Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2025/00054

 

       

 

 

*******ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, шүүгч Ч.Цэнд, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 сарын 22-ны өдрийн 184/ШШ2024/05245 дугаар шийдвэртэй

*******ийн нэхэмжлэлтэй, ******* ХХК, ******* нарт холбогдох

Газар чөлөөлж, блокон хашаа буулгахыг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Энэбиш илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: ******* ХХК нь манай хөрш залгаа газарт үйл ажиллагаа явуулахдаа манай эзэмшил газарт хууль бусаар нэвтрэн блокон хашаа барьж эзэмших эрхэд халдаж эхэлсэн. Энэ асуудлаар ******* дүүргийн Газрын албанд хүсэлтийг гаргаж тухайн компанид газар чөлөөлөх мэдэгдлийг хүргүүлсэн ч арга хэмжээ аваагүй, үр дүнд хүрээгүй. Тухайн газрын эзэмшигч нь ******* бөгөөд харин ******* ХХК нь тус газарт үйл ажиллагаа явуулж байгаа. Шинжээчийн дүгнэлтээс үзэхэд хариуцагч нь нэхэмжлэгчийн газарт хууль бусаар нэвтэрсэн нь нотлогддог. Иймээс газрыг албадан чөлөөлж, барьсан хашааг буулгахыг хариуцагч нарт даалгаж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч ******* ХХК-ийн тайлбар, татгалзлын агуулга: Уг маргаан бүхий газарт 2017 оноос хойш түрээсээр үйл ажиллагаа явуулж байгаа. Тухайн хашааг манай компани бариагүй, түрээслүүлэгчийн эд хөрөнгийг дур мэдэн өөрчлөх эрхгүй. Тиймээс нэхэмжлэгчийн өмчлөх эрхэд нь ******* ХХК ямар нэгэн байдлаар халдаагүй, зөрчөөгүй, тухайн газар үйл ажиллагаа явуулдаг гэдгээр хариуцагчаар татсан нь үндэслэлгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Хариуцагч ******* тайлбар гаргаагүй.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******ийн эзэмшлийн ******* дүүргийн 20 дугаар хороо, хуучин товчооны хойно байрлах, нэгж талбарын 1801709884 дугаар бүхий 2209 м.кв газрын блокон хашаагаар хашаалсан 191 м.кв газрыг чөлөөлж блокон хашааг буулгахыг хариуцагч ******* , ******* ХХК нарт даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч нараас 140,400 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

5. Хариуцагч ******* ХХК-ийн давж заалдах гомдлын агуулга: Шүүхийн шийдвэрт "Нэхэмжлэгч *******ийн эзэмшлийн нэгж талбарын ******* дугаартай ******* м.кв газрын тодорхой хэсэг буюу ******* м.кв газар дээр хөрш залгаа газрыг эзэмших эрхтэй. ******* болон үйл ажиллагаа явуулан эзэмшиж байгаа ******* ХХК-ийн блокон хашаа байрлаж, тэд тухайн газрыг ашиглаж, эзэмшиж байгаа үйл баримт тогтоогдсон гэж үндэслэжээ. Маргаан бүхий газарт 2017 оноос хойш ******* ХХК нь түрээслэн үйл ажиллагаа явуулсан ба тухайн блокон хашааг бариагүй ба газрын хууль ёсны өмчлөгч биш учир уг хашааг өөрчлөх, буулгах эрхгүй юм. Мөн тус маргаан бүхий газар дээр ******* ХХК үйл ажиллагаа явуулдаг байтал зөвхөн манай байгууллагыг хариуцагчаар татаж шүүхийн шийдвэр гаргасан нь үндэслэлгүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт зааснаар манай байгууллага хариуцагч биш юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй тул шүүхийн шийдвэрийн манай байгууллагад холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

