Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 94

 

Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Цэрэндулам даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Энхзул,

Улсын яллагч Ц.Сувдаа,

Хохирогч Э.Э ,

Шүүгдэгч Ц.Н  нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын хяналтын прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх Ц.Сувдаагийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Н ид холбогдох эрүүгийн 1915001570088 дугаартай, 163/2019/0097/э индэкстэй хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.        

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1986 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Булган аймгийн Тэшиг суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Булган аймгийн ... оршин суух, тодорхой эрхэлсэн ажилгүй, ял шийтгэлгүй, Б овогт Ц.Н  ,

Холбогдогсон хэргийн талаар: Яллагдагч Ц.Н  нь 2019 оны 04 дүгээр сарын 01-нээс 02-нд шилжих шөнө Булган аймгийн Тэшиг сумын нутаг дэвсгэрт хохирогч Э.Э гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтээр/ ТОДОРХОЙЛОХ нь:

   Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Н ийн өгсөн: Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Э.Э гийн өгсөн: Мөрдөн байцаалтын шатанд миний өгсөн мэдүүлэг үнэн зөв тул мэдүүлэг өгөхгүй гэв.

1915001570088 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн байцаалтын шатанд:

  Яллагдагч Ц.Н ийн өгсөн: 2019.04.01-ний өдрөөс 02-нд шилжих шөнө гэртээ найзууд болох Г той архи ууж байгаад түүнтэй маргалдаж байгаад нэг мэдсэн эхнэрийн гарнаас цус гарчихсан байхаар нь гайхаад л эхнэрийнхээ гарыг боож өгөөд хүргэн ахынд очоод ахын машинтай эхнэрээ аваад сумын эмнэлэг дээр ирсэн. Тухайн үедээ би өөрөө бүх болсон асуудлаа мэдэхгүй байгаа юм. Г  бид хоёр манайд ирсэн З  буюу Ц  ахтай маргалдаад байхаар нь өмөөрч Г  бид хоёр маргалдаад  Г  намайг зүүн нүдрүү цохиод авахаар нь уурандаа л тийм зүйл болсон байсан. Тухайн үед би эхнэртэйгээ бол хэрүүл маргаан хийгээгүй, хүүхдээ унтуулах гээд том өрөөндөө л байсан.  Г той маргалдаад сүх бариад авахаар л эхнэр намайг болиулах гэж дундуур орж ирээд цохиулчихсан гэж байсан. Би эхнэрийнхээ биед гэмтэл учруулсанаа хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг /хх-41-42 тал/

Хохирогч Э.Э гийн өгсөн: 2019.04.01-ний орой Булган аймгийн Тэшиг сумын 5 дугаар багт инээдмийн баярын жүжиг зохион байгуулсаныг очиж үзсэн. Тухайн үед нөхөр хамт явж үзэж байсан ба гарч яваад найзуудтайгаа таараад архи уучихсан байсан ба намайг дуусгаад гараад ирсэн нилээд согтчихсан байсан. Тэгээд бид 2 гэрлүүгээ харьсан ба Г , Э  гэх 2 найз нь мөн хамт манайд очсон. Манайд очихдоо тэр хэд 0.75 литрийн Ерөөл архи, 2.5 литрийн савлагаатай 1 пиво авч очсон байсан. Түүнийгээ тэр 3 хувааж уугаад би 2 бага хүүхэдтэйгээ том өрөөндөө унтуулах гээд байж байхад л тэр хэд архи пивоо уугаад л орж гараад байсан. Тэгээд Г  манайд байхдаа Д  гэж дууддаг найзыгаа дуудсан ба тэр нь ганцаараа эрүүл ирсэн. Э надад ор засаад өгөөч гээд би ор засаж өгөөд унтуулсан. Тэгээд байж байсан манай нөхөр хэнтэй нь ямар асуудлаас болсонг мэдэхгүй маргалдаад орж гараад хэрүүл хийгээд байсан. Тэгээд л хүүхдээ тэвэрсэн чигээрээ нэг харсан манай нөхөр хурц сүхээ барьчихсан зогсож байхаар нь хүүхдээ орон дээр тавиад гүйж очтол Г манайхаас гараад гүйсэн л манай нөхөр сүхээрээ миний зүүн гарын шуун дээр цохиод гэмтээчихсэн. Тэгээд л эмнэлэг дээр очсон. Тухайн үедээ манай нөхөр архи уучихсан байсан ба гарыг маань гэмтээчихлээ гэсэн миний гарыг боож өгөөд эмнэлэг рүү авч явсан. Нөхөр бид 2-н хооронд бол ямар нэгэн хэрүүл маргаан бол болоогүй. Тэгээд маргааш нь Орхон аймагт ирж нэгдсэн эмнэлэгийн гэмтлийн тасагт үзүүлж хэвтээд өчигдөр өдөр эмнэлгээс гарсан. Зүүн гарын шууны бүдүүн яс нь хугарсан, булчин мах нь тасарсан байна гэсэн. Тэгээд одоо бол гарын хуруунууд бүгд хөдөлж байгаа. Миний хувьд нөхөр бид 2 маргалдсаны улмаас ийм зүйл болоогүй, намайг цохих гэж санаатайгаар цохиж гэмтэл учруулаагүй учраас гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх- тал/,

