэд тэр дургүйцэн түрээслэгч дахин олоход хэцүү түрээслэгч олтол та нар түр байж бай гэсэн.
Бид 9 сараас эхлэн ажиллаагүйг манай ажилчид бүгд мэдэж байгаа. Уг өрөөг түрээслэхдээ Монголын цахилгаан холбооны утас, интернэт тавиулсан бөгөөд гарсан өдрөөр тасалбар болгосон байгаа.
Нэхэмжлэгч Ж.Сайнжаргал нь түрээслэхдээ бүх түлхүүр авч үлдсэн байсан бөгөөд биднийг эзгүйд орсон байсан.
Дараа нь 10 сард над руу гэнэт утастаж яаралтай уулзая гэхээр нь оффист очиход ХААН банкнаас зээл авах гэтэл би дандаа орлого бэлнээр авдаг болохоор болдоггүй, чи туслаач, түрээсийн гэрээг шинээр хийж, түрээсийн мөнгөө 6, 6 сараар авдаг гэж харуулах хэрэгтэй байна гэж хэлсэн. Би дургүйцэхэд надад туслаач гэж гуйсан. Тэгээд өөрөө гэрээгээ бичээд хажуугийн нотариатчийг таньдаг гээд ороход байхгүй байсан. Утастаад дуудахад тэр ирсэн. Би паспорт байхгүй гэтэл манай охин гадаа машинд байгаа гэж хэлээд яах ч аргагүй би паспортоо авчирч бүртгүүлээд гарсан. Харин Ж.Сайнжаргалд түрээсэлсэн 5-8 сарын 2 сарын төлбөрөө төлсөн, одоо 2 сарын төлбөр төлнө. Зальдаж хийсэн гэрээний төлбөрийг төлөх ёсгүй гэж үзэж байна гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн Г.Энхтүвшин шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Ж.Мөнхжаргал, Ж.Сайнжаргал нарын хооронд 2015 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр гэрээ байгуулж, Төмөрчдийн гудамж, 8 дугаар байрны 404 тоот 43 м.кв талбайг сарын 1 сая төгрөгөөр түрээслэхээр тохиролцсон.
Хариуцагч төлбөрөө төлөөгүй зөрчил гаргаж байсан. 2015 оны 5 дугаар сарын 01-нээс 6 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх төлбөрийг анх гэрээ байгуулсан өдрөө төлсөн. Харин уг өдрөөс хойш 8 дугаар сарын 31-нийг хүртэл хугацааны 3 сарын төлбөрийг төлөөгүй гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа. Үүнээс хойш байрнаас нь гаръя гэж Ж.Сайнжаргалд мэдэгдэх гэж байтал Америк явах гэж байсан гээд уулзахгүй, ярихгүй байсан учраас хүлээлгэж өгөөгүй өрөөнөөс гарсан гэж хэлсэн.
Анх байгуулсан түрээсийн гэрээг нотариатаар батлуулаагүй. Гэрээг хэргийн материалд өгсөн байгаа. Эхний гэрээ нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.2, 318.4-т заасны дагуу улсын бүртгэлд бүртгүүлээгүй хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж байна.
Тиймээс өрөөнөөс гарахдаа түрээслүүлэгчид урьдчилан мэдэгдэх үүрэггүй болж байгаа юм.
2015 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Ж.Сайнжаргал, Ж.Мөнхжаргалыг дуудаж уулзан банкнаас зээл авах гэсэн боловч орлого нотолсон баримт авчир гээд байна. Хоёулаа түрээсийн гэрээг дахин бичээд, нотариатаар гэрчлүүлэе гэж гуйж, хажууд таньдаг нотариатч байгаа гээд дагуулж очин 2 дахь гэрээг хийсэн байдаг. Гэрээг байгуулсан огноог 2015 оны 4 дүгээр сарын 30-ны өдрөөр бичсэн нь хүн амын орлогын албан татвараас зайлсхийж улсын бүртгэлд бүртгүүлээгүй байж байгаад орлого тодорхойлох баримт хэрэгтэй болсны улмаас дахин гэрээ хийсэн гэж үзэхээр байна. Гэтэл уг гэрээг мөн оны 10 дугаар сарын 12-ны өдөр байгуулсан байгаа. Хэрвээ гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэж байгаа бол гэрээний нэмэлт хэсэг гэж шинээр бичих ёстой байсан.