6. Хариуцагч ******* ийн давж заалдах гомдлын агуулга: Маргаан бүхий газрын давхцалд шүүгчийн захирамжаар шинжээч томилогдсон байдаг. ******* нь тухайн маргаан бүхий газар дээр байлцаж, шинжээчийн хэмжилт үзлэгт оролцох ёстой байсан ч оролцуулах, мэдэгдэх арга хэмжээ авалгүй шинжээч нь хэмжилт үзлэг хийсэн нь үндэслэлгүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан хэргийн оролцогчийн эрхийг бүрэн хангахгүйгээр хэрэг маргааныг шийдвэрлэсэн. Тодруулбал хариуцагч над руу биечлэн (шууд) шүүхээс шинжээчийн дүгнэлт гарсан эсэх, шүүх хуралдааныг товыг мэдэгдэж нэг ч удаа залгаж, шүүхийн мэдэгдэх хуудсаар мэдэгдэж байгаагүй юм. Шүүх нь хэрэг маргааныг шийдвэрлэхдээ хэргийн оролцогчийн оролцоог бүрэн хангаагүй хэрэг маргааныг шийдвэрлэсэн. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасны дагуу анхан шатны шүүх нь хэргийн оролцогчийн оролцоог хангаагүй хэрэг маргааныг шийдвэрлэсэн тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, энэхүү хэргийг анхан шатны шүүх рүү буцааж өгнө үү гэжээ.

 

7. Хариуцагч нарын давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт хариуцагч нарын зүгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг удаашруулах зорилгоор удаа дараа шүүх хуралдааныг хойшлуулж байсныг дурдаж хэргийг хянан шийдвэрлэсэн. Шүүхээс хариуцагч нарын гаргасан хүсэлтийг удаа дараа хангаж, хэргийн материалтай танилцах боломжоор хангаж байсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг хариуцагч нарын гаргасан гомдлыг үндэслэн хянаад, давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* ХХК, ******* нарт холбогдуулан газар чөлөөлж, блокон хашааг буулгахыг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч ******* ХХК эс зөвшөөрч маргасан, хариуцагч ******* нэхэмжлэлийн талаар тайлбар гаргаагүй байна.

 

3. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байх бөгөөд зохигчийн хооронд үүссэн маргааны үйл баримтыг зөв тогтоож, хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

4. ******* дүүргийн ******* хороо, ******* хойно байх ******* тоот хаягтай, ******* м.кв талбай бүхий газрыг нэхэмжлэгч *******, мөн хаягт орших ******* тоот хаягтай, ******* м.кв газрыг хариуцагч ******* тус тус эзэмшдэг болох нь хэргийн баримтаар тогтоогдсон. Мөн хариуцагч ******* ийн эзэмшлийн газрыг хариуцагч ******* ХХК түрээслэн үйл ажиллагаа явуулдаг талаар тайлбар гаргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч талын хүсэлтээр томилогдсон шинжээч Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2024 оны 05 сарын 09-ний өдрийн ******* тоот дүгнэлтэд хариуцагч ******* , ******* ХХК-ийн хашаалсан ******* м.кв талбай бүхий блокон хашааны ******* м.кв талбай нь нэхэмжлэгчийн эзэмшлийн газартай давхцаж байгааг дүгнэсэн байна.

Хариуцагч ******* ХХК нь уг блокон хашааг тус компани бариагүй, түүнд хамааралгүй гэж тайлбарлаж байх боловч маргаан бүхий ******* м.кв талбай бүхий газар дээр үйл ажиллагаа явуулан газрыг ашиглаж байгаа нь хэргийн баримтаар тогтоогдсон байна. Мөн хариуцагч ******* ХХК-ийн давж заалдах гомдолд тус хашаанд ******* ХХК үйл ажиллагаа явуулдаг байтал зөвхөн манай компанийг хариуцагчаар оролцуулсан нь үндэслэлгүй гэж дурдсан нь анхан шатны шүүхээр хэлэлцэгдээгүй үйл баримт байх тул давж заалдах шатны шүүх уг асуудалд дүгнэлт өгөхгүй.

Иймээс хариуцагч ******* , ******* ХХК нарын эзэмшиж, ашиглаж буй блокон хашаа бүхий талбайн ******* м.кв талбай бүхий хэсэг нь нэхэмжлэгч *******ийн эзэмшлийн газартай давхцаж байгаа нь хэргийн баримтаар тогтоогдсоныг үндэслэн анхан шатны шүүх Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт заасныг баримтлан уг давхцал бүхий ******* м.кв талбайг хариуцагч нарын хууль бус эзэмшлээс чөлөөлж, блокон хашааг буулгахыг даалгаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

Анхан шатны шүүх хариуцагч ******* ХХК-ийг нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцвал зохих этгээд гэж дүгнэсэн нь үндэслэлтэй тул тус компанийн давж заалдах гомдлыг хангахгүй.

 

5. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчиж, хариуцагч ******* ийн шүүх хуралдаанд биечлэн оролцох болон хуулиар олгогдсон эрх ноцтой зөрчсөн тухай хариуцагч ******* ийн гомдлыг хангах үндэслэлгүй байна.