Гэрч О.С ийн өгсөн: “...Унтаж байсан чинь Э.Э  үхлээ гээд орилоод гарынх нь шуунд нь цус гарчихсан гэрлүүгээ гүйгээд ороод ирэхээр нь сэрээд очтол Ц.Н  алчуураар гарыг нь боогоод гэрээсээ аваад гараад явсан. Тухайн үед юу болсоныг нь ойлгоогүй..” гэх мэдүүлэг /хх- тал/

Гэрч Х.У ын өгсөн: “...Би гэртээ унтаж байхад шөнө 02 цаг өнгөрч байхад Ц.Н , эхнэр Э.Э г дагуулчихсан манай гэрт ирээд эмнэлэг дээр хүргээд өгөөч гэхлээр нь юу болсон талаар асуухад гар болохоо больчихсон гэхлээр нь Э.Э гийн гарлуу харахад алчуураар боочихсон цус гараад байхлаар нь яаралтай Тэшиг сумын эмнэлэг дээр хүргэж өгсөн” гэх мэдүүлэг /хх  тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 276 дугаартай

1. Э.Э гийн биед зүүн гарын шуу болон богтос ясны дунд 1/3-ээр ил хугарал, зүүн шуунд зүсэгдсэн шарх, зүүн гарын тэнийлгэгч булчингуудын тасрал бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хурц үзүүр ирмэгтэй зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.   

3. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулна.

4. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.  

5. Ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх байдлыг эдгэрэлтээс шалтгаалан тогтооно.

6. Гэмтэл нь 2019.04.02-нд үүссэн байж болно гэх дүгнэлт /хх 35 тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 277 дугаартай 

  1. Ц.Н ийн биед зүүн нүдний зовхинд цус хуралт үүсчээ.
  2. Уг гэмтэл нь мохоо зүйлийн, нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байхаар байна.  
  3. Уг гэмтэл нь 1-3 хоногийн өмнө үүссэн байхаар байна.
  4. Гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй гэх дүгнэлт /хх 37 тал/, 

Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол /хх 1-2 тал/, хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай тогтоол /хх 5 тал/, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-6 тал/,  хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-07-10 тал/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-11-12 тал/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-13-16 тал/, багийн засаг даргын тодорхойлолт /хх 43-44 тал/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 47 тал/  зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.    

Хавтаст хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Ц.Н  нь 2019 оны 04 дүгээр сарын 01-нээс 02-нд шилжих шөнө Булган аймгийн Тэшиг сумын нутаг дэвсгэрт хохирогч Э.Э гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан хууль зүйн факт, үйл баримт болжээ.  

Энэ үйл баримтаас дүгнэлт хийхэд  мөрдөн байцаалтын ажиллагаа хуулийн дагуу явагдсан, түүний гэм буруугаа хүлээн мэдүүлсэн гэх мэдүүлэг, хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа, орон зай, хэргийн сэдэлт шалтгаан, учирсан хор уршгийн талаар хоорондоо зөрүүгүйгээр өгсөн хохирогч Э.Э , гэрч О.С ийн өгсөн мэдүүлэг, Х.У ын өгсөн мэдүүлэг  хохирогчийн биед учирсан, гэмтлийг “хүндэвтэр” зэргийн гэмтэл болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 276 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байна.       

Хэрэгт хохирогч, гэрч нарын мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, шинжээчийн дүгнэлтийг тусгай мэдлэг эзэмшсэн, эрх бүхий шинжээч гаргасан тул нотолгооны ач холбогдолтой гэж шүүх үнэлэв.

Хэргийн зүйлчлэл зөв, хэргийн талаар нотолбол зохих байдлууд нотлогдсон, Аймгийн прокурорын газрын  хяналтын прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх Ц.Сувдаагийн шүүгдэгч Ц.Н ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн нь үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Ц.Н  нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна .    

Шүүгдэгч Ц.Н ийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Э.Э гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан ба хохирол нэхэмжлээгүй болохыг дурьдвал зохино.  

  Шүүгдэгч Ц.Н ид ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол хор уршигийг нөхөн төлсөн байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Шүүгдэгч Ц.Н  нь хөнгөн ангилалын гэмт хэрэг үйлдэж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдлыг харгалзан ялыг хөнгөрүүлж, торгох ял оногдуулах нь зүйтэй байна.  

Харин шүүгдэгчийн хөрөнгө цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэлээ.  

Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Ц.Н  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримтгүй, эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг хурц сүхийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:    

1. Шүүгдэгч Б овогт Ц.Н ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.   

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ц.Н ийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.     

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Н  нь 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгийн торгуулийг хэсэгчлэн сар бүр 100000 төгрөг төлүүлж, торгуулийн ялыг биелүүлэх хугацааг 5 сарын хугацаагаар тогтоосугай.    

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Ц.Н  нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд төлөөгүй бол 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын 1 хоногтой дүйцүүлж, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 8.5-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг сүхийг ширхэгийг  тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

6. Шүүгдэгч Ц.Н  нь энэ хэрэгтэй цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, бичиг баримтгүй болохыг тус тус дурьдсугай.

7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Н ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга  хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13, 38.1 дүгээр зүйлүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.   

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               С.ЦЭРЭНДУЛАМ