Сүүлийн гэрээний нүүр хэсгийн толгойг Ажлын байрны түрээсийн гэрээ болгон өөрчилж, бэлдээд нотариатч дээр ирсэн. Гэрээний сүүлийн 2 хуудас хуучнаараа байсан учраас хуучин гэрээг сунгаж байгаа шүү гэж хэлсэн. Ж.Мөнхжаргал дургүйцсэн ч гарын үсгээ зураад гараад явсны дараа гэрээний 5.4 буюу нэмэлт гэсэн хэсэг дээр 2015 оны 6 дугаар сарын 31-нээс 2016 оны 6 дугаар сарын 31-нийг хүртэл сунгав гэж бичиж оруулсан. Тиймээс би гэрээний жинхэнэ эх хувь буюу Ж.Мөнхжаргал гарын үсэг зурсан хувь нь хаана байна гэхээр нэхэмжлэгч нь байхгүй, Ж.Мөнхжаргал гарын үсэг зурсан байгаа биз дээ гэдэг.
Энэ ажиллагаа нотариатч Д.Одгэрэлийн тусламжтайгаар хийгдэж байгаа юм. Гэрээг канондож байхдаа нотариатч мэдэж байсан талаар хэлж мэдэхгүй байна. Магадгүй Ж.Сайнжаргал хариуцагчийг явсны дараа гэрээний 5.4-т нэмэлт гэсэн хоосон цаасан дээр сунгалтын талаар бичээд нотариатаар батлуулсан байж болох юм.
Хэрвээ нотариатч энэ хэрэгт ороогүй бол гэрээний эх хувь байх ёстой. Гэтэл хаана ч байхгүй байна.
Нэхэмжлэгч тал хавтаст хэрэгт байгаа тасархай цаасыг харуулж гэрээний доод хэсгийг урж авсан, энэ тал цаасан дээр Ж.Мөнхжаргалын гарын үсэг байгаа гэж тайлбарладаг. Нэг тал цаасыг нотлох баримт гэж үзэх боломжгүй. Гэрээ нь бүрэн бүтэн, талуудын гарын үсэг зурагдсан тохиолдолд хүчин төгөлдөр гэж үзнэ.
Түүнээс юун дээр гарын үсэг зурсан нь мэдэгдэхгүй цаасыг баримт гэж үзэхгүй. Ж.Сайнжаргал гэрээнд өөрөө сунгав гэж биччихээд түүнийхээ дагуу мөнгө нэхэмжилж байгаа.
Нэхэмжлэгчид түрээсэлж байгаа өрөөний түлхүүр байсан байна. Шүүх хуралдаанаас өмнө СД бичлэгт үзлэг хийхэд Ж.Сайнжаргал өрөөг өөрт байгаа түлхүүрээр онгойлгож орж байсан. Яагаад аль 2015 оны 8 сард түрээслэхээ болсон өрөөг хүлээж авахгүй байж байгаад гэнэт 2016 оны 3 дугаар сард ирж байгаа юм бэ. Өмнө нь ирж өрөөг хүлээж авах боломжтой байсан.
Өрөөг 2015.08.30-ныг хүртэл түрээсэлж байсан гэдгийг гэрч Ж.Өвгөнтангад, С.Болдбаатар нараар гэрчлүүлсэн.
Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчилж буюу 2015 оны 8 дугаар сарын 31-нийг хүртэл хугацааны 2 сая төгрөгийг хүлээн зөвшөөрнө. Үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй. Алдангийн хувьд уг гэрээ нь хүчин төгөлдөр бус учраас төлөхгүй гэв.
Шүүх зохигчдын тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ж.Сайнжаргал нь Ж.Мөнхжаргалаас эд хөрөнгө хөлслөх гэрээний үүрэгт 16,200,000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжилжээ.
