| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхтайваны Чингис |
| Хэргийн индекс | 105/2018/0120/Э |
| Дугаар | 1022 |
| Огноо | 2019-06-25 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Ганбулган |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 06 сарын 25 өдөр
Дугаар 1022
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баярмаа,
Улсын яллагч Б.Ганбулган,
Шүүгдэгч Б.О нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Б.О холбогдох эрүүгийн 1906 03382 1444 дугаартай хэргийг 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1977 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр Хэнтий аймгийн Өндөрхаан суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Баянзүрх дүүргийн 28 дугаар тоотод оршин суух бүртгэлтэй, гавъяа шагналгүй,
Хэнтий аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2006 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 68 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 5 хоногийг хугацаатай хорих ялаар шийтгүүлж, уг хорих ялыг 2 жилийн хугацаатай тэнсэн харгалзсан, регистрийн дугаар, хэрэг хариуцах чадвартай, Б.О .
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Б.О нь 2019 оны 6 дугаар сарын 2-ны өдөр Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, Хужирбулангийн 1 дүгээр хэсгийн 5-166 тоотод хохирогч Б.Гансүхтэй маргалдаж, улмаар гараараа нүүрэн тус газар нь цохиж, хутгаар зүүн бугалган тус газар нь хатгаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараахи нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.О мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв учраас өнөөдрийн шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй...Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү.” гэв.
Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас хохирогч Б.Гансүхийн өгсөн мэдүүлэг /хх-4-6, 10-11/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн 6890 дугаартай дүгнэлт /хх-23/, шүүгдэгч Б.О урьд ял шийтгэгдэж байсан эсэхийн лавлагаа /хх-33/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.
Гэм буруугийн талаар
Шүүгдэгч Б.О нь 2019 оны 6 дугаар сарын 2-ны өдөр Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, Хужирбулангийн 1 дүгээр хэсгийн 5-166 тоотод хохирогч Б.Гансүхтэй маргалдаж, улмаар гараараа нүүрэн тус газар нь цохиж, хутгаар зүүн бугалган тус газар нь хатгаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан дараахи нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Гансүхийн өгсөн: “...2019 оны 6 дугаар сарын 2-ны өдөр би Хужирбуланд гэр нь байдаг ангийн охин Наранцэцэгийн гэрт нь очсон юм. Би Наранцэцэгийн гэрт нь очихдоо нэг шил 0.75 литрийн Хараа нэртэй архи, 2.5 литрийн нэг сав пиво авч очсон. Намайг очиход гэрт нь Наранцэцэг нөхөртэйгөө байсан. Тэгээд бид 3 миний авч очсон архи, пивыг хувааж уусан. Би Наранцэцэгийн нөхөртэй дүүгээ өмөөрч бид хоёр маргалдсан. Тэгтэл Наранцэцэгийн нөхөр нь миний зүүн гарын булчинд хутгалчихсан. Гэнэт л миний гарнаас цус гараад халуун оргиод байхаар нь “чи намайг хутгалчихлаа” гэж хэлэхэд “би мэдэхгүй байна” гээд байсан. Тэгээд дараа нь миний нүүр рүү гараараа 2-3 удаа цохьсон. Тэгээд би тэндээ хоноод шөнө даараад байхаар нь цагдаа дуудах гэтэл утас цэнэггүй болчихсон байсан. Өглөө нь Наранцэцэг нөхөртөө “чи арай дэндүү юм” гээд гэж загнаад гэртээ арц уугуулаад байсан. Надад эмнэлгийн байгууллагаар үйлчлүүлж эм тариа худалдан авсан баримт байхгүй, гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй.” /хх-4-6, 10-11/ гэх мэдүүлэг,
Мөн түүний хохирогчоор өгсөн: “..Б.О одоо ямар нэгэн гомдол санал байхгүй.” /хх-39/ гэх хүсэлт,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 6890 дугаартай дүгнэлтэд:
1. Б.Гансүхийн биед зүүн бугалганд хатгагдаж зүсэгдсэн шарх, зүүн нүдний зовхин^ цус хуралт, зүүн хөмсөг, хамарт зулгаралт, уруулд цус хуралт, зулгаралт, зүүн дээд 1-р шүдний сулрал гэмтэл топгоогдлоо.
2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ
3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрлийн байдлаас хамаарна.” /хх-16/ гэх дүгнэлт,
Мөрдөн шалгах ажиллагаанд Б.О яллагдагчаар өгсөн: “...2019 оны 6 дугаар сарын 2-ны өдөр би гэртээ талийгаач эхнэртэйгээ байж байхад эхнэртэй нэг ангид сурдаг байсан Б.Гансүх ах манай гэрт архи авч ирсэн. Эхнэр бид 3 хувааж уусан. Тэгээд Б.Гансүх ах бид хоёр юм ярьж сууж байгаад дүүгийнх нь талаар яриад маргалдсан. Тэгээд би Б.Гансүх ахын нүүр рүү гараараа 2-3 удаа цохиод ширээн дээр байсан модон иштэй хутгыг авч Б.Гансүх ахын зүүн талын гарын бугалга хэсэгт нэг удаа хутгалсан. Тэгээд би Б.Гансүх ахаас уучлалт гуйгаад Б.Гансүх ах манай гэрт хоноод өглөө нь гэр рүүгээ явсан. Одоо Б.Гансүх ах бид хоёр хоорондоо учраа олсон. Б.Гансүх ах надад гомдол санал байхгүй гэсэн. Хийсэн хэрэгтээ их гэмшиж байна.” /хх-23-24/ гэх мэдүүлэг,
Шүүгдэгч Б.О урьд ял шийтгэгдэж байсан эсэхийн лавлагаа /хх-33/ зэрэг болно.
Шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач хобогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно. Учир нь шүүгдэгч нь хохирогчийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, хохирогч нь дээрх болсон үйл явдлыг хараат бусаар мэдүүлсэн, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлыг үнэлсэн шүүх эмнэлгийн дүгнэлт зэргээр тогтоосон байна.
Энэ гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харьцааны, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.
Иймд шүүгдэгч Б.О 2019 оны 6 дугаар сарын 2-ны өдөр Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, Хужирбулангийн 1 дүгээр хэсгийн 5-166 тоотод хохирогч Б.Гансүхтэй маргалдаж, улмаар гараараа нүүрэн тус газар нь цохиж, хутгаар зүүн бугалган тус газар нь хатгаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг гэдэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.
Дээрхи байдлаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу тогтоогдсон учир түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.
Хохирогч Б.Гансүх нь гомдол саналгүй гэдгээ илэрхийлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн ба үүнийг хэрэгт эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Шүүх хялбаршуулсан журмаар Б.О холбогдох хэргийг хянан
шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал бүрэн хангагдсан байх тул прокурорын саналын хүрээнд буюу шүүгдэгч Б.О 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр ял шийтгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, Б.О энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.О ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар Б.О 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар Б.О нь шүүхээс оногдуулсан 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Б.О нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, Б.О нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Б.О урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч ,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Б.О урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Э.ЧИНГИС