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг 2023 оны 07 сарын 19-ний өдөр хүлээн авч мөн сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагч ******* т нэхэмжлэл гардуулахаар нэхэмжлэгчийн тодорхойлсон ******* дүүргийн ******* хороо, ******* хорооллын ******* тоот, мөн ******* дүүргийн ******* хороо, ******* гийн гудамжны ******* тоот хаягаар тус тус мэдэгдэх хуудас явуулсан боловч эдгээр хаягт хариуцагч оршин суудаггүй, бүртгэлгүй болох нь Монгол шуудан ХК-ийн 2023 оны 08 сарын 04-ний өдрийн магадлагаагаар тогтоогджээ.

Шүүгчийн 2023 оны 10 сарын 09-ний өдрийн ******* дугаартай захирамжаар хариуцагч ******* ийг албадан ирүүлэхээр шийдвэрлэсэн, мөн 2023 оны 11 сарын 08-ны өдрийн ******* дугаартай захирамжаар хариуцагч ******* ийг шүүхийн журмаар эрэн сурвалжлах ажиллагаа явуулсны эцэст хариуцагч ******* нь 2024 оны 01 сарын 15-ны өдөр ******* т шүүхэд төлөөлөх итгэмжлэлийг 3 жилийн хугацаагаар олгож, төлөөлөгч нэхэмжлэлийн хувийг мөн өдөр гардан авсан, шүүх төлөөлөгч ******* т хуульд заасан нэхэмжлэгчийн эрх, үүргийг тайлбарлаж, нөлөөллийн мэдүүлэгтэй танилцуулсан ба төлөөлөгч хэргийн материалтай танилцжээ. Энэ үеэс эхлэн хариуцагч ******* төлөөлөгчөөр дамжуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.1-д зааснаар шүүх ийнхүү хэргийн оролцогчийн эрх, үүргийг тайлбарлан өгснөөр хариуцагч ******* ийн хувьд нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байгаа нөхцөлд үндэслэлээ тодорхойлсон тайлбар, холбогдох баримтаа шүүхэд гаргаж өгөх, өөрөө олж авах боломжгүй баримтыг шүүхийн журмаар бүрдүүлэх хүсэлт гаргах, хууль зүйн туслалцаа авах зэрэг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэрэгжүүлэх эрхээ мэдсэн гэж үзнэ.

Шинжээчийн дүгнэлт гарсан болон шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээсэн талаар шүүх 2024 оны 09 сарын 17-ны өдөр хариуцагч ******* ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* т түүний ******* дугаараар дамжуулан мэдэгдсэнийг төлөөлөгч хүлээн авчээ. Мөн шүүх хэргийг 2024 оны 10 сарын 22-ны өдөр хянан хэлэлцэхээр шүүх хуралдааны товыг тогтоож, хариуцагч ******* ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* ийн ******* дугаараар дамжуулан шүүх хуралдааны товыг мэдэгдсэн байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1, 25.1.2-т зааснаар хэргийн оролцогч нь хэргийн талаархи тайлбар, татгалзал, түүнийг нотлох баримтаа гаргах, хэргийн материалтай танилцах, шүүх хуралдаанд оролцох эрхтэй бөгөөд шүүх хариуцагч ******* ийн энэхүү эрхийг нь түүний томилсон итгэмжлэгдсэн төлөөлөгчид олгосон ба эрхээ хэрэгжүүлээгүй явдалд шүүхийг буруутгах үндэслэлгүй. Түүнчлэн хариуцагч нь шүүх хуралдааны товыг мөн хуулийн 76 дугаар зүйлийн 76.2 дахь хэсэгт зааснаар шүүхээс лавлах үүрэгтэй бөгөөд ийнхүү тодруулсан байдал хэргийн баримтаар тогтоогдсонгүй.

Иймээс хариуцагч ******* нь 2024 оны 01 сарын 15-ны өдөр ******* т итгэмжлэл олгосон хугацаанаас эхлэн төлөөлөгчөөр дамжуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсоноос хойш шүүх хуралдаан хүртэлх 281 хоногийн хугацаанд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйл, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан эрх, үүргээ хэрэгжүүлэх боломжтой байсан тул энэ талаар гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна.

 

6. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 сарын 22-ны өдрийн 184/ШШ2024/05245 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн хариуцагч ******* ХХК-ийн 70,200 төгрөгийг, хариуцагч ******* ийн 70,200 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД Ч.ЦЭНД

 

Э.ЭНЭБИШ