Хариуцагч дээрх шаардлагаас 2 сарын төлбөр болох 2,000,000 төгрөгийг зөвшөөрч, үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй гэж марган үндэслэлээ ... гэрээний хугацааг сунгаагүй, ... нэхэмжлэгч өөрөө хариуцагчийг байхгүйд гэрээнд нэмэлт заалт оруулж бичсэн, ... түрээсийн байрыг 2015 оны 8 дугаар сарын 30-ныг хүртэл хугацаанд ашигласан, ... цаашид түрээслэхгүй гэдгээ мэдэгдэх гэхээр нэхэмжлэгч олддоггүй, Америк явсан байсан, ... улсын бүртгэлд бүртгүүлээгүй хүчин төгөлдөр бус гэрээ учир алданги төлөхгүй гэж тайлбарладаг.
Шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1-д заасан эд хөрөнгө хөлслөх гэрээний үүргийн харилцаа үүссэн гэж дүгнэн, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгов.
Учир нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 318.2 дахь заалтаас харахад түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээж, түрээслэгч нь эд хөрөнгийг зөвхөн ашиглаад зогсохгүй эд хөрөнгийн үр шим, ашиглалтын давуу талыг өөртөө олж авч үлдэх эрхтэй байхаар зохицуулсан байна.
Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтаас үзэхэд Ж.Сайнжаргал, Ж.Мөнхжаргал нар 2015 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр Түрээсийн гэрээ байгуулан, Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, 40-50 мянгат, Төмөрчний гудамж, 8 дугаар байрны 17 давхар худалдаа үйлчилгээний төвийн 4 давхрын 43.3 м.кв талбай бүхий 404 тоот өрөөг оффисын зориулалтаар 2015 оны 5 дугаар сарын 01-нээс 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл ашиглуулахаар, түрээсийн талбайн төлбөрийг 1 сарын 1,080,000 төгрөгийг сар бүрийн 25-30-ны хооронд бэлнээр болон Худалдаа хөгжлийн банкны дансанд хийхээр тохиролцжээ. /хх-53-57 дугаар хуудас/
Маргалдагч талуудын хооронд байгуулсан Түрээсийн гэрээ нэртэй гэрээний агуулгаас харахад Ж.Мөнхжаргал нь 43,3 м.кв талбай бүхий өрөөг оффисын зориулалтаар ашиглаж байхаас гадна уг эд хөрөнгө нь ердийн ашиглалтаас илүүгээр ашиглагдах боломжгүй, үр шим өгөхөд тохирохгүй байх тул тэдгээрийг эд хөрөнгө хөлслөх гэрээ байгуулсан гэж үзэх бөгөөд уг гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлэх шаардлагагүй юм.
Харин Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т заасан хэлбэрийг хангасан хүчин төгөлдөр гэрээ байна.
Хариуцагч тал гэрээний хугацааг сунгаагүй, нэхэмжлэгчийн хүсэлтээр дахин гэрээ байгуулсан, ... нэхэмжлэгч банкнаас зээл авах гээд орлогоо баталгаажуулах хэрэгтэй байна гэж гуйсан, ... гэрээнд гарын үсэг зурчихаад гараад явсан гэж, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч ... Ж.Мөнхжаргалыг гарын үсэг зураад явснаас хойш гэрээний 5.4 дэх заалтад нэмж бичин канондсон байна... гэж мэтгэлцдэг. /хх-134 дүгээр хуудасны ар тал/
Хэрэгт авагдсан баримтаас харахад талууд 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдөр дахин Ажлын байрны түрээсийн гэрээ нэртэй гэрээ байгуулж, уг гэрээний 5.4 дэх заалтад гэрээний хугацааг 2015 оны 12 дугаар сарын 31-нээс 2012 оны 12 дугаар сарын 31 хүртэл сунгав гэсэн бичилт хийн гарын үсгээ зурж, нотариатаар гэрчлүүлсэн байдаг. /хх-5-9, 49-51, 72-74, 127-129 дүгээр хуудас/
Шүүх хариуцагчийн хүсэлтээр нотариатч Д.Одгэрэлээс гэрчийн мэдүүлэг авч, мөн түүний бүртгэл болон Чингэлтэй дүүргийн улсын бүртгэл статистикийн эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газрын архивт хадгалагдаж буй хувийн хэрэгт үзлэг хийхэд талуудын хар болон цэнхэр өнгийн балаар гарын үсэг зурагдсан Ажлын байрны түрээсийн гэрээ-ний хувиуд байдаг төдийгүй нотариатын бүртгэлийн дэвтрийн үйлдлийн утга гэдэгт гэрээний хугацааг сунгав гэсэн бичилт хийж, зохигчид гарын үсгээ зуржээ. /хх-66-67, 92-94, 126-129 дүгээр тал/
Мөн хариуцагч тал 2015 оны 8 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд талбайг ашигласан, мөн оны 10 дугаар сарын 12-нд нэхэмжлэгчийн гуйлтаар гэрээ байгуулсан гэсэн атлаа тухайн өдрөө Ж.Сайнжаргалд эд хөрөнгө хөлслөх гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах тухай саналаа мэдэгдэлгүй дахин Ажлын байрны түрээсийн гэрээ нэртэй гэрээ байгуулан, анхны гэрээний хугацааг сунгаж, гарын үсэг зурж нотариатаар гэрчлүүлсэн үйл явдал нь түүний дээрх тайлбарыг үгүйсгэж байна. /хх-28-29, 73-75 дугаар тал/
Түүнчлэн маргалдагч талуудыг дахин гэрээ байгуулах үед хариуцагч нь өөрийн охиноо хамт байсан гэх тайлбар шүүхэд өгсөн боловч уг тайлбараа нотлохоор хүсэлт гаргаагүй өөрөөр хэлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д заасан журмын дагуу шүүхээр дамжуулан гэрчээс мэдүүлэг авахуулах ажиллагаа хийж гүйцэтгүүлэх эрхтэй боловч энэ эрхээ хэрэгжүүлээгүй төдийгүй гэрч Ж.Өвгөнтангад, С.Болдбаатар нарын мэдүүлэг нь тухайн өрөөг ашиглаж байсан гэдгийг нотлохоос Ж.Мөнхжаргал нь гэрээг хугацаанаас өмнө цуцлах тухайгаа нэхэмжлэгчид мэдэгдсэн, нэхэмжлэгчийн буруутай үйлдлийн улмаас өрөөг актаар хүлээлгэж өгөөгүй гэдгээ нотолж чадахгүй байна. /хх-29, 121-123 дугаар хуудас/
Хэдийгээр хариуцагч тал 2015 оны 8 дугаар сарын 30-наас хойш өрөөг хөлслөх шаардлагагүй болж, гарсан нь интернетийн төлбөр төлсөн баримтаар нотлогдоно гэж маргадаг ч түүний шүүхэд гаргаж өгсөн зарлагын баримт, Телеком Монголиа ХК-тай байгуулсан албан хэрэглэгчийн үйлчилгээний гэрээ, Монголын цахилгаан холбоо ХК-ийн үйлчилгээний ажилтны тодорхойлолт зэрэг баримтууд нь эд хөрөнгө хөлслөх гэрээг цуцалсан гэх үйл баримтын нотолгоо болохгүй юм. /хх-34-36, 60 дугаар тал/
Иймээс Ж.Сайнжаргал, Ж.Мөнхжаргал нарыг эд хөрөнгө хөлслөх гэрээний хугацааг сунгасан гэж дүгнэлээ.
Нөгөөтэйгүүр, талууд гэрээний 1.6 дахь заалтаар түрээслүүлэгч нь түрээслэгчид түрээсийн талбайг актаар хүлээлгэн өгч, актаар хүлээн авахаар түрээсийн талбайг хариуцагчийн эзэмшилд актаар хүлээлгэн өгөх үүрэг хүлээсэн байх ба нэхэмжлэгч тал үүний дагуу өрөөг актаар хүлээлгэн өгчээ. /хх-10 дугаар тал/
Гэтэл хариуцагч нь өөрийн хөлсөлж буй 404 тоот өрөөг 2015 оны 8 дугаар сарын 30-ны өдрөөс хойш ашиглаагүй гэх боловч нэхэмжлэгчийг өрөөг онгойлгох хүртэл буюу 2016 оны 3 дугаар сарын 12-ны өдрийг хүртэлх хугацаанд Ж.Мөнхжаргал нь гэрээний 1.6-д заасан үүргээ биелүүлээгүй тул Иргэний хуулийн 292 дугаар зүйлийн 292.4-т заасны дагуу өрөөг ашиглаагүй гэх хугацааны хөлс төлөхөөс чөлөөлөгдөхгүй.
Мөн хариуцагч Ж.Мөнхжаргал, өрөөг ашиглахаа больж, гарсан гэдгээ нэхэмжлэгчид мэдэгдэх боломжгүй байсан, өөрийнх нь буруутай үйлдлээс шалтгаалаагүй гэх үйл баримтаа баримтаар нотлоогүй учир Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.3-т заасны дагуу хугацаа хэтрүүлсэн үйлдэл, эс үйлдэхүйн хариуцлагыг хүлээж, алдангийг, түүнчлэн талууд гэрээгээр ашиглалтын зардалд 80,000 төгрөг төлөхөөр тохиролцсон учир хуулийн 292 дугаар зүйлийн 292.3-т зааснаар нэмэгдэл зардлыг төлөх үүрэгтэй байна.
Дээрхээс дүгнэхэд хариуцагч Ж.Мөнхжаргал Иргэний хуулийн 222 дугаар 222.1-д заасан хугацаа хэтрүүлсэн зөрчил гаргасан буюу 2015 оны 6 дугаар сараас хойш эд хөрөнгө ашигласны хөлсөө төлөөгүй гэдэг нь түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар болон зохигчдын хоорондоо харилцсан гар утасны захиагаар нотлогдож байгаа тул шүүх мөн хуулийн 288 дугаар зүйлийн 288.2.3-т заасны дагуу нэхэмжлэгчид гэрээг цуцлах эрх үүссэн гэж үзлээ. /хх-124-125 дугаар хуудас/
Нэхэмжлэгч Ж.Сайнжаргал нь 2016 оны 3 дугаар сарын 12-ны өдөр хөлсөлж буй 404 тоот өрөөг онгойлгон орж, баримтжуулсан болох нь хэрэгт авагдсан СД бичлэг, үзлэгийн тэмдэглэлээр тогтоогдсон учир уг өдрөөр эд хөрөнгө хөлслөх гэрээг цуцлагдсан гэж тооцов. /хх-130-131 дүгээр хуудас/
Иймд Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан Ж.Мөнхжаргалаас эд хөрөнгө ашигласан хугацааны буюу 2015 оны 6 дугаар сараас 2016 оны 3 дугаар сарын 12-ны өдрийг хүртэлх хугацааны хөлсөнд 9,152,000 төгрөг /9 сар 12 хоног х 36,000 төгрөг/, алданги 4,576,000 төгрөг, нийт 13,728,000 /арван гурван сая долоон зуун хорин найман мянган/ төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2,472,000 /хоёр сая дөрвөн зуун далан хоёр мянган/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Ж.Сайнжаргал, хариуцагч Ж.Мөнхжаргалтай эд хөрөнгө хөлслөх гэрээ байгуулахдаа 1 сая төгрөгийн барьцаа авсан байдаг ба уг мөнгийг нэхэмжлэлийн үнийн дүнгээс хасаагүй болох нь түүний шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогддог тул шүүх уг барьцааны мөнгийг хариуцагчийн төлөх ёстой төлбөрөөс хасч тооцсон болно.
Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 238,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагчаас 226,590 төгрөг гаргуулан Ж.Сайнжаргалд буцаан олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан Ж.Мөнхжаргалаас 13,728,000 /арван гурван сая долоон зуун хорин найман мянган/ төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2,472,000 /хоёр сая дөрвөн зуун далан хоёр мянган/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 238,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагчаас 226,590 төгрөг гаргуулан Ж.Сайнжаргалд буцаан олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрээ өөрөө гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД
|
| ||||